2012
Аврагчийн үйлчлэх дуудлага
Хонь 2012


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2012 оны 8-р сар

Аврагчийн үйлчлэх дуудлага

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

Тооны хичээл үзэж байсан хүн бүр ерөнхий хэмжүүр гэж юу болохыг мэддэг. Хожмын Үеийн Гэгээнтнүүд биднийг нэгтгэдэг нэгэн зүйл байдаг. Тэр нь дэлхий дээрх Бурханы хаант улсад бидний хүлээж авсан дуудлага маань юм.

Дуудлага хүлээж аваад гомдоллож байсан тохиолдол танд байгаа юу? Эсвэл та Тэнгэрлэг Эцэг Өөрийн дуудсан хүмүүсээ адислах болно гэдгийг мэддэг учраас ах эгч нартаа үйлчлэх боломж бүртээ талархалтай байдаг уу?

Бид үйлчлэх агуу боломжуудынхаа жинхэнэ зорилгоос хазайхгүй байгаасай хэмээн би найддаг. Тэр зорилго, тэрхүү мөнхийн зорилго бол Агуу Үнэт Сувдад бичигдсэн Их Эзэний хэлсэн үгтэй утга нэг юм. “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө.”1

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлийн нөмрөг нь тайвшруулах нөмрөг биш харин үүрэг хариуцлагын нөмрөг юм гэдгийг бид үргэлж санаж байх болтугай. Өөрсдийгөө аврахаас гадна бусдыг Бурханы селестиал хаант улс руу удирдан чиглүүлэх нь бидний үүрэг билээ.

Бурханд үйлчлэх замаар хүсэл эрмэлзэлтэйгээр алхаснаар бид Шекспирын зохиолд гардаг Кардинал Волсигийн орсон байдалд хэзээ ч орохгүй. Насаараа хаандаа үйлчилсэнийхээ эцэст тэрээр эрх мэдлээ алдаж, харамсан ийн халагладаг билээ:

Ганцхан Бурхандаа л зүрх сэтгэлээ зориулан үйлчилсэн ч болоосой

Би хаандаа үйлчилсэн. Тэр миний насны хүн биш байлаа

Намайг дайснуудад минь хамгаалалтгүйгээр тавьж өглөө хэмээн уйлсан гэдэг.2

Тэнгэр биднээс ямар үйлчлэлийг шаарддаг вэ? “Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ; мөн эрмэлзэгчид хийгээд дуулгавартнууд эдгээр эцсийн өдрүүдэд Сионы нутгийн сайн сайхныг зооглох болно.”3

Ерөнхийлөгч Жонн Тейлорын хэлсэн дараах үгс надад нэгийг бодуулдаг: “Та дуудлагаа сайн хийхгүй аваас Бурхан тантай дуудлагаа хийснээр аврах байсан тэр хүмүүсийн чинь төлөө хариуцлага тооцох болно.”4

Хүмүүсийн дунд тохинуулж байсан Есүсийн амьдрал бол яг сайн сайхны гэрэлт баганатай адил байсан. Тахир дутуу хүмүүст хүч чадал, хараагүйд мэлмий, дүлийд сонсгол хайрлаж, үхсэн хүнийг амилуулахдаа Есүс “би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг”5 хэмээн тунхагласан.

Сайн Самари хүний тухай сургаалт үгээрээ Эзэн бидэнд хөршөө өөрийн адилаар хайрлахыг заасан юм.6 Залуухан бас баян удирдагчийн тавьсан асуултанд хариулахдаа Тэрээр бидэнд хувиа хичээх байдлаас ангижрахыг заасан.7 5000 хүнийг хооллохдоо Тэр бидэнд бусдын хэрэгцээг харж сурахыг заасан.8 Уулан дээрх Номлолоороо Тэр бидэнд эхлээд Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг заасан.9

“Миний сүмд хийх ёстой зүйлүүдээ та нар мэднэ; учир нь миний хийхийг та нарын харсан тэр ажлуудыг та нар түүнчлэн хийх болно; учир нь миний хийснийг та нар харсан, бүр түүнийг та нар хийх болно” хэмээн Их Эзэн дахин амилсныхаа дараа Шинэ Дэлхийд тунхагласан.10

Бид “сайныг үйлдэж явсан … Назарын Есүсийн” адил бусдад үйлчилснээр тэдний амьдралыг адисалдаг.11 Тэнгэр дэх Эцэгтээ үйлчилсэнээр эдлэх баяр баяслыг авах боломжоор Бурхан биднийг адислах болно.

Энэ захиасаас заах нь

“Бид өөрсдийн хийх ёстой зүйлсээ хийвэл [Их Эзэн] биднийг бүтэлгүйтүүлэхгүй. Харин Тэрээр биднийг авьяас, чадвараас маань ч илүүтэйгээр өнгөлөх болно. … Энэ бол хүмүүний хуримтлуулж болох хамгийн сайхан туршлагуудын нэг юм” (Эзра Тафт Бенсон, Teaching, No Greater Call [1999], 20). Таныг эсвэл таны таних хэн нэгнийг Их Эзэн авьяас, чадвараас нь илүүтэйгээр өнгөлсөн туршлагаас хуваалцаж болно. “Аврагчийн үйлчлэх дуудлагыг” хүлээж авсан эерэг туршлагаасаа хуваалцахыг гэр бүлийнхнээсээ асуу.

Хэвлэх