2015
Гэр бүл ба залбирал
Бич 2015


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2015 оны 9-р сар

Гэр бүл ба залбирал

Нэг удаа би аавыгаа сахин, орных нь хажууд сууж байхад тэрээр надад хүүхэд насныхаа тухай шөнөжин ярьж билээ. Тэр хүнд хэцүү үедээ эцэг эхээсээ мэдэрсэн хайр болон Тэнгэрлэг Эцэг, Аврагчийн хайрын талаар ярьсан юм. Би түүнийг хорт хавдраас болж сульдаж байгааг мэдэж байсан учраас заримдаа түүний Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамаатай мэдрэмжүүдээ дэлхийн эцгийнхээ хайр болон сайхан сэтгэлтэй андуурч, хольж хутгаж байгаа нь намайг гайхшруулдаггүй байв. Аав маань залбирч байхдаа Тэнгэрлэг Эцэгийг өөр рүү нь харан инээмсэглэж байгаагаар төсөөлж чаддаг хэмээн боддог тухайгаа надад байнга хэлдэг байж билээ.

Эцэг, эх нь түүнд Бурхантай ярилцаж байгаа мэтээр залбирахыг мөн Бурхан түүнд хайраар хариулах болно гэдгийг үлгэр жишээгээрээ заадаг байжээ. Амьдралынх нь эцсийн мөч хүртэл түүнд энэ жишээ хэрэгтэй байсан. Өвчин нь хүндрэх үед түүнийг өглөө орныхоо хажууд өвдөг сөгдөж байгааг бид хардаг байлаа. Тэр ор руугаа буцаж гарч чадахааргүй хэтэрхий сульдсан байдаг байв. Би сайн байхаар үргэлж хичээж байхад яагаад намайг ийм их зовохыг зөвшөөрч байгааг Тэнгэрлэг Эцэгээс асуухаар залбирсан юм гэж тэр бидэнд хэлдэг байв. “Бурханд зоригтой хөвгүүд хэрэгтэй” хэмээх нэгэн сэтгэлд өег хариулт ирсэн гэж тэр хэлсэн.

Тиймээс тэр Бурхан түүнийг хайрладаг, сонсдог бөгөөд түүнийг дэмжих болно гэдэгт итгэсээр эцсээ хүртэл тэвчсэн. Тэрээр хайраар дүүрэн Бурхан залбирлын дайтай ойрхон байдаг гэдгийг бага насандаа мэдэж авахаар бас хэзээ ч мартахгүй байхаар адислагдсан ажээ.

Энэ нь Их Эзэний эцэг эхчүүдэд хандан “Мөн тэд тэрчлэн залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг хүүхдүүддээ заах ёстой” (С ба Г 68:28) хэмээн заасны шалтгаан юм.

Иосеф Смит хүү итгэлтэйгээр залбирсан учраас Есүс Христийн сайн мэдээ Мормоны Ном болон гэр бүлүүдийг холбож чадах санваарын бүх түлхүүрийн хамт сэргээгдсэн. Тэрээр энэхүү итгэлээ хайраар дүүрэн, итгэлтэй гэр бүлээсээ олж авчээ.

Хорин жилийн өмнө Их Эзэн Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулгаас гаргасан “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дахь энэхүү зөвлөгөөг гэр бүлүүдэд өгсөн: “Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарна.”1

Бид бошиглогч Иосеф Смитийг хүмүүжүүлснийх нь төлөө түүний гэр бүлд талархах агуу шалтгаантай билээ. Түүний гэр бүл зөвхөн итгэл хийгээд залбирлыг төдийгүй бас наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарсан.

Таны үр удам гэр бүлийн залбирлын үлгэр жишээний тань төлөө та нарыг адислагдсан хэмээн дуудах болно. Та Бурханы агуу үйлчлэгчийг өсгөхгүй байж болно, гэхдээ та итгэлийн залбирал болон үлгэр жишээгээрээ дамжуулан Их Эзэн Есүс Христэд сайн бас чин үнэнч дагалдагчдыг өсгөхөд тусалж чадна.

Их Эзэний ажилд туслахын тулд бидний хийхээр сонгож болох бүх зүйлд залбирал чухал үүрэг гүйцэтгэдэг. Залбирч байхдаа бусдыг тэнд хэн байгааг харахын тулд нүдээ нээх хүртэл нь залбирдаг жирийн хүмүүс байдаг. Та ийм хүн байж чадна.

Та гэр бүлийн залбирлаараа тантай хамт өвдөг сөгдөж буй тэдний хувьд утга учиртай байж болох зүйлийн талаар бод. Таныг Бурхантай итгэлтэйгээр ярьж байгааг мэдрэх үед тэдний Бурхантай ярих итгэл нь мөн өсөх болно. Та хүлээн авсан адислалуудынхаа төлөө Бурханд талархал илэрхийлэн залбирах үед Бурхан тэдэнд хайртай, Тэр таны залбирлуудад хариулдаг ба тэдний залбиралд ч бас хариулах болно гэсэн итгэл нь өсөх болно. Та энэхүү туршлагыг хувийн залбирлуудаараа хэрэгжүүлсэн үед л гэр бүлийн залбиралд эдгээр зүйл тохиолдох боломжтой.

Бурхантай ярьдаг байсан эцэг, эхийнхээ жишээгээр би одоо ч адислагдсаар байна. Тэдний гэр бүлийн залбирлын хүчний үлгэр жишээ үр удмыг нь үргэлжлүүлэн адисалсаар байна.

Эцэг эхийн минь үзүүлсэн үлгэр жишээгээр миний хүүхдүүд болон ач зээ нар өдөр бүр адислагддаг. Хайраар дүүрэн Бурхан залбирлуудыг нь сонсож бас хариулдаг гэдэгт итгэх итгэл нь тэдэнд үе дамжин ирсэн. Та нар бас өөрсдийн гэр бүлд ийм өвийг үлдээж чадна. Та нарыг ийм өв үлдээхийн төлөө би залбирч байна.

Эшлэл

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулганы материал, 129.

Гэр бүлийн тунхгийн 20 жилийн ойг тэмдэглэ

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь 1995 оны 9-р сарын 23-нд анх гарсан үеийнх шигээ өнөө үед ч гэсэн цагаа олсон зарчмуудыг заадаг. Та дараах зүйлсийг хийснээрээ өөрийн заадаг хүмүүс эсвэл гэр бүлийнхнийгээ энэ тунхгийн 20 жилийн ойг тэмдэглэхэд урих талаар бодож үз:

  1. Тэдний хувьд онцгой ач холбогдолтой зарчмуудыг жагсаан бич. (Ерөнхийлөгч Айринг дээрх захиаст дурдагдсан залбирлаар үүнийг хэрхэн хэрэгжүүлдгийг харна уу.)

  2. Зарчим бүр нь тэднийг өнөөдөр болон ирээдүйд хэрхэн адисалж чадахыг ярилц.

  3. Эдгээр зарчмыг тэд өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлж мөн тэдгээрийг бусадтай хуваалцахын тулд тодорхой зорилгуудыг тавь.