2016
Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн
Бар гуравдугаар 2016


Айлчлагч багшийн захиас бичиг, 2016 оны 3-р сар

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэж авахаар эрэлхийл. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ойлгох нь хэрхэн таны Бурханд итгэх итгэлийг нэмэгдүүлэн, айлчлагч багшаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг адислах вэ? Нэмэлт мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Халамжийн нийгэмлэгийн тэмдэг

Итгэл, гэр бүл, халамж

“Тэгээд Бурхан, Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээе … хэмээн айлдав.

“Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” (Эхлэл 1:26–27).

Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд Тэр биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Энэ үнэний талаар ерөнхийлөгч Монсон: “Бидний Эцэг Бурханд залбирлыг маань сонсох чих бий. Түүнд бидний үйлдлийг харах нүд бий. Түүнд бидэнтэй ярих ам бий. Түүнд өрөвдөн хайрлах зүрх сэтгэл бий. Тэр бол бодит. Тэр бол амьд. Бид Түүний дүр төрхөөр бүтээгдсэн Түүний хүүхдүүд билээ. Бид Түүнтэй адил харагддаг бөгөөд Тэр бидэнтэй адил харагддаг”1 гэж хэлжээ.

“Хожмын үеийн гэгээнтнүүд бүх хүнийг бүхий л талаараа Бурханы хүүхдүүд хэмээн хардаг. Тэд хүн бүрийг тэнгэрлэг үүсэл гарал, чанар хийгээд чадавхтай хэмээн үздэг.”2 Хүн бүр “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь юм.”3

“[Бошиглогч] Иосеф Смит бас Бурхан хүүхдүүдээ Өөрийн хүртсэн өргөмжлөгдсөн оршихуйг хүлээн аваасай хэмээн хүсдэг гэдгийг мэдэж авсан.4 Учир нь Бурхан “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39) хэмээн хэлжээ.

Нэмэлт судрууд

Эхлэл 1:26–27; 1 Коринт 3:17; Сургаал ба Гэрээ 130:1

Судруудаас

Мормоны Номон дахь Жаредын ах амлагдсан нутагт хүрэх далайг гатлан жаредчуудыг авч явахаар бэлтгэсэн найман хөлгийг гэрэлтүүлэх арга замыг хайж байв. Тэр “арван зургаан жижиг чулууг хайлуулан гаргаж авсан” ба “тэдгээр нь харанхуйд гэрэлтэж болохын тулд” “эдгээр чулуунд хуруугаараа хүрээч” хэмээн Бурханд залбирсан. Бурхан “мутраа сунган мөн чулуунуудад нэг нэгээр нь хуруугаараа хүрэв.” “Мөн Жаредын ахын нүднээс гивлүүр сөхөгдөхөд, мөн Их Эзэний хурууг тэр харлаа; мөн энэ нь хүмүүний хуруутай адил” байв. …

“Мөн Их Эзэн түүнд хандан хэлэв: Миний ярих үгсэд чи итгэх үү?

Мөн тэрээр хариулсан нь: Тийм ээ, Их Эзэн,”

Мөн “Их Эзэн өөрийгөө [Жаредын ахад] үзүүлэн, мөн хэлсэн нь: Миний өөрийн төрхөөр чи бүтээгдсэн болохоо харж байна уу? Тийм ээ, бүр бүх хүмүүс эхлэлд миний өөрийн төрхөөр бүтээгдсэн билээ.” (Ифер 3:1–17-г үзнэ үү.)

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “I Know That My Redeemer Lives,” in Conference Report, 1966 оны 4-р сар, 63.

  2. Gospel Topics, “Becoming Like God,” topics.lds.org; Мосе 7:31–37-г үзнэ үү.

  3. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 2010 оны 11-р сарын Лиахона, 129.

  4. Gospel Topics, “Becoming Like God,” topics.lds.org; мөн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 221.

Үүнийг эргэцүүлэн бод

Хүн бүр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг мэдэх нь бусадтай харилцах бидний харилцаанд хэрхэн туслах вэ?