Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2016 оны 3-р сар
“Надаас суралц”
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бид бүгдээрээ багш, суралцагч билээ. Бидний Их Эзэн энэхүү эелдэг урилгыг бүх хүнд өгсөн байдаг. “Надаас суралц … тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.”1
Би бүх хожмын үеийн гэгээнтэнг заах болон суралцах хүчин чармайлтынхаа талаар тунгаан бодож, ийнхүү үйлдэхдээ Аврагчийг Удирдагчаа болгон харахад урьж байна. Бид энэ “багш Бурханаас ирсэн”2 гэдгийг мэдэх бөгөөд Тэрээр энгийн багшаас хавьгүй илүү нэгэн байсан билээ. Тэр бидэнд Их Эзэн Бурханаа бүх зүрх, сэтгэл, хүчин чадал хийгээд оюун ухаанаараа хайрлахыг мөн хөршүүдээ өөрсдийн адил хайрлахыг заасан Агуу Багш бөгөөд төгс амьдралын Үлгэр жишээ үзүүлэгч юм.
Тэрээр: “Ирж, Намайг дага,”3 “Би та нарт үлгэр жишээ үзүүлсэн билээ”4 гэж тунхагласан байдаг.
Та нар хөрвөгдөхгүй бол
Есүс Матай номд цэдэглэгдсэн энгийн боловч гүн гүнзгий үнэнийг заасан. Тэр шавь нарынхаа хамт Хувиралтын уулнаас буусныхаа дараа Галилд түр саатаж, дараа нь Капернаум руу явдаг. Тэнд шавь нар нь Есүс рүү ирж:
“Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ.
“Есүс нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоож айлдсан нь,
“Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.”5
Сүмд сайн мэдээг заах зорилго нь гэр орон, анги эсвэл номлолын талбарын алинд нь байгаагаас үл хамааран Бурханы хүүхдүүдийн оюун ухаанд мэдээлэл өгөх явдал биш юм. Энэ нь эцэг эх, багш эсвэл номлогчийн хэр их зүйл мэддэгээ харуулах явдал ч биш. Түүнчлэн энэ нь Аврагчийн болон Түүний Сүмийн талаарх мэдлэгийг өсгөн нэмэгдүүлэх явдал ч биш юм.
Заахын үндсэн зорилго нь Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүдэд Түүний оршихуйд эргэж очин, Түүнтэй хамт мөнхөд амьдрахад нь туслах явдал билээ. Үүнийг хийхийн тулд сайн мэдээг заахдаа тэднийг өдөр бүр шавь байж, ариун нандин гэрээнүүдийг дагах замд нь урамшуулан дэмжиж байх ёстой. Түүнчлэн хүмүүст сайн мэдээний зарчмуудаар амьдрах тухай бодож, хүсэж, үйлдэхэд нөлөөлөх нь үүний гол зорилго юм. Харин зорилт нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, Түүний сайн мэдээнд хөрвөгдөх явдал мөн.
Аврагчийн үлгэр жишээгээр заах нь бусдыг адисалж, өөрчилж бас авардаг заах арга барил юм. Аврагчийн үлгэр жишээг дагадаг багш нар зааж буй хүмүүсээ хайрлаж, тэдэнд үйлчилдэг. Тэд сонсож буй хүмүүсээ тэнгэрлэг үнэний мөнхийн сургаалуудаар сүнслэгээр өдөөдөг. Тэд даган дуурайх үнэ цэнэтэй амьдралаар амьдардаг.
Хайрла бас үйлчил
Аврагчийн номлол бүхэлдээ хөршөө хэрхэн хайрлахын үлгэр жишээг үзүүлсэн. Үнэндээ Түүний хайр, үйлчлэл ихэнх тохиолдолд заадаг хичээл нь байсан билээ. Үүний адил миний санаанд үлдсэн хамгийн сайн багш нар бол суралцагчдаа мэддэг, хайрладаг, анхаарал тавьдаг байсан багш нар юм. Тэд төөрөлдсөн хоньдынхоо араас явдаг байв. Тэд хэзээ ч мартагдахааргүй амьдралын хичээлүүдийг заадаг байсан.
Ийм багшийн нэг бол Люси Гертч байлаа. Тэр суралцагчдаа нэг бүрчлэн мэддэг байсан. Тэрээр ням гаргийн хичээлдээ ирээгүй эсвэл байнга хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийг анддаггүй байсан ба тэдэн рүү утасддаг байв. Түүнийг бидний төлөө санаа тавьдаг гэдгийг бид мэддэг байсан юм. Бидний хэн нь ч түүнийг болон заасан хичээлийг нь мартаагүй.
Олон жил өнгөрсний дараа, Люсийг нас барахын өмнөхөн би түүнтэй уулзсан. Бидний багш байсан үеийн тэрхүү олон жилийн өмнөх үйл явдлуудын талаар бид дурсан ярилцаж билээ. Бид ангийнхаа хүүхэд нэг бүрийн тухай болон одоо юу хийж байгаа талаар ярилцсан. Тэр амьдралынхаа турш хайр ба хүнлэг сайхан сэтгэлээр дүүрэн байсан юм.
Би Сургаал ба Гэрээнд бичигдсэн Их Эзэний дараах зарлигт дуртай:
“Хаант улсын сургаалыг та нар бие биендээ заах болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна.
“Хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай байх болно” 6
Люси Гертч цөхрөлтгүй хайрладаг байсан учраас хичээнгүйлэн заадаг байсан.
Найдвар ба үнэнийг өг
Төлөөлөгч Петр “Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай”7 гэж зөвлөсөн байдаг.
Багш хүний өгч чадах хамгийн агуу найдвар бол Есүс Христийн сайн мэдээний үнэнүүдээс олж авах тэрхүү найдвар байж магадгүй.
“Мөн та нар юуны төлөө найдах билээ? хэмээн Моронай асуусан. “Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой.”8
Багш нар аа, дуу хоолойгоо өргөж, Бурхан Тэргүүтэний мөн чанарыг гэрчлэгтүн. Мормоны Номын талаарх гэрчлэлээ тунхагла. Авралын төлөвлөгөөнд байдаг алдар суут хийгээд үзэсгэлэнтэй сайхан үнэнүүдийг дамжуулан хэл. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийг цэвэр, энгийн байдлаар нь заахын тулд Сүмийн зөвшөөрөгдсөн материалуудыг, ялангуяа судруудыг ашигла. “Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ”9 хэмээх Аврагчийн тушаалыг санагтун.
Бурханы хүүхдүүдэд энэ амьдралд юу нь үнэн, юу нь чухал болохыг ойлгоход тусал. Мөнх амьдралд хүргэх зам дээрээ аюулгүй байх замуудыг сонгох хүч чадлаа хөгжүүлэхэд тэдэнд тусал.
Үнэнийг заа, Ариун Сүнс хичээл зүтгэлд тань туслах болно.
“Надаас суралц”
Есүс Христ Өөрийн Эцэгт төгс дуулгавартай байж, захирагдсан учраас “бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ.”10 Бид Түүнтэй адил шийдвэр төгс байж чадах уу? Есүс “ач ивээл дээр ач ивээлийг”11 хүлээн авсантай яг адил, бид ч бас сайн мэдээнээс суралцан, хичээл зүтгэл гаргахдаа Бурханаас гэрэл ба мэдлэгийг тэвчээртэйгээр, уйгагүй эрэлхийлэх ёстой.
Анхааралтай сонсох нь суралцахын нэн чухал хэсэг мөн. Бид заалгахаар бэлтгэж байхдаа Ариун Сүнсний удирдамж, баталгааг залбирч эрэлхийлдэг. Бид тунгаан бодож, залбирч, сайн мэдээний сургаалуудыг хэрэгжүүлэн, Эцэгийн хүслийг эрэлхийлдэг.12
Есүс сонсохын тулд сонороо, харахын тулд мэлмийгээ, ойлгохын тулд зүрхээ нээхийг шаарддаг “сургаалт зүйрлэлээр олон зүйлийг … заасан юм.”13 Бид зөв зохистой амьдарснаар “[бидэнд] бүх зүйлийг заах, [бидэнд] бүгдийг сануулах”14 Ариун Сүнсний шивнээг илүү сайн сонсож чадна.
Бид Их Эзэний “Ирж, Надаас суралц” гэсэн эелдэг урилгад хариулснаараа Түүний бурханлаг хүчийг хүртэгчид болдог. Тиймээс бүгдээрээ Үлгэр жишээ үзүүлэгчийнхээ заагаасай гэж хүссэн зүйлсийг зааж, сураасай гэж хүссэнийг нь суран, Түүнийг дагаж, дуулгавартай байдлын сүнстэй алхацгаая.
© 2016 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи эхийн зөвшөөрөл: 6/15. Орчуулгын зөвшөөрөл: 6/15. First Presidency Message, March 2016-ын орчуулга. Мongolian. 12863 363