2016
Мөнх гэр бүлийн хайрын найдвар
Хонь 2016


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2016 оны 8-р сар

Мөнхийн гэр бүлийн хайрын найдвар

Бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ бэлдсэн бүх бэлгээс хамгийн агуу нь мөнх амьдрал юм (С ба Г 14:7-г үзнэ үү). Тэрхүү бэлэг бол Бурхан Эцэгийн болон Түүний Хайрт Хүүгийн дэргэд гэр бүлтэйгээ хамт амьдрах явдал билээ. Зөвхөн Бурханы хаант улсуудын хамгийн дээд нь болох селестиел хаант улсад л гэр бүлийн хайрын холбоо үргэлжлэх боломжтой.

Бид хайраар дүүрэн гэр бүлд амьдрах баяр баясалд найддаг. Бидний заримд энэ бол мэдэрч үзээгүй буюу боломжтой гэдгийг нь мэддэг ч хараахан хүлээн аваагүй тэрхүү мэдрэмж юм. Бид үүнийг бусдын амьдралаас харсан ч байж болно. Бусдад маань хүүхэд, аав, ээж, ах, эгч эсвэл хайрт эмээ, өвөөгөөсөө хагацах тэр мөчид гэр бүлийн хайр илүү бодитой, үнэ цэнтэй санагддаг.

Бид ихэд хайрладаг байсан гэр бүлийнхээ гишүүний халуун дулаан хайрыг хэзээ нэгэн цагт дахин мэдэрнэ, түүнийгээ дахин тэвэрнэ гэсэн найдварыг мэдэрч байсан биз ээ.

Хайрт Тэнгэрлэг Эцэг маань бидний зүрхний хүсэл эрмэлзлийг мэднэ. Түүний зорилго бол бидэнд аз жаргалыг өгөх явдал юм (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Тиймээс Тэрээр мөнхөд үргэлжлэх гэр бүлийн холбооны баяр баясгаланг боломжтой болгохын тулд Өөрийн Хүүг бэлэг болгон өгсөн. Аврагч үхлийн хүлээсийг тайлсан учраас бид амилуулагдах болно. Тэр бидний нүглийг цагаатгасан учраас бид итгэл, наманчлалаар дамжуулан гэр бүлүүд хайранд үүрд хамт байх селестиел хаант улсад орохуйц зохистой болж чадна.

Аврагч санваарын түлхүүрүүдийг сэргээхээр бошиглогч Елиаг Иосеф Смит рүү илгээсэн (С ба Г 110-ыг үзнэ үү). Тэдгээр түлхүүрийн хамт лацдан холбох хүч ирсэн бөгөөд Бурханы хүүхдүүддээ өгөх хамгийн агуу бэлэг болох гэр бүлүүд үүрд хамт байх мөнх амьдралыг боломжтой болгосон билээ.

Энэ бол дэлхийд ирсэн Бурханы хүүхэд бүрд өгөгдсөн боломж юм. Түүний сүнсэн хүүхдүүдийн гуравны нэг нь сүнсний дэлхийд байхдаа энэхүү боломжоос татгалзсан. Тэд хангалттай итгэлтэй байгаагүйгээс эсэргүүцэж, Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн гэр бүлийн бэлгээс ирэх баяр баяслыг хэзээ ч мэдрэхгүй байхыг сонгосон.

Мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхий дээрх уг хүнд сорилтыг давсан бид мөнх бус бие махбодын бэлгийг хүлээн авах бөгөөд мөнх амьдрал хүлээн авах сонголтыг ч хийж чадна. Хэрэв бид сэргээгдсэн сайн мэдээг олох боломжоор адислагдсан юм бол биднийг мөнх амьдралд орохуйц болгох гэрээг Бурхантай хийж, сахихыг сонгож болно. Биднийг итгэлтэй байж, тэвчих үед Ариун Сүнс селестиел хаант улсад гэр бүлтэйгээ үүрд хамт амьдрах мөнх амьдралын зам дээр байгаа гэсэн итгэл, найдварыг маань бататгах болно.

Зарим хүн уг үүрдийн баяр баяслыг хүлээн авах найдварыг мэдрэхгүй байж болох юм. Эцэг эх, хүүхдүүд, ах эгч нар нь мөнх амьдралд ороход зохисгүй болгох сонголтуудыг хийсэн байж болно. Та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралд зохистой болсон гэдэгтээ эргэлзэж байж ч болох юм.

Бурханы бошиглогч нэг удаа надад амар амгаланг мэдрүүлсэн зөвлөгөөг өгч билээ. Бусдын сонголт манай гэр бүлийн үүрд хамт байх боломжийг үгүй хийж магадгүй хэмээн би санаа зовж байв. Тэрээр “Та буруу асуудалд санаагаа зовоож байна. Та зүгээр л селестиел хаант улсад орохуйц зохистой амьдар. Харин гэр бүлийн зохион байгуулалт нь таны төсөөлж байгаагаас ч гайхалтайгаар хийгдэх болно” гэж хэлсэн.

Тэнгэрлэг Эцэг сүнсэн хүүхдүүдийнхээ хувьд таныг мэддэг бөгөөд танд хайртай гэдгийг хувийн болон гэр бүл, үр хүүхдүүдийн асуудлаас эсвэл хань ижил, үр хүүхэдгүй байгаагаасаа болж мөнх амьдралын найдварыг орхисон хүмүүст би гэрчилж байна. Энэ амьдралаас өмнө Түүнтэй болон Түүний Хайрт Хүүтэй хамт байхад Тэд таны зүрх сэтгэлд мөнх амьдралын найдварыг суулгасан юм. Есүс Христийн Цагаатгалын хүч ажиллаж, Ариун Сүнс удирдаж байгаа цагт Эцэгийн болон Түүний Хайрт Хүүгийн таныг хүлээн аваасай гэж хүсдэг тэрхүү гэр бүлийн хайрыг та одоо болон ирэх дэлхийд мэдэрч чадна.

Та селестиел хаант улсад орохуйц зохистой амьдарвал “гэр бүлийн зохион байгуулалт нь таны төсөөлж байгаагаас ч гайхалтайгаар хийгдэх болно” гэсэн бошиглолын амлалт таных байх болно гэдгийг би гэрчилж байна.

Энэ захиасаас заах нь

Хичээлээ эхлэхдээ мөнхийн гэр бүлтэй байх найдварт талархаж байсан үеийнхээ тухай зааж буй хүмүүстээ ярихад анхаар. Тэднийг мөнхийн гэр бүлтэй байх боломжтой байгаадаа талархаж байсан үеэ тунгаан бодоход урь. Хуваалцмаар байгаа эсэхийг нь тэднээс асуу. Та тэднийг “гэр бүлийн зохион байгуулалт нь таны төсөөлж байгаагаас ч гайхалтайгаар хийгдэх болно” гэсэн бошиглолын амлалтыг хүлээн авахын тулд селестиел хаант улсад орохуйц зохистой амьдрах, өсөж хөгжих арга замуудын талаар бодоход урьж болно.

Хэвлэх