Тэнгэрлэг Эцэг биднийг эргэж ирээсэй гэж хүсдэг
Та Тэнгэрлэг Эцэгтээ хүрэх зам дээр мэдэж байгаагаасаа ч илүү их дөхөж очсон байж магад.
Миний эцэг эх Апарэсидо, Мэрсэдэс Соарэс хоёр үргэлж номлолд үйлчлэхийг мөрөөддөг байсан. Сүмд нэгдсэнээс хойш гэр бүлд нь ирсэн адислалуудынхаа хариуг тэд Их Эзэнд өгөхийг хүсэж байв. 1989 онд Бразилын Сан Пауло ариун сүмд үйлчлэх дуудлага хүлээн авснаар тэдэнд ийм боломж тохиосон юм.
Номлолд очсоноосоо хойш хэдхэн сарын дараа аав маань зүрхний шигдээсээр нас барсан. Оршуулгын үеэр би аавын хайрцагны өмнө зогсож байхдаа ээжийгээ тэвэрч,
“Ээж ээ, та юу хиймээр байна?” гэж асуусан.
“Аав бид хоёр чинь хамтдаа энэ номлолыг мөрөөдөж байсан. Яг одоо би үйлчилж байгаа, цаашид ч өөрийнхөө болон түүнийхээ төлөө үргэлжлүүлэн үйлчилнэ” гэж хариулсан юм.
Сайхан сэтгэлтэй, ариун сүмийн ерөнхийлөгч ээжийн минь хамтрагчаар өөр нэгэн бэлэвсэн эмэгтэйг томилсон бөгөөд ээж минь 20 гаруй сарын туршид номлолоо үргэлжлүүлж билээ. Номлолын үйлчлэл түүнийг адисалж, түүний итгэл, үлгэр жишээ намайг болон гэр бүлийг маань адисалсан.
Түүнийг номлолд үйлчлэх үед бид бүр хоёр ахаа мөн эхнэр бид хоёр хоёр хүүхдээ алдсан юм. Эхний хүүхэд маань дутуу төрөөд, хүн болж чадаагүй бөгөөд хоёр дахь хүүхэд маань зулбасан. Манай гэр бүлд хүнд хэцүү байсан энэ үед ээж минь өдөр бүр ариун сүмд байж, авралын төлөвлөгөөний талаарх итгэлээ бэхжүүлж, бидний итгэлийг хүчирхэгжүүлж байсан юм.
Аавтай маань гайхалтайгаар эргэн уулзана мөн Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд мөнх амьдарна гэсэн ээжийн минь итгэл 29 жил бэлэвсэн амьдарч, 94 насандаа амьсгалаа хураах хүртэл түүнийг тэтгэж байсан.
Аз жаргалын төлөвлөгөө
Хожмын үеийн гэгээнтэн бид сайн мэдээ сэргээгдсэнийг мэддэгийн хувьд хэчнээн адислагдсан гээч! Үнэхээр авралын төлөвлөгөө бол “аз жаргалын агуу төлөвлөгөө” (Алма 42:8) юм. Үнэнч, итгэлтэй хүмүүст энэ нь Бурханы оршихуйд мөнхөд байх бэлгийг амладаг.
Сургаал ба Гэрээнд илчилснээр, Тэнгэрлэг Эцэгийн бараг бүх хүүхэд алдар суугийн хаант улсыг өвлөн авна. Аврагчийн Цагаатгалын ачаар, “шударга хүмүүсийн амилуулалт[аар]” (Сургаал ба Гэрээ 76:17 ) урагш гарч ирэх хүмүүс төгс болж, селестиел алдар сууг өвлөн авах юм.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ихэнх гишүүн энэ сургаалыг хүлээн зөвшөөрдөг. Харин зарим нь энэ сургаал тэдэнд хамаатай гэдэгт итгэдэггүй нь харамсалтай. Тэд алдаа гаргадаг. Сүнслэг өсөлт хөгжил тогтвортой хэдий ч удаан. Тэд селестиел хаант улсад орохуйц сайн болж чадах болов уу хэмээн эргэлздэг.
Хэрэв та өөрийгөө энэ бүлэгт орох юм байна гэж бодож байвал “Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ” (Мозая 24:13) хэмээн Их Эзэний өөр хэсэг бүлэг хүнд хэлсэн үгийг санаарай.
Бурхан биднийг хайрладаг бөгөөд бүх хүнийг Өөрийнх нь оршихуйд ирээсэй хэмээн хүсдэг. Та Түүнд хүрэх зам дээр өөрийн мэдэж байгаагаас ч илүү дөхөж очсон байж магад.
“Шударга хийгээд үнэнч”
Сургаал ба Гэрээний 76-р хэсэгт Их Эзэн хүүхдүүд нь хэрхэн селестиел хаант улсыг өвлөж авах боломжтой болохыг илчилжээ. Хэрэв та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бол Сургаал ба Гэрээн дээр дурдсан зам дээр аль хэдийн гарсан гэсэн үг юм.
-
Бид “Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн ав[ч],” “түүний нэрэнд итгэсэн” байх ёстой (51-р шүлэг).
-
Бид “оршуулгын маягаар баптисм хүртсэн” байх ёстой (51-р шүлэг).
-
Бид санваарын эрх мэдэлтэй нэгнээр дамжуулан “гар тавилтаар Ариун Сүнсийг хүлээн авсан” байх ёстой (52-р шүлэг).
Харин бусад алхмыг насан туршдаа хийх ёстой бөгөөд зарим нь ийн явж чадахгүй байгаадаа сэтгэлээр унадаг. Бид бүгд эдгээр шаардлагад нийцэхийн тулд ажиллаж байгаа. Есүс Христийн Цагаатгалын ачаар бид тэдгээр шаардлагад хүрч чадна. Тухайлбал:
-
Зарлигуудыг сахиж, “бүх нүглээсээ угаагдаж мөн цэвэршигдэ[ж]” чадна (52-р шүлэг).
-
“Итгэлээр дийлж” чадна (53-р шүлэг).
-
“Аврагч ёслолууд [маань] зохих ёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүд сахигдаж байгааг гэрчилдэг” 1 тэрхүү “Амлалтын Ариун Сүнсээр лацдагд[аж]” чадна (53-р шүлэг). Эцэг “шударга хийгээд үнэнч тэд бүгдийн дээр” (53-р шүлэг) ийн лацадна хэмээн амласан.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) “Шударга хийгээд үнэнч гэдэг нь Есүсийн талаар зоригтой гэрчилдэг хүмүүст тохирох нэр юм. Тэд үнэнийг өмгөөлөн, зөв шударгыг зоригтой хамгаалдаг. Сүмийн эдгээр гишүүн Сүм дэх дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг (С ба Г 84:33-ыг үзнэ үү), аравны нэг болон бусад өргөлөө өгдөг, ёс суртахууны хувьд цэвэр ариун амьдардаг, Сүмийн удирдагчдаа үг хэл, үйлдлээрээ дэмждэг, Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахидаг, Бурхан бүх зарлигийг дагадаг” хэмээн тунхагласан.2
Селестиел хаант улсын хамгийн дээд түвшинд буюу нэрлэж заншсанчлан алдар сууд орох нь хамгийн сүүлчийн шаардлага юм. Бид ариун сүмд, санваарын зохих эрх мэдлээр “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ[нд]” (Сургаал ба Гэрээ 131:2) орсон байх ёстой. Эцэгийн маань нигүүлсэнгүй төлөвлөгөөний дагуу, энэ амьдралдаа ариун сүмд лацдан холбогдож чадаагүй ч эцсээ хүртэл тэвчиж чадсан хүмүүс дараагийн амьдралдаа селестиел адислалаас хүртэх боломжтой.
Мормоны Номд Бурханы зарлигуудыг сахиж, амьдралын нөхцөл байдлаас үл хамааран итгэлтэй байж чадсан Түүний хүүхдүүд адислагдаж, “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно” (Мозая 2:41) гэдгийг бид мэдэж авдаг. Тэнгэрлэг Эцэгийн маань нигүүлсэнгүй бөгөөд хайраар дүүрэн авралын төлөвлөгөөнд бидэнд үргэлж найдвар байдаг.
Наманчлалын адислал
Бидний хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн мөнхийн өсөлт хөгжлийн энэ шатанд биднээс төгс төгөлдөр болохыг шаарддаггүй. Гэхдээ Тэр биднээс урьд урьдынхаасаа илүү цэвэр ариун байхыг шаарддаг. Өдөр тутам наманчлах нь цэвэр ариун байдалд хүрэх зам бөгөөд цэвэр ариун байдал хүч чадлыг авчирдаг”3 хэмээн заасан.
Ерөнхийлөгч Нэлсон мөн “өдөр бүр арай илүү сайныг үйлдэх” нь бидэнд “хүчирхэгжүүлэгч хүчийг”4 өгдөг хэмээн хэлсэн билээ. Эгэл эмэгтэй, эрэгтэйн эсрэг тэрхүү хүчирхэгжүүлэгч хүчийг (Мозая 3:19-ийг үзнэ үү) ашиглах үед бид Эцэг рүүгээ эргэж очих замаа тэр хэмжээгээр ойртуулдаг.
Ямар ч цэвэр ариун бус зүйл Бурханы оршихуйд байж чадахгүй тул (Мосе 6:57-г үзнэ үү) бид жинхэнэ сүнслэг өөрчлөлтийг хийхээр өдөр бүр бодол санаа, хүсэл эрмэлзэл, биеэ авч явах байдал дээрээ ажилладаг. Төлөөлөгч Паулын хэлснээр бид хуучнаа орхиж, шинэ хүн болсноор Христ дотор шинэ бүтээл болохыг эрэлхийлдэг (2 Коринт 5:17-г үзнэ үү). Өдрөөс өдөрт сайн байхыг хичээх тусам шат шатаар ийн өөрчлөгдөх болно.
Аврагчтай адилхан болохыг хичээн, Түүнийг дагах нь өөрөө өөрийгөө үгүйсгэх буюу Түүний нэрлэснээр загалмайгаа үүрэх үйл явц юм (Матай 16:24–26-г үзнэ үү). Бид дараах зүйлийг үйлдсэнээр загалмайгаа үүрдэг. Үүнд:
-
Хүсэл эрмэлзэл, дур хүсэл, тачаалаа хянах
-
“Их Эзэний [бидэнд] ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн” (Мозая 3:19) тэвчээртэй байх
-
Бүхий л бурханлаг бус зүйлээс татгалзах (Moронай 10:32-ыг үзнэ үү).
-
Аврагчтай адил өөрсдийн тааллыг Эцэгийн таалалд нийцүүлэх зэрэг орно.
Бид бүдэрч унах юм бол юу хийх вэ? Бид Эцэгт хандаж, “нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч” (Мозая 4:2) хэмээн Түүнээс гуйдаг. Бид дахин сул талаа ялан дийлж, нүглээ орхихыг хичээдэг. Бид ач ивээл, Есүс Христийн “боломжтой болгогч хүч ба сүнслэг эдгээлтийг”5 авахын төлөө залбирдаг. Хэчнээн урт удаан, хүнд хүчир байсан ч бид Тэдний оршихуй болох амлагдсан нутагт очихоор загалмайгаа үүрэн, аян замаа цааш үргэлжлүүлдэг.
Түүний амлалтад итгэх
Бидний үхэшгүй байдал, мөнх амьдрал бол Бурханы ажил хийгээд алдар суу юм (Мосе 1:39-ийг үзнэ үү). Тэрхүү алдар сууд хүрэх бидний ажилд дэлхий дээр байхдаа гэрчлэлдээ зоригтой зогсох явдал ордог.
Бошиглогч Иосеф Смит итгэлтэй хүмүүс “бүх зүйлийг дийлэх болно” (Сургаал ба Гэрээ 76:60) гэдгийг үзэгдлээр харсан. Дараа нь тэрээр “Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор тэвчсэн тэд бүгдэд бүх хаан сэнтий хийгээд эзэгнэлүүд, вант улсууд хийгээд хүчнүүд илчлэгдэж мөн толилуулагдах болно” (Сургаал ба Гэрээ 121:29) хэмээн тунхаглажээ.
Бид эдгээр амлалтад итгэж найдсанаар өөрийгөө болон хайртай хүмүүсээ мөн Бурханы бусад хүүхдийг орхигдуулахгүй. Бид бүхий л чадлаараа хичээж, бусдад ч мөн адил хичээхэд нь тусална. Ганцаараа бол бид хэзээ ч селестиел хаант улсад аврагдахуйц сайн болж чадахгүй. Зөвхөн “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр” (2 Нифай 2:8) энэ адислалаас хүртэх боломжтой.
Бид цаашид итгэлтэй байснаар Эцэг, Хүүгийн оршихуйд “эцэс төгсгөлгүй аз жаргалыг” өвлөн авах болно гэдгийг би гэрчилж байна. “Ай санагтун, эдгээр зүйлүүд үнэнийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм” (Мозая 2:41).