Сайн мэдээний үндсэн зарчим
Тэнгэрлэг Эцэг биднийг аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг
Бид Бурханы аз жаргалын төлөвлөгөөг санах юм бол амьдрал хүнд хэцүү байсан ч баяр баясгалантай болох боломжтой.
Дэлхийд төрөхөөсөө өмнө бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдийн хувьд Түүнтэй хамт амьдарч байсан. Тэрээр хүүхдүүддээ сурч боловсрон, өсөж хөгжих төлөвлөгөөг танилцуулсан. Түүний төлөвлөгөөний дагуу бид Түүнтэй илүү адилхан болж, мөнх амьдралыг хүлээн авах зохистой болох боломжтой. Бурханы Хүү Есүс Христ дэлхий дээр ирж, бидний нүглийн төлөө зовж шаналан, Цагаатгал гэх золиосыг үйлдсэн тул уг төлөвлөгөө боломжтой болсон билээ.
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг
-
аз жаргалын (Алма 42:8-ыг үзнэ үү),
-
авралын (Мосе 6:62-ыг үзнэ үү),
-
гэтэлгэлийн (Иaков 6:8-ыг үзнэ үү),
-
нигүүлслийн (Алма 42:15-ийг үзнэ үү) төлөвлөгөө гэж нэрлэдэг.
Энэ болон бусад судар Тэнгэрлэг Эцэг биднийг Өөртэй нь адилхан болж, Өөр дээр нь эргэн ирж, жинхэнэ аз жаргалыг амсаасай хэмээн хүсдгийг харуулдаг (Мосе 1:39-ийг үзнэ үү).
Бид сурч боловсрон, өсөж хөгжихөөр дэлхийд ирдэг
Бурхан биднийг дэлхий рүү илгээсэн бөгөөд энд бид бие махбодтой болох боломжтой байсан (Эхлэл 1:26–27). Бидэнд дэлхийн амьдралыг туулахад туслах бие махбод хэрэгтэй байв.
Бид үргэлж аз жаргалтай байхгүй гэдгийг Бурхан мэдэж байсан. Бид урам хугарч, өвдөж зовон, үхлийг хүртэл амсах байв. Гэхдээ амьдралд тохиох зовлон бэрхшээлээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг бидэнд сурч боловсрон, өсөж хөгжихөд тусалдаг.
Бурхан бас бидэнд сайн, муугийн аль нэгийг сонгох чадварыг буюу сонгох эрхийг өгсөн. Тэрээр бидэнд юу бодож, юу хийхээ өөрсдөө сонгох боломжийг олгодог. Тэрээр бидэнд зөвийг сонгож сурахад тусалдаг судар, амьд бошиглогчид зэргийг өгсөн (Абрахам 3:25-ыг өгнө үү).
Есүс Христтэй адилхан байхыг хичээх
Бурхан бидэнд дагах үлгэр жишээг өгөлгүйгээр биднийг дэлхий рүү илгээгээгүй (Иохан 13:15-ыг үзнэ үү). Тэрээр бидэнд зам зааж өгөх Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Түүнийг хэрхэн дагах талаар суралцахын тулд бид Түүний хэн байсныг мөн дэлхий дээрх амьдралынхаа туршид юу хийснийг нь судраас уншиж болно. Бид мөн Бурханыг дуулгавартай дагаж, бусдыг хайрлах замаар Христтэй адилхан болохын тулд хамаг чадлаараа хичээж болно.
Алдаа гаргасан бол бид уучлалт хүсэж, өөрчлөгдөхөд тусалдаг Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авч болно. Бид өдөр бүр Түүнтэй илүү адилхан болохыг хичээснээр аз жаргалтай байж чадна.
Үхэл бол төгсгөл биш юм.
Биднийг үхэхэд сүнс маань сүнсний дэлхийд очдог. Тэнд бид Амилуулалтыг хүлээх зуураа сурч боловсорсоор байдаг.
Амилуулалтын үеэр бидний бие, сүнс хоёр дахин нэгддэг. Бие махбод маань төгс болох ба бид ахин хэзээ ч үхэл, өвчин зовлонг амсахгүй. (Алма 11:44–45-ыг үзнэ үү.) Есүс Христ үхэж, амилсны адил бид ч гэсэн амилна.
Бурхан биднийг шүүхдээ бидний үйл хэрэг, хүслийг авч үзнэ. Хэрэв бид зарлигуудыг сахиж, Тэнгэрлэг Эцэгт өгсөн амлалтаа биелүүлэх юм бол дахин Түүнтэй амьдрах болно.
Бурхантай болон гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах
Селестиел хаант улсад бид Бурхантай болон Есүс Христтэй хамт амьдрах болно. Түүнчлэн бид гэр бүлийнхэнтэйгээ лацдан холбогдсон байх юм бол тэнд тэдэнтэйгээ хамт мөнхөд амьдрах юм. Бид амар амгалан, аз жаргал, амралтыг олно (Мозая 2:41-ийг үзнэ үү).
Дэлхий дээрх амьдрал маань зарим үед хүнд бэрх байж болох ч Есүс Христийг дагах юм бол бид энэ амьдралдаа баяр баясгаланг мөн ирэх амьдралдаа мөнхийн аз жаргалыг олж авах юм.
Судруудад аз жаргалын төлөвлөгөөний талаар юу өгүүлдэг вэ?
Амьдралдаа хэрхэн амьдрах нь маш чухал. Бурхан бидний бодол, үйлдлийн дагуу биднийг шагнадаг. (Алма 41:3-ыг үзнэ үү.)
Сатан бол бидний аз жаргалын дайсан. Тэр биднийг дэлхий дээрх амьдралаа буруугаар ашиглаж, нүгэл үйлдэхэд уруу татдаг. Тэрээр биднийг өөртэй нь адилхан зовлонт болоосой гэж хүсдэг. (2 Нифай 2:27-г үзнэ үү.)
Бид Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөнд итгэснээр ямар ч сорилт бэрхшээл тулгарч байсан бай амар амгаланг мэдэрнэ. Бид Бурхантай мөнхөд хамт амьдрахыг тэсэн ядан хүлээх болно. (Сургаал ба Гэрээ 59:23-ыг үзнэ үү.)