Лиахона
Бид сайныг үйлдэхээр дуудагдсан
2024 оны 6-р сар


“Бид сайныг үйлдэхээр дуудагдсан,” Лиахона, 2024 оны 6-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2024 оны 6-р сар

Бид сайныг үйлдэхээр дуудагдсан

Бид бусдад үйлчилж, гэрлээ өргөн, шашны эрх чөлөөний төлөө зогссоноор Бурханы хаант улсыг байгуулдаг.

Гидеон хуурамч сургаалыг сонсмогцоо таньжээ. Тэр өмнө нь үүнийг хаан Ноа болон түүний санваартнуудаас сонссон. Тэдгээр санваартнууд нь “сэтгэл зүрхнийхээ бардамналд хөөрсөн” бас “хаан Ноа өөрийн хүмүүст тохоосон татваруудаар өөрсдийн залхуу, мөн өөрсдийн хиймлийг шүтэх явдалд, мөн өөрсдийн садар самуун явдлуудад тийн тэтгэгдсэн” (Мозая 11:5– 6) байсан.

Түүгээр ч зогсохгүй хаан Ноа бошиглогч Абинадайг хөнөөж, Алма болон түүний хөрвөгчдийг устгахыг эрэлхийлж байлаа (Мозая 17; 18:33–34-ийг үзнэ үү). Ийм ёс бус явдалд цэг тавихын тулд хааныг зогсоохоо Гидеон андгайлсан ба леменчүүд довтолсон учраас л түүний амийг хэлтрүүлэв (Мозая 19:4–8-ыг үзнэ үү).

Дараа нь Гидеон Ноагийн санваартнуудыг леменчүүдийн 24 охиныг хулгайлан зугтсан явдалд буруутгасан нь зөв байжээ. Хүмүүс наманчлахаас татгалзсан учир тэдний талаарх Абинадайн бошиглол биелснийг тэрээр ажиглав. (Мозая 20:17–22-ийг үзнэ үү.) Тэр леменчүүдийн боолчлолд байсан Лимхайн хүмүүсийг чөлөөлөхөд тусалсан (Moзая 22: 3–9-ийг үзнэ үү).

Эдүгээ нас дээр гарсан Гидеон хүмүүсийн дунд худал сургаал номлосон Нехорын улмаас дахин бардамнал, ёс бус байдлын аль алинтай нь нүүр тулав. Нехор “сүмийн эсрэг тэмцэж”, хүмүүсийг төөрөгдүүлэхийг оролдож байлаа. (Алма 1:3, 7, 12; мөн 2 Нифай 26:29-ийг үзнэ үү.)

Эрэлхэг зоригтой Гидеон Бурханы үгийг зэвсэг болгон ашиглаж Нехорыг ёс бус үйлдлийнх нь төлөө зэмлэн эсэргүүцэв. Нехор уурласандаа Гидеон руу довтолж, илдээрээ түүнийг хөнөөжээ. (Aлма 1:7–9-ыг үзнэ үү.) Ийнхүү “зөв шударга” мөн “энэ хүмүүсийн дунд ихээхэн сайныг хийсэн тэр хүний” өдрүүд дууссан билээ (Алма 1:13).

Бидний амьдарч буй хожмын өдрүүд бидэнд бусдад “үйлчлэх” (Мозая 22:4), зөвт байдлын төлөө зогсох, Бурханыг шүтэн бишрэх, Түүнд үйлчлэх эрх чөлөөнд маань учрах заналхийллийг тэсвэрлэх гэхчлэн Гидеоны үлгэр жишээг дагаж Бурханы мутар дахь зэмсэг (Алма 1:8) болох боломжийг их олгодог. Бид Гидеоны итгэл бүхий үлгэр жишээг дагаснаар олон сайн зүйл хийж чадна.

Зураг
Орондоо хэвтэж буй эмэгтэйн дэргэд хоол барин зогсож буй өөр нэгэн эмэгтэй

Үйлчлэлд нэгдэх

“[Аврагчийн] дагалдагчдын хувьд бид Бурханыг болон дэлхий даяарх хүмүүсийг хайрлахыг эрэлхийлдэг” гэж Тэргүүн зөвлөл хэлсэн. “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бусдыг адисалж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхийг эрмэлздэг. Энэхүү ариун нандин үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх чадвар, нөөц бололцоо, олон улсын найдвартай холбоо харилцаа байгаа нь бидэнд ямар их адислал вэ!”1

Сүмийн гишүүдийг ариун сүм, тойрог, салбар, гадсандаа бүх зүрх сэтгэлээрээ үйлчилж, тохинуулж байгаад би талархаж байна. Тэднийг олон нийт, боловсрол, буяны тоо томшгүй олон байгууллагад үйлчилж, жил бүр мянга мянган хүмүүнлэгийн төсөлд оролцон, 200 орчим улс орон, нутаг дэвсгэрт олон сая цагийн сайн дурын ажил хийж байгаад би бас талархаж байна.2

Сүм хэд хэдэн улс оронд JustServe.org-оор дамжуулан үйлчлэх боломжийг түгээдэг. Сүмээс ивээн тэтгэдэг, бусдыг адислахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй JustServe.org нь “сайн дурынхан хэрэгтэй байгаа газарт сайн дурынхныг холбож” өгөх замаар “нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлдэг” 3

Сүм ба Сүмийн гишүүд бас дэлхий даяарх үйлчлэлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Сүм гишүүдийнхээ ачаар “2022 онд Улаан загалмайд цусаа хандивласан хамгийн том байгууллага” болсон юм. Нэмж дурдахад Сүм саяхан Улаан загалмай байгууллагад 8.7 сая ам.долларын хандив өгсөн.4

Мөн Сүм дэлхийн өнцөг булан бүрд цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн төслүүдийг хэрэгжүүлдэг байгууллагуудтай нэгдэн ажилладаг. 2022 онд Сүм ийм төрлийн 156 төсөлд оролцсон.5 Мөн бид Бурханы зовж шаналж буй хүүхдүүдэд тусалдаг бусад агентлагтай хамтран ажиллаж, хандив тусламж үзүүлдэг.6

Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бид тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар тусламжийн гараа нэгтгэхэд Их Эзэн бидний зүрх сэтгэлийг нэгтгэдэг7 гэж хэлсэн.

Зураг
Алган дээр цацрах нарны туяа

Гэрлээ өргө

Аврагчийн шавь нарын хувьд бид гэрээнүүдээ сахиж, Христийнхтэй адил амьдралаар амьдарснаар хөршүүдээ адисалдаг. Мормоны Номд “сүмийн хүмүүс” зөвхөн зөвт байдлыг сонгоод зогсохгүй Их Эзэн тэднийг хамгаалж, дэгжүүлээсэй гэж хүсэж байгаа бол зөв шударга дуу хоолойгоо өргөх ёстой гэж заадаг (Алма 2:3–7; мөн Мозая 29:27-г үзнэ үү). Их Эзэн биднээс итгэл, үнэмшлээ хуваалцаж, гэрлээ өргөхийг хүсэн хүлээдэг. “Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ” (3 Нифай 18:24).

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бид Бурханаас илүү хүнээс эмээх юм бол Аврагчдаа сайн үйлчилж чадахгүй. Бид дэлхийн жишгийг дагах бус, Их Эзэний жишгүүдийг тогтоохоор дуудагдсан”8 гэж хэлсэн.

Их Эзэний шавь нар сургууль эсвэл ажил дээрээ, тоглохдоо, амрахдаа, болзохдоо эсвэл цахим орчинд ч бай ялгаагүй “Христийн нэрийг өөрсдийн дээр авахаас ичдэггүй” (Алма 46:21). Бид үг, үйлдлээрээ Бурхан амьд гэдгийг гэрчилж, Түүний Хүүг дагадаг.

“Бидний итгэл нөхцөл байдлаас хамаардаг салангид зүйл биш, мөн тийм байх ёсгүй. Итгэл бол зөвхөн сүмд, гэр оронд, [сургуульд] зориулагдаагүй. “Энэ нь таны хийдэг бүх зүйлд илрэх ёстой” гэж шашны олон ургалч үзлийг судлаач, хожмын үеийн гэгээнтэн Пол Ламбэрт онцолжээ.9

Бидний гэрчлэл, сайн үлгэр жишээ, сайн үйлс бусдад ямар нөлөө үзүүлж болохыг бид мэдэхгүй. Гэвч бид зөв зүйлийн төлөө зогсож, Аврагчийн гэрлийг өргөх үед хүмүүс биднийг анзаарч, тэнгэр биднийг дэмжих болно.

Зураг
Ариун сүмийн гадна зогсож буй эмэгтэй

Шашны эрх чөлөөний төлөө зогс

Өнөө цагт санваараар мэргэших явдал, мөн шашингүй нийгмүүд итгэлтэй хүмүүсийн эсрэг улам идэвхтэй тэмцэж байгаа явдал Мормоны Номын үеийнхээс бараг ялгаагүй юм. Олон нийтийн болон улс төрийн тавцан дахь шашны амин чухал үүргийг эсэргүүцэгчдийн дуу хоолой эрс чангарсаар байна. Олон сургууль, их сургууль зэрэг боловсролын байгууллага, төр засаг ёс суртахуунгүй байдал, шашингүй үзэл, ёс суртахууны харьцангуй үзлийг албадан сурталчилж, номлож байна.

Хэрэв бид шашны эрх чөлөөнийхөө төлөө зогсохгүй бол үүнд халдах ажиллагаа амжилт олно. “Сүмийн хувьд бид бусад шашинтай нэгдэж, бүх шашны болон өөр өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг мөн тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалдаг”10 гэж би саяхан хуваалцсан.

Ёс суртахууны сонголт буюу бидний сонгох эрх чөлөөний төлөө тэнгэрт дайн өрнөсөн. Шашны эрх чөлөөгөө тууштай хамгаалснаар бид сонгох эрхээ хадгалж авч үлддэг.

Шашны бат итгэл нь гэр бүл, нийгэм, улс үндэстнийг бэхжүүлж, хамгаалдаг. Энэ нь хуульд дуулгавартай байдлыг бий болгож, амь нас, эд хөрөнгийг хүндлэх сэтгэлийг төлөвшүүлж, шударга, эрх чөлөөтэй, иргэний нийгмийг үргэлжлүүлэн хадгалахад шаардлагатай энэрэл, шударга ёс, ёс суртахууныг заадаг. Бид итгэдгийнхээ төлөө хэзээ ч уучлалт гуйх ёсгүй.

Бидний номлолын хүчин чармайлт, ариун сүм дэх төлөөлөн гүйцэтгэх ажил, Бурханы хаант улсыг байгуулах хичээл зүтгэл, аз жаргал гээд бүгд биднээс шашны итгэл үнэмшил, эрх чөлөөгөө хамгаалахыг шаарддаг. Хэрэв бид энэ эрх чөлөөгөө алдвал бусдыгаа ч мөн алдана.

Бошиглогч Иосеф Смит “Бие сэтгэлд минь сүнслэгээр нөлөөлдөг зүйл бол эрх чөлөөг хайрлах хайр—бүх хүн төрөлхтний иргэний болон шүтлэг бишрэлийн эрх чөлөө юм”11 хэмээн заасан. Сүмийн удирдагчдын дараах зөвлөгөөг дагаснаар шашны эрх чөлөө бидний бодгальд урам зоригийг өгөх болно.

  • “Олон нийтэд ач холбогдолтой асуудлын талаар мэдээлэлтэй бай, тэгээд зоригтой, соёлтойгоор үгээ хэл.”12

  • “Шашны эрх чөлөөний доройтол нь бидний хүч, сайн мэдээний мэдлэгээ өсгөх, ариун нандин ёслолуудаар адислагдах, Сүмийг удирдан чиглүүлэхдээ Их Эзэнд найдах боломжуудад маш их нөлөө үзүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөр.”13

  • “Бурхан байдаг, Түүний зарлигуудын тогтоодог туйлын үнэн байдаг гэдгийг батлахын тулд босоод, дуугар.”14

  • “Итгэл үнэмшлээ хэрэгжүүлэх эрх чөлөөнд маань саад учруулах хуулиудыг эсэргүүц.”15

  • “Сайныг үйлдэж, Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэн, бусдыг илүү аз жаргалтай газар авчрахад туслахын тулд урагш яв.”16

  • Эх сурвалжуудыг religiousfreedom.ChurchofJesusChrist.org ба religiousfreedomlibrary.org/documents-оос судал.

Бид үйлчилж, гэрлээ өргөн, шашны эрх чөлөөний төлөө зогссоноор Бурханы хаант улсыг байгуулдаг. Гэр бүл, нийгэм, улс орондоо “ихээхэн сайныг” үйлдэх хичээл зүтгэлд маань Их Эзэн биднийг адислах болтугай.

Эх сурвалж

  1. “Тэргүүн зөвлөлийн захиас,” Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 2022 оны жил тутмын тайлан, 3, ChurchofJesusChrist.org.

  2. Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь: 2022 оны жил тутмын тайлан, 4, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  3. Justserve.org/about. 17 улс оронд JustServe идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү санаачилгаар дамжуулан мянга мянган хүмүүс, байгууллага адислагдаж байна.

  4. Кэйтлин Бэнкрофт, “Church Donates $8.7 M as Part of Red Cross Collaboration,” Church News, 2023 оны 4-р сарын 22, 23-ыг үзнэ үү.

  5. Мэри Ричардс, “Church Joins with Groups around the World to Tap into the Gift of Water,” Church News, 2023 оны 5-р сарын 27, 12-ыг үзнэ үү.

  6. Даллин Х.Өүкс, “Ядуус болон гачигдагсдад туслах,” Лиахона, 2022 оны 11-р сар, 6–8-ыг үзнэ үү.

  7. Хэнри Б.Айринг, “Сайныг үйлдэхээс бүү ай,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25-ыг үзнэ үү.

  8. Даллин Х. Өүкс, “Unselfish Service,” Liahona, 2009 оны 5-р сар, 94–95.

  9. Пол Ламбэртыг эш татсан Рэйчил Стэрзэр Гибсон, “Why Is There a Need for Faith in the Workplace?” Church News, 2023 оны 4-р сарын 22, 16.

  10. Роналд А. Расбанд, “Дэлхийг эдгээхийн төлөө,” Лиахона, 2022 оны 5-р сар, 92.

  11. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), х. 345.

  12. Д. Тодд Критоффэрсон, “Religious Freedom—A Cherished Heritage to Defend” (Freedom Festival Patriotic Service дээр хэлсэн үг, Юта, Прово, 2016 оны 6-р сарын 26), 5–6, speeches.byu.edu.

  13. Роналд A. Расбанд, “Free to Choose” (Бригам Янгийн их сургуулийн онцгой цугларалт, 2020 оны 1-р сарын 21), 3, speeches.byu.edu.

  14. Даллин Х. Өүкс, “Truth and Tolerance” (Бригам Янгийн их сургуулийн онцгой цугларалт, 2011 оны 9-р сарын 11), 2, speeches.byu.edu.

  15. Даллин Х. Өүкс, “Truth and Tolerance,” 4.

  16. Роналд A. Расбанд, “Free to Choose,” 5, speeches.byu.edu.

Хэвлэх