“Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь
Манай чуулгын болон ангийн цуглааны зорилго юу вэ?
Их Эзэн танд ариун нандин итгэл хүлээлгэсэн. Тэр таныг Аароны санваарын чуулгын эсвэл Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлүүлэхээр дуудсан. Таны үүрэг хариуцлагын нэг хэсэг бол ням гарагт чуулгын эсвэл ангийн цуглаанаа удирдан, хөтлөн явуулах явдал юм. Үүнийг хийхэд, энэ нь яагаад эдгээр цуглаан өгөгдсөнийг ойлгоход бидэнд тусалдаг.
Аароны санваарын чуулгын болон Залуу эмэгтэйчүүдийн цуглаан нь Ням гаргийн анги, семинар зэрэг Сүмийн ангиудаас ялгаатай. Чуулгын эсвэл ангийн цуглаанаар бид сайн мэдээний нэг сэдвийг судлахаас ч илүү ихийг амжуулдаг. Бид Бурханы бидэнд өгсөн үүрэгт ажлын талаар мэдэж авч, чуулгын эсвэл ангийн гишүүдийг тэр ажлаа гэр орон, Сүм, нийгэмдээ зориулан хийхээр зохион байгуулдаг. Жишээ нь, бид Их Эзэний өсвөр үеийн батальоны нэг хэсэг болохын хувьд Израилыг цуглуулахад туслах үүргээ хэрхэн биелүүлэх арга замаа төлөвлөдөг. Бид эдгээр цуглаанаараа зөвхөн ажлын талаар ярилцдаггүй, хэрхэн хийх төлөвлөгөөг ч гаргадаг.
Гэхдээ ингэж ажил хэрэг дээр төвлөрнө гэдэг нь сургаалын ярилцлагыг зөвхөн Ням гаргийн ангид даатган орхино гэсэн үг биш юм. Үнэндээ чуулгын эсвэл Залуу эмэгтэйчүүдийн цуглаан дээрээ сургаалаа судлах нь нэн чухал бөгөөд энэ нь хийж буй ажлынхаа шалтгааныг ойлгоход бидэнд тусалдаг. Сайн мэдээг хамтдаа судалснаар бидний мэдэж авах үнэнүүд зүрх сэтгэлийг маань өөрчилж чадна. Бид “мэргэн ухаан, бие хаа өс[өж мөн] Бурханы хийгээд хүмүүсийн таалалд байх” (Лук 2:52) арга замуудын талаар сүнслэг өдөөлтийг хүлээн авч чадна. Бид Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү хөрвөгдсөнөөр бусдад төдийгүй гэр бүлийнхэн, найз нөхөд, чуулгын болон ангийн гишүүддээ гэрээний зам дээрээ байхад нь туслах хүсэлтэй болно.
Хэн эдгээр цуглааныг удирддаг вэ?
Бурхан таныг чуулгын болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд дуудаж, удирдах эрх мэдэл олгосон. Иймээс чуулга, ангийн цуглаан бүрийг чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн хөтлөн явуулах ёстой. Насанд хүрсэн удирдагч удирдамж, чиглүүлгээр хангаж болох ч таныг орлож болохгүй. Цуглаанаа хэрхэн зохион байгуулах, жинхэнэ зорилгод нь хэрхэн хүрэхэд туслах санаануудыг энэхүү материалын тойм бүрийн эхэнд байдаг “Хамтдаа зөвлөлд” хэсгээс үзнэ үү. Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг ашиглан, эдгээр ням гаргийн цуглааныг хэрхэн хөтлөн явуулах төлөвлөгөө гарга.
Хэн хичээл заах вэ?
Насанд хүрсэн удирдагчид, чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл чуулга, ангийн бусад гишүүн хичээл заах боломжтой. Хэнээр хичээл заалгах талаар чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөл дээрээ насанд хүрсэн удирдагчтайгаа зөвлөлд. Насанд хүрсэн удирдагчдаасаа сурах зүйл их байгааг санаарай. Тэдний туршлага, гэрчлэлээс сурахыг хичээгээрэй. Өсвөр үеийнхнээс заахыг хүсэх нь давуу талтай байдаг. Заах нь тэдний хөрвөлтийг гүнзгийрүүлж, бусад чуулгын эсвэл ангийн гишүүдтэйгээ илүү нягт харилцаатай болоход тусалдаг. Тиймээс тэдэнд хичээлийн бүх хэсгийг юм уу хэсэгчилж заах тохирох боломжийг олго. Гэхдээ чуулгын эсвэл ангийнхаа хүмүүсийн хэрэгцээ, чадварыг анхаарч үзээрэй. Жишээ нь, насанд хүрсэн удирдагчид насаар бага өсвөр үеийнхэнтэй эсвэл сайн мэдээ заах туршлага багатай өсвөр үеийнхэнтэй магадгүй илүү олон удаа заах болно. Өсвөр үеийнхнийг хичээл заалгуулахаар урьсан үед эцэг эх эсвэл насанд хүрсэн зөвлөх нь шаардлагатай үед тэдэнд бэлтгэлээ хангахад тусалж болно.
Заахаар томилогдсон хүмүүст бэлтгэхэд нь туслах зорилготой энэ материалын тойм бүрд байгаа “Сургаалыг заа” хэсгийг ашиглаж болно. Энэ хэсэг тухайн долоо хоногт сургаалыг заах, хэлэлцэх саналуудыг багтаасан боловч багш нар дан ганц эдгээр зөвлөмжөөр хязгаарлагдах ёсгүй. Сүнсний удирдамжаар багш нар чуулгын эсвэл ангийн гишүүдийн хэрэгцээнд хамгийн сайн нийцүүлж, сургаалыг ойлгоход нь тэдэнд туслах замаар эдгээр санааг өөрчилж эсвэл өөрийн санааг ашиглах боломжтой.
Цуглааны үеэр бид ямар сургаалын сэдвийг ярилцах вэ?
Долоо хоног бүрийн тоймын сэдэв нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх тухайн долоо хоногт Сургаал ба Гэрээнээс уншуулахаар санал болгосон хэсэгтэй уялдуулан сонгосон сургаалын зарчим байна. Ингэснээр чуулгын болон ангийн цуглаан дээр өрнөх сургаалын ярилцлага нь өсвөр үеийнхний гэртээ сурч байгаа зүйлсийг дэмжих болно.
Хэдийгээр тоймыг тодорхой ням гаргуудад заах ёстой ч та чуулгын эсвэл ангийнхаа хэрэгцээнд үндэслэн бусад сургаалын сэдвийг хэлэлцэх боломжтой хэвээр байна.
Энэ материалд Аароны санваарын чуулгын цуглааны болон Залуу эмэгтэйчүүдийн ангийн долоо хоног бүрийн тойм багтсан. Заримдаа гадасны чуулган болох юм уу бусад шалтгаанаас болж хичээл алгасах шаардлага гарч магадгүй.
Насанд хүрсэн удирдагчид ямар үүрэгтэй вэ?
Танай насанд хүрсэн удирдагчид Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд удирдан манлайлах дуудлагат ажилд тань таныг удирдан чиглүүлж, зөвлөх болно. Тэд таныг чуулгын эсвэл ангийнхаа ажлыг хийхэд дэмжиж, урамшуулах болно. Тэд танд сургаал зааж, үлгэр жишээ, туршлага, гэрчлэлээрээ дамжуулан таныг адислах болно.