“Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав гарын авлагыг ашиглах
Манай чуулга ба ангийн цуглааны зорилго юу вэ?
Их Эзэн танд ариун нандин итгэл хүлээлгэсэн. Тэр таныг Аароны санваарын чуулгын эсвэл Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлүүлэхээр дуудсан. Таны үүрэг хариуцлагын нэг хэсэг бол Ням гаргийн ангиа эсвэл чуулгын цуглаанаа удирдан, хөтлөн явуулах явдал юм. Үүний тулд, яагаад эдгээр цуглааныг явуулдгийг ойлгох нь тустай.
Залуу эмэгтэйчүүдийн анги, Аароны санваарын чуулгын цуглаан нь Ням гаргийн анги, семинар зэрэг Сүмийн ангиудаас ялгаатай. Анги, чуулгын цуглаан дээр бид Бурханы бидэнд өгсөн ажлын талаар мэдэж авч, гэр орон, Сүм, нийгэмдээ уг ажлыг хийхээр анги, чуулгын гишүүдийг зохион байгуулдаг. Эдгээр цуглаанаар бид Их Эзэний өсвөр үеийнхний батальоны нэг хэсэг болохын хувьд үүргээ биелүүлж, Израилыг цуглуулахад туслах арга замаа төлөвлөдөг.
Гэхдээ ингэж ажил хэрэг дээр төвлөрнө гэдэг нь сургаалын ярилцлагыг зөвхөн Ням гаргийн ангид даатган орхино гэсэн үг биш юм. Үнэндээ, Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангид сургаалыг судлах нь маш чухал бөгөөд энэ нь бидний Есүс Христтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг ойлгож, Тэдний ажилд оролцоход бидэнд тусалдаг. Сайн мэдээг хамтдаа судалснаар бидний мэдэж авах үнэнүүд зүрх сэтгэлийг маань өөрчилж, Христийнхтэй илүү адил арга замаар хэрхэн үйлдэхээ мэдэхэд тусалдаг. Бид “мэргэн ухаан, бие хаа өс[өж мөн] Бурханы хийгээд хүмүүсийн таалалд” (Лук 2:52) нэмэгдэх арга замуудын талаар сүнслэг өдөөлтийг хүлээн авч чадна. Бид Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн хөрвөгдөх үедээ баяр баясгаланг олж, гэрээний зам дээрээ алхахад нь бусдад туслах хүсэлтэй болдог.
Хэн эдгээр цуглааныг удирддаг вэ?
Бурхан таныг анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд дуудаж, удирдах эрх мэдэл олгосон. Иймээс чуулга, ангийн цуглаан бүрийг ерөнхийлөгчийн зөвлөлийнх нь нэг гишүүн хөтлөн явуулах ёстой. Насанд хүрсэн удирдагч удирдамж мөн дэмжлэгээр хангаж болох ч таны өмнөөс удирдаж болохгүй. Цуглаанаа хэрхэн хөтлөн удирдаж жинхэнэ зорилгод нь хүрэхийг мэдэхэд тань танд туслах санаануудыг энэхүү материалын тойм бүрийн эхэнд байдаг “Хамтдаа зөвлөлд” хэсгээс үзнэ үү. Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг ашиглан, эдгээр Ням гаргийн цуглааныг хэрхэн хөтлөн явуулах төлөвлөгөө гарга.
Хэн хичээл заах вэ?
Насанд хүрсэн удирдагч, чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл анги, чуулгын өөр ямар ч гишүүн хичээл зааж болно. Хэнд хичээл заахыг даалгах талаар анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөрөө насанд хүрсэн удирдагчидтайгаа зөвлөлд. Насанд хүрсэн удирдагчдаасаа сурч мэдэх зүйл их байгааг санаарай. Тэдний туршлага, гэрчлэлээс сурахыг хичээгээрэй. Өсвөр үеийнхнээс заахыг хүсэх нь давуу талтай байдаг. Заах нь тэдний хөрвөлтийг гүнзгийрүүлж, анги, чуулгын бусад гишүүнтэйгээ илүү бат бөх харилцаатай болоход тусалдаг. Тиймээс тэдэнд хичээлийн бүх хэсгийг эсвэл хэсэгчилж заах тохирох боломжийг олго. Ингэхдээ чуулга, ангийнхныхаа хэрэгцээ, чадварыг анхаарч үзээрэй. Жишээлбэл: Насанд хүрсэн удирдагчид бага насны өсвөр үеийнхэнд эсвэл сайн мэдээ заах туршлага багатай өсвөр үеийнхний анги, чуулгад илүү олон удаа зааж болно. Өсвөр үеийнхнийг хичээл заалгуулахаар урьсан үед эцэг эх эсвэл насанд хүрсэн зөвлөх шаардлагатай үед тэдэнд бэлтгэхэд нь тусалж болно.
Заахаар томилогдсон хүмүүст бэлтгэхэд нь туслах зорилготой энэ материалын тойм бүрд байгаа “Сургаалыг заа” хэсгийг ашиглаж болно. Энэ хэсэг тухайн долоо хоногт зориулагдсан сургаалыг заах болон хэлэлцэх саналуудыг багтаасан боловч багш нар дан ганц эдгээр зөвлөмжөөр хязгаарлагдах ёсгүй. Сүнсний удирдамжаар багш нар анги, чуулгын гишүүдийн хэрэгцээнд хамгийн сайн нийцүүлж, сургаалыг ойлгож хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслах замаар эдгээр санааг өөрчилж эсвэл өөрийн санааг ашиглаж болно.
Цуглааны үеэр бид ямар сургаалын сэдвийг ярилцах вэ?
Долоо хоног бүрийн тоймын сэдэв нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх тухайн долоо хоногт Шинэ Гэрээнээс уншуулахаар санал болгосон хэсэгтэй уялдуулан сонгосон сургаалын зарчим байна. Ингэснээр анги, чуулгын цуглаан дээр өрнөх сургаалын талаарх ярилцлага нь өсвөр үеийнхний гэртээ суралцаж байгаа зүйлсийг дэмжих болно.
Хэдийгээр тоймыг тодорхой ням гаргуудад заах ёстой ч та анги, чуулгынхаа хэрэгцээнд үндэслэн бусад сургаалын сэдвийг хэлэлцэх боломжтой хэвээр байна.
Энэ материалд Залуу эмэгтэйчүүдийн анги, Аароны санваарын чуулгын цуглаан болох долоо хоног бүрийн тоймыг багтаасан. Заримдаа гадасны чуулган эсвэл бусад шалтгаанаас болж хичээл алгасах шаардлага гарч магадгүй.
Насанд хүрсэн удирдагчид ямар үүрэгтэй вэ?
Насанд хүрсэн удирдагч Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд удирдлагын дуудлагат ажилд тань таныг удирдан чиглүүлж, зөвлөх болно. Тэд таныг анги, чуулгынхаа ажлыг хийхэд дэмжиж, урамшуулах болно. Тэд танд сургаал зааж, өөрсдийн үлгэр жишээ, туршлага, гэрчлэлээр таныг адислах болно.