“1-р сарын 8. Би Есүс Христийн тухай гэрчлэлээрээ дамжуулан бусдыг хэрхэн адислах вэ? Матай 1; Лук 1,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“1-р сарын 8. Би Есүс Христийн тухай гэрчлэлээрээ дамжуулан бусдыг хэрхэн адислах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
1-р сарын 8
Би Есүс Христийн тухай гэрчлэлээрээ дамжуулан бусдыг хэрхэн адислах вэ?
Хамтдаа зөвлөлд
Ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан аврал, өргөмжлөлийн ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүл (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид сүүлд юу ярилцсан бэ, ямар урилга эсвэл даалгавар өгсөн бэ? Бид эдгээр урилга, даалгаврын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ганцаардаж, Тэнгэрлэг Эцэгээс хол мэт мэдэрч байж болох хүмүүст туслахын тулд бид юу хэлж эсвэл хийж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь бусдад тусалж болох ямар ямар арга зам байдаг вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид хоорондоо гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд туслах ямар ямар санааг хуваалцаж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Тэр үеийн ихэнх итгэлтэй иудейчүүдийн адилаар Мариа Мессиаг ирэхийг хүсэн хүлээж байсан. Хүлээлт нь тун удахгүй төгсгөл болж, амлагдсан Гэтэлгэгчийн ээж болох болно гэдгээ тэнгэр элчээс сонссоны дараа Мариа “Аврагч Бурхан [минь]” хэмээх гайхалтай гэрчлэлээ хуваалцсан. Энэхүү гэрчлэлийг Лук 1:46–55-д цэдэглэсэн байдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа Христэд итгэгчид үүнийг хайрладаг. Та эдгээр шүлгийг унших үедээ өөрийн анги эсвэл чуулга дахь хүмүүсийн талаар бодоорой. Тэд Мариагийн адилаар өдгөө Есүс Христийн сүр жавхлант Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байгаа. Мөн Мариагийн адил тэдний гэрчлэл эргэн тойронд нь байгаа хүмүүсийн итгэлд хүчирхэг нөлөө үзүүлж чадна.
Таны заадаг хүмүүс Есүс Христийн талаар ямар бодолтой байдаг вэ? Аврагчийн талаарх гэрчлэл нь тэднийг хэрхэн адислах вэ? Та заахаар бэлдэхдээ 2 Нифай 25:23–26-г болон ахлагч Нийл Л.Андэрсэны “Бид Христийн тухай ярьдаг” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96–100) захиасыг судалж болох юм.
Хамтдаа суралц
Өсвөр үеийнхэнд Есүс Христийн талаарх гэрчлэлээ тунгаан бодоход нь туслах нэг гайхалтай арга зам бол Лук 1:46–55 дахь Мариагийн гэрчлэлийг хамтдаа судлах юм. Магадгүй тэд Аврагчийн талаар Мариа юунд итгэж, юу мэдэрч байсныг дүрсэлсэн үг хэллэгүүдийг өөр хоорондоо хуваалцаж болно. Эдгээр хэллэгийн аль нь бид Түүний талаар ямар сэтгэгдэлтэй байгааг дүрсэлсэн бэ? Жишээлбэл: юу бидний сүнсийг “Бурханд [баясахад]” хүргэдэг вэ? (47-р шүлэг). Тэр бидний төлөө ямар “агуу үйлсийг” (49-р шүлэг) хийсэн бэ? Тэр бидний амьдралд Өөрийн хүчийг хэрхэн харуулсан бэ? (51-р шүлгийг үзнэ үү). Доор дурдсан үйл ажиллагааны санаанууд нь Христийн тухай бидний гэрчлэл бусдыг хэрхэн адисалдаг талаарх харилцан яриа руу удирдан чиглүүлэх болно.
-
Ахлагч Нийл Л.Андэрсэны “Бид Христийн тухай ярьдаг” захиас нь Аврагчийн тухай илүү нээлттэй ярих талаар болон хэрхэн ингэж ярих талаар тайлбарладаг. Та ахлагч Андэрсэны захиасны хэсгээс хамтдаа уншиж болно. Анги эсвэл чуулгын гишүүд Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцах шалтгааныг болон үүнийг хэрхэн хийх талаарх түүний зөвлөгөөг ярилцаж болно. Бид Христийн тухай илүү нээлттэй ярихын тулд ямар тодорхой зүйлсийг хийж болох вэ?
-
Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бусадтай хуваалцаж болох Есүс Христийн тухай чухал үнэнүүдийг мэддэг. Та эдгээр үнэний талаар бодоход нь өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болох вэ? Та тэднээс хувьдаа болон бүлгээрээ “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг судлаад, “Аврагчийн талаар ямар үнэн таны хувьд онцгой учир утгатай вэ?” гэдэг асуултын хариултыг хайхыг хүсэж болно. Олж мэдсэн үнэнүүдээ мөн яагаад эдгээр нь тэдний хувьд утга учиртай талаар хуваалцахыг тэднээс хүс. Ингэхдээ тэд судраас болон туршлагаасаа хуваалцаж болно. Дараа нь тэд Аврагчийн тухай ямар үнэнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, гэрчлэлээ олж авах гэж чармайж буй найзтайгаа эсвэл манай Сүмийн гишүүн бус хэн нэгэнтэй хуваалцаж болох талаар ярилцаж болно.
-
Лук 1:46–55-аас гадна биднийг Есүс Христийн тухай мэддэг зүйлээ хуваалцахад сүнслэгээр өдөөж болох судрын өөр олон хэсэг байдаг. Зарим жишээг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт жагсаасан. Эдгээр судрыг хамтдаа уншиж болно. Есүс Христийн тухай гэрчлэлээ бусадтай хэрхэн хуваалцах талаар тэдгээр нь юу зааж байна вэ? Бид эдгээр шүлгээс өөр юу сурч мэдэж болох вэ? Анги эсвэл чуулгын гишүүд Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар чөлөөтэй хуваалцдаг хүмүүсээс юу сурч мэдсэн тухайгаа хуваалцаж болно.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Матай 5:14–16; 1 Петр 3:15; 2 Нифай 25:26; Алма 5:43–50; Сургаал ба Гэрээ 100:5–8
-
Рассэлл М.Нэлсон, “Итгэлээ харуул” (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–49)
-
Кристина Б.Франко “Сайн мэдээг хуваалцахаас баяр баясгалан олох нь,” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 91–94)