Сайн мэдээ хуваалцахаас баяр баясгалан олох нь
Өөрт нь хандахыг мөн бидний болон бидний эргэн тойрны хүмүүсийн амьдралыг адислахаар хүлээж буй хайрт Тэнгэрлэг Эцэг бидэнд бий.
Миний дуртай Хүүхдийн хэсгийн дуу ингэж эхэлдэг.
Бидний итгэдэг үнэнийг ямар энгийн бөгөөд сайхан илэрхийлсэн байна вэ!
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид хэн гэдгээ мэднэ. Бурхан бол бидний сүнсний Эцэг гэдгийг мэднэ. Бид … Түүний хүүхдүүд бөгөөд Тэр бидэнд хайртай. Бид газар дэлхийд [ирэхээсээ] өмнө [Түүнтэй хамт тэнгэрт амьдарч] байсан.”
Бид Бурханы төлөвлөгөөг мэднэ. Төлөвлөгөөгөө танилцуулахад нь бид Түүнтэй хамт байсан. Бидний Тэнгэрлэг Эцэгийн “бүхий л зорилго—Түүний ажил болон Түүний алдар суу нь Түүний бүх адислалыг эдлэхийг хүн нэг бүрд боломжтой болгох явдал мөн. Тэрээр … Өөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төгс төлөвлөгөөгөөр хангасан. Бид дэлхийд ирэхээсээ өмнө Түүний аз жаргалын, … гэтлэлийн болон … авралын төлөвлөгөөг ойлгож, хүлээн зөвшөөрсөн.
Есүс Христ бол Бурханы төлөвлөгөөн дэх төв юм. Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан Эцэгийнхээ зорилгыг хэрэгжүүлж, үхэшгүй байдал болоод өргөмжлөлийг эдлэх явдлыг хүн нэг бүрд боломжтой болгосон. Сатан буюу чөтгөр Бурханы төлөвлөгөөний дайсан бөгөөд эхлэлээс ийм байсаар ирсэн.
Сонголт эсвэл сонгох чадвар нь Бурханы хүүхдүүддээ өгсөн агуу бэлгүүдийн нэг юм. … Бид Есүс Христийг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ сонгох ёстой.”
Энэ бол бидний бусадтай хуваалцаж чадах энгийн үнэн билээ.
Ээж минь нээлттэй яриа өрнүүлж, боломжийг олж харж чадсанаар эдгээр энгийн үнэнийг хэрхэн хуваалцсан түүхийг би ярья.
Олон жилийн өмнө ээж Аргентин руу ахынд зочлохоор буцах болов. Ээж минь онгоцоор нисэх туйлын дургүй байсан тул хөвгүүдийн маань нэгнээс тайвшрал, хамгаалалтын адислал авахыг хүссэн юм. Хүү минь эмээгээ адислахдаа сургаалыг олохыг хичээж байгаа олон хүний зүрх сэтгэлд хүрэхэд туслах Ариун Сүнсний онцгой удирдамжаар мөн адислав.
Солт Лэйк Ситигийн нисэх онгоцны буудал дээр ээж, ах хоёр маань гэр бүлтэйгээ цанаар гулгаад буцаж байсан долоон настай охинтой таарсан юм. Эцэг эх нь охиноо манай ээж, ах хоёртой удаан ярилцаж байгааг анзаараад, тэдэнтэй нэгдэхээр шийджээ. Тэд өөрсдийгөө Эдуардо, Мариа Сузана, Жиада Пол гэж танилцуулав. Тэр сайхан гэр бүлтэй энгийн бөгөөд халуун дулаан харилцаа үүссэн байлаа
Тэдний хэн хэн нь Аргентины Буэнос Айрес руу нэг нислэгээр явах гэж байгаадаа баяртай байв. Ярилцаж байхдаа ээж минь тэр гэр бүлийг Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн талаар өмнө хэзээ ч сонсож байгаагүйг олж мэджээ.
Сузанагийн асуусан эхний асуултуудын нэг нь “Та надад дээрээ алтан хөшөөтэй музейн талаар ярьж өгөөч?” гэсэн гуйлт байв.
Тэр сайхан барилга бол музей биш, харин Их Эзэний ариун сүм бөгөөд бид хэзээ нэгэн өдөр Бурхантай хамт амьдрахын тулд тэр газарт Түүнтэй гэрээ байгуулдаг хэмээн ээж минь тэдэнд тайлбарлав. Сузана Солт Лэйк явахаасаа өмнө сэтгэл санаагаа хүчирхэгжүүлэх ямар нэгэн зүйлийн төлөө залбирсан гэдгээ ээжид минь хэлжээ.
Нислэгийн үеэр ээж минь түүнтэй сайн мэдээний талаарх энгийн боловч хүчирхэг гэрчлэлээ хуваалцаад, төрөлх хотдоо очсоныхоо дараа номлогчидтой уулзахыг түүнээс хүссэн аж. “Би тэднийг яаж олох вэ?” гэж Сузанаг асуухад
ээж минь: “Тэднийг танихад их амархан. Цагаан цамцтай, зангиа зүүсэн хоёр залуу эрэгтэй эсвэл сайхан хувцасласан хоёр залуу эмэгтэй өөр өөрсдийн нэртэй, ‘Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм’ гэсэн нэрийн тэмдэг байнга зүүгээд явж байвал тэд номлогчид” гэж хэлжээ.
Буэнос Айресийн нисэх буудал дээр гэр бүлүүд утасны дугаараа солилцон, бие биедээ баяртай гэж хэлээд салсан юм. Одоо миний сайн найз болсон Сузана тэр өдөр ээжээс минь салж явах гэж байгаадаа маш гунигтай байснаа надад олон удаа хэлж байв. “Ээж чинь гэрэлтэж байсан. Би яаж тайлбарлахаа мэдэхгүй ч түүний гэрэлтсэн царай төрхнөөс би холдмооргүй санагдсан” гэж тэр хэлж билээ.
Сузана төрөлх хотдоо очмогцоо охин Жиадатайгаа цуг хэдэн гудмын цаана амьдардаг ээж дээрээ очоод, тэр тухай хуваалцахаар гарчээ. Машинаар явах замдаа ээжийн минь дүрслэн хэлж байсан хоёр залуу гудамжаар алхаж явахыг тэр харжээ. Тэр машинаа гудамжны голд зогсоогоод, бууж, “Та нар Есүс Христийн Сүмийнх мөн үү?” гэж асууж.
Тэд ч “Тийм ээ” гэж хариулжээ.
“Номлогчид уу?” гэж асуухад нь
нэгэн дуугаар “Тийм ээ, бид мөн байна” гэж тэд хариулах нь тэр!
Тэрээр шууд “Машинд суучих, та хоёр манайд очиж надад заах хэрэгтэй байна” гэж хэлжээ.
Үүнээс хойш хоёр сарын дараа Мариа Сузана баптисм хүртэв. Харин түүний охин Жиада есөн нас хүрээд, мөн баптисм хүртсэн юм. Бид Эдуардод үргэлжлүүлэн заасаар байгаа бөгөөд түүнийг байгаагаар нь л хайрладаг.
Энэ явдлаас хойш Сузана миний мэдэх хамгийн агуу номлогчдын нэг болсон. Тэр яг л Мозаяагийн хөвгүүд шиг олон бодгалийг Христэд авчирсан.
Нэг удаа ярилцаад сууж байхдаа би түүнээс “Чиний нууц юу вэ? Чи сайн мэдээг бусадтай яаж хуваалцдаг вэ?” гэж асуусан юм.
Тэрээр надад “Энэ бол маш энгийн. Өдөр бүр би гэрээсээ гарахын өмнө амьдралд нь сайн мэдээ хэрэгтэй хэн нэгэн рүү намайг чиглүүлэхийг хүсэн, Тэнгэрлэг Эцэгт залбирдаг. Заримдаа би бусдад өгөх Мормоны Ном эсвэл номлогчдоос авсан дамжуулах зурагт карт авч гардаг. Тэгээд хэн нэгэнтэй ярихдаа зүгээр л Сүмийн талаар өмнө нь сонсож байсан эсэхийг асуудаг.
Заримдаа би галт тэрэг хүлээх зуураа зүгээр л инээмсэглэдэг. Нэг өдөр нэг хүн намайг хараад, ‘Чи яагаад инээмсэглээд байгаа юм бэ?’ гэж надаас асуусан л даа. Үүнд би бага зэрэг цочсон.
Хариуд нь би ‘Аз жаргалтай байгаа учраас инээж байна’ гэж хариулж билээ.
Тэгэхэд тэр хүн ‘Та юунаас болж тийм аз жаргалтай байгаа юм бэ?’ гэхэд нь
‘Би бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн. Энэ нь намайг аз жаргалтай болгодог. Та энэ сүмийн талаар сонссон уу?’ гэж асуусан” хэмээн хэлсэн юм.
Харин түүнийг үгүй гэхэд нь тэр авч явсан зурагт картаа өгөөд, ирэх ням гарагт Сүмд ирэхийг урив. Дараагийн ням гарагт түүнийг сүмд ирэхэд нь Сузана угтан авчээ.
Ахлагч Даллин Х.Өүкс заахдаа
“Сайн мэдээг хуваалцахад туслахын тулд гишүүдийн хийж чадах гурван зүйл байдаг.
Нэгд, бид бүгд авралын ажлын энэ амин чухал хэсэгт туслах хүсэлтэй болохын төлөө залбирч чадна.
Хоёрт, бид зарлигуудыг сахиж чадна. … Итгэлтэй гишүүд үргэлж Аврагчийн Сүнстэй … хамт байдаг бөгөөд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах агуу ажилд оролцохыг эрэлхийлэхдээ Сүнсээр удирдуулдаг.
Гуравт, бид сайн мэдээг … бусадтай хуваалцахын тулд … юу хийж чадах талаараа удирдамж хүсэн [мөн] хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлдэхээ амлан, залбирч чадна” гэжээ.
Ах, эгч нар аа, өсвөр үеийнхэн мөн хүүхдүүд ээ, бид миний найз Сузана шиг байж, сайн мэдээг бусадтай хуваалцаж чадах уу? Бид өөр шашин шүтлэгтэй найз нөхдөө ням гарагт хамт сүмд явахад урьж чадах уу? Эсвэл Мормоны Номын нэг нэг хувийг хамаатандаа эсвэл найздаа өгч чадах уу? Бид бусдад FamilySearch дээрээс өвөг дээдсээ олоход нь тусалж эсвэл Ирээд, Намайг Дага номоос долоо хоногийн турш ойлгосон зүйлсээ бусадтай хуваалцаж чадах уу? Бид Аврагч Есүс Христтэй хэрхэн илүү адил болж, бидний амьдралд баяр баясгаланг авчирдаг зүйлсээ хэрхэн бусадтай хуваалцаж болох вэ? Энэ бүх асуултын хариулт нь “тийм” юм. Бид үүнийг хийж чадна!
Судруудад “Есүс Христийн Сүмийн гишүүд ‘хүмүүний бодгалиудын авралын төлөө түүний талбайд хөдөлмөрлөхийн тулд илгээгдсэн юм’ (Сургаал ба Гэрээ 138:56). Авралын энэ ажилд гишүүдийн номлолын ажил, хөрвөгчдийг болон идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил, сайн мэдээг заах зэрэг орно” гэснийг бид уншдаг.
Хайр найз нар аа, Израилыг цуглуулахад нь Их Эзэнд бид хэрэгтэй байна. Сургаал ба Гэрээнд Тэрээр: “Мөн та нар юу хэлэхээ урьдаас бүү бод; харин амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл, мөн хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсэг нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно” хэмээн айлдсан.
Түүнчлэн Тэрээр:
“Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!
Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” хэмээн амласан.
Хэлсэн үгийнхээ эхэнд хуваалцсан Хүүхдийн дуу дараах гайхалтай үгсээр төгсдөг:
Эдгээр үг үнэн. Биднийг Өөрт нь хандахыг мөн бидний болон бидний эргэн тойрны хүмүүсийн амьдралыг адислахаар хүлээж буй хайрт Тэнгэрлэг Эцэг бидэнд бий гэдгийг би гэрчилж байна. Бидэнд ах, эгч, дүүсээ Христэд авчрах хүсэл эрмэлзэл байх болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.