Сүнслэг чадавх
Есүс Христийн итгэлт шавийн хувьд та нар Түүний зарлигт нийцсэн, та нарт зориулсан хувийн сүнслэг удирдамж, илчлэлтийг хүлээн авч чадна.
Энэ зун Залуу эмэгтэйчүүдийн аяллаас буцах гэж байхад нэгэн залуу эмэгтэй надад зурвас өгөв. Тэр зурвас дээр “Бурхан надад ямар нэгэн зүйл хэлэх гээд байгааг би яаж мэдэх вэ?” гэж асуусан байлаа. Түүний асуулт надад их таалагдсан. Бидний бодгаль тэнгэрлэг гэртэйгээ холбогдохыг хүсэмжилдэг. Бид өөрсдийгөө хэрэгтэй бөгөөд ач тустай гэж мэдрэхийг хүсдэг. Гэвч заримдаа бидэнд өөрсдийн бодлыг Сүнсний намуун зөөлөн мэдрэмжээс ялгахад хэцүү байдаг юм. Эрт эдүгээгийн бошиглогчид хэрэв ямар нэгэн зүйл “сайныг хийхэд урьж, уриалдаг бол тэр нь Христээс ирдэг” хэмээн заасан.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хайрт ах, эгч нар минь ээ, би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадавхаа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. … Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхээр сонго” хэмээх энгийн, хүчирхэг урилгыг өгчээ.
Энэ өглөө би та бүхэнд илчлэлт хүлээн авах сүнслэг чадавхаа нэмэгдүүлэх дөрвөн арга замын талаар чин сэтгэлээсээ ярихыг хүсэж байна.
1. Бурханы дуу хоолойг сонсох цаг зав, орон зай гаргахдаа санаачилгатай бай
Та Бурханы дуу хоолойг, ялангуяа Мормоны Номон дээрх дуу хоолойг илүү сайн сонсохын тулд өдөр бүр цаг зав гаргахад сонгох эрхээ ашигласнаар яваандаа Түүний дуу хоолой танд илүү тод, илүү танил сонсогдох болно.
Эсрэгээрээ, дэлхийгээр нэг, гэр орноор дүүрэн байдаг анхаарал сарниулах зүйлс ба дуу чимээ Түүний дуу хоолойг сонсоход илүү хэцүү болгодог. Эдгээр анхаарал сарниулах зүйл бидний бодол, зүрх сэтгэлд орон зай эзэлж, бид Ариун Сүнсний намуун зөөлөн өдөөлтүүдийг мэдрэхгүй өнгөрдөг.
Бурхан Өөрийгөө ихэнхдээ “хувь хүмүүст тусгайлан нууц өрөөнд нь, цөлд буюу хээр талд, ихэвчлэн чимээ шуугиан, сүр дуулиангүй” газарт илчилдэг гэж бошиглогч Иосеф Смит заасан.
Сатан биднийг тэдгээр чимээгүй газраас холдуулж, Бурханы дуу хоолойноос тусгаарлахыг хүсдэг. Хэрэв Бурхан намуухан зөөлөн дуугаар ярьдаг бол та бид Түүнийг сонсохын тулд ойртон очих шаардлагатай. Бид Wi-Fi сүлжээнд холбогдсон байхыг хүсдэг шигээ тэнгэртэй холбоотой байхыг хүсдэг бол юу болохыг төсөөлөөд үз дээ. Өдөр бүр Бурханы дуу хоолойг сонсох цаг, газрыг сонго. Тэгээд энэ ариун нандин уулзалтаа яг таг хий. Учир нь маш их зүйл үүнээс шалтгаална.
2. Хойшлуулалгүй үйлд
Удирдамж хүлээн аваад, зорилготой үйлдэхэд Их Эзэн таныг ашиглаж чадна. Та үйлдэх тусмаа Сүнсний дуу хоолойг илүү сайн таньдаг болно. Та Бурханы удирдамжийг мөн Түүний “Өөрийн оюун хийгээд тааллыг илчлэхдээ дуртай” байдгийг улам сайн мэддэг болно. Хэрвээ та хойшлуулбал тухайн удирдамжийг мартах юм уу Бурханы өмнөөс хэн нэгэнд туслах боломжоо алдана.
3. Их Эзэний зараалаар хийх ажлаа ав
Тэнгэрлэг Эцэгийн хариулахыг хүсдэг залбирал бол бидний тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэн рүү хөтлөхийг гуйх гуйлт юм. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бидэнд Бурханаас хэнд тусалж болохоо асууснаар илчлэлт эрэлхийлэхийг заасан. “Та нар тийнхүү асуувал Ариун Сүнс ирж, бусад хүний төлөө хийх зүйлсийнхээ талаарх өдөөлтийг мэдэрнэ. Тэгээд та нар явж, тэдгээр зүйлийг хийхдээ Их Эзэний зараалд байгаа бөгөөд Их Эзэний зараалд байх үедээ та нар Ариун Сүнсний бэлгийг авах шаардлагыг хангадаг.”
Та зараалаар нь хийх ажил авахаар Их Эзэнд хандан залбирч, гуйж болно. Тэгснээр Тэрээр таны энгийн ур чадварыг ашиглан, Өөрийн ер бусын ажлыг гүйцэлдүүлэх юм.
Миний өвөө, Фриц Яльмар Лундгрен 19 настайдаа Шведээс Америкт цагаачлан ирэхдээ нэг чемодантай ганцаархнаа ирсэн бөгөөд ердөө зургаахан жилийн албан боловсролтой байжээ. Англиар огт ярьж чадахгүй тэрээр Орегон муж руу очиж, мод бэлтгэгчээр ажиллах болсон ба хожим нь эмээ, ээж хоёртой минь хамт Сүмд нэгдсэн ажээ. Тэр хэзээ ч тойргийг тэргүүлэн удирдаж байгаагүй боловч итгэлтэй гэрийн багшийн хувьд тавь гаруй гэр бүлийг Сүмд идэвхтэй болгожээ. Тэр үүнийг хэрхэн хийсэн бэ?
Өвөөг нас барсны дараа би түүний бичиг баримтын хайрцгийг үзэж байгаад, өвөөгийн үзүүлсэн хайрын улмаас сүмд эргэн ирсэн нэгэн хүний бичсэн захидлыг олов. Уг захидалд “Фриц ахын нууц нь гэвэл тэрээр үргэлж Тэнгэрлэг Эцэгийн зараалд явдагт оршдог гэж би боддог” гэсэн байлаа.
Тэрхүү захидлыг Вэйн Симонис ах бичсэн байв. Өвөө түүн дээр очиж, гэр бүлийн гишүүн бүртэй нь танилцаж, яваандаа тэдний хэрэгтэй байгааг нь хэлж, сүмд урьжээ. Гэвч тэр ням гарагт Симонис ахад нэг асуудал гарчээ. Тэр байшингаа дээвэрлэж дуусаагүй байсан ба тэр долоо хоногт бороо орох байлаа. Тиймээс тэр сүм рүү очиж, өвөөтэй гар бариад, дараа нь харьж байшингаа дээвэрлэж дуусгахаар шийдсэн аж. Гэрийнхэн нь түүнгүйгээр ариун ёслолын цуглаанд оролцож болохоор байв.
Төлөвлөгөө нь ид сайхан хэрэгжиж байтал дээвэр лүү хэн нэгнийг шатаар өгсөн гарч ирэхийг тэр сонслоо. Тэрээр ийн ярьсан. “Намайг өндийн хартал, … шатан дээр Фриц ах зогсож байлаа. Түүнийг над руу нүүр дүүрэн инээмсэглэхэд эхлээд би ичиж сандран, яг л хичээлээ таслаад баригдаж буй жаахан хүүхэд шиг байдалд оров. Дараа нь… миний уур хүрэв. [Харин Фриц ах тэр үед] хослолынхоо хүрмийг тайлж, шатанд өлгөөд, цагаан цамцныхаа ханцуйг эргүүлэн, над руу хараад, ‘Симонис ах аа, танд өөр алх байна уу? Энэ ажил үнэхээр чухал учраас л та гэр бүлээ орхиод явсан байлгүй. Үнэхээр чухал ажил юм бол би танд тусалмаар байна’ гэжээ. Би түүний нүд рүү хараад, зөвхөн сайхан сэтгэл, Христийн адил хайрыг олж харав. Миний уур ч гарсан. … Тэр ням гарагт би багажнуудаа хураагаад, сайн найзаа даган шатаар бууж, цуглааны байр луу эргэн явсан билээ.”
Өвөө Их Эзэнээс ажлаа авч, алдагдсан хонийг эрж хайх ёстойгоо мэдэж байсан. Дөрвөн эр саа өвчтэй найзаа Есүс Христээр эдгээлгэхийн тулд дээвэр дээр гараад, түүнийг доош буулгадаг шиг өвөө бас ажлынхаа дагуу дээвэр лүү гарсан. Бусдад туслахаар эрэлхийлэгч хүмүүст Их Эзэн илчлэлт илгээдэг.
4. Итгэ. Найд
Саяхан би өөр нэгэн агуу номлогчийг Их Эзэнээс ажил авсан талаар судраас уншсан юм. Аароныг леменчүүдийн хаанд зааж байтал хаан Аароны ах Аммоныг яагаад бас ирж түүнд заахгүй байгааг асуув. “Мөн Аарон хаанд хэлэв: Болгоогтун, Их Эзэний Сүнс түүнийг өөр зүгт дуудсан.”
Бидний хүн нэг бүрд гүйцэтгэх өөр өөр даалгавар бий бөгөөд заримдаа Сүнс биднийг “өөр зүгт” дууддаг гэж Сүнс хэлэхийг би зүрх сэтгэлдээ мэдэрч билээ. Гэрээ байгуулж мөн сахидаг Есүс Христийн шавь нарын хувьд Бурханы хаант улсыг барьж байгуулах олон арга зам байдаг. Түүний итгэлт шавийн хувьд та нар Түүний зарлигт нийцсэн, танд зориулсан хувийн сүнслэг удирдамж, илчлэлтийг хүлээн авч чадна. Та нар амьдралдаа хийж гүйцэтгэх ёстой онцгой даалгавар, үүрэгтэй бөгөөд тэдгээрийг биелүүлэх онцгой зааварчилгаа та нарт өгөгдсөн.
Нифай, Жаредын ах, бүр Мосе хүртэл тэнгис далайг гаталсан бөгөөд бүгд өөр өөрөөр гаталсан. Нифай “дүнз модыг нямбайлан урнаар дархлав.” Жаредын ах “таваг лугаа адил нягт” усан онгоцнуудыг барьсан. Мосе “далай дундуур хуурай газраар яв[сан].”
Тэд дор бүрнээ өөрсдөд нь зориулсан хувийн удирдамжийг хүлээн авч, итгэж найдан, удирдамжийнхаа дагуу үйлдсэн. Их Эзэн дуулгавартай дагагч хүмүүст санаа тавьдаг бөгөөд Нифайн хэлснээр, “өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг [бидэнд] зэх[эх болно].” Нифай “тэр зам” гэж биш, харин зам гэж хэлснийг анхаар.
Их Эзэн бодсоноос маань өөр “замыг” бэлдсэн учраас бид Түүний хувьчлан өгсөн зараалын ажлыг анзааралгүй өнгөрөөж байна уу? Эсвэл үл хайхарч байна уу?
Миний өвөө ням гарагт өмссөн хослолтойгоо онцгой газар луу буюу дээвэр лүү хөтлөгдөн очсон. Зам таны бодсоноос өөр харагдах эсвэл бусдынхаас өөр байх үед ч Бурхан таныг хөтлөн удирдана гэдэгт найдаарай.
Хожмын үеийн гэгээнтнүүд “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм,” ганц бие ба гэрлэсэн, баян ба ядуу, залуу ба хөгшин, бүх насаараа гишүүн эсвэл саяхны хөрвөгч гээд олон янз байдаг боловч “Бурханд бүгд адил” билээ. Та нарын хэн байх эсвэл юу тохиолдож байгаагаас үл хамааран та нар Их Эзэний ширээнд суухаар уригдсан.
Эцэгийн хүслийг эрэлхийлж, үйлдэх нь таны өдөр тутмын амьдралын тогтсон хэв маяг болсноор та өөрчлөгдөж, наманчлах болно.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан Сүмийн шинэ хөтөлбөр нь илчлэлт эрэлхийлэх, Их Эзэний биднээр хийлгэх зүйлийг олж мэдэх, улмаар тэр удирдамжийн дагуу үйлдэх үндэс суурин дээр гарч ирсэн юм. Бидний хүн нэг бүр нас эсвэл нөхцөл байдлаасаа үл хамааран эрэлхийлж, хүлээн авч, үйлдэхийг хичээж чадна. Та нар өнөө үед тогтоосон энэхүү мөнхийн хэв маягийг дагаснаар Есүс Христэд болон Түүний хайр, гэрэл, удирдамж, амар амгаланд мөн эдгээгч, боломж олгогч хүчинд илүү ойртох болно. Мөн та сүнслэг чадавхаа өсгөн нэмэгдүүлж, Их Эзэний агуу ажлыг гүйцэлдүүлэхэд Түүний мутар дахь өдөр тутмын зэмсэг болох болно. Есүс Христийн нэрээр, амен.