Гэрч, Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн анги
Бидний одоо зарлах гэж буй өөрчлөлт залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд ариун нандин хувийн чадавхаа хөгжүүлэхэд нь туслах зорилготой.
Хайрт ах, эгч нар аа, энэ Ерөнхий чуулганаар та нартайгаа дахин хамт байгаа маань хэчнээн гайхамшигтай вэ. Өчигдөр баптисмын болон лацдан холбох ёслолуудад хэн гэрчээр үйлчилж болох талаар Сүмийн бодлогод орсон өөрчлөлтийг Сүмийн гишүүдэд зарласан. Би энэ долоо хоногийн зарласан зүйл дээр гурван зүйлийг онцлон ярихыг хүсэж байна.
-
Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх баптисмын үйл ажиллагаанд ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй хүнээс гадна хязгаартай ашиглах эрхийн бичигтэй хэн ч гэрчээр оролцож болно.
-
Ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй, хишиг хүртсэн ямар ч гишүүн амьд хүмүүсийн болон нас барагсдын лацдан холбох ёслолд гэрчээр үйлчилж болно.
-
Баптисм хүртсэн Сүмийн ямар ч гишүүн амьд хүний баптисмын үйл ажиллагаанд гэрчээр үйлчилж болно. Энэхүү өөрчлөлт ариун сүмээс гадуурх бүх баптисмд хамаатай.
Эдгээр бодлогын өөрчлөлт нь журмын өөрчлөлт юм. Үндсэн сургаал, гэрээнүүд өөрчлөгдөөгүй бөгөөд бүхий л ёслолд эн тэнцүү үр дүнтэй хэвээр байна. Эдгээр өөрчлөлт нь дээрх ёслолуудад оролцох гэр бүлүүдийн оролцоог ихээр өргөжүүлэх болно.
Мөн би өсвөр үеийнхэндээ болон тэдний удирдагчдад хамаатай нэгэн өөрчлөлтийг одоо танилцуулахыг хүсэж байна.
Та бүхэн намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсвөр үеийнхнийг өнөөдөр энэ дэлхийн хамгийн агуу хөдөлгөөн болох Израилыг цуглуулах үйлсэд оролцуулахын тулд Их Эзэний батальонд элсэхэд урьсныг санаж байгаа. Би энэ урилгыг өсвөр үеийнхэндээ өгсөн. Учир нь тэд бол бусдад хүрч, итгэдэг зүйлээ хуваалцахдаа итгүүлэх загварын дагуу ажиллах ер бусын чадавхтай. Цуглуулах үйлс нь дэлхийг болон түүний хүмүүсийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах нэгэн чухал хэсэг юм.
Тойрог болгон дахь Их Эзэний өсвөр үеийнхний батальоныг Их Эзэний үнэнч үйлчлэгч бишоп удирддаг. Бишопын нэн тэргүүний чухал үүрэг бол тойргийнхоо залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг халамжлах явдал юм. Бишоп зөвлөхүүдтэйгээ хамт тойрогтоо Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангиудыг удирдан чиглүүлдэг.
Бидний одоо зарлах гэж буй өөрчлөлт залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд ариун нандин хувийн чадавхаа хөгжүүлэхэд нь туслах зорилготой. Мөн бид Аароны санваарын чуулгыг болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудыг хүчирхэгжүүлж, бишопуудад болон өсөн өндийж буй үеийнхэнд үйлчилдэг бусад насанд хүрэгчдийг дэмжиж туслахыг хүсэж байна.
Одоо ахлагч Квинтин Л.Күк залуу эрэгтэйчүүдэд хамаатай өөрчлөлтийг танилцуулна. Өнөө орой Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаан дээр Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон эгч залуу эмэгтэйчүүдэд хамаатай өөрчлөлтийг танилцуулна.
Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр нь өсвөр үеийнхнээ хүчирхэгжүүлэхийн төлөө гаргаж буй энэ хүчин чармайлтыг хамтдаа дэмжиж байгаа билээ. Бид өсвөр үеийнхэндээ хэчнээн хайртай гээч. Бид тэдний төлөө маш их залбирдаг. Тэд бол “Сионы арми, Израилын найдвар, амлагдсан өдрийн хүүхдүүд.” Бид өсвөр үеийнхэндээ бүрэн итгэж, тэдний төлөө талархдаг. Есүс Христийн ариун нэрээр, амен.