2010–2019
Ирээд, Намайг дага—Их Эзэний сөрөг стратеги ба урьдчилсан төлөвлөгөө
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


2:3

Ирээд, Намайг дага—Их Эзэний сөрөг стратеги ба урьдчилсан төлөвлөгөө

Их Эзэн Өөрийн хүмүүсийг дайсны довтолгооны эсрэг бэлдсэн. Ирээд, Намайг дага гэдэг бол Их Эзэний сөрөг стратеги ба урьдчилсан төлөвлөгөө билээ.

Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэхүү гайхамшигт чуулганы үеэр хамтдаа цуглан уулзаж байгаадаа баярладаг. Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдийн сургаалаар дамжуулан Түүний оюун хийгээд тааллыг хүлээн авах нь адислал юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Их Эзэний амьд бошиглогч билээ. Өнөөдөр бид түүний сүнсээр өдөөгдсөн зөвлөгөө, удирдамж зааврыг хүлээн авсандаа маш их талархаж байна.

Өмнөх хүмүүсийн гэрчлэл дээр би өөрийн гэрчлэлийг нэмье. Би Бурхан, бидний Мөнхийн Эцэгийн талаарх гэрчлэлээ хуваалцъя. Тэрээр амьд бөгөөд биднийг хайрлаж, харж ханддаг. Түүний аз жаргалын төлөвлөгөө бидэнд мөнх бус амьдралын болон эцэст нь Түүний оршихуйд эргэж очих адислалуудыг өгдөг.

Би бас Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцъя. Тэр бол Бурханы Төрсөн Ганц Хүү билээ. Хэрэв бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэн, наманчлах юм бол Тэрээр үхлээс биднийг аварч, нүглээс гэтэлгэнэ. Бидний төлөө хийсэн Түүний хязгааргүй, цагаатгагч золиос үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралын адислалыг бидэнд өгдөг. “Тэнгэрлэг Хүүгийнх нь зүйрлэшгүй бэлгийнх нь төлөө Бурхандаа талархъя” (“Амьд Христ: Tөлөөлөгчдийн гэрчлэл,” Лиахона, 2017 оны 5-р сар, хавтасны дотор талд).

Дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд Есүс Христийг Түүний ариун сүмүүдэд бишрэн шүтэх боломжоор адислагдсан. Тэдгээр ариун сүмийн нэг нь яг одоо Канадын Виннипегт баригдаж байна. Надад өөрийн эхнэр Анн Маритай хамт энэ оны 8-р сард уг барилгын талбай дээр очих боломж тохиосон юм. Энэ ариун сүм гоёмсог загвартай бөгөөд баригдаж дууссаныхаа дараа агуу сүр жавхлантай болно гэдэг нь тодорхой. Хэдий тийм ч Виннипегт ч бай, аль эсвэл өөр газарт ч бай, бат бөх суурьгүй л бол гайхамшигт ариун сүмийг барих боломжгүй.

Виннипегт газар байнга хөлдөж, гэсэж байдаг бөгөөд үүнээс үүдэн, хөрс нь тогтворгүй бүтэцтэй болдог нь ариун сүмийн суурийг бэлтгэх ажлыг хүндрүүлж байв. Тиймээс энэ ариун сүмийн суурийг бетонд цутгасан 70 ширхэг ган хоолойгоор тавихаар шийдсэн юм. Уг хоолойнууд 18 м урттай, 30-аас 50 см голчтой. Тэдгээрийг хөрсний өнгөн гадаргуугаас доошоо ойролцоогоор 15 м буюу хөрсний давхаргын доорх хатуу чулуулаг хүртэл өрөмдөж суулгасан. Ийм маягаар 70 хоолой үзэсгэлэнт Виннипег ариун сүмийн бөт бөх суурийг тавьж өгч байгаа юм.

Хожмын үеийн гэгээнтнүүд бид мөнх бус амьдралынхаа туршид буюу тэнгэрлэг гэртээ эргэж очих аялалдаа хэрэг болох сүнслэг суурийг, тухайлбал үүнтэй адил бат бөх, тогтвортой суурийг эрж хайж байдаг. Энэхүү суурийг хөрвөлтийн маань үндсэн чулуулаг дээр буюу Их Эзэн Есүс Христ дээр тавьсан байдаг.

Бид Мормоны Номоос Хиламаны “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга … нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” хэмээн заасныг санаж байгаа (Хиламан 5:12).

Бид Аврагч Есүс Христийн талаар бошиглогч, төлөөлөгчдийн бидэнд зааж буй цаг үед амьдарч байгаа нь талархалтай хэрэг. Тэдний зөвлөгөөг дагах нь Христэд бат бөх сууриа тавихад тусалдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы нээлтийн үг дээр “Сүмийн урт хугацааны зорилго бол Их Эзэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлж, Бурхантай гэрээ байгуулж, уг гэрээгээ сахихад нь бүх гишүүнд тусалж мөн гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, лацдан холбогдоход нь туслах явдал юм” гэдгийг тайлбарласан. Өнөөгийн төвөгтэй дэлхий ертөнцөд үүнийг үйлдэх тийм ч амархан биш. Дайсан илүү ширүүнээр итгэл рүү болон бидэн рүү мөн бидний гэр бүл рүү дайрч довтолж байна. Сүнслэг байдлын хувьд давж гарахын тулд бид сөрөг стратеги ба урьдчилсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй (“Нээлтийн үг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 7; тодотгол нэмэгдсэн).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк захиасаараа Ирээд, Намайг дага хувь хүн, гэр бүлүүдэд зориулав” эх сурвалжийг танилцуулсан. Түүний хэлсэн үгэнд дараах мэдэгдэл орсон байдаг.

Энэ оны 1-р сараас эхлэн дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд Ирээд, Намайг дага гэх эх сурвалжаас Шинэ Гэрээг судалж эхэлсэн. Долоо хоногийн хуваарьтай, Ирээд, Намайг дага гарын авлага нь бидэнд судар, сайн мэдээний сургаал, бошиглогч, төлөөлөгчдийн сургаалаас суралцахад тусалдаг. Энэ нь бидэнд зориулсан гайхамшигт эх сурвалж юм.

Дэлхий даяар судраас суралцах ажлыг эхлүүлснээс хойш есөн сар өнгөрсний дараа бидэнд ямар үр дүн харагдаж байна вэ? Энд тэндгүй хожмын үеийн гэгээнтнүүдийн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, үнэнч байдал өсөн нэмэгдэж байгааг бид харж байна. Хувь хүн, гэр бүлүүд долоо хоногийн турш цаг гарган, Аврагчийн үгсийн судалж байгааг бид харж байна. Гэртээ судруудаас суралцаж, өөрсдийн санааг сүм дээр хуваалцсанаар манай Ням гаргийн сайн мэдээг заах хичээл сайжирсныг бид харж байна. Судрыг зүгээр уншаад өнгөрөхийн оронд гүн гүнзгий судалдаг болсны ачаар гэр бүл дэх баяр баясгалан, нэгдмэл байдал өсөн нэмэгдсэнийг бид харж байна.

Олон хожмын үеийн гэгээнтэнтэй уулзаж, Ирээд, Намайг дага хөтөлбөртэй холбоотой туршлагыг өөрсдөөс нь сонсох онцгой боломж надад олдсон юм. Тэдний итгэлийн илэрхийлэл сэтгэл зүрхийг минь баяр баясгалангаар дүүргэсэн. Дэлхийн өөр өөр хэсэгт амьдардаг Сүмийн янз бүрийн гишүүдээс сонссон зарим үгийг энд хуваалцъя.

  • Нэгэн эцэг: “Ирээд, Намайг дага хөтөлбөр нь Аврагчийн тухай хүүхдүүддээ гэрчлэх боломжийг надад олгодог” хэмээн хуваалцсан.

  • Өөр нэгэн гэр бүлийн хүүхэд: “Энэ бол эцэг эхийнхээ гэрчлэлээ хуваалцахыг сонсох боломж” гэж хэлсэн.

  • Харин нэгэн эх: “Биднийг сүнсээр өдөөж, Бурханыг хэрхэн нэгд тавихыг заасан. Бидэнд ‘байхгүй’ гэж [бодож байсан] үеүд маань үнэндээ төсөөлж ч байгаагүй найдвар, баяр баясгалан, амар амгалан, амжилт [дүүрэн байсан]” хэмээн хуваалцсан.

  • Нэг хос: “Бид судрыг урьд өмнө нь уншдаг байснаасаа тэс өөр арга замаар унших болсон. Өмнө нь мэдсэн зүйлээсээ хамаагүй ихийг бид ойлгож мэдэх болсон. Их Эзэн аливаа зүйлийг өөр өнцгөөс харахыг биднээс хүсэж байгаа бөгөөд Тэрээр биднийг бэлдэж байна” гэдгийг анзаарчээ.

  • Харин нэгэн эх: “Бид нэг ижил зүйлийг суралцаж байгаа нь надад таалагддаг. Урьд нь бид уншдаг байсан бол одоо судалж байна” гэсэн юм.

  • Өөр нэг эгч: “Өмнө нь хичээл заахад судрууд тусалдаг байсан. Одоо судруудыг заахад хичээл туслах болсон” хэмээн бодлоо хуваалцсан юм.

  • Бас нэг эгч: “Хийхгүй байх, хийх хоёрын [харьцуулахад] ялгааг би мэдэрдэг. Бусадтай Есүс Христийн тухай мөн өөрсдийн итгэл үнэмшлийн талаар ярих илүү амархан болсон” гэж хэлэв.

  • Нэг эмээ: “Би хүүхдүүд, ач, зээ нар луугаа ням гарагт утасдаж, Ирээд, Намайг дага-аас төрсөн сэтгэгдлээ хуваалцдаг” гэлээ.

  • Өөр нэг эгч: “Ирээд, Намайг дага хөтөлбөрөөс суралцах нь яг Аврагч Өөрөө надад тохинуулж байгаа мэт санагддаг. Энэ нь тэнгэрээс өдөөгдсөн хөтөлбөр” хэмээн ажигласнаа хуваалцсан юм.

  • Нэгэн аав: “Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглах үедээ бид Израилын хүүхдүүдийн адил хаалган дээрээ тэмдэг тавьж, устгагч нэгний нөлөөллөөс гэр бүлээ хамгаалж байгаа юм” гэж хэлэв.

Ах, эгч нар аа, та бүхэнтэй уулзаж, Ирээд, Намайг дага хөтөлбөрийг хэрэгжүүлснээр амьдрал тань хэрхэн адислагдаж байгааг сонсох сайхан байдаг. Таны үнэнч итгэлд баярлалаа.

Ирээд, Намайг дага гарын авлагыг удирдамж болгон судраас суралцах нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөх бидний хөрвөлтийг бэхжүүлдэг. Бид зүгээр л Сүмд өнгөрөөдөг байсан нэг цагаа гэртээ судраас суралцахад ашигладаг болж байгаа юм биш. Сайн мэдээнээс суралцах нь долоо хоногийн туршид явагддаг үйл явц юм. Нэгэн эгч “Гол зорилго нь сүмд нэг цаг бага зарцуулахад биш, харин сүмийг зургаан өдрөөр уртасгаж байгаад оршиж байгаа юм!” хэмээн гярхай ажигласнаа хуваалцав.

Одоо 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар хэлсэн нээлтийн үгэндээ ерөнхийлөгч Нэлсоны өгсөн сануулгыг дахин бодож үзээрэй.

“Дайсан илүү ширүүнээр итгэл рүү мөн бидэн рүү, бидний гэр бүл рүү дайрч довтолж байна. Сүнслэг байдлын хувьд давж гарахын тулд бид сөрөг стратеги ба урьдчилсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй” (“Нээлтийн үг,” 4).

Дараа нь (ойролцоогоор 29 цагийн дараа) ням гаргийн үдээс хойших цуглаан дээр чуулганыг хаахдаа тэрээр: “Таныг гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллахад … таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно” хэмээн хэлсэн (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119).

Дайсны дайралт гэрлийн хурдаар өсөхийн сацуу түүний нөлөөлөл үнэндээ хэрхэн багасаж байна вэ? Их Эзэн Өөрийн хүмүүсийг дайсны дайралтын эсрэг бэлддэг тул үүнийг хийх боломжтой бөгөөд энэ нь Сүм даяар явагдаж байгаа. Ирээд, Намайг дага бол Их Эзэний сөрөг стратеги ба урьдчилсан төлөвлөгөө билээ. Ерөнхийлөгч Нэлсон: “Гэр оронд төвлөрсөн шинэ сургалтын хөтөлбөр нь гэр бүл болгон [бидний] гэр орныг итгэлийн ариун газар болгохын тулд хариуцлагатай бөгөөд анхааралтай [дагаж] үйлдэхээр хичээхэд нь гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх боломжтой юм” хэмээн заасан (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 119).

Эцсийн эцэст мөн ерөнхийлөгч Нэлсон “Бидний хүн нэг бүр хувийн өсөлт хөгжлийнхөө өмнө хариуцлага үүрдэг” хэмээн хэлжээ (“Нээлтийн үг,” 4).

Ирээд, Намайг дага эх сурвалжаар Их Эзэн биднийг “бидэнд тулгарч буй энэхүү хүнд хэцүү цагт” бэлдэж байна (Квинтин Л.Күк, “Гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөх нь,” 7). Тэрээр бидэнд “бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь” (Хиламан 5:12) буюу Их Эзэн Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтийн үндсэн чулуун дээр зангуугаа бат бөх тогтоон, гэрчлэлийн сууриа тавихад тусалж байгаа юм.

Судраас өдөр бүр суралцахад гаргаж буй хүчин чармайлт маань биднийг бэхжүүлэн, амлагдсан адислалд зохистой гэдгийг маань нотлох болтугай. Үүнийг би Есүс Христийн нэрээр хэлж залбирч байна, амен.