Итгэл маань соригдсоны дараа
Бид Бурханы дуу хоолой, Түүний гэрээний замыг дагавал Тэр биднийг бэрхшээлүүдэд маань хүчирхэгжүүлэх болно.
Намайг хүүхэд байхад манай гэр бүл ариун сүмд лацдан холбогдохоор Пуэрто-Рикогоос Солт Лэйк Сити рүү нисэхэд Сүмийн гишүүн Франк Талли туслахаар болсон юм. Гэвч удалгүй саад бэрхшээл гарч эхэлсэн. Эгч нарын маань нэг Маривид өвдөв. Аав, ээж маань сандарч тэвдсэн боловч юу хийх талаараа залбирсан бөгөөд уг аялалд яв гэсэн өдөөлт мэдэрсээр байв. Тэд Их Эзэний өдөөлтийг дагавал манай гэр бүл хамгаалагдаж, адислагдах болно гэдэгт итгэсэн юм. Бид ч адислагдсан.
Бид амьдралдаа ямар ч саад бэрхшээлтэй нүүр тулсан, итгэлтэйгээр алхаж, Есүс Христ урагшлах замыг бэлтгэнэ гэдэгт найдаж болно. Бурхантай хийсэн гэрээнүүдийнхээ дагуу амьдардаг бүх хүн Түүний цаг хугацаанд, Түүний амласан бүх адислалыг хүлээн авна гэж Тэр амласан. Ахлагч Жэффри Р.Холланд, “Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ” гэж заасан.
Моронай “Итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд гэдгийг би дэлхийд үзүүлнэ; иймийн тул та нар хараагүйн улмаас бүү арсалд, учир нь итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй” гэж заасан.
Бид “Замд минь тохиолдох бэрхшээлийг хамгийн сайнаар давахын тулд бид юу хийх ёстой вэ?” гэж асуувал зохино.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн ерөнхийлөгчийн хувьд хэлсэн анхны үгэндээ “Шинэ ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бид эцсийг нь харж ажлаа эхлүүлэхийг хүсэж байна. Чухам энэ л шалтгааны учир бид ариун сүмээс та бүхэнтэй ярьж байна. Бидний хүн нэг бүрийн хүсэн хүлээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд хүч чадлын хишиг хүртэж, гэр бүлээрээ лацдан холбогдож, ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ үнэнч байснаар Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авах шаардлагыг хангах явдал юм. Ариун сүмийн ёслол, тэнд байгуулдаг таны гэрээнүүд нь амьдрал, гэрлэлт, гэр бүл, дайсны дайралтыг сөрөн зогсох чадварыг тань хүчирхэгжүүлдэг түлхүүрүүд билээ. Ариун сүм дэх та нарын шүтлэг бишрэл, өвөг дээдсийнхээ төлөөх үйлчлэл зэрэг нь та нарын хувийн илчлэлт болоод амар амгаланг өсгөн адисалж, гэрээний зам дээрээ үлдэх гэсэн та нарын хүслийг хүчирхэгжүүлнэ” гэж заасан.
Бид Бурханы дуу хоолой, Түүний гэрээний замыг дагавал Тэр биднийг бэрхшээлүүдэд маань хүчирхэгжүүлэх болно.
Манай гэр бүлийн олон жилийн өмнө хийсэн ариун сүмийн аялал хүнд байсан боловч Юта Солт Лэйкийн ариун сүмд ирэх үед ээж минь итгэл, баяслаар дүүрч “Бид алзахгүй, Их Эзэн биднийг хамгаална” гэж хэлж билээ. Бид гэр бүлээрээ лацдан холбогдож, эгчийн маань бие ч сайжирсан. Энэ нь аав, ээжийн маань итгэл соригдсоны дараа л буюу тэд Их Эзэний өдөөлтийг дагасны дараа тохиолдсон юм.
Аав, ээжийн маань энэ үлгэр жишээ бидний амьдралд өнөөдөр ч гэсэн нөлөөлсөөр байна. Тэдний үлгэр жишээ бидэнд сайн мэдээний сургаалын “учир шалтгааныг” зааж, сайн мэдээний бидэнд авчирдаг утга учир, зорилго, адислалуудыг ойлгоход тусалсан. Есүс Христийн сайн мэдээний “учир шалтгааныг” ойлгох нь бидэнд бэрхшээлтэй итгэлтэйгээр нүүр тулахад тусалж чадна.
Эцсийн эцэст, Бурханы бидэнд зарлиглаж, урьдаг бүхэн нь биднийг гэсэн Түүний хайрын болон итгэлтэй хүмүүст бэлтгэсэн адислалуудаа бид бүхэнд өгөх гэсэн хүслийнх нь илрэл юм. Хүүхдүүд мань өөрсдөө сайн мэдээнд хайртай болно гэж бид бодож болохгүй бөгөөд тэдэнд заах нь бидний үүрэг мөн. Бид хүүхдүүддээ сонгох эрхээ ухаалаг ашиглахад нь туслах юм бол бидний үлгэр жишээ зөв шударга сонголтууд хийхэд нь тэдэнд урам зориг өгч чадна. Тэдний итгэлтэй амьдрал эргээд үр хүүхдүүдэд нь сайн мэдээний үнэнийг өөрсдийнхөө төлөө олж мэдэхэд нь тусална.
Залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүд ээ, бошиглогч та нарт хандан ярьж байна. Тэнгэрлэг үнэнд суралцаж, сайн мэдээг өөрсдийнхөө төлөө ойлгодог болохыг эрэлхийл. Ерөнхийлөгч Нэлсон саяхан: “Танд ямар мэргэн ухаан дутагдаж байна вэ?… Бошиглогч Иосефын үлгэр жишээг дага. Нам гүм газар хайж ол. … Бурханы өмнө өөрийгөө даруусга. Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. Хариулт, тайтгарал авахаар Түүнд ханд” гэж зөвлөсөн. Та нар Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж эрэлхийлэх үедээ амьд бошиглогчдын зөвлөгөөг сонсож, зөв шударга эцэг, эхчүүдийн үлгэр жишээг дагаснаар гэр бүлдээ итгэлийн хүчтэй гинжин холбоо болж чадна.
Хүүхдүүд нь гэрээний замаас холдсон эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд сайн мэдээний үнэнийг ойлгоход нь тэдэнд хүлээцтэй хандан тусал Одооноос эхэл. Оройтно гэж хэзээ ч байхгүй.
Бидний зөв шударга амьдралын үлгэр жишээ өөрчлөлт авчирч чадна. Ерөнхийлөгч Нэлсон “Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид ‘сүм’ бол цуглааны байранд болж өнгөрөөд, гэр оронд болдог үйл явдлаар дэмжигддэг нэгэн зүйл хэмээн бодож сурчээ. Бид энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй. Одоо салбар, тойрог, гадасны байранд болдог зүйлсээр дэмжигддэг, гэр оронд төвлөрсөн Сүмтэй болох цаг ирлээ” гэж хэлсэн.
Сударт “явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй” хэмээн заасан байдаг.
Мөн эдүгээ, шударга байсан түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад үгийг номлох нь их нөлөө болж байсан учир---тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илднээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлж байв---тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорих нь зайлшгүй болов хэмээн Алма боджээ.
Хүү нь хэт их чихэр идэж байгаад бухимдсан нэгэн эмэгтэйн түүх байдаг. Идэхээ боль гэж хэчнээн их хэлсэн ч хүү амттан идсээр л байж. Аргаа барсан эх хүүгээ өөрийнх нь хүндэлж явдаг мэргэн хүнтэй уулзуулахаар шийджээ.
Тэр эмэгтэй “Эрхэм ээ, хүү маань хэт их чихэр идээд байна. Та түүнд идэхээ боль гэж хэлж өгнө үү?” гэж гуйжээ.
Өнөөх мэргэн хүн анхааралтай сонсож байснаа хүүд хандан, “Гэртээ харь. Хоёр долоо хоногийн дараа эргээд ир” гэж хэлэв.
Хүүд нь хэт их чихэр идэхээ боль гэж яагаад хэлээгүй юм бол хэмээн бодсоор уг эх хүүгийнхээ хамт харьжээ.
Хоёр долоо хоногийн дараа тэд буцаж очив. Мэргэн хүн хүү рүү эгцлэн ширтэж байгаад, “Хүү минь, чи хэт их чихэр идэхээ болих хэрэгтэй. Энэ нь чиний эрүүл мэндэд муу” гэж хэлэв.
Өнөөх хүү толгой дохиод, болино гэдгээ амлажээ.
Хүүгийн ээж “Хоёр долоо хоногийн өмнө та яагаад ингэж хэлээгүй юм бэ?” гэж асуув.
Мэргэн хүн инээмсэглэв. “Хоёр долоо хоногийн өмнө би өөрөө хэт их чихэр иддэг байсан.”
Энэ хүн бусдад өгөх зөвлөгөөгөө өөрөө дагаж байвал энэ нь хүчтэй байх болно гэсэн зарчим баримталж амьдардаг байж.
Хүүхдүүд маань биднийг гэрээний зам дээр итгэлтэй алхаж байгааг харвал тэдэнд үзүүлэх нөлөө маань илүү хүчтэй байх болно. Мормоны Номын бошиглогч Иаков бол ийм зөв шударга байдлын үлгэр жишээ юм. Түүний хүү аавынх нь заасан зүйл ямар нөлөөтэй байсныг ийн бичжээ.
“Би, Инос, миний эцэг шударга хүн байсныг мэдэхийн учир—тэрээр надад өөрийн хэлээр, мөн түүнчлэн Их Эзэний халамж хийгээд зөвлөгөөнд заан хүмүүжүүлсэн болой—мөн үүний учир Бурханы минь нэр алдаршиг. …
“… Мөн мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баяслын талаар эцгийнхээ ярьж байхыг олонтаа сонссон тэр үгс, зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн байв.”
Залуу дайчдын ээжүүд сайн мэдээний дагуу амьдардаг байсан учраас хүүхдүүд нь итгэл үнэмшлээр дүүрэн байсан. Тэдний удирдагч ийнхүү өгүүлжээ.
“Хэрэв тэд эргэлзэхгүй аваас, Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт тэд эхчүүдээрээ сургагдсан байлаа.
Мөн тэд эхчүүдийнхээ үгсийг надад давтаж, хэлсэн нь: Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна.”
Инос, мөн залуу дайчид эцэг эхийнхээ итгэлээр хүчирхэгжсэн ба энэ нь тэдэнд өөрсдийн итгэлийн сорилттой нүүр тулахад тусалсан юм.
Бид энэ цаг үед Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээгээр адислагдсан бөгөөд сэтгэлээр унах эсвэл бэрхшээлтэй тулгарах үед энэ нь бидэнд тусалдаг. Хэрэв бид итгэлийнхээ сорилтын үед урагш тэмүүлбэл бидний хичээл зүтгэл Их Эзэний цаг хугацаанд үр жимсээ өгнө гэсэн баталгааг бид хардаг.
Эхнэр бид хоёр саяхан Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй болон ахлагч Дэвид А.Бэднарын хамт Хаити Порт-о-Прэнс ариун сүмийн онцгойлон адислах ёслолд оролцсон. Бидэнтэй хамт явсан Хорхе хүү маань туршлагынхаа талаар над руу “Гайхалтай юм аа, аав аа! Ахлагч Бэднарыг онцгой адислалын залбирлыг хэлж эхэлмэгц өрөө дулаан илч, гэрлээр дүүрч байгааг би мэдэрсэн. Уг залбирал ариун сүмийн зорилгын талаарх миний ойлголтыг тэлсэн. Энэ бол Их Эзэний өргөө” гэсэн мессеж бичсэн юм.
Хэрэв бид Бурханы хүслийг мэдэхийг хүсвэл Тэр биднийг хүчирхэгжүүлдэг гэж Нифай Мормоны Ном заасан. Тэрээр “Би, Нифай, үлэмж балчир бага … хийгээд Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байсны учир, иймийн тул, би Их Эзэнд хандаж гуйн залбирав; мөн болгоогтун тэрбээр надад зочлов, бас зүрх сэтгэлийг минь зөөллөсний учир би эцгийн ярьсан бүх үгсэд итгэсэн авай; иймийн тул ах нарынхаа адил би түүнийг эсэргүүцсэн нь үгүй” гэж бичжээ.
Ах, эгч нар аа, хүүхдүүддээ болон эргэн тойронд байгаа хүмүүстээ Бурханы гэрээний замыг дагахад нь тусалцгаая. Ингэснээр Сүнс тэдэнд зааж, Түүнийг насан туршдаа дагах хүсэлтэй байж болохын тулд зүрх сэтгэлийг нь зөөллөх болно.
Би аав, ээжийнхээ үлгэр жишээг эргэцүүлэн бодох үедээ Их Эзэн Есүс Христэд итгэх бидний итгэл тэнгэрлэг гэрт маань хүргэх замыг үзүүлдэг гэдгийг ойлгодог. Бидний итгэл соригдсоны дараа гайхамшгууд тохиодог гэдгийг би мэднэ.
Би Есүс Христийг болон Түүний Цагаатгагч золиосыг гэрчилж байна. Тэр бол бидний Аврагч, Чөлөөлөгч гэдгийг би мэднэ. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн хамт 1820 оны хаврын тэр нэгэн өглөө Сэргээлтийн бошиглогч залуу Иосеф Смит дээр ирсэн. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол бидний цаг үеийн бошиглогч. Есүс Христийн нэрээр, амен.