2010–2019
Сүнсэндээ биеэ захируулах нь
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


2:3

Сүнсэндээ биеэ захируулах нь

Энэ амьдралд суралцаж болох хамгийн чухал зүйлсийн нэг бол мөнхийн сүнслэг байдлаа онцолж, хилэнцэт хүсэл сонирхлоо хянаж сурах явдал юм.

Хайрт ах, эгч нар аа, өнгөрсөн жилийн 10-р сарын чуулган дөхөж байхад би 1918 оны 10-р сарын 3-нд чуулган дээр ерөнхийлөгч Жозеф Ф.Смитэд өгөгдсөн сүнсний дэлхийн үзэгдлийн 100 жилийн ойн талаар онцлон ярих үгээ бэлдсэн байсан юм.

Хэлэх үгээ орчуулгад өгснөөс хойш хэдхэн хоногийн дараа, хайртай мөнхийн хань Барбара минь мөнх бус амьдралын сорилтоо дуусган, сүнсний дэлхий рүү явсан.

Барбараг нас барснаас хойш өдөр хоног өнгөрсөөр, долоо хоног, сар, тэгсээр жил болоход “Чи хайранд хамтдаа амьдрах ёстой, ийнхүү чи нас нөгчсөн тэднийг алдсаныхаа төлөө уйлах ёстой” хэмээх сударт би илүү бүрэн дүүрэн талархаж байгаагаа мэдэж авсан. Барбара бид хоёр “хайранд хамтдаа” 67 жил амьдрахаар адислагдсан юм. Гэвч би хайртай хүмүүсээ “алдсаныхаа төлөө уйлах” нь ямар утгатай болохыг өөрөө туулан мэдэж авч байна. Би түүндээ маш их хайртай, түүнийгээ үнэхээр их санаж байна!

Бидний ихэнх нь бусдын бидний төлөө хийдэг зүйлсэд тэднийг алс хол одох хүртэл бүрэн дүүрэн талархдаггүй байх гэж би таамаглаж байна. Би Барбараг үргэлж завгүй байдаг байсныг мэдэж байсан. Гэхдээ тэрээр цаг заваа гэр бүл, сүм, олон нийтэд байнга зарцуулдаг байсныг би бүрэн ойлгодоггүй байжээ. Он жилийн явцад хэдэн мянган удаа давтсан, өдөр бүрийн бүхнээ зориулсан хичээл зүтгэл нь манай гэр бүлийн үйл ажиллагааг хэвийн байдалтай байлгаж ирсэн. Үүнээс гадна, манай гэр бүлийн хэн нь ч түүний дуугаа өндөрсгөхийг эсвэл зүй бус үг хэлэхийг сонсож байгаагүй.

Энэ өнгөрсөн жилийн хугацаанд олон дурсамж миний бодолд орж ирсэн. Долоон хүүхдийн ээж байх, бие махбодын хувьд хүнд хэцүү сонголтынх нь талаар ч би бодож үзсэн. Гэрийн эзэгтэй байх нь түүний хүссэн цорын ганц ажил мэргэжил байсан бөгөөд тэр бүхий л талаараа чадварлаг мэргэжилтэн байсан.

Тэр яаж хүүхдүүдээ төдийгүй намайг авч явж байсан юм бол доо гэж би үргэлж гайхдаг. Хоол, унд бэлтгэнэ гэдэг чинь өөрөө нүсэр том ажил. Үүнээс гадна долоо хоног бүр манай гэрийнхний уул овоо шиг их хувцас хунарыг угааж цэвэрлэх, хүүхдүүдэд гутал, таарсан хувцсыг нь олж өмсүүлэх гэх мэт ажлууд байсан. Бид бүгдээрээ тус тусын чухал өөр олон асуудлаар түүнд ханддаг байв. Тэдгээр нь бидний хувьд чухал байсан учраас түүний хувьд ч мөн чухал байсан. Тэр эхнэр, ээж, найз, хөрш бөгөөд Бурханы охины хувьд, нэг үгээр дүрсэлбэл, гайхамшигтай хүн байсан.

Одоо тэр минь өөд болсон ч би түүнийхээ амьдралын сүүлийн хэдэн сард ажлаасаа ирээд, дуртай хөгжимт жүжгийнх нь төгсгөлүүдийг хамтдаа дахин дахин үзэхдээ гарыг нь атган, дэргэд нь суудаг байсандаа баяртай байдаг. Альцгеймерын өвчнөөс болж тэр минь тэдгээрийг дөнгөж өдөр үзсэн гэдгээ ч санадаггүй байсан юм. Гараа атгалцан суусан онцгой мөчийн дурсамжууд одоо миний хувьд маш үнэ цэнтэй зүйл болоод байна.

Ах, эгч нар аа, гэр бүлийнхнийхээ нүд рүү хайрын харцаар ширтэн харах боломжоо бүү алдаарай. Хүүхдүүд ээ, эцэг, эхчүүд ээ, нэг нэгэндээ хайр, талархлаа илэрхийлээрэй. Та нарын зарим нь над шиг нэг өдөр сэрээд, ийм чухал харилцаандаа зориулах цаг тань дууссан гэдгийг олж мэдэх вий. Өдөр бүр хамтдаа талархал, сайхан дурсамж, үйлчлэл, маш их хайраар дүүрэн зүрх сэтгэлтэй амьдар.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний талаар урьд өмнө нь бодож байснаас илүү анхааралтай тунгаан бодсон. Алма хүү Кориантондоо заахдаа, үүнийг “аз жаргалын агуу төлөвлөгөө” хэмээн нэрлэсэн юм.

Уг төлөвлөгөөний талаар эргэцүүлэн бодох үед миний толгойд “эргэн уулзах” хэмээх үг байн байн орж ирж байв. Энэ бол бидний хайртай Тэнгэрлэг Эцэгийн зохион бүтээсэн төлөвлөгөө бөгөөд үүний төвд эхнэр нөхөр, эцэг, эх, үр хүүхэд болон Бурханы гэр бүл олон үеэрээ мөнхөд нэгдэн цуглах, гэр бүлийн уулзалтын асар том, алдар суут боломж байдаг.

Энэхүү бодол надад Барбаратайгаа дахин хамт байх болно гэсэн нотолгоо, тайвшралыг авчирдаг. Хэдийгээр түүний бие амьдралынхаа төгсгөлд зовж, шаналсан ч сүнс нь хүчирхэг, агуу, ариухан байсан. Тэрээр цаг нь болоход “Бурханы таалалт тавцангийн” өмнө итгэл дүүрэн, амар амгалангийн бат нотолгоотой зогсож болохын тулд өөрийгөө бүх зүйлд бэлтгэсэн. Гэхдээ л хоёрхон хоногийн дараа 91 нас хүрэх гэж байгаа би “Би бэлэн үү? Түүнийхээ гарыг дахин атгах боломжтой байхын тулд би хийх ёстой бүх зүйлээ хийж байна уу?” хэмээн өөрөөсөө асууж байна.

Амьдралын хамгийн энгийн тодорхой зүйл бол бид бүгдээрээ үхнэ. Бид хөгшин эсвэл залуу, амархан эсвэл хэцүү, баян эсвэл ядуу, хайрлуулж эсвэл ганцаараа үхэх эсэхээс үл хамааран хэн ч үхлээс зайлсхийж чадахгүй.

Хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч Гордон Б.Хинкли үүний талаар ихээхэн утга учиртай зүйлийг хэлсэн. Тэрээр “Цаг хугацаа улиран өнгөрч, үхэл ирэх нь гарцаагүй ч гэлээ, хэрэв бид зөв хүнтэй гэрлэж, зөв амьдарвал харилцаа маань үргэлжлэх болно гэсэн мэдлэгээс ирэх амар амгалан хэчнээн таатай, тийм нотолгоотой байх нь юутай сайхан бэ” хэмээсэн байдаг.

Би зөв хүнтэй гэрлэсэн нь тодорхой. Энэ талаар ямар ч эргэлзээ надад байхгүй. Гэвч ерөнхийлөгч Хинклигийн хэлснээр энэ нь хангалттай биш. Би бас зөв амьдрах хэрэгтэй.

Өнөө үед, та нар Бурханы талаар болон Түүний хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний талаар хэн ч жинхэнэ үнэн эсвэл худал ойлголтыг тунхаглаж болох олон нийтийн сүлжээнд олон цагийг зарцуулдаг бол “зөв амьдрах” гэдэг нь нэлээн адармаатай ойлголт байж болох юм. Нас барахдаа илүү сайн бэлтгэгдсэн байж болохын тулд хэрхэн амьдрахаа мэдэхэд туслах сайн мэдээний мөнхийн үнэн зарчмууд Сүмийн гишүүдэд байдаг нь талархууштай.

Төлөөлөгч байсан миний өвөө, ахлагч Мэлвин Ж.Баллард намайг төрөхөөс хэдхэн сарын өмнө олон хүний хувьд зөв амьдрахын гол утга учир нь юу болохыг тайлбарласан үг хэлсэн юм. Түүний хэлсэн “The Struggle for the Soul” (Бодгалийн төлөөх тэмцэл) нэртэй үг нь бидний бие махбод, мөнхийн сүнсний хоорондын байнгын зөрчилдөөнд төвлөрсөн байдаг.

Тэрээр “Аливаа эрэгтэй эсвэл эмэгтэй хүний хамгийн агуу тэмцэл бол … өөртэйгээ хийх тэмцэл юм” хэмээгээд, үүнийг Сатан буюу “бидний бодгалийн дайсан” “бие махбодын шунал тачаал, дур сонирхол, хүсэл эрмэлзлээр маань” дамжуулан бидэн рүү дайрдаг” хэмээн тайлбарласан. Тиймээс гол тэмцэл нь бидний бурханлаг, сүнслэг байдал болон бие махбодын эгэл байдлын хооронд болдог. Ах, эгч нар аа, “бүгдийг зааж” чадах Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан бид сүнслэг тусламж хүлээн авч чадна гэдгээ санаарай. Мөн бид санваарын хүч, адислалаар дамжуулан тусламж авч чадна.

Би одоо та бүхнээс энэ тулаанд та нар хэр оролцож байгаа вэ? гэж асууя.

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй “Хүмүүний дэлхий дэх оршихуй нь зөвхөн шалгуур бөгөөд энэ нь түүнийг хичээл зүтгэл, оюун бодол, бодгалиа бие махбодын тав тух, зугаа цэнгэлд төвлөрүүлж байгаа эсэх эсвэл сүнслэг шинж чанаруудыг олж авахыг амьдралынхаа зорилго болгож байгаа эсэхийг тодорхойлдог” хэмээн хэлсэн.

Бидний бие махбодын болон сүнслэг байдлын хоорондох тэмцэл бол шинэ зүйл биш юм. Хаан Бенжамин хүмүүстээ хандсан сүүлийн номлолдоо “Эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болох … бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно” хэмээн заажээ.

Төлөөлөгч Паул “Учир нь махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог.

“Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ” гэж заасан.

Энэ амьдралд суралцаж болох хамгийн чухал зүйлсийн нэг бол хэрхэн мөнхийн сүнслэг байдлаа онцолж, хилэнцэт хүсэл сонирхлоо хянаж сурах явдал гэдэг нь миний хувьд тодорхой санагддаг. Энэ эрх мэдлийг шилжүүлж болохгүй. Бие махбодоос урт насалж буй бидний сүнс мөнх бус оршихуйн өмнөх оршихуйд хилэнцтээс дээгүүр зөв шударгыг амжилттай сонгосон. Бид энэ дэлхий бүтээгдэхээс өмнө биднийг хайрладаг байсан, одоо ч хайрласаар байгаа Тэнгэрлэг Эцэг, Эхийн дэргэд амьдарч байсан.

Тийм ээ, бид тэрхүү мөнх бус амьдралын өмнөх оршихуйд амьдралыг маань өөрчилсөн шийдвэрийг гаргаж, сонголт хийсэн. Энэ гариг дээр амьдарч байсан, амьдарч байгаа, амьдрах бүх хүн өөрсдийн авралын төлөө Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхийг сонгох чухал шийдвэр гаргасан билээ. Тиймээс бид бүгд сүнслэг мөн чанараа батлан харуулж, мөнхийн хувь тавилангаа биелүүлэхээр дэлхийд ирсэн.

Үүний талаар хэсэг зуур бодно уу. Та бол мөнхийн тэнгэрлэг гарал үүсэлтэй, хязгааргүй боломжуудаар дүүрэн ирээдүйтэй Бурханы хүү эсвэл охин юм. Энэ бол таны жинхэнэ мөн чанар ба та үргэлж ийм байсаар ирсэн. Юуны түрүүнд, хамгийн чухал нь та бол сүнслэг хүн бөгөөд үргэлж ийм байх болно. Тиймээс хэн нэгэн бие махбодын шинж чанараа сүнслэг мөн чанараасаа дээгүүрт тавихыг сонгохдоо өөрийн жинхэнэ, үнэн, бодит, сүнслэг байдлын эсрэг зүйлийг сонгож байгаа хэрэг юм.

Бие махбодын болон дэлхийн хүсэл сонирхол нь шийдвэр гаргах үйл явцыг илүү төвөгтэй болгодог нь тодорхой хэвээрээ. Мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхий болон мөнх бус дэлхий хоёрын дундуур татсан мартах хөшигний улмаас хүн Бурхантай харилцах харилцаа, сүнслэг мөн чанараа мартаж, бие махбодын мөн чанар маань бидний одоо хүсэж буй зүйлсийг нэн тэргүүнд тавьж байж болох юм. Бие махбодын зүйлсийн оронд Сүнсний зүйлсийг сонгож сурах нь энэ дэлхийн туршлага Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг байдаг гол шалтгаануудын нэг юм. Уг төлөвлөгөө Их Эзэн Аврагч Есүс Христийн Цагаатгалын бат бөх, найдвартай суурин дээр тавигдсан учраас бид бие махбоддоо бууж өгснөөр гаргадаг алдаа дутагдал, гэм нүглээ байнга наманчилснаар ялан дийлж, сүнслэг зүйлсэд анхаарлаа хандуулан амьдарч чадах шалтгаан болдог. Бие махбодын дур хүслээ Христийн сүнслэг сургаалд нийцүүлэн захирах цаг бол яг одоо юм. Ийм учраас бид наманчлах өдрөө хойшлуулах ёсгүй.

Иймээс наманчлал нь бидний өөрсөдтэйгээ хийх тулааны амин чухал зэвсэг болдог. Өнгөрсөн чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэхүү тулааны талаар дурдсан бөгөөд бидэнд “бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгодог. Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар нь өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог!” хэмээн сануулсан.

Би орой бүр залбирч, Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт тухайн өдрөө дүгнэхдээ ямар нэгэн буруу зүйл хийсэн бол өршөөл хүсэн, маргааш нь илүү сайн байхыг хичээхээр амладаг. Энэхүү өдөр тутмын байнгын наманчлал нь сүнс бие махбодыг захирах хэрэгтэй гэдгийг санахад тусалдаг гэдэгт би итгэдэг.

Өөр нэгэн эх сурвалж бол бид бүгдээрээ Их Эзэн Аврагч Есүс Христийн Цагаатгалыг болон биднийг хайрлах Түүний төгс хайрыг дурсан санаж, ариун ёслолоос хүртсэнээр өөрсдийгөө сүнслэг байдлаар долоо хоног тутам шинэчлэх боломж юм.

Ах, эгч нар аа, цаг нь ирэхэд та бүгдийг сүнсний дэлхийд хайртай хүмүүстэйгээ баяр баясгалантайгаар нэгдэн цуглахын тулд бага зэрэг азнаж, өөрсдийн бие махбодын мөн чанарыг даван гарах, бурханлаг, сүнслэг мөн чанартаа дэмжлэг үзүүлэхдээ ямархуу байдалтай байгаа талаараа бодож үзэхэд урамшуулан дэмжиж, Есүс Христийн нэрээр би даруухнаар залбиран, гэрчилж байна, амен.