Мормоны Номын хүчээр олдсон минь
Бүгдээрээ Мормоны Номд агуулагдсан үнэний хүчийг мэдэрч, үүгээр олдсон байх ёстой.
Би хөрвөгчдийн гэрт зочлохдоо тэд болон тэдний гэр бүл Сүмийн талаар хэрхэн олж мэдсэн мөн хэрхэн баптисм хүртсэн талаар байнга асуудаг. Хариулж байгаа хүн маань сүмд идэвхтэй, эсвэл ирэлгүй олон жил болж байгаа эсэхээс үл хамааран үргэлж адилхан хариулт өгдөг ба нүүр нь гэрэлтэж, инээмсэглэл тодрон, хэрхэн олж мэдсэн түүхээ хуваалцдаг. Ер нь хөрвөлтийн түүх бол бидний хэрхэн олдсон тухай түүх байдаг юм шиг надад санагддаг.
Есүс Христ бол алдагдсан зүйлсийн Эзэн юм. Тэрээр алдагдсан зүйлсдээ санаа тавьдаг. Тиймээс ч Тэрээр Лук номын 15-р бүлэгт гардаг алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн тухай гурван сургаалт зүйрлэлийг заасан байх. Эдгээр зүйрлэл бүгд нэг үндсэн санааг агуулдаг. Яагаад алдагдсан болон алдагдсан гэдгээ мэдэж байгаа эсэх нь чухал биш байдаг. Баяр баясгаланг маш их мэдэрсэн тэрээр “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Эцсийн эцэст Тэр юуг ч нэгмөсөн алддаггүй.
Хамгаас нандигнадаг түүхээ буюу хэрхэн олдсон түүхээ би яг энэ мөчид та нартай хуваалцъя.
15 нас хүрэхийн маань өмнөхөн нагац ах Мануэл Бустос маань намайг АНУ-д ирж, хэсэг хугацаанд өөрийнхөө гэр бүлтэй хамт байхад урьсан юм. Энэ нь надад англи хэл сурах сайхан боломж байлаа. Манай нагац ах олон жилийн өмнө Сүмд хөрвөгдсөн бөгөөд номлолын сүнсээр дүүрэн хүн байв. Тийм ч болохоор ээж минь надад хэлэлгүйгээр түүнтэй ярьж, намайг Сүмийн гишүүн болгоно гэж шахаж шаардахгүй л бол түүн рүү явуулна гэж тохирсон байх. Бид олон үеэрээ католик шашинтай байсаар ирсэн бөгөөд шашнаа өөрчлөх ямар нэг шалтгаан байхгүй байлаа. Нагац ах маань хэлсэндээ хүрч, тэр ч бүү хэл Сүмийн талаарх энгийн асуултад хүртэл хариулахгүй байв.
Мэдээж, тэр болон түүний сайхан эхнэр Маржори хоёр ямар хүмүүс гэдгээсээ зугтаж чадахгүй шүү дээ.
Надад номын сан бүхий нэг том өрөөг гаргаж өгсөн юм. Энэ номын санд ойролцоогоор 200 ширхэг Мормоны Ном өөр өөр хэл дээр байсны 20 орчим нь испаниар байлаа.
Нэг өдөр би сонирхолдоо хөтлөгдөн, испани хэл дээрх Мормоны Номыг авав.
Энэ нь номин цэнхэр өнгийн хавтастай, тэнгэр элч Моронайн зурагтай ном байлаа. Хавтсыг нээхэд эхний хуудсан дээр нь “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” гэсэн амлалт байлаа.
Мөн үүний төгсгөлд “Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” гэсэн байв.
Миний оюун ухаан, зүрх сэтгэлд энэ судар хэрхэн нөлөөлснийг тайлбарлахад хэцүү. Үнэндээ би “үнэнийг” хайж байсангүй. Би шинэ газар, шинэ соёлд байгаадаа хөөрч баяссан жирийн л өсвөр насны хүүхэд байв.
Гэвч энэ амлалтын үр дүнг үзэхээр би номыг нууцаар уншиж эхлэв. Хэсэг уншсаны дараа энэ номоос үнэхээр ямар нэг зүйл мэдэж авахыг хүсэж л байгаа юм бол залбирах хэрэгтэй юм байна гэдгээ би ойлгосон юм. Харин Мормоны Номыг уншаад, бас үүний талаар залбирахад юу болдгийг бид бүгдээрээ мэднэ. Үнэндээ ийм л зүйл надад тохиолдсон. Тийм ээ, энэ нь яг л дэлхий даяар сая сая хүнд тохиолдсонтой адил маш нандин бөгөөд онцгой явдал байсан. Ариун Сүнсний хүчээр би Мормоны Ном үнэн гэдгийг мэдэж авч билээ.
Тэгээд би нагац ахдаа юу болсныг хэлээд, баптисм хүртэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Нагац ах маань мэл гайхав. Тэр машиндаа суун, онгоцны буудал орж, буцах тийзийг минь барьсаар эргэж ирэн, ээжид “Би үүнд оролцоогүй шүү” гэсэн бичиг хийж өгөөд, намайг явуулсан юм.
Нэг талаар түүний зөв байлаа. Мормоны Номын хүч өөрөө намайг шууд олсон.
Дэлхий даяар үйлчилж байгаа манай гайхалтай номлогчдоор дамжуулан олдсон олон хүн өөр өөрийн гэсэн гайхамшигт арга замаар олдсон байхад зарим нь Бурханы замд нь зориуд тавьсан найз нөхдөөрөө дамжин олдсон байх. Тэр ч байтугай одоо амьдарч буй хамаатан саднаараа эсвээс өвөг дээдсээрээ дамжин олдсон байх нь ч бас бий. Ямар ч арга замаар олдсон бай, эрт орой хэзээ нэгэн цагт жинхэнэ хувийн хөрвөлтөд хүрэхийн тулд бүгдээрээ Мормоны Номд агуулагдсан үнэний хүчийг мэдэрч, үүгээр олдсон байх ёстой. Үүний зэрэгцээ тэд Бурханы зарлигуудыг тууштай дагана гэдгээ Түүнд амлах чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог.
Намайг Буэнос Айрест ирсний дараа, баптисм хүртэх чин хүсэлтэй байгааг минь ээж ойлгосон юм. Намайг угийн тэрслүү хүүхэд байсан болохоор ээж минь эсэргүүцэхийн оронд дэмжсэн бөгөөд бүр баптисмын ярилцлагыг өөрөө мэдэлгүй хийсэн билээ. Үнэндээ, түүнтэй хийсэн ярилцлага номлогчдын хийдгээс ч илүү нарийн байсан гэдэгт би итгэдэг. Тэр надаас: “Хэрвээ чи баптисм хүртмээр байгаа бол би чамайг дэмжинэ. Гэхдээ эхлээд би чамаас хэдэн зүйл асууна. Чи сайн бодож байгаад, шударга хариулна шүү. Чи ням гараг бүр алгасахгүйгээр сүмдээ очих уу?” гэж асуусан.
Би түүнд “Мэдээж, тийм, би явна” гэв.
“Чи сүм ямар удаан болдгийг мэдэх үү?” гэхэд нь
би “Тийм ээ, би мэднэ” гэж хариулав.
“Тийм бол баптисм хүртэхээр чинь би чамайг заавал явуулж байна” гэж тэр хэллээ. Тэгээд ээж хэзээ ч согтууруулах ундаа уухгүй, бас тамхи татахгүй байхыг үнэхээр хүсэж байгаа эсэхийг минь надаас асуув.
Би түүнд “Мэдээж, тийм, би үүнийг ч бас дагана” гэж хэлэхэд
ээж “Чамайг баптисм хүртэх л юм бол үүнийг би чамаар ягштал мөрдүүлнэ” гэж нэмж хэлж билээ. Энэ маягаар тэр бараг зарлиг бүрийн талаар асуусан.
Нагац ах маань ээж рүү утасдаад, санаа зовох хэрэггүй, намайг тэгж байгаад л болино биз гэж хэлсэн байжээ. Дөрвөн жилийн дараа намайг Уругвайн Монтевидео номлолд үйлчлэх дуудлагаа хүлээн авахад ээж нагац ах руу утасдаад, яг хэзээ болихыг маань асууж билээ. Үнэнийг хэлэхэд, намайг баптисм хүртсэнээс хойш ээж минь илүү аз жаргалтай байх болсон.
Би “үүний зааврыг мөрдсөнөөр л хүмүүн Бурханд илүү ойртох болой” хэмээх амлалтыг өөр дээрээ туршсанаар Мормоны Ном хөрвөлтөд нэн чухал үүрэгтэй гэдгийг олж мэдсэн юм.
Мормоны Номын гол зорилгыг Нифай ингэж тайлбарласан.
“Учир нь бид Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг хүүхдүүддээ мөн түүнчлэн ах дүүстээ ятгахын тулд бичихээр хичээнгүйлэн хөдөлмөрлөв. …
Бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглодог.”
Энэхүү ариун зорилго Мормоны Номд бүрэн шингэсэн байдаг.
Иймээс үүнийг залбирч чин сэтгэлээсээ судлах хүсэлтэй уншигч бүр Христийн талаар ойлгож мэдэхийн зэрэгцээ Христээс суралцаж эхэлдэг. Ялангуяа “үгийн нөлөөлөх хүчийг сорих[оор]” шийдэж, бусдын уншиж ч байгаагүй зүйлийн талаар хэлсэн үгсэд тулгуурлан урьдчилан үгүйсгэхгүй бол тэд мэдэж авах болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Би Мормоны Номын тухай бодох үедээ хүч гэдэг үгийн талаар боддог. Мормоны Номон дахь үнэнд бидний бодгалиудыг эдгээх, тайвшруулах, сэргээн босгох, туслах, хүчирхэгжүүлэх, сэтгэл засах, урам зориг өгөх хүч бий” гэж хэлсэн.
Би өнөөдөр та бүхнийг Сүмийн гишүүн хэр удаан байснаас үл хамааран, өдөр бүр хувийн илчлэлт эрэлхийлэхдээ Мормоны Номын үнэний хүчинд өөрсдийгөө олуулах, дахин хүлээн авахуулах боломж олгоорой хэмээн урьж байна. Хэрвээ бид ийн боломж олговол олдож, дахин хүлээн авахуулах болно.
Мормоны Номд Есүс Христийн сайн мэдээ бүрэн байдлаараа орсон байдгийг мөн бодгалийг нь авралд хүргэх мэдлэгийг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүн бүрд Ариун Сүнс үнэнийг ахин дахин баталдаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.