Итгэлдээ үнэнч амьдрагтун
Бид Их Эзэний сүмд нэгдсэн өвөг дээдсийнхээ итгэл, золиослолын түүхийг мэдэж авах юм бол бидний хүн нэг бүр агуу их адислагдах болно.
Би сүмийн түүхүүдэд их дуртай. Би та нарын олонхтой адил, сайн мэдээг хүлээн авч, итгэлдээ үнэнч амьдарсан өвөг дээдсийнхээ гайхамшигтай шийдэмгий байдлын талаар суралцсанаар итгэл маань хүчирхэгждэг .
Сарын өмнө Аризонагийн Гилбэрт ариун сүмийн дүүргийн 12000 гайхалтай өсвөр үеийнхэн шинэ ариун сүмээ баригдаж дууссаныг сүнслэг урлагийн тоглолтоор тэмдэглэж, зөв шударга амьдрах амлалтаа харуулсан билээ. Ёслолын уриа нь “Итгэлдээ үнэнч амьдар” гэсэн уриа байсан юм.
Яг л энэ Аризонагийн өсвөр үеийнхэн шиг хожмын үеийн гэгээнтэн бүр “итгэлдээ үнэнч амьдрах”-аар амлах хэрэгтэй.
Сүмийн дуулалд “Эцэг, эхийнхээ эрхэмлэн хайрладаг итгэлд үнэнч байгтун” гэж өгүүлдэг (“True to the Faith,” Hymns, 254).
Бид “Өвөө, эмээгийнхээ эрхэмлэн хайрладаг итгэлд үнэнч байгтун” гэж нэмж хэлж болох юм.
Би Аризонагийн өсвөр үеийнхэн сүмийнхээ түүхийг мөн гэр бүлийнхэн нь хэрхэн сүмийн гишүүн болсон түүхийг мэддэг болов уу гэж бодож байлаа. Хожмын үеийн гэгээнтэн бүр өвөг дээдсийнхээ хөрвөлтийн түүхүүдийг мэддэг бол гайхалтай шүү дээ.
Та нар сүмийн анхдагчдын үр удам мөн ч бай, биш ч бай, мормон анхдагчдын итгэл, золиослолын өв бол та бидний өв юм. Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эрхэм өв билээ.
Сүмийн түүхийн хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг нь 1840 онд буюу сүм байгуулагдаад аравхан жил болж байхад Их Эзэний төлөөлөгч Вилфорд Вүдрафф Англи улс даяар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг зааж байхад тохиолдсон юм.
Вилфорд Вүдрафф бусад төлөөлөгчийн хамт Английн Ливэрпүлд болон Прэстоны бүс нутагт ажлаа төвлөрүүлж, ихээхэн амжилттай байв. Хожим нь сүмийн ерөнхийлөгч болсон ахлагч Вүдрафф чухам тэр чухал ажилд өөрийг нь удирдахыг Их Эзэнээс байнга хүсдэг байлаа. Залбирал нь түүнийг өөр газарт очиж, сайн мэдээг заахад хөтөлсөн байна.
Ерөнхийлөгч Монсон ямар нэг зүйл хийхэд тэнгэрээс сүнслэг нөлөө ирсэн л бол хойшлуулалгүй шууд хийх хэрэгтэй гэж бидэнд заасан. Вилфорд Вүдрафф үүнчлэн хойшлуулаагүй юм. “Өмнө зүг рүү яв” гэсэн Сүнсний тодорхой удирдамжаар ахлагч Вүдрафф бараг л тэр даруйдаа замд гарч, Английн өмнөд хэсэг дэх Хэрфордшэйр хэмээх газар тариалангийн нутаг руу явжээ. Тэнд тэрээр сайн тариаланч Жон Бэнбөүтэй тааралдсан бөгөөд тэр түүнийг баяр, талархалтай угтсан юм (Вилфорд Вүдрафф, Матиас Ф.Кавлий, Вилфорд Вүдрафф: Өдрийн тэмдэглэлдээ бичсэн амьдрал болон амжилтын түүх [1909], 117).
Өөрсдийгөө “Нэгдмэл ахан дүүс” хэмээн нэрлэсэн 600 гаруй хүнтэй нэгэн бүлэг “гэрэл болон үнэний төлөө залбирч байсан ажээ” (Вилфорд Вүдрафф, in Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (Сүмийн ерөнхийлөгчдийн заасан зүйлс: Вилфорд Вүдрафф) [2004], 91). Тэдний залбирлын хариуд Их Эзэн Вилфорд Вүдраффыг илгээсэн байна.
Ахлагч Вүдраффын заасан зүйл тэр дороо үр дүнгээ өгч, олон хүн баптисм хүртэв. Бригам Янг, Виллард Ричардс хоёр Хэрфордшэйрт түүнтэй нэгдэн, тэдгээр гурван төлөөлөгч гайхамшигтай амжилтад хүрчээ.
Хэдхэн сарын дотор тэд сүмд нэгдсэн 541 гишүүнд зориулж, 33 салбар байгуулжээ. Тэдний энэ гайхамшигтай ажил үргэлжилсээр эцэст нь Нэгдмэл ахан дүүсийн бүлгийн бараг гишүүн бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмд баптисм хүртсэн байна.
Миний элэнц эх Ханна Мариа Ийглэс Харрис бол Вилфорд Вүдраффыг анх сонссон хүмүүсийн нэг байсан. Тэрээр нөхөр Робэрт Харрис Жюнэрт Бурханы үгийг сонссон тухайгаа мөн баптисм хүртэхийг хүсч байгаагаа хэлжээ. Робэртод эхнэрийнхээ хэлснийг сонсоод тийм ч таатай байсангүй. Нөхөр нь дараагийн номлолд түүнтэй хамт очиж, мормон номлогчийг зөв замд нь оруулна гэж хэлжээ.
Цугларагсдын урд хавьд суун, номлогчийн үгсэд итгэх байтугай бүр түүнийг доромжлох санаатай ирсэн Робэрт, эхнэртэйгээ адил тэр даруй Сүнсийг мэдэрсэн байна. Тэрээр сэргээлтийн захиас үнэн гэдгийг мэдсэн бөгөөд эхнэрийнхээ хамт баптисм хүртжээ.
Тэдний итгэл болон зориулалтын түүх бусад мянга мянган хүнийхтэй адил бөгөөд тэд сайн мэдээний захиасыг сонссоноор үнэн гэдгийг мэдсэн юм!
“Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм” (Иохан 10:27) хэмээн сударт гардаг.
Тэд хоньчны дуу хоолойг сонсоод сайн мэдээгээр амьдарч, Их Эзэний бошиглогчийн удирдамжийг дагахад амьдралаа бүрэн зориулахаар шийдсэн юм. “Сионд цугларагтун” гэсэн дуудлагын хариуд тэд Англи дахь гэр орноо орхиж, Атлантын далайг гатлан, Иллинойн Науву дахь гэгээнтнүүдтэй нэгджээ.
Тэд сайн мэдээг бүхий л зүрх сэтгэлээрээ хүлээн авсан юм. Шинэ газартаа суурьшихыг хичээх зуураа тэд Наувугийн ариун сүмийг барихад 10 өдөр тутмынхаа нэгийг зориулж, хөдөлмөрийнхөө аравны нэгээр ариун сүмийн барилгын ажилд тусалж байв.
Хайрт бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум хоёрын үхлийн талаар сонсоод тэдний зүрх сэтгэл эмтэрсэн юм. Гэвч тэд итгэлтэй байдлаа цааш үргэлжлүүлсэн! Тэд итгэлдээ үнэнч хэвээр үлдсэн юм.
Гэгээнтнүүд хавчигдаж, Наувугаас хөөгдөх үед Робэрт, Мариа хоёр Миссиссиппи мөрөнг гаталж, өрнө зүгт явахынхаа өмнөхөн ариун сүмд хувийн хишгээ хүртэхдээ агуу адислалыг мэдэрчээ. Хэдийгээр тэд ирээдүйд нь юу тохиохыг тодорхой мэдэхгүй байсан ч итгэл, гэрчлэлийнхээ талаар лавтай мэдэж байлаа.
Тэд зургаан хүүхэдтэйгээ хамт Өрнөд рүү явах замд, Иоваг туулах үедээ шавар шавхайн дундуур хэцүү бэрх замаар явсан юм. Тэд Миссури мөрний эрэгт хожим нь Винтер Квортерс гэгдсэн түр орогнох байр барьжээ.
Хатан зоригт анхдагчдын энэхүү бүлэг нь өрнө зүг рүү цааш хэзээ, хэрхэн явах талаар төлөөлөгчийн удирдамжийг хүлээж байв. Арванхоёрын чуулгын ерөнхийлөгч Бригам Янг эрчүүдийг Мормоны суман гэж нэрлэн, тэднийг Нэгдсэн Улсын армид сайн дураар үйлчлэхээр дуудахад хүн бүрийн төлөвлөгөө өөрчлөгдсөн юм.
Бригам Янгийн тэрхүү дуудлагад хариулсан 500 гаруй мормон анхдагч ахын нэг нь Робэрт Харрис Жюнэр байлаа. Хэдийгээр жирэмсэн эхнэр нь зургаан хүүхэдтэйгээ үлдэх байсан ч тэрээр Мормоны суманд элссэн юм.
Яагаад тэр ах болон бусад эрчүүд тийм зүйл хийсэн юм бол?
Хариултыг нь элэнц эцгийн маань өөрийнх нь хэлсэн үгээс авч болно. Тэрээр Санта Фэдийн ойролцоох газарт буудаллах үед эхнэртээ бичсэн захидалдаа “Бригам Янгийн бидэнд хэлсэн зүйлсийг бодохоор итгэл минь урьд урьдынхаас илүү хүчирхэгжиж байна, би үүнд Агуу Бурхан өөрөө надад хэлсэн юм шиг л итгэж байна” гэжээ.
Товчхондоо тэрээр бусад эртэй адил Бурханы бошиглогчийг сонсож байгаагаа мэдэж байсан юм. Тийм л учраас тэд Мормоны суманд нэгдсэн байв! Тэд Бурханы бошиглогчоор удирдуулж байгаагаа мэдэж байв.
Түүнчлэн тэрээр уг захидалдаа эхнэр, хүүхдүүддээ тун их хайртай болохоо мөн тэднийгээ адислагдаасай гэж хүсэн байнга залбирдаг тухайгаа бичжээ.
Захидлынхаа төгсгөлд тэрээр: “Бид Их Эзэний ариун сүмд харж, сонсож, мэдэрсэн зүйлсээ мартах ёсгүй” хэмээн маш хүчирхэг мэдэгдэл хийсэн байна.
Энэ хоёр нандин зөвлөгөө “Бид Бурханы бошиглогчоор удирдуулсан” гэх түүний гэрчлэлтэй нэгдэн, надад судар мэт санагддаг юм.
Суманд элсэж явснаас хойш 18 сарын дараа Робэрт Харрис хайрт Мариатайгаа эсэн мэнд уулзаж, нийлжээ. Тэд сэргээгдсэн сайн мэдээнд бүх л амьдралынхаа турш үнэнч, итгэлтэй хэвээр үлдсэн юм. Тэд 15 хүүхэдтэй байсан ба 13 нь өсч том болжээ. Канадын Албэрта мужийн Рэймондод байсан миний эмээ Фэнни Вокэр бол тэдний 136 ач, зээгийн нэг байсан билээ.
Вокэр эмээ маань өөрийнхөө өвөөг Мормоны суманд үйлчилж байсанд бахархдаг байсан бөгөөд бүх ач, зээгээ үүнийг мэдээсэй гэж хүсдэг байсан юм. Өнөөдөр би өвөө болчихоод яагаад энэ нь түүнд маш чухал байсныг ойлгож байна. Тэр хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэхийг хүссэн юм. Өөрсдийн өвийг мэдэх нь тэдний амьдралыг адисална гэдгийг эмээ маань мэддэг байсан учраас энэ тухай ач, зээ нар нь мэдээсэй гэж хүсч байв.
Бид зөв шударга өвөг дээдэстэйгээ холбоотой байгаагаа мэдрэхийн хэрээр илүү мэргэн болоод зөв шударга сонголтуудыг хийдэг.
Энэ бол үнэн. Бид Их Эзэний сүмд нэгдсэн өвөг дээдсийнхээ итгэл, золиослолын түүхийг мэдэж авах юм бол бидний хүн нэг бүр агуу их адислагдах болно.
Робэрт, Мариа хоёр Вилфорд Вүдраффын сайн мэдээний сэргээлтийг зааж, гэрчлэхийг анх сонссон цагаасаа л үүнийг үнэн гэдгийг мэдсэн юм.
Түүнчлэн тэд ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон бай, итгэлдээ үнэнч үлдсэнээр адислагдана гэдгээ мэдэж байсан. Тэд “ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад ямар ч золиослол хэт агуу биш” (Томас С.Монсон, “Ариун сүм—Дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 92) гэсэн өнөөдрийн бошиглогчийн маань үгсийг сонссон юм шиг л надад санагддаг.
Английн хоёр паундын зоосон дээр “Агуу хүмүүсийн мөрөн дээр зогсоно” гэж сийлсэн байдаг. Анхдагч өвөг дээдсийнхээ тухай бодох үед бид бүгдээрээ агуу хүмүүсийн мөрөн дээр зогсож байгаа гэж надад санагддаг юм.
Хэдийгээр уг зөвлөгөө Робэрт Харрисын захидлаас ирсэн ч олон өвөг дээдэс үр, ач нартаа яг ийм захиасыг илгээх байсан гэдэгт би итгэдэг. Нэгдүгээрт, Бид ариун сүмд мэдэрсэн зүйлсээ мартах ёсгүй. Мөн бид ариун сүмээс ирдэг амлалт, адислалуудаа ч мартах ёсгүй. Хоёрдугаарт, бид Бурханы бошиглогчоор удирдуулсан гэдгээ мартах ёсгүй.
Бид нар Бурханы бошиглогчоор удирдуулсан гэдгийг би гэрчилж байна. Их Эзэн хожмын үед бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн сүмийг сэргээсэн бөгөөд Иосеф Смитээс Бригам Янг, бусад бошиглогчоос өнөөгийн бидний бошиглогч Томас С.Монсон хүртэл үргэлжилсэн бошиглогчдын үл тасрах гинжин хэлхээгээр удирдуулж байгаа гэдгээ бид мартах ёсгүй. Би ерөнхийлөгч Монсонг мэддэг бөгөөд түүнийг хүндэтгэж, хайрладаг. Би түүнийг Их Эзэний өнөөгийн дэлхий дээрх бошиглогч гэдгийг гэрчилж байна.
Бид Бурхан болон шашныхаа төлөө, тэднийгээ хамгаалахын төлөө бүхнээ золиослоход бэлэн байсан итгэлтэй мормон анхдагчид—зөв шударга өвөг дээдсийнхээ өвийг хүндэтгээсэй хэмээн би үр ач нарынхаа хамт чин сэтгэлээсээ хүсдэг билээ. Бидний хүн нэг бүр эцэг, эхийнхээ эрхэмлэн хайрладаг итгэлд үнэнч амьдрахын төлөө би залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.