Христ бол Гэтэлгэгч
[Гэтэлгэгчийн] золиослол хүн бүрийг, анхны хүн Адамаас эхлээд бүх хүн төрөлхтний хамгийн сүүлд төрөх нэгнийг хүртэл адисалсан билээ.
Бурханы Хүү, Есүс Христ нэн өвөрмөц нөхцөл байдалд төрж, нас барсан билээ. Тэр материаллаг юмгүй даруухан нөхцөлд амьдарч, өссөн юм. Тэр Өөрийнхөө тухай “Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий; харин хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй” (Лук 9:58) хэмээн хэлжээ.
Түүнд хэзээ ч хүндэтгэл үзүүлж, сайхан хандаж байсангүй, түүнийг хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Дэлхийн улс төрийн удирдагчид, тэр үеийн шашны удирдагчид аль аль нь түүнд таатай ханддаггүй байлаа. Тэрээр бас синагогт тэргүүн суудалд сууж байсангүй.
Түүний номлол энгийн байсан ч үй түмэн хүн Түүнийг дагадаг байсан бөгөөд Түүний тохинуулал хүмүүсийг нэг нэгээр нь адислахад чиглэдэг байлаа. Тэрээр Өөрийг нь Бурханаас илгээгдсэн нэгэн хэмээн хүлээн авсан хүмүүсийн дунд олон гайхамшгийг үйлдсэн билээ.
Тэрээр Өөрийн төлөөлөгчдөд гайхамшгуудыг үйлдэх эрх мэдэл, хүчийг мөн Өөрийн хийдгээс илүү “агуу ажлуудыг” (Иохан 14:12) итгэмжлэл хүлээлгэн өгсөн ч харин гэм нүглийг уучлах онцгой эрхийг тэдэнд хэзээ ч өгөөгүй юм. “Яв, үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иoхан 8:11), “Нүгэл чинь уучлагдсан” (Лук 7:48) гэж Түүнийг хэлэхийг сонсоод дайснууд нь уурлан хорсож байлаа. Тэр бол Бурханы Хүү бөгөөд гэм нүглийн төлөөсийг Өөрийн Цагаатгалаар хийх учраас нүглийг уучлах эрх нь зөвхөн Түүнд байсан юм.
Үхлийг ялсан Түүний хүч
Үхлийг ялсан Түүний хүч бол өөр нэгэн бурханлаг шинж чанар юм. Синагогийн ахлагч Иайр гэгч хүн “гэртээ очихыг Түүнээс гуйжээ. Учир нь Иайр … ганцхан охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв” (Лук 8:41–42). Эзэн гуйлтыг нь сонсон түүнтэй алхаж явтал, нэг зарц нь Иайр руу хүрч ирэн, “Охин чинь үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд” (Лук 8:49) гэжээ. Есүс гэрт ороод тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь гарна уу гэж хүсээд тэр даруй охины гараас бариад, “Бос!” (Лук 8:54) хэмээн хэлэв.
Нэг удаа Тэр Найн хэмээх хот руу явж байгаад оршуулгын ёслолтой тааралдав. Цорын ганц хүү нь нас барсанд бэлэвсэн эмэгтэй гашуудан уйлж явжээ. Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн, авсанд гараа хүргээд, “Залуу минь, би чамд хэлж байна. Бос” (Лук 7:14) хэмээн хэлжээ. Гайхамшгийг харсан хүмүүс “Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, ... Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ” (Лук 7:16) хэмээн дуу алдацгааж байв. Хүмүүс тэр залууг үхсэн гэдэгт үнэхээр итгээд оршуулахаар авч явж байсан болохоор энэхүү гайхамшиг бүр ч илүү гайхан биширмээр байлаа. Үхлийг ялсан Түүний эрх мэдэл, хүч нь хоёр залуу хүнд алтан амийг нь буцаан өгснөөр нотлогдсон бөгөөд итгэгчдийг гайхан бишрүүлж, түүнийг үзэн ядагчдыг айн чичрэхэд хүргэсэн юм.
Үхсэнийг босгосон гурав дахь тохиолдол хамгийн гайхамшигтай нь байлаа. Марта, Мариа, Лазар нар бол ах, эгч дүүс байсан бөгөөд тэдэн дээр Христ олонтоо очдог байлаа. Хүмүүс Түүнд Лазарыг өвчтэй байгаа гэж хэлэхэд Тэр тэдний гэрт очилгүй хоёр хоножээ. Ах нь нас барсанд Мартаг тайвшруулахын тулд Есүс “Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна” (Иoхан 11:25) хэмээн түүнд маш тодорхой гэрчилсэн юм.
Аврагч булшнаас хадыг зайлуулахыг гашуудагчдаас хүсэхэд Марта Түүнд халирхай дуугаар шивнэн, “Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа” (Иoхан 11:39) гэж хэлэв.
Тэгэхэд нь Есүс түүнд, “Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна гэж Би чамд хэлээгүй бил үү?” (Иoхан 11:40) гэж хэлснийхээ дараа чанга дуугаар
“Лазар, гараад ир” гэж дуудахад
“үхсэн хүн гарч ирэв” (Иохан 11:43–44).
Бурханы Хүүгийн дайснууд Лазарыг булшинд дөрөв хоносны дараа үл тоомсорлож болохгүй мөн ач холбогдлыг нь бууруулж, мушгин гуйвуулах юм уу үгүйсгэх аргагүй баримт нотолгоотой тулгарсан бөгөөд тэд ямар ч үндэслэлгүйгээр хорсолдоо хөтлөгдөн “энэ өдрөөс … Есүсийг алахаар төлөвлөв” (Иoхан 11:53).
Шинэ зарлиг
Дараа нь амьд Христ төлөөлөгчдийнхөө хамт Иерусалимд хамгийн сүүлчийн Дээгүүр өнгөрсний баярыг тэмдэглэх үеэрээ ариун ёслолыг бий болгож, чин сэтгэлийн үйлчлэлээр дамжуулан бие биеэ хайрлах зарлигийг тэдэнд өгсөн билээ.
Тэрээр Гетсеманид зовон шаналсан
Үүний дараа Тэрээр хүн төрөлхтнийг хайрладаг хайраа төгс байдлаар харуулж, Өөрийн бүрэн хүслийн дагуу үйлдэн, хамгийн хүнд сорилттой нүүр тулахаар зоригтой бөгөөд шийдэмгий алхсан билээ. Тэр Гетсеманий цэцэрлэгт бүрэн ганцаардмал байдалд хамгийн хүчтэй өвдөлтөөр зовон шаналж, сүв бүрээс нь цус шүүрч байлаа. Тэрээр Эцэгтээ бүрэн захирагдаж, бидний гэм нүглийг цагаатган, бидэнд хэрхэн туслахыг мэдэхийн тулд бидний өвчин эмгэг, зовлон зүдгүүрийг өөр дээрээ авсан юм (Aлма 7:11–13).
Бид Түүнд болон Тэнгэрлэг Эцэгтээ өртэй хүмүүс учир нь Түүний золиослол хүн бүрийг, анхны хүн Адамаас эхлээд бүх хүн төрөлхтний хамгийн сүүлд төрөх нэгнийг хүртэл адисалсан билээ.
Аврагчийг яллан, цовдолсон нь
Гетсемани дахь зовлон шаналал нь төгсөхөд Тэрээр өөрийгөө дайснууддаа сайн дураар тушаасан юм. Өөрийнх нь хүмүүсийн нэгнийг Түүнээс урвасны дараа Түүнийг зохиомол, бүрэн бус шүүх хурлаар оруулан, шударга ёсыг зөрчиж, хууль бусаар ялласан билээ. Мөн тэр шөнө Түүнийг ариун зүйлсийг гутаан доромжилсон хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон. Тэрээр Өөрийгөө Бурханы Хүү хэмээн тэдэнд гэрчилсэн учраас дайснууд нь түүнийг үзэн ядаж, өс хонзон авахын тулд Пилатаар түүнийг яллуулах гэж хуйвалдсан байлаа. Тэд энэхүү шалтгааны улмаас түүнийг цовдлон цаазаар авахуулахын тулд ариун зүйлсийг гутаан доромжилсон гэсэн ялыг урван тэрсэлж бослого гаргасан гэсэн ялаар сольсон юм.
Ромчуудын дунд Түүнийг ялласан нь бүр ч илүү харгис байлаа: тэд Түүний сүнсний ертөнцийг шоолон тохуурхаж, хараан зүхэж, үүргэнээр өргөст титэм хийж өмсгөн тохуурхаж, ташуурдан, цовдлолтын тэсэхүйеэ бэрх өвдөлтийг олны өмнө удаан байлгахыг хичээсэн нь өөрийгөө Түүний шавь гэж хэлэхээр зориглосон хүн бүрийн хувьд маш тодорхой сануулга болсон ажээ.
Дэлхийн Гэтэлгэгч зовлон шаналлынхаа хором бүрд биеэ барих ер бусын чадварыг харуулсан юм. Тэрээр бусдыг адислах тухай үргэлж бодож байлаа; Тэрээр ээж Мариадаа анхаарал халамж тавьж байхыг Иоханаас нинжин сэтгэл, хайраар гуйсан юм. Тэр Өөрийг нь цовдолсон алуурчдыг өршөөхийг Тэнгэр дэх Эцэгээсээ гуйсан. Тэр дэлхий дээрх ажлаа дуусгаж, сүнсээ Бурханд даатгаад амьсгал хураасан билээ. Христийн цогцсыг булшинд тавиад, гурав хоногийн турш байлгажээ.
Нас барагсдын дунд хийсэн Гэтэлгэгчийн ажил
Шавь нар нь уй гашуу, урам хугаралт, тодорхойгүй байдлын улмаас зовон шаналж байсан үед бидний Аврагч Эцэгийнхээ алдар суут төлөвлөгөөний өөр нэгэн үе шатанд шинэ арга замаар тохинуулж байлаа. Тэр гуравхан хоногийн богинохон хугацаанд нас барагсдын дунд авралын ажлыг эрч хүчтэй зохион байгуулахаар амсхийх завгүй ажилласан юм. Тэр өдрүүд бол Бурханы гэр бүлийн бүх гишүүдэд хамгийн их найдвар төрүүлсэн өдрүүд байлаа. Тэрхүү айлчлалынхаа үеэр Аврагч энэ амьдралд алдар суут агуу төлөвлөгөөний тухай мэдээгүй өнгөрсөн эсвэл үүнийг эсэргүүцдэг байсан хүмүүст гэтэлгэлийн сайн мэдээг хүргэхийн тулд итгэлтэй дагалдагчдаа зохион байгуулсан ажээ. Эдүгээ амьд болон нас барсан хүмүүс аль аль нь боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханаар гэтэлгэгдэх боломжтой байх болно (С ба Г 138:19, 30–31-ийг үзнэ үү).
Амилуулалтын анхны үр жимс
Тэр сүнсний ертөнц дэх ажлаа дуусгаад сүнсээ бие махбодтойгоо үүрд нэгтгэхээр дэлхийд эргэж ирсэн юм. Тэрээр үхлийг ялсан хүчээ эрх мэдэлтэй харуулсан ч Өөрийн амилалтаас өмнө амийг нь эргүүлж өгсөн тэдгээр хүмүүсийн тухай сүнслэг түүх нь тэд зөвхөн нэг удаа гайхамшигтай амьдарсан бөгөөд хожмын нэгэн өдөр үхэх болно гэдгийг харуулсан юм.
Христ бол анхны амилсан хүн бөгөөд хэзээ ч дахин үхэхгүй, үүрд мөнх, төгс бие махбодтой болсон юм. Тэр амилсан биеэрээ Мариад үзэгдсэн бөгөөд Мариа Түүнийг таниад шүтэн биширсэн билээ. Бидний Аврагч агуу нинжин сэтгэлээр Өөрийн шинэ бөгөөд алдар суут байдлыг түүнд анхааруулан: “Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр” (Иохан 20:17) гэж хэлсэн нь сүнсний ертөнц дэх Түүний тохинуулал үнэн бодитой байсан бөгөөд энэ нь дууссаны нэмэлт нотолгоо болсон юм. Дараахан нь Тэр Өөрийн амилалтын үнэн бодитой байдлыг “Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно” (Иохан 20:17) гэсэн үгсийг ашиглан баталсан билээ. Тэр Эцэг рүүгээ явсны дараа дахин эргэж ирэн төлөөлөгчдөдөө үзэгдсэн юм. “Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав” (Иoхан 20:20).
Гэтэлгэгч эргэж ирнэ
Христ анх ирснээсээ огт өөр байдлаар эргэж ирнэ гэдгийг би гэрчилж байна. Тэр агуу сүр хүч, алдар суундаа бүх зөв шударга, итгэлтэй гэгээнтнүүдтэй хамт ирэх болно. Тэр хаадын Хаан, эздийн Эзэн, Энхийн Жонон, бидэнд амлагдсан Мессиа, Аврагч ба Гэтэлгэгчийн хувиар амьд болон нас барсан хүмүүсийг шүүхээр ирэх болно. Би Түүнд хайртай бөгөөд бүх зүрх сэтгэлээрээ Түүнд үйлчилдэг. Бид Түүнтэй хамт амьдрахаар зохистой байхын төлөө, бид баяр баясал хийгээд нэгэн үзүүрт сэтгэлээр үйлчилдэг байхын төлөө, бид эцсээ хүртэл Түүнд үнэнч итгэлтэй байхын төлөө би хичээнгүйлэн гуйж байна. Есүс Христийн нэрээр, амен.