2010–2019
Итгэлтэй байдлаараа дамжуулан дуулгавартай байх нь
Дөрөвдүгээр сар 2014


14:57

Итгэлтэй байдлаараа дамжуулан дуулгавартай байх нь

Дуулгавартай байдал нь хамгийн эрхэм дээд эрх мэдэлтэн болох Бурханы хүч чадал хийгээд мэргэн ухаанд итгэж байгаагаа харуулах тэмдэг болдог юм.

Пэрри эгч бид хоёрын даваа гараг бүрийн орой хийдэг гэр бүлийн үдэшт маань оролцох хүмүүс гэнэт нэмэгдэж, олон болов. Миний эрэгтэй дүү, охинтойгоо мөн эхнэр Барбарагийн маань эрэгтэй дүү болон миний эгчийн хүргэнийх манай хотхонд нүүж ирсэн юм. Би бага насандаа гэр бүлийнхээ хүмүүстэй ойр зэргэлдээ амьдрах адислал хүлээж авсан ба одоо тэр цагаас хойш анх удаа гэр бүлйнхэнтэйгээ ойр амьдарч байна. Манай гэр бүл ээжийн хамаатнуудтай нэг гудамжинд амьдардаг байж билээ. Сонне өвөөгийн гэр манай хойд талд залгаа байдаг байсан бол нагац эгч Эммагийн гэр манай урд талд байдаг байсан. Гудамжны урд захад нагац эгч Жозэфиных, баруун захад нагац ах Алмагийнх байдаг байлаа.

Намайг жаахан байхад бид хамаатан садныхантайгаа өдөр бүр уулздаг байсан бөгөөд хамтран ажиллаж, хамтдаа тоглож бас онцгой мөчүүдийг хамт өнгөрөөдөг байв. Бид ээжүүддээ мэдэгдэлгүй дүрсгүйтэж ер чаддаггүй байсан. Одоо бидний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд гэр бүлийн минь ихэнх хамаатнууд зайдуухан амьдардаг. Хэдийгээр тэд хоорондоо холгүй амьдардаг ч яг хөрш зэргэлдээ амьдрахаа бараг больсон. Гэсэн хэдий ч гэр бүлийн хайртай гишүүдтэйгээ ойрхон амьдарч байгаа болохоор миний хүүхэд байх үеийн амьдрал, одоогийн амьдрал хоёр тэнгэрт амьдрахтай л адил гэж би боддог. Энэ нь надад гэр бүлийн нэгжийн мөнхийн байдлыг байнга сануулдаг юм.

Би өсвөр насандаа өвөөтэйгээ маш дотно харилцаатай байлаа. Би айлын том хүү нь байсан болохоор өвөлдөө өөрийнхөө болон өвөөгийнхөө гэрийг мөн хоёр нагац эгчийнхээ гэрийн гаднах цасыг арилгадаг мөн зун зүлгийг нь арчилж тусалдаг байсан юм. Намайг өвөөгийн гаднах зүлгийг тайрах үед тэр голдуу үүднийхээ довжоон дээр сууж байдаг байлаа. Би ажлаа дууссаныхаа дараа хаалганы өмнөх шатан дээр сууж, түүнтэй ярилцдаг байв. Тэдгээр мөч нь миний хувьд үнэтэй дурсамжууд минь байсан юм.

Нэгэн өдөр би, амьдралд маш олон сонголт байгаа энэ үед үргэлж зөв зүйл хийж байгаагаа хэрхэн мэдэж болох талаар өвөөгөөсөө асуусан юм. Өвөө маань ердийнх шигээ хөдөөний амьдралынхаа туршлагыг оролцуулан хариулж билээ.

Тэрэгний хос морьдыг хамтран зүтгэдэг болгохын тулд тэднийг хэрхэн сургах талаар өвөө маань надад заасан юм. Уг морьд өөрсдийг нь хэн удирдаж байгааг үргэлж мэддэг байх ёстой гэж тэрээр тайлбарласан. Морийг захирч, залах нэг арга бол морины хөллөгөө, амгайвч хэрэглэх явдал юм. Хэрвээ морьдын нэг нь л залуурдагчийн хүслийг дагах хэрэггүй гэж үзэх юм бол, уг морьд хэзээ ч чадлаа дээд зэргээр ашиглан хамтран ажиллаж чадахгүй.

Энэхүү жишээг ашиглан өвөөгийн заасан сургамжийг нарийвчлан авч үзэе. Морьдыг удирдан залуурдагч нь хэн бэ? Өвөө маань Их Эзэн бол жолооч нь юм гэж итгэдэг байсан. Энэ нь зорилготой мөн төлөвлөгөөтэй Их Эзэн минь билээ. Тэрээр морьдын буюу үнэндээ морь тус бүрийн сургагч, дасгалжуулагч нь юм. Залуурдагч хамгийн их зүйлийг мэдэж байдаг бөгөөд морьдын үргэлж зөв зүйл хийж байгаа гэдгээ мэдэх цорын ганц арга зам нь залуурдагчийн өгсөн зааврыг дуулгавартай дагах явдал билээ.

Өвөө маань морины хөллөгөө, амгайвчийг юутай зүйрлэж байсан юм бол? Би тэр үед ч мөн одоо ч гэсэн өвөө маань надад Ариун Сүнсний өдөөлтийг дагахыг зааж байсан гэж боддог. Түүний бодлоор уг хөллөгөө, амгайвч нь сүнслэг зүйл байсан. Сайн сургагдсан морьдын нэг болох дуулгавартай морь нь залуурдагч жолоогоо зөөлөн угзрахад л түүний хүссэнээр дагадаг. Энэхүү зөөлөн угзралт нь Их Эзэний бидэнд хандан ярьдаг намуухан зөөлөн дуу хоолойтой адил юм. Бидний сонгох эрхийг хүндэтгэх үүднээс энэ нь хэзээ ч хүчтэй, түрэмгий угзралт байдаггүй.

Сүнсний намуухан өдөөлтийг үл тоох эрэгтэй, эмэгтэйчүүд үрэлгэн хүүгийн адил дуулгаваргүй, дур зоргоороо амьдарсныхаа үр дүнг харж байж л сурдаг. Сонголтынхоо үр дүнг харсны дараа үрэлгэн хүү даруусан, “ухаарч” мөн эцгийнхээ гэрт буцаж оч хэмээн хэлэх Сүнсний шивнээг сонсчээ (Лук 15:11–32-ыг үзнэ үү).

Тийн өвөө маань Сүнсний зөөлөн угзралтыг хүлээн авахад үргэлж бэлэн байхыг надад заасан юм. Хэрвээ би замаасаа төөрч эхлэх юм бол үргэлж тийм өдөөлт хүлээн авах болно гэж тэр надад заасан. Мөн хэрвээ би амьдралдаа шийдвэрүүд гаргахдаа Сүнсэнд удирдах боломж олгох юм бол хэзээ ч ноцтой буруу зүйл үйлдэхэд хүрэхгүй юм.

Иаков 3:3-т өгүүлдгээр “Морьдыг залахын тулд бид аманд нь амгайвч хийж хазаарлаад бүх биеийг нь залдаг.”

Бид сүнслэг амгайвчиндаа мэдрэмжтэй хандах ёстой. Эзэнээ зөөлөн угзрахад л бид замаа бүрэн өөрчлөхөд бэлэн байх ёстой. Бид амьдралдаа амжилт гаргахын тулд өөрсдийн бие махбод болон сүнсийг Бурханы зарлигуудыг хамт дуулгавартай дагадаг байхад сургах хэрэгтэй. Хэрвээ бид Ариун Сүнсний зөөлөн өдөөлтийг дагах аваас энэ нь бидний сүнс, бие махбодыг нэгэн зорилгод нэгтгэж мөн Тэнгэр дэх Эцэгтэйгээ амьдрахаар мөнхийн гэртээ буцаж очиход биднийг удирдаж чадна.

Бид Итгэлийн гуравдугаар тунхгаас “Христийн Цагаатгалаар дамжин сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг” хэмээн дуулгавартай байдлын чухлын талаар суралцдаг.

Түүнчлэн өвөөгийн минь тэрэгний морьдын талаарх жишээндээ тайлбарласан дуулгавартай байдалд онцгой итгэл шаардагддаг. Тэр нь залуурдагчдаа бүрэн дүүрэн итгэх итгэл юм. Тэгэхээр өвөөгийн минь надад заасан хичээл бол сайн мэдээний эхний зарчим болох Есүс Христэд итгэх итгэлийн зарчимтай холбоотой.

Төлөөлөгч Паул, “Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” хэмээн заасан (Еврей 11:1). Тэгээд Паул нь Абел, Енох, Ноа болон Абрахамын жишээнүүдийг ашиглан итгэлийн тухай заадаг. Абрахам итгэлтнүүдийн эцэг учраас тэрээр Абрахамын түүхийг голчлон авч үзсэн байдаг.

“Итгэлээр Абрахам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг уруу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.

Итгэлээр тэр … амлалтын газарт … харийн нутагт байгаа мэт амьдарсан.

Итгэлээр, Сара хүртэл хэдийгээр нас нь хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм” хэмээн бичжээ (Еврей 11:8–9, 11).

Абрахам, Сара хоёрын хүү Исаакаар дамжуулан Абрахамд амлалт өгөгдсөн бөгөөд энэ нь “тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолж баршгүй” ” ( 12-р шүлгийг үзнэ үү; мөн Эхлэл 17:15–16-г үзнэ үү) үр удамтай болно гэсэн амлалт байжээ. Мөн тэгтэл, олонхын маань төсөөлж ч чадамгүй замаар Абрахамын итгэл соригдсон юм.

Би Абрахам, Исаак хоёрын түүхийн талаар маш олон удаа бодож байсан бөгөөд Абрахамын итгэлтэй мөн дуулгавартай байдлыг одоо ч бүрэн дүүрэн ойлгож чадаагүй мэт санагддаг. Түүнийг өглөө эртлэн босож явахаар итгэлтэй бэлтгэж байгааг нь төсөөлөн харж чадаж байлаа ч тэрээр Мориа уулын бэлд хүрэхээр хүү Исаактайгаа гурван өдрийн турш хэрхэн зэрэгцэн аялж чадсан юм бол оо? Тэд хэрхэн гал түлэх мод үүрч, уул өөд гарсан юм бол? Тэр хэрхэн тахилын ширээг барьсан юм бол? Тэр Исаакыг хүлж, тахилын ширээн дээр тавихынхаа өмнө, өөрийг нь өргөл болгох гэж байгаа гэдгийг түүнд хэрхэн тайлбарласан бол? Мөн тэрээр хүүгээ алахаар хутгаа далайх хүч чадлыг яаж олсон юм бол? Тэнгэрийн элч Абрахамыг тэнгэрээс дуудаж, тэр зовлонт сорилтыг давсан болохыг нь түүнд зарлан хэлэх тэр мөчийг хүртэл, Абрахамын итгэл нь л Бурханы удирдамжийг ягштал дагах хүчийг түүнд өгсөн юм. Тэгээд Их Эзэний тэнгэр элч Абрахамын гэрээний амлалтуудыг түүнд давтан хэлж өгсөн билээ.

Есүс Христэд итгэлтэй мөн дуулгавартай байх нь зарим хүнд илүү хэцүү байдаг болохыг би ойлгодог. Миний олон он жилийн туршид мэдэж авсан зүйл бол морьдын ааш араншин өөр өөр байдаг учраас сургахад зарим нь их хэцүү, зарим нь бүр амархан байдаг бол харин хүмүүсийн хувьд бүр ч их ялгаатай байдаг гэдгийг мэдсэн явдал юм. Бидний хүн нэг бүр Бурханы хүү мөн охин нь бөгөөд бүгд л мөнх бус байдлын өмнөх болон зуурдын амьдралын онцгой түүхүүдтэй. Тийм учраас нэг шийдвэр бүгдэд тохирно гэж байхгүй. Мөн тиймээс би алдаж онож байж сурдаг амьдралын нөхцөл байдлыг болон хамгийн чухал нь сайн мэдээний хоёр дахь зарчим болох байнга наманчлах шаардлагатайг мэддэг юм.

Өвөөгийн маань амьдарч байсан цаг үе энгийн цаг үе байсан бөгөөд ялангуяа зөв, буруугийн сонголтыг хийхэд илүү амар байжээ. Зарим ухаантай, мэдлэгтэй хүмүүс одоогийн энэ ээдрээтэй цаг үе нь илүү ээдрээтэй шийдлийг шаарддаг гэж хэлдэг хэдий ч би тэдний зөв гэж огт бодохгүй байна. Харин ч зөв, буруугийн ялгааг мэдэх талаар асуусан миний чин сэтгэлийн асуултад өвөө минь хэрхэн хариулсантай адил, өнөөдрийн ээдрээтэй байдал илүү энгийн байдлыг шаардаж байна гэж би боддог. Миний өнөөдөр та нарт өгч байгаа зөвлөгөө нь энгийн жор гэдгийг би мэднэ мөн надад хэрхэн их тус болсон талаар би гэрчилж чадна. Би та нарт үүнийг санал болгож, миний үгсийг туршиж үзээсэй хэмээн уриалж байна. Хэрвээ тэгэх юм бол, олон сонголттой тулгарах үед тэдгээр нь та бүхнийг тодорхой нэг сонголт руу чиглүүлж; өөрсдийгөө мэдлэгтэй, ухаалаг гэж боддог хүмүүсийг ээдрээтэй асуултууддаа энгийн хариулт олоход удирдах болно гэж би амлаж байна.

Бид дуулгавартай байдлыг ойлгохдоо дээд эрх мэдэлтэй нэгний тушаалыг бодлогогүй бөгөөд өөрийн гэсэн бодолгүй дагаж байна хэмээн олонтоо боддог. Үнэндээ дуулгавартай байдал нь хамгийн эрхэм дээд эрх мэдэлтэн болох Бурханы хүч чадал хийгээд мэргэн ухаанд итгэж байгаагаа харуулах тэмдэг болдог юм. Абрахамд хүүгээ золиослохыг тушаахад ч гэсэн тэрээр Бурханд гуйвшгүй итгэлтэйгээ болон дуулгавартай байдлаа үзүүлсэн бөгөөд тэр үед нь Бурхан түүнийг аварсан билээ. Үүнтэй адил бид дуулгавартай байдлаараа дамжуулан итгэлээ үзүүлэх аваас Бурхан биднийг эцэстээ аврах болно.

Өөрсөд дээрээ тулгуурлаж, гагцхүү өөрсдийн хүсэл мөрөөдлийг л дагаж байдаг тэдгээр хүмүүс нь Бурханыг дагаж, Түүний мэргэн ухаан, хүч чадал болон бэлгүүдийг хүртэж байдаг хүмүүстэй харьцуулахад маш хязгаарлагдмал байдаг. “Аминч хүн аргалын чинээ жижиг” гэж яригддаг шүү дээ. Хатуу чанд мөн өөрийнхөө хүслээр дуулгавартай дагах нь сул дорой хийгээд өөрийн бодолгүй байгаа зүйл огтхон ч биш. Энэ нь бидний Бурханд итгэх итгэлээ тунхаглаж, тэнгэрийн хүчийг хүлээн авахад өөрсдийгөө зохистой болгодог арга зам билээ. Дуулгавартай байх нь сонголт бөгөөд энэ нь өөрсдийн хязгаарлагдмал мэдлэг, хүч чадал болон Бурханы хязгааргүй мэргэн ухаан, хэмжээлшгүй хүч хоёрын хоорондох сонголт байдаг. Өвөөгийн маань заасан хичээлийн дагуу, амандаа байгаа сүнслэг амгайвчийг мэдэрч, залуурдагчийнхаа удирдамжийг дагах нь сонголт юм.

Бид итгэлтэй байдал хийгээд сэргээгдсэн сайн мэдээний ёслолуудыг хүлээн авснаараа Абрахамын үр удам болон гэрээний өв залгамжлагчид болох болтугай. Итгэлтэй, дуулгавартай хүн бүрд мөнх амьдралын адислалууд ирэх боломжтой хэмээн би та нарт амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.