2010–2019
Үндэс ба мөчрүүд
Дөрөвдүгээр сар 2014


16:23

Үндэс ба мөчрүүд

Өнөө үед гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажлыг яаравчлуулах нь гэр бүлүүдийг аварч, өргөмжлөлд хүргэхэд нэн чухал юм.

Дэлхий даяар шуугиан тарьсан зохиолч Виллиам Сароян 1981 онд хорт хавдраар нас барахынхаа өмнөхөн хэвлэл мэдээллийнхэнд “Хүн болгон үхдэг ч миний хувьд үхэл намайг дайралгүйгээр өнгөрнө гэдэгт би үргэлж итгэж ирсэн. Тэгэхээр би одоо яах вэ?”1 гэж хэлсэн байдаг.

Энэ амьдралд үхэлтэй нүүр тулах үедээ “одоо яах вэ” гэж асуух, үхлийн дараах амьдралын талаар эргэцүүлэн бодох үедээ “одоо яах вэ” гэж асуух хоёрын аль аль нь бодгалийн хамгийн чухал асуултуудын нэг бөгөөд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ эдгээр асуултад Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөгөөр маш сайхан хариулсан байдаг.

Энэ амьдралдаа бид инээж, уйлж, хөдөлмөрлөж, тоглож, амьдарч мөн үхдэг. Иов “Хэрвээ хүн үхвэл тэрээр амьдрах уу?”2 гэсэн тодорхой нэгэн асуулт тавьсан. Аврагч цагаатгагч золиослолыг хийсэн учраас би тийм гэж хариулъя. Иовын асуултын өмнөх оршил дахь: “Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд … цэцэг мэт тэрээр соёолон гарч хатан хорчийдог. Тэрээр дахин соёолж, түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий. … чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж, ургамал мэт нахиагаа дэлгэнэ”3 гэсэн хэсэг үнэхээр анхаарал татдаг.

Бидний Эцэгийн төлөвлөгөө гэр бүлийн төлөвлөгөө юм. Бидний сэтгэлийг хөнддөг хэд хэдэн сударт модыг үндэс, мөчиртэй нь зүйрлэл маягаар ашиглан хэрэглэсэн байдаг.

Хуучин Гэрээний төгсгөлийн бүлэгт Малахи Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар дүрслэхдээ энэ зүйрлэлийг тод томруун ашигласан байна. Тэрээр бардам, нүгэлт хүмүүсийн тухай ярихдаа “тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй”4 хэмээн тэднийг түймэрджээ. Малахи энэ бүлгийг Их Эзэний тайтгаруулалтын амлалтаар:

“Харагтун, ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ:

“Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино”5 хэмээн төгсгөдөг.

Энэ амлалтыг Моронай 1823 онд сэргээлтийн эхэн үед залуу Иосеф Смитэд өгсөн эхний зааварчилгаандаа дахин онцлон сануулсан байдаг.6

Дэлхий дээрх Христэд итгэгчид болон иудейчүүд Хуучин Гэрээн дээр Елиагийн талаар бичигдсэн зүйлсийг хүлээн зөвшөөрдөг.7 Тэрээр Есүс Христийг ирэхээс өмнөх үед Мелкизедек санваарын лацдан холбох эрх мэдлийг атгаж байсан хамгийн сүүлчийн бошиглогч байсан юм.8

Елиа түлхүүрүүдийг сэргээнэ

1836 оны 4-р сарын 3-нд Көртландын ариун сүмд Елиа дахин ирсэн. Тэрээр Малахигийн амлалт биелж байгааг тунхаглав. Тэр энэ эрин үед гэр бүлүүдийг лацдан холбох санваарын түлхүүрүүдийг шилжүүлэн өгчээ.9 Ахлагч Рассэлл М. Нэлсоны зааснаар Елиагийн үүрэгт ажлыг хийхэд “гэр бүлийн бурханлиг мөн чанарыг гэрчлэгч Ариун сүнсний илрэл” болох Елиагийн Сүнс хэмээн заримдаа нэрлэдэг зүйл тусалдаг.10

Баптисм хүртэх ёстойг Аврагч онцолсон байдаг. Тэрээр “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орохгүй”11 хэмээн заасан. Аврагч бусдад үлгэр жишээ үзүүлэхийн тул өөрөө баптисм хүртсэн билээ. Тэгэхээр баптисм хүртээгүй нас барагсад яах болж байна вэ?

Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлын талаарх сургаал

Их Британий номлолд Арванхоёрын чуулгын бусад гишүүнтэй хамт үйлчилж байсан өөрийн нөхөр болох ахлагч Хибер С. Кимбаллдаа Вилат Кимбалл 1840 оны 10-р сарын 11-нд Науву хотод байхдаа захиа бичсэн аж. Үүнээс хэдхэн хоногийн өмнө нь 10-р сарын Ерөнхий чуулган болж өнгөрсөн байлаа.

Вилат хувийн захиандаа: “Сүм байгуулагдсанаас хойших хамгийн том бөгөөд сонирхолтой чуулган болж өнгөрлөө. … Ерөнхийлөгч [Иосеф] Смит шинэ бөгөөд агуу гайхамшигт сэдвийг нээж өгөв. … Тэр нь нас барагсдын өмнөөс баптисм хүртэх тухай байлаа. Үүний талаар Паул Нэгдүгээр Коринтын 15-р бүлгийн 29-р шүлэгт хэлсэн байдаг. Иосеф энэ сэдвээр илүү дэлгэрэнгүй тайлбарыг илчлэлтээр хүлээн авчээ. Тэрээр: сайн мэдээ ирэхээс өмнө нас барсан садан төрлийнхөө өмнөөс баптисм хүртэх нь энэ Сүмийн [гишүүдийн] давуу эрх. … Ингэснээр бид тэдний биеийг төлөөлөхөөс гадна тэдэнд Анхны амилуулалтаар босч ирэх давуу эрх олгож байгаа бөгөөд сайн мэдээг тэдэнд (сүнсний) шоронд зааж өгнө гэсэн” хэмээн бичсэн байдаг.

Цааш нь Вилат: “Би ээжийнхээ өмнөөс баптисм хүртмээр байна. … Энэ нь үнэхээр агуу гайхамшигтай сургаал биш гэж үү?” хэмээн нэмж бичжээ.12

Гэр бүлүүдийг лацдан холбох сургаал нь шат шатаар, дүрэм дүрмээр өгөгдсөн. Бусдыг төлөөлж, орлон хийх ёслолууд нь мөнхийн гэр бүлүүдийг гагнаж, үндсийг мөчрүүдтэй нь холбож өгөх гол суурь нь юм.

Гэр бүлийн талаарх сургаал нь гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажилтай уялдаа холбоотой байх нь тодорхой. Их Эзэн эхэн үеийн илчлэлтээр өгсөн заавартаа “өөрсдийн нас барагсдын төлөөх баптисм”13-ын тухай дурдсан байдаг. Бид сургаалын үүрэг хариуцлагаа өвөг дээдсийнхээ өмнө хүлээнэ. Учир нь тэнгэр дэх селестиел байгууллага нь гэр бүл дээр үндэслэгдсэн байдаг.14 Тэргүүн Зөвлөл сүмийн гишүүдийг, тэр тусмаа өсвөр үеийнхнийг болон ганц бие залуучуудыг гэр бүлийнхээ юм уу салбар, тойргийнхоо гишүүдийн өвөг дээдсийн нэрээр гэр бүлийн түүхийн ажил, ёслолуудыг хийх тал дээр анхаарлаа хандуулахад уриалсан.15 Бид үндэс, мөчрийнхөө аль алинтай нь холбогдсон байх ёстой. Мөнхийн хаант улсад тэдэнтэйгээ холбоотой байна гэдэг үнэхээр гайхамшигтай.

Ариун сүмүүд

Вилфорд Вүдрафф бошиглогч Иосеф Смитийг ариун сүмийн ажлын эх суурийг тавьж өгтөл амьд байсан талаар “Хамгийн сүүлд тэрээр Арванхоёрын чуулгатай уулзахдаа тэдний хувийн хишгийг хүртээсэн юм”16 гэж онцгойлон дурджээ.

Бошиглогчийг алагдсаны дараа гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг барьж дуусган, баруун зүгийн уулархаг нутаг руу нүүж суурьшихын өмнө олон мянган итгэлтэй гишүүн ариун сүмд лацдан холбогджээ. Гучин жилийн дараа Сейнт Жоржийн ариун сүмийг барьж дуусгахад удаан хүлээсний эцэст мөнхийн ач холбогдол бүхий авралын ёслолуудыг амьд хүмүүс болон нас барагсад бүгд хүртэх боломжтой болж байгаа талаар ерөнхийлөгч Бригам Янг онцгойлон дурдсан байдаг.17

Энэ тухай ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф “Миний хувьд Их Эзэний илчилсэн зарчмуудаас анхны амилуулалтын өглөө селестиел хаант улсад эцэг, эх, эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт байх боломжийг бидэнд олгож буй нас барагсдыг аврах энэхүү зарчим шиг илүү их аз жаргал авчрах өөр ямар ч зарчим байхгүй. Энэ нь асар чухал зарчмууд юм. Тэдгээрийн төлөө ямар ч золиослол хийхэд илүүдэхгүй”18 хэмээн энгийнээр онцлон тэмдэглэсэн байдаг.

Бид ямар гайхалтай цаг үед амьдарч байна вэ! Энэ нь сүүлчийн эрин үе бөгөөд авралын ёслолын бүхий л хүрээнд авралын ажлуудыг яаравчлуулж байгааг бид мэдэрч байна.19 Бид дэлхийн ихэнх оронд эдгээр авралын ёслолыг хийх боломж бүхий ариун сүмүүдтэй боллоо. Үүнээс гадна сүнслэгээр дахин төрж, амар амгаланг мэдрэн, хамгаалалт болон амьдралынхаа зүг чигийг олж авахын тулд ариун сүмд очих нь агуу адислал юм.20

Ерөнхийлөгч Томас С. Монсон төлөөлөгчөөр дуудагдсанаасаа хойш нэг жилийн дараа Лос Анжелесын ариун сүм дэх Угийн бичгийн номын санг онцгойлон адисалсан. Тэрээр бидний нас барсан төрөл садангийн тухай ярьж, “та бид тэдний замыг нээж өгөхийн тулд шаардлагатай судалгаа хийж, … мөн Бурханы өргөөнд очиж, … хийж чадахгүй авралын ажлыг өмнөөс нь төлөөлөн хийх өдрийг тэд хүлээж байгаа”21 хэмээн дурдсан юм.

1964 оны 6-р сарын 20-ны өдөр ахлагч Монсон ийнхүү онцгойлон адисалж байх үед 12-хон ариун сүм үйл ажиллагаагаа явуулж байжээ. Ерөнхийлөгч Монсонг Сүмийн Удирдах Зөвлөлд ажиллаж байх хугацаанд одоо үйл ажиллагаа явуулж буй нийт 142 ариун сүмээс 130 нь шинээр баригдаж, онцгойлон адислагдсан байна. Бидний үед авралын ажлыг хэрхэн яаравчлуулж байгааг харах нь мөн л гайхамшиг юм. Одоогийн байдлаар 28 ариун сүм шинээр баригдахаар зарлагдсан байгаа бөгөөд барилгын ажил янз бүрийн шатандаа явагдаж байна. Үүнээс гадна нийт сүмийн гишүүдийн 85 хувь нь аль нэг ариун сүмээс 320 км доторх зайд амьдардаг билээ.

Гэр бүлийн түүхийн ажлыг хийх техник технологи

Гэр бүлийн түүхийн ажлын техник технологи, арга барилууд ихээхэн өөрчлөгдөн хөгжиж байна. 1994 оны 11-р сард ерөнхийлөгч Ховард В. Хантэр: “Бид нас барагсдад зориулан ёслолуудыг гүйцэтгэх ариун ажлыг яаравчлуулах зорилгоор мэдээллийн технологийг илүү түлхүү хэрэглэж эхэллээ. Техник технологийн гүйцэтгэх үүргийг … Их Эзэн өөрөө хурдасгасан.… Гэхдээ бид эдгээр арга хэрэгслээр дамжуулан хийх агуу их зүйлсийн дөнгөж босгон дээр нь зогсож байна”22 гэж хэлжээ.

Ийнхүү зөгнөж хэлснээс хойших 19 жилийн хугацаанд техник технологи итгэмээргүй хурдтай хөгжиж байна. Бяцхан хүүхдүүдтэй, 36 настай ээж “бид Гэр бүлийн түүхийн төв дээр очиж, хальс уншдаг байсан бол одоо хүүхдүүдээ унтуулсны дараа гал тогооныхоо ширээний ард суугаад компьютер дээрээ гэр бүлийн түүхийн ажлаа хийдэг болсон гээд л бод доо” гэж надад сэтгэл догдлон ярьж билээ. Ах, эгч нар аа, бидний гэр орон одоо гэр бүлийн түүхийн төв болон хувирчээ.

Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил зөвхөн бидэнд хамаатай зүйл биш юм. Та бүхэн хөшигний нөгөө талд буй, сүнсний шоронгийн хүлээсээс чөлөөлөх авралын ёслолуудыг хүлээж байгаа хүмүүсийн талаар бодоцгооно уу. Шоронг “хоригдох, эрх чөлөөгүй байх”23 гэж тодорхойлсон байдаг. Эрх чөлөөгүй байгаа тэр хүмүүс л харин Виллиам Сарояны “одоо яах вэ?” гэсэн асуултыг асууж байж магадгүй юм.

Нэгэн итгэлтэй эгч Солт Лэйкийн ариун сүмд байхдаа мэдэрсэн онцгой сүнслэг тохиолдлынхоо талаар надтай хуваалцсан юм. Батлах ёслолын өрөөнд, нас барагсдын өмнөөс хийлгэх ёслолын үгийг хэлж дууссаны дараа тэр эмэгтэй “Шоронд хоригдогсод бүгд чөлөөлөгдөнө!” гэж хэлэхийг сонссон байна. Тэрээр өөрсдийн баптисм болон баталгааны ёслолууд хийгдэхийг хүлээж байгаа хүмүүсийн өмнөөс энэхүү ажлыг яаравчлан хийх шаардлагатай байна гэдгийг мэдэрчээ. Гэртээ ирснийхээ дараа тэрээр дээрх сонссон үгсээ судраас хайж, Иосеф Смитийн “Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг. Дэлхий гэнэт дуу дуулж эхлэг. Дэлхий байхаас өмнө, тэднийг шоронгоос гэтэлгэх боломжийг бидэнд олгосон тэр зүйлийг тогтоосон Иммануелын Хаанд мөнхийн магтаалын сүлд дууллыг нас барагсад урагш өргөг; учир нь хоригдлууд чөлөөтэйгөөр явах болно”24 гэж хэлсэн тунхгийг Сургаал ба Гэрээний 128-р хэсгээс олсон юм.

Бид ямар ажил хийх ёстой вэ? гэсэн асуулт байна. Бошиглогч Иосеф Смитийн зөвлөснөөр бол бид “хүлээн зөвшөөрөх бүх зүйлээс зохистой нь болох бидний нас барагсдын цэдгүүдийг агуулагч номыг”25 ариун сүмд авчрах ёстой.

Сүмийн удирлагууд өсөж буй үеийнхэнд Елиагийн Сүнсийг мэдэрч, өвөг дээдсээ хайж олон, тэдний төлөө ариун сүмийн ёслолуудыг хийх ажилд техник технологийг ашиглах тал дээр манлайлагчид бай гэсэн уриалга гаргасан.26 Амьд байгаа болон нас барсан хүмүүст зориулсан авралын ажлыг яаравчлуулах ажлын дийлэнх хэсгийг залуучууд та бүхэн хийж гүйцэтгэнэ.27

Хэрвээ бүх салбар, тойргийн өсвөр үеийнхэн ариун сүмд орж, нас барагсдынхаа төлөө баптисм хүртээд зогсохгүй, гэр бүлийнхээ болон салбар, тойргийнхоо бусад гишүүнтэй хамтран ёслол хийх хүмүүсийн нэрийг ариун сүмд авч ирэх тал дээр хамтран ажиллавал тэд өөрсдөө ч мөн сүм ч агуу ихээр адислагдана. Таны хичээл зүтгэлд тань туслах нас барагсдын хүч нөлөөг мөн үйлчилсэн хүмүүстэйгээ уулзах үед мэдрэх баяр хөөрийг бага зүйл гэж бүү бод. Өөрсдийнхөө гэр бүлүүдийг нэгтгэн холбосны мөнхийн утга учиртай агуу адислалыг бид төсөөлшгүй юм.28

Сүмийн дэлхий даяарх гишүүнчлэлд насанд хүрэгчдийн 50 хувь нь сүмийн FamilySearch интернэтийн сайт дээрх Family Tree буюу Гэр бүлийн мод (Угийн бичгийн) хэсэгт эцэг эхгүй байна. Мөн насанд хүрэгчдийн 65 хувь нь дөрвөн эмээ, өвөөгийнхөө нэрийг жагсаалтад оруулаагүй байна.29 Бид өөрсдийн үндэс, мөчиргүйгээр аврагдахгүй болохыг битгий мартаарай. Сүмийн гишүүд бид энэ чухал мэдээллийг олж авч, вэбсайтад оруулах шаардлагатай байна.

Олон жил хүлээсний эцэст авралын энэ агуу ажлыг гэр бүлүүд хийж дуусгахад шаардагдах сургаал, ариун сүм болон дэвшилтэт техник технологи бүгд бидэнд байна. Үүнээс гадна энэ ажлыг хийж болох өөр нэг арга замыг би та бүхэнд санал болгоё. Гэр бүлүүд “Угийн бичгийн цуглаан” хийж болох юм. Цуглааныг байнга хийж байх хэрэгтэй. Бүгд өөрсдийн гэр бүлийн баримт бичиг, түүх, зураг мөн эмээ, өвөө, ээж аавынхаа нандигнан хэрэглэж байсан эд зүйлсийг авч ирж болно. Бидний залуу үеийнхэн гэр бүлийнхээ гишүүдийн хаанаас ирсэн, хэрхэн амьдарч байсан зэрэг амьдралынх нь талаар олж мэдэх сонирхолтой байдаг. Үүнийг хийснээр олон залуу хүний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэдэг. Тэд түүх сонсож, зураг үзэх дуртайгаас гадна тэдгээрийг FamilyTree буюу Гэр бүлийн мод руу оруулж, эх баримтыг өвөг дээдэстэйгээ холбон, мөнхөд хадгалахад шаардагдах техник технологийг хэрхэн ашиглах талаар өргөн мэдлэгтэй билээ. Хамгийн чухал нь, ариун сүмийн ямар ёслолууд хийгдэх ёстой болохыг тодорхойлж, ариун сүмийн ажлыг хийж гүйцэтгэх даалгаврыг тэдэнд өгөхөд л гол зорилго оршиж байгаа юм. FamilyTree буюу Гэр бүлийн мод руу оруулж болох гэр бүлтэй холбоотой мэдээлэл, түүх, зургуудыг Миний гэр бүл товхимол дээр тэмдэглэн, ашиглаж болно.

Бид өөрсдийн бурханлаг хувь заяагаа хамгаалахын тулд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, итгэл найдвараа нэн тэргүүнд тавих ёстой. Гэр бүлээрээ хүндэтгэлийн өдрийг илүү үр бүтээлтэй ашиглахыг эрэлхийлж байгаа хүмүүс энэ ажлыг яаравчлуулахад анхаарах нь илүү үр дүнтэй байж болох юм. Нэгэн эмэгтэй 17 настай хүү нь сүмээс ирснийхээ дараа гэр бүлийн түүхийн ажлаа хийхээр компьютер дээрээ суудаг тухай мөн 10 настай хүү нь өвөг дээдсийнхээ түүхийг сонсож, зургуудыг үзэх дуртай байдаг тухай инээмсэглэн ярьж байсан. Энэ нь тэдний гэр бүлийнхнийг бүгдийг адисалж, Елиагийн Сүнсийг мэдрэхэд тусалсан байна. Бид үнэ цэнэ бүхий өөрсдийн үндэс, мөчрүүдийг арчилж, тордож байх ёстой.

Есүс Христ Өөрийн амийг бидний төлөө өгсөн. Тэрээр Иовын хөндсөн хамгийн чухал асуултын хариуг шийдэж өгсөн билээ. Бид өөрсдийн хүчээр давж чадахгүй зүйл болох үхлийг Тэрээр бүх хүн төрөлхтний төлөө ялан дийлсэн. Харин бид гэр бүлийхэнтэйгээ хамт өргөмжлөгдөж, аврагдахын тулд тэдний өмнөөс ёслолуудыг хийснээр Сион30 уулан дээрх жинхэнэ аврагчид болж чадна.

Би Аврагчийн цагаатгагч золиослолыг мөн бидэнд болон бидний гэр бүлд зориулагдсан Эцэгийн төлөвлөгөө баттай гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Виллиам Сароян, “Raging against Aging,” Wall Street Journal,, 2011 оны 12 сарын 31–2012 оны 1 сарын 1, C9.

  2. Иов 14:14.

  3. Иов 14:1, 2, 7, 9.

  4. Maлахи 4:1. Амьжиргааныхаа түвшинг сайжруулахын тулд олон хүүхэдтэй болохгүй гэсэн сонголтыг хийж буй хүмүүсийн тоо маш их өсөж байгаа тухай өгүүлсэн хэд хэдэн өгүүлэл сүүлийн үед гарчээ. (Abby Ellin, “The Childless Plan for Their Fading Days,” New York Times, Feb. 15, 2014, B4). Эдгээр хүмүүсийн сонголтоос шалтгаалан олон улс үндэстний хүн амын тоо нь багасч байна. Үүнийг заримдаа “Ардчилсан өвөл” хэмээн нэрлэх нь байдаг. (The New Economic Reality: Demographic Winter [documentary], byutv.org/shows - г үзнэ үү).

  5. Maлахи 4:5–6.

  6. History of the Church, 1:12; Сургаал ба Гэрээ 2-ыг үзнэ үү.

  7. Еврейчүүд Елиагийн ирэхийг 2,400 жилийн турш хүлээж байгаа аж. Өнөөдрийг хүртэл еврейчүүд эртний еврейн баяр буюу Дээгүүр өнгөрөх баярын үеэр Мессиагийн ирэхийг тунхаглахаар түүнийг ирнэ хэмээн найдаж, түүнд зориулан суудлыг нь бэлдэж, хаалгаа тайлахаар очдог.

  8. Библийн толь бичиг, “Елиа.”

  9. Сургаал ба Гэрээ 110: 14–16; түүнчлэн Сургаал ба Гэрээ 2:2-ыг үзнэ үү.

  10. Рассэлл М. Нэлсон, “A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5-р сар, 34.

  11. Иохан 3:5.

  12. Вилат М.Кимбаллаас Хэбэр С.Кимбаллд, 1840 оны 10-р сарын 11, гар бичмэлийн фото хуулбар, Вилат М.Кимбаллын захидлууд, Cүмийн Түүхийн Номын Сан, том, жижиг үсэг, дүрэм стандартчлагдсан

  13. Сургаал ба Гэрээ 127:5; тодотгол нэмэгдсэн.

  14. Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith (2013), 68.

  15. 2012 оны 10-р сарын 8-ны Тэргүүн Зөвлөлийн захидлыг үзнэ үү.

  16. The Discourses of Wilford Woodruff, sel. G. Homer Durham (1946), 147.

  17. Бригам Янг “Миний хүсэж байгаа зүйл гэвэл Бурханы хаант улсыг байгуулж, ариун сүмүүдийг барихын тулд, амьд байгаа хүмүүс болон нас барагсдын төлөөх ёслолуудыг тэнд гүйцэтгэхийн тулд, … мөн Бүхнийг Чадагчийн охид, хөвгүүд болж залгамжлагдахын тулд хөрөнгө мөнгө, хүсэл сонирхлоо зориулдаг энэ хүмүүсийг харах явдал юм” хэмээн хэлжээ (Deseret News, Sept. 6, 1876; Нас барагсдын төлөөх баптисм анх 1877 оны 1-р сарын 9-нд болсон ба хишиг хүртээх ёслол нь үүнээс хоёр өдрийн дараа болжээ. Үүний баяр баясгаланг Люси Б.Янг илэрхийлэн хэлэхдээ “өөрсдийнхөө төлөө энэ ажлыг хийж чадахгүй тэдгээрийн [нас барсан хамаатныхаа] гараа сунган хүлээн авч буй баяр баясгалан нь зүрх сэтгэлийг дүүргэсэн” гэжээ. (in Richard E. Bennett, “‘Which Is the Wisest Course?’ The Transformation in Mormon Temple Consciousness, 1870–1898,” BYU Studies Quarterly, vol. 52, no. 2 [2013], 22).

  18. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас (2004), 192–193.

  19. Амьд байгаа хүмүүст үйлчилсэн гайхамшигтай номлогчдын нэг, ерөнхийлөгч Вилфорд Вудрафф “Бидний үйлчлэлийн энэ хэсгийг амьд байгаа хүмүүст номлох нь ямар ач холбогдолтой байдаг билээ, түүнтэй адил ач холбогдолтой гэж үзэж байна; нас барагсад сүнсний дэлхийд Бурханы үйлчлэгчдийн дуу хоолойг сонсох бөгөөд тодорхой ёслолууд гүйцэтгэгдэхгүй аваас тэд [анхны] амилуулалтын өглөө урагш гарч ирэх боломжгүй, [тэдний] хувьд … нас барсан нэгнийг аврахад … амьд байгаа хүнийг аврахтай адил хэмжээний зүйл шаардагдана” хэмээн нас барагсдын төлөөх ажлын тухай хэлжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Вилфорд Вүдрафф, 188).

  20. (“The Great Symbol of Our Membership,”Ensign, Oct. 1994, 5;Tambuli, Nov. 1994, 6). “Ариун сүмд шүтэн биширснээс ирдэг хувийн адислалуудынхаа төлөө, эдгээр ариулагдсан ханан дотор өгөгддөг ариусгагдсан бөгөөд аюулгүй байдлын төлөө, … энэ нь Бурханд ариун билээ. Энэ нь бидэнд ч ариун билээ” хэмээн ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ховард В.Хантэр сүмийн гишүүдийг ариун сүм рүү байн байн очиход урьсан.

  21. “Messages of Inspiration from President Thomas S. Monson,” Church News, 2013 оны 12 сарын 29, 2.

  22. Ховард В. Хантэр, “We Have a Work to Do,” Ensign, 1995 оны 3-р сар, 65-ыг үзнэ үү.

  23. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “prison.”

  24. Сургаал ба Гэрээ 128:22; түүнчлэн Сургаал ба Гэрээ 138:42-ыг үзнэ үү. “Дэлхийг үүсэхээс өмнө Бурхан [шорон дахь] сүнснүүдийг гэтэлгэгдэх боломжтой болгох зүйлийг томилжээ” (Гурамсан судрын заалт, “шорон”).

  25. Сургаал ба Гэрээ 128:24.

  26. Тэргүүн Зөвлөлийн Захидал, 2012 оны 10 8; мөн Дэвид А. Бэднар, “Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 24–27; түүнчлэн Р.Скотт Ллоид, “‘Find Our Cousins’: Apostle [Neil L. Andersen] Counsels LDS Youth at RootsTech Conference,” Church News,, Feb. 16, 2014, 8–9-ийг үзнэ үү. Насаар хамгийн залуу төлөөлөгч болох ахлагч Дэвид А. Бэднар, ахлагч Нийл Л. Андэрсэн хоёр энэхүү технологийг ойлгох, ашиглахдаа гаргууд билээ.

  27. Саяхны судалгаагаар энэ үеийнхний талаар онцлох нэгэн томоохон зүйл бол “бусдад өгч, өөрсдийгөө илүү том зорилгын төлөө чиглүүлдэг” утга төгөлдөр амьдралаар амьдардаг явдал гэдгийг харуулжээ (Emily Esfahani Smith and Jennifer L. Aaker, “Millennial Searchers,” New York Times Sunday Review, Dec. 1, 2013, 6).

  28. Ховард В. Хантэр, “A Temple-Motivated People,”, ”Ensign, Feb. 1995, 2–5;Лиахона, 1995 оны 5-р сар, 2–7-г үзнэ үү.

  29. Статистик баримтыг Гэр бүлийн түүх албанаас авав.

  30. Обадиа 1:21-ийг үзнэ үү.