Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь
Ах, эгч нар аа, бидэнд өөрсдийн нөхцөл байдлаас үл хамааран талархлаар дүүрэн байх шалтгаан байхгүй гэж үү?
Олон жилийн турш, бодгалийнхаа туйлд хүртэл зовж шаналсан олон хүнтэй уулзах ариун нандин боломж надад тохиосон юм. Эдгээр мөчид би хайрт ах, эгч нарынхаа үгийг сонсож, уй гашууг нь хуваалцдаг байлаа. Би тэдэнд юу гэж хэлэх тухайгаа тунгаан боддог байсан бөгөөд хүнд хэцүү үед нь хэрхэн тайтгаруулж, дэмжих талаар олж мэдэхийг хичээдэг байв.
Тэдний уй гашуу ихэвчлэн аливаа эцэс төгсгөл болж байгаа мэт санагдах зүйлээс үүдэлтэй байдаг байв. Зарим нь хайртай хүн нь нас барах ч юм уу гэр бүлийнхээ гишүүнээс холбоогоо таслах зэрэг ойр дотно харилцааныхаа төгсгөлтэй нүүр тулсан байдаг бол өөр бусад нь гэрлэх, хүүхэдтэй болох эсвэл өвчин эмгэгийг даван туулах талаарх итгэл найдвараа алдсан тийм төгсгөлтэй учирсан байдаг. Харин зарим нэг нь дэлхий дээрх эргэлзээ төрүүлэм, зөрчилдөөнтэй дуу хоолойнуудад уруу татагдан, үнэн гэж мэддэг байсан зүйлдээ эргэлзэж, улмаар түүнийг хөсөр хаяж, итгэлийнхээ төгсгөлтэй нүүр тулсан байдаг.
Эрт орой хэзээ нэгэн цагт бидний дотоод ертөнц нуран унахад ганцаардаж, бухимдсан мөн хөсөр хаягдсан мэт санагдах үе хүн бүрд тохиолддог гэдэгт би итгэдэг.
Энэ нь хэнд ч тохиолдож болно. Хэн ч үүний эсрэг хамгаалагдаагүй.
Бид талархалтай байж чадна.
Хүн бүрийн нөхцөл байдал өөр өөр бөгөөд тэдний амьдралд тохиолдох үйл явдлууд өвөрмөц ба цор ганц юм. Гэсэн хэдий ч, бидний амьдралд тохиолдож болзошгүй гай зовлонг арилгаж чадах нэгэн зүйл байдгийг би сурч авсан. Амьдралаа илүү жаргалтай, илүү баяр баясгалантай мөн бүр гайхамшигтай болгохын тулд бид бүхний хийж чадах нэг зүйл бий.
Бид талархалтай байж чадна!
Уй гашууд автсан хүн Бурханд талархал өргөх ёстой гэдэг нь дэлхийн үзэл бодлоос ангид сонсогдож магадгүй. Гэвч гай зовлонгийн лонхыг хойш нь тавьж, талархлын хундгыг өргөсөн хүмүүс эдгэрэлт, амар амгалан байдал, харилцан ойлголцлын ариусгагч ундааг олж чадна.
Христийн дагалдагчдын хувьд бид “Их Эзэн Бурхандаа бүх зүйлд талархаж,”1 “Эзэнд талархалтайгаар дуулж,”2 мөн “зүрх сэтгэл [тань] Бурханд хандах талархлаар дүүрэн бай”3 хэмээн зарлигдуулсан байдаг.
Бурхан яагаад бидэнд талархалтай байх зарлиг өгсөн бэ?
Түүний бүх зарлиг бидэнд адислалууд өгөхийн тулд өгөгдсөн юм. Зарлигууд бол бид сонгох эрхээ ашиглан адислалуудыг хүлээн авах боломж билээ. Хайрт Тэнгэрлэг Эцэг маань талархлын сүнсийг хөгжүүлэх сонголт нь бидэнд жинхэнэ баяр баясал болон аз жаргал авчирдаг гэдгийг мэддэг.
Ямар нэгэн зүйлийн төлөө талархалтай байх нь
Гэвч зарим нь “Миний ертөнц тэр чигээрээ нурж байхад би юуны төлөө талархах ёстой юм бэ?” гэж хэлж болох юм.
Ямар нэг зүйлийн төлөө талархалтай байх гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх нь буруу арга зам байж ч болох юм. Хэрэв бидний талархал зөвхөн авсан адислалын тоотой маань л тэнцүү байвал талархлын сүнсийг хөгжүүлэхэд хэцүү байх болно. Ойр ойрхон “адислалуудаа тоолох” нь чухал гэдгийг адислалуудаа тоолж үзсэн хүмүүс мэдэх байх, гэвч Их Эзэн биднийг хэцүү бэрх үедээ элбэг дэлбэг, амар тайван байх үеийнхээсээ бага талархдаг байхыг хүсдэг гэж би бодохгүй байна. Чухамдаа ихэнх судрын эшлэлүүдэд талархлыг аливаа нэгэн зүйлийн төлөө гэхээсээ илүү талархлын сүнстэй байх буюу хандлага талаас нь илэрхийлсэн байдаг.
Амьдрал бидний хүссэнээр байгаа үед ямар нэг зүйлийн төлөө талархах нь амархан байдаг. Гэвч бид хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа үед яах болж байна вэ?
Талархлыг хандлага талаас нь буюу бидний одоогийн нөхцөл байдлаас хараат бус амьдралын хэв маяг гэдэг талаас нь хараарай гэж би та нарт зөвлөмөөр байна. Өөрөөр хэлбэл, бид “ямар нэг зүйлийн төлөө талархалтай” байхын оронд “байгаа нөхцөл байдалдаа талархалтай” байхад төвлөрөхийг би зөвлөх гэсэн юм.
Үйлчлүүлэгчээс идсэн хоол нь таалагдсан эсэхийг асуусан нэгэн зөөгчийн тухай хуучны түүх байдаг. Үйлчлүүлэгч бүх зүйл сайхан байсан, гэхдээ илүү их талх өгсөн бол бүр дээр байх байлаа гэж хэлжээ. Дараагийн өдөр нөгөө хүнийг ирэхэд зөөгч талхны хэмжээг хоёр дахин нэмж, түүнд хоёр биш дөрвөн зүсэм талх өгсөн боловч нөгөө хүн баярласан шинжгүй байв. Дараагийн өдөр нь зөөгч талхыг дахин хоёр дахин нэмсэн боловч амжилт олсонгүй.
Дөрөв дэх өдөр уг зөөгч нөгөө хүнийг яаж ийгээд сэтгэл ханамжтай байлгана гэж шийдсэн байв. Тэрээр 9 фүүт (3 м) урт талх авчирч, үүнийгээ дундуур нь хуваагаад, үйлчлүүлэгчид инээмсэглэн өгчээ. Зөөгч нөгөө хүний хариу үйлдлийг тэсэн ядан хүлээж байв.
Хооллосныхоо дараа нөгөө хүн зөөгч рүү хараад “сайхан хэвээрээ байна. Гэхдээ та нар буцаад хоёрхон зүсэм талх өгдөг болсон байна” гэж хэлсэн гэдэг.
Нөхцөл байдалдаа талархалтай байх нь
Ах, эгч нар аа, сонголт бидний гарт байна. Бид өөрсдөдөө байхгүй адислал дээрээ үндэслэн талархлаа хязгаарлах сонголтыг хийж болно. Эсвэл бид талархлын зүрх сэтгэл нь хэзээ ч дундарч байгаагүй Нифайтай адил байх сонголтыг ч хийж болно. Ах нар нь түүнийг амлалтын нутагт хүргэхээр өөрийнх нь барьсан усан онгоцон дээр хүлэхэд шагай болон бугуй нь маш их өвдөж “үлэмж хавдсан” байсан ба хүчит шуурга түүнийг тэнгисийн гүн рүү залгих гэж байв. Нифай “Гэсэн хэдий ч, би Бурхандаа найдаж, мөн би түүнийг бүхэл өдрийн турш магтан алдаршуулав; мөн би зовлон зүдгүүрүүдийнхээ учир Их Эзэний эсрэг бувтнасан нь үгүй билээ”4 гэж хэлжээ.
Мөн бүхнийг эзэмшиж байсан боловч бүгдийг эргээд алдсан Иовтой адил байх сонголтыг бид хийж чадна. Иов “Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна. Эзэн өгсөн, Эзэн зайлуулан авлаа. Эзэний нэр алдаршиг”5 хэмээн хариулсан юм.
Бид Солт Лэйк руу хийсэн урт удаан, хүнд бэрхшээлтэй аялалынхаа туршид талархлын сүнсээ хадгалж, дуулж бүжиглэн, Бурханы сайн сайханд баясаж байсан мормон анхдагчидтай адил байх сонголтыг ч бас хийж чадна. Бидний ихэнх нь аян замын хүнд бэрхээс болж шантарч, гомдоллон, шаналан зовох байсан биз ээ.6
Либерти шоронд туйлын хүнд орчинд хоригдож байхдаа “Тиймийн тул, эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно”7 хэмээх сүнслэгээр өдөөгдсөн үгсийг бичсэн бошиглогч Иосеф Смиттэй адил байх сонголтыг ч бид мөн хийж чадна.
Бид юу ч тохиолдсон талархалтай байхаар сонгож чадна.
Ийм талархал бидний эргэн тойронд болж буй ямар ч зүйлийг ялан дийлдэг. Энэ нь харамсал, урам хугаралт болон цөхрөлийг давж гардаг. Энэ нь зуны урин дулаанд ургаж байгаа мэт өвлийн хахир хүйтэнд тун үзэсгэлэнтэй дэлгэрдэг.
Бид нөхцөл байдалдаа Бурханд талархалтай байвал хүнд хэцүү цагт ч амар амгаланг мэдэрнэ. Уй гашуутай үед ч бид зүрх сэтгэлээ магтаалд өргөж чадна. Өвчин шаналалд автаж байсан ч бид Христийн Цагаатгалд баясаж чадна. Тэр байтугай, бид гашуун зовлонгийн тэсгэм хүйтэнд ч дотно бөгөөд дулаахан тэнгэрийн тэврэлтийг мэдэрч чадна.
Заримдаа бид асуудлууд шийдэгдсэний дараа л талархах ёстой гэж боддог боловч энэ нь маш харалган бодол юм. Бид Бурханд бороо оруулсанд нь талархахаасаа өмнө солонго гарахыг харах гээд хүлээгээд байвал амьдралд хэчнээн их зүйлийг алдах бол?
Гай зовлонгийн үед талархалтай байна гэдэг нь бид нөхцөл байдалдаа баяртай байна гэсэн үг биш. Энэ нь бид итгэлийн нүдээр өнөөдрийн бэрхшээлийн цаадахыг олж харна гэсэн утгатай.
Энэ бол аман талархал бус харин бодгалийн талархал юм. Энэ бол зүрх сэтгэлийг эдгээж, оюун бодлыг тэлдэг талархал.
Талархал бол итгэлийн үйлдэл
Нөхцөл байдалдаа талархалтай байх нь Бурханд итгэлтэй байх үйлдэл юм. Энэ нь биднээс Бурханд итгэж мөн хараагүй боловч үнэн зүйлүүдэд найдахыг шаарддаг.8 Талархалтай байснаараа бид “Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг”9 гэж хэлсэн хайрт Аврагчийнхаа үлгэр жишээг дагадаг.
Жинхэнэ талархал бол найдвар ба гэрчлэлийн илэрхийлэл юм. Энэ нь бид амьдралд тохиолдох бэрхшээлийг үргэлж ойлгодоггүй ч хэзээ нэгэн өдөр ойлгох болно гэдгийг хүлээн зөвшөөрөх үед ирдэг.
Ямар ч нөхцөл байдалд байсан бай, Эцэг маань хүүхдүүддээ агуу аз жаргалын төлөвлөгөөг өгсөн; Түүний Хүү Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид хайртай хүмүүстэйгээ мөнхөд хамт амьдарна; эцэстээ бид өвчин эсвэл согогт автахгүй алдар суутай, төгс мөн үхэшгүй бие махбодтой болно; мөн гуниг болон хагацлын нулимс “шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр” 10 элбэг дэлбэг аз жаргал, баяр баяслаар солигдоно гэх бидний 10мэддэголон ариун нандин үнэнээр бидний талархал тэжээгддэг.
Үүнтэй адил гэрчлэл Аврагчийн төлөөлөгчдийг аймхай, шийдэмгий бус эрчүүдээс Эзэний зоригтой, баясгалантай төлөөлөгчид болгож хувиргасан нь гарцаагүй. Түүний цовдлогдсоноос хойших хэсэг хугацаанд тэд юу болоод өнгөрснийг ойлгох чадваргүй, цөхрөл, уй гашууд автсан байдалтай байв. Гэвч нэгэн үйл явдал энэ бүгдийг өөрчилсөн юм. Тэдний Их Эзэн тэдэнд үзэгдэж, “Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна”11 хэмээн тунхагласан.
Төлөөлөгчид амилсан Христийг таньж, хайрт Аврагчийнхаа гайхамшигт амилалтыг харсны дараа өөр эрчүүд болцгоосон юм. Үүрэгт даалгавраа биелүүлэхэд нь юу ч тэдэнд саад болж чадаагүй. Тэд өөрсдийнх нь гэрчлэлийн улмаас ирэх тамлал, доромжлол, бүр үхлийг ч зоригтой, эрс шийдэмгий хүлээн авсан билээ.12 Тэд өөрсдийн Их Эзэнийг магтаж мөн түүнд үйлчлэхээс ухраагүй юм. Тэд эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг өөрчилсөн. Тэд дэлхийг өөрчилсөн билээ.
Та нар үүнтэй адил өөрчлөлтийг мэдрэхийн тулд төлөөлөгчид шиг Аврагчийг харах шаардлагагүй юм. Христийн тухай Ариун Сүнсээр өгөгдсөн та нарын гэрчлэл мөнх бус амьдралын урам хугарам төгсгөлийг даван туулж, дэлхийн Аврагчийн бэлтгэсэн гэрэл гэгээтэй ирээдүйг харахад тань тусална.
Бид төгсгөлд зориулагдаж бүтээгдээгүй
Бид мөнхийн хувь тавилангийнхаа талаар мэддэг учраас амьдралын гашуун төгсгөлтэй тулгарах бүрдээ тэдгээрийг хүлээн зөвшөөрмөөргүй санагддагт гайхах зүйл байна гэж үү? Төгсгөлийг эсэргүүцэгч ямар нэг зүйл бидний дотор байдаг.
Яагаад ийм байдаг юм бол? Яагаад гэвэл бид мөнхийн зүйлүүдээр бүтээгдсэн юм. Бид мөнхөд орших бодгалиуд бөгөөд бид тоолж баршгүй олон мөнхийн адислалыг амласан, Төгсгөлгүй13 хэмээн нэрлэгдэх, бүхнийг чадагч Бурханы хүүхдүүд билээ. Төгсгөл нь бидний хувь тавилан биш юм.
Бид Есүс Христийн сайн мэдээний талаар илүү ихийг сурах тусам, мөнх бус амьдрал дахь төгсгөл нь огтхон ч төгсгөл биш гэдгийг илүү сайн ойлгодог. Тэдгээр нь ердөө л энгийн завсарлага бөгөөд итгэлтэй хүмүүсийг хүлээж буй мөнхийн баяр баясгалангийн хажууд өчүүхэн санагдах, түр зуурын зогсолт юм.
Түүний төлөвлөгөөнд жинхэнэ төгсгөл гэж байдаггүй, зөвхөн мөнхийн эхлэл гэж байдагт би Тэнгэрлэг Эцэгтээ маш их талархдаг.
Талархалтай хүмүүс алдар суутай болгогдох болно
Ах, эгч нар аа, бидэнд өөрсдийн нөхцөл байдлаас үл хамааран талархлаар дүүрэн байх шалтгаан байхгүй гэж үү?
Зүрх сэтгэлээ “Бурханд хандах талархлаар дүүргэхээс”14 илүү агуу шалтгаан бидэнд хэрэгтэй гэж үү?
“Баярлах агуу шалтгаан бидэнд байхгүй гэж үү?”15
Амьдрал хэмээх уран хээтэй хивсэн дээр хийж буй Бурханы хатгамлыг олж танивал бид хэчнээн их адислагдах бол? Тэнгэрлэг Эцэгтээ талархах нь бидний танин мэдэхүйг өргөжүүлэн, хэтийн төлөвийг тодорхой болгодог. Энэ нь даруу байдлыг урамшуулж, бусад хүнд болон Бурханы бүх бүтээлд хандах нинжин сэтгэлийг хөгжүүлдэг. Талархал бол Христийнхтэй адил бүх зан чанарын хурдасгуур юм! Талархалтай зүрх сэтгэл нь бүх сайн чанарын эх үүсвэр мөн.16
Их Эзэн “бүх зүйлийг талархалтайгаар [хүлээн авдаг] тэрээр алдар суут болгогдох болно; мөн энэ дэлхийн зүйлүүд, тийм ээ, бүр зуу дахин [тэдэнд] нэмэгдэх болно”17 хэмээх амлалтаа бидэнд өгсөн.
Бид мөнх бус байдлын нэгэн хэсэг, ойлгож хүлээн авахад хэцүү төгсгөлтэй учрах үедээ “өдөр бүр талархалтайгаар амьдрах”18 болтугай. Бид өөрсдийн бодгалийг нигүүлсэнгүй Тэнгэрлэг Эцэгтээ талархах талархлаар дүүргэх болтугай. Бид үргэлж, цаг ямагт дуу хоолойгоо өргөж мөн үг, үйлсээрээ талархлаа Тэнгэр дэх Эцэгт болон Түүний Хайрт Хүү Есүс Христэд үзүүлж байх болтугай. Би үүний төлөө залбирч мөн гэрчлэл, адислалаа та нарт үлдээж байна. Бидний Багш, Есүс Христийн нэрээр, амен.