Сүнслэг шуурганууд
Та нарыг доош чирэх хүчийг хар салхинд бүү олго. Эдгээр өдөр нь Их Эзэн Есүс Христийн шавь нарын хувьд хүчтэй зогсох та нарын өдрүүд юм.
Би та бүхэнд, ялангуяа энд Чуулганы төвд байгаа болон дэлхий даяарх залуучуудад бүгдэд нь энэ өглөөний мэнд хүргэж байна. Та нар хувь тавилантай, сонгогдсон үеийнхэн учраас ахлагч Холландтай адил би та нарт хандан, онцгойлон яримаар байна.
Олон жилийн өмнө Флоридад гэр бүлийнхэн дээрээ зочилж очих үеэр бидний байсан газраас холгүйхэн хар салхи болсон юм. Зөөврийн гэрт амьдарч байсан нэгэн эмэгтэй аюулгүй газар бараадан, угаалгын өрөөндөө оржээ. Зөөврийн гэр нь чичирч доргиж эхлэв. Хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй “Би энд, үүдний өрөөнд чинь байна” гэж хөршийнхөө хэлэхийг сонсжээ. Түүнийг угаалгын өрөөнөөсөө гарахад хуй салхи гэрийг нь агаарт өргөн зөөж, хөршийнх нь зөөврийн гэрийн орой дээр цэвэрхэн гэгч газардуулсныг хараад тэрээр мэл гайхжээ.
Залуу найзууд минь, Аврагчийн Хоёр дахь ирэлт дөхөж буй энэ үед дэлхий тайван байхгүй. Судрууд “бүх зүйл үймээнд байх болно”1 хэмээн тунхагласан. Бригам Янг: “Би энэ сүмийн эхэн үед сүм тархан хөгжиж, өсөн нэмэгдэж мөн өргөжих бөгөөд дэлхийн бүх үндэстний дунд сайн мэдээ түгэхийн хэрээр Сатаны хүч улам бүр өсөн нэмэгдэх болно хэмээх илчлэлт авсан”2 гэж хэлсэн билээ.
Бошиглож хэлсэн газар хөдлөлт, дайн тулаануудаас3 илүү санаа зовоож буй зүйл бол сүнслэг сууринаас тань та нарыг суга татан гаргаж чадах, заримдаа бүр хөдөлгөгдөж байгаагаа ч бараг анзаараагүй байхад чинь та нарын өмнө нь боломжтой гэж хэзээ ч төсөөлж байгаагүй газруудад сүнсийг тань газардуулж чадах тэрхүү сүнслэг хуй салхинууд юм.
Хамгийн муу хар салхи бол дайсны уруу таталтууд. Гэм нүгэл нь үргэлж дэлхийн нэг хэсэг байсаар ирсэн хэдий ч энэ нь хэзээ ч одоогийнх шиг хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэл үл ханам бөгөөд хийхэд ийм амархан байгаагүй юм. Мэдээж, нүглийн хар шуургыг ялах нэгэн хүчирхэг хүч байдаг. Үүнийг наманчлал гэж нэрлэдэг.
Амьдрал дахь бүх хар салхи зөвхөн та нарын хийсэн сонголтуудаас болж ирдэггүй. Зарим нь бусад хүний буруу сонголтуудын улмаас ирдэг бол зарим нь мөнх бус амьдралын жамаар ирдэг.
Ерөнхийлөгч Боид К.Пакэр хүүхэд байхдаа хөлний саажилтын улмаас доголон, явахад нь хэцүү байдаг байв. Ахлагч Даллин Х.Өүксийг долоон настай байхад аав нь гэнэт нас барсан юм. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Кэрол Ф.Макконки эгчийн өсвөр насанд нь эцэг, эх нь салсан. Та нарт сорилт бэрхшээлүүд тохиолдох болно. Гэвч та нар Бурханд итгэлтэй байвал тэдгээр нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлэх болно.
Амьдрал дээр салхитай орчинд ургасан мод илүү хүчтэй болдог. Салхи зулзган модыг нүдэх үед уг модны дотор хоёр зүйл болж байдаг. Нэгдүгээрт, тэд үндсээ илүү хурдан, улам их тарааж ургуулдаг. Хоёрдугаарт, модны үндэс хийгээд мөчрүүдийг илүү зузаан ургуулж, салхины хүчний эсрэг найган зогсож чадах эсийн бүтцийг бий болгодог. Эдгээр хүчирхэг үндэс, мөчир нь дахин ирэх тэрхүү салхинаас модыг хамгаалж байдаг байна.4
Та нар Бурханы хувьд модноос хамаагүй үнэ цэнэтэй билээ. Та нар Түүний хүү, охин нь юм. Тэрээр та нарын сүнсийг хүчтэй мөн амьдралын хар салхинуудад сэтгэлийн хаттай байх чадавхтай бүтээсэн. Зулзган модыг хүчирхэгжүүлдэг салхи шиг, өсвөр насанд чинь тохиолдсон хар салхинууд та нарыг ирээдүйн амьдралд бэлтгэн, сүнслэг хүч чадлыг тань өсгөн нэмэгдүүлж чадна.
Та нар хар салхинуудад хэрхэн бэлтгэх вэ? “Бурханы Хүү, Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун. Иймээс чөтгөр хүчит салхиа, … түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь, … зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, … үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой.”5 Энэ бол хар салхин дунд та нарын аюулгүй байх тэр газар билээ.
Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Нэгэнтээ сүмийн болон нийгмийн жишиг хоорондоо харьцуулахуйц байдаг байсан бол, одоо тэдгээрийн дунд өргөн ангал гарч, энэ ангал нь улам өргөссөөр байна”6 гэж хэлжээ. Зарим хүний хувьд энэ ангал нь хүчирхэг, сүнслэг хар салхинуудыг бий болгож байна. Би нэгэн жишээ хуваалцъя.
Өнгөрсөн сард Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын чуулгаас дэлхий даяарх сүмийн удирдагчдад хандан, нэгэн захидал илгээсэн юм. Энд бичигдсэнээр: Иргэний хуулийн өөрчлөлт нь Бурханы тогтоосон ёс суртахууны хуулийг өөрчлөхгүй, өөрчилж ч чадахгүй. Нийгмийн хандлагаас эсвэл үзэл бодлын ялгаанаас үл хамааран Бурханы зарлигуудыг сахиж, тууштай байхыг Бурхан биднээс хүсдэг. Түүний ариун явдлын хуулинд зөвхөн хуулийн дагуу албан ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох бэлгийн харилцаа нь зөв зохистой хэмээн тодорхойлжээ. Та бүхнийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т агуулагдсан сургаалыг дахин авч үзэн, … заахад бид уриалж байна”7 гэжээ.
Дэлхий Их Эзэний ариун явдлын хуулиас холдсон ч бид дагасан хэвээр байгаа билээ. Ерөнхийлөгч Монсон: “Хүн төрөлхтний Аврагч Өөрийгөө дэлхийд байсан боловч дэлхийнх биш байсан гэж тайлбарласан. Бид ч бас худал хуурмаг сургаалуудаас татгалзаж Бурханы тушаасан зүйлсийг дагаснаар дэлхийд байгаа боловч дэлхийнх биш байж болно”8 хэмээн хэлсэн юм.
Олон орны засгийн газар болон сайн санаат хувь хүмүүс гэрлэлтийг олон удаа шинээр тодорхойлсон боловч Их Эзэн тэгээгүй юм. Эхлэлд Бурхан гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүн буюу Адам, Ева хоёрын хооронд байхаар санаачилсан юм. Тэрээр гэрлэлтийн зорилгуудыг насанд хүрэгчдийн хувийн сэтгэл ханамж болон хангалуун байдлаас илүү, хамгийн чухал нь хүүхдүүд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлэх сайн орчныг бий болгох туйлын зорилгын улмаас урьдчилан төлөвлөсөн юм. Гэр бүлүүд бол тэнгэрийн эрдэнэс билээ.9
Бид энэ тухай яагаад үргэлжлүүлэн ярьж байна вэ? Паулын хэлснээр “Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг.”10 Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчдийн хувьд бидний үүрэг бол хүүхдүүддээ зориулсан Бүтээгчийн төлөвлөгөөг зааж, Түүний зарлигуудыг үл ойшоосноос ирэх үр дагавруудыг сэрэмжлүүлэх явдал юм.
Би Нэгдсэн Улсад амьдардаг, Лоорэлын насны нэг охинтой саяхан ярилцсан юм. Би түүний э-мэйлээс эш татан уншъя:
“Өнгөрсөн жил манай зарим найз фэйсбүк дээр гэрлэлтийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Олон нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, хэд хэдэн ХҮГ өсвөр үеийнхэн үүн дээр “Like” дарсан байв. Би ямар нэгэн сэтгэгдэл үлдээгээгүй.
“Би сайтар бодсоны эцэст уламжлалт гэрлэлтийн талаарх өөрийн итгэл үнэмшлийн талаар хуваалцахаар шийдлээ.
Би “Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтэд итгэдэг” гэж өөрийн зурган дээр гарчиг нэмэв. Тэгтэл тэр даруй би мэссэжүүд хүлээн авч эхэлсэн юм. ‘Чи бол хувиа бодогч.’ ‘Чи бол шүүмжлэгч.’ Нэг нь намайг боолчлогчтой адилтгаж байв. Сүмийн сайн гишүүн, дотны найз маань хүртэл ‘Чи цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Юм өөрчлөгдөж байна. Чи ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй’ гэж бичсэн байв.
“Би тэдэнтэй дахин тэмцэлдээгүй ч бичсэн үгсээ арилгаагүй” гэж тэр хэлсэн юм.
Тэрээр ерөнхийлөгч Монсоны хэлснээр заримдаа ‘та нар ганцаар зогсох ёстой’ хэмээн төгсгөсөн байв. Өсвөр үеийнхний хувьд бид Бурханд болон Түүний амьд бошиглогчдын сургаалуудад үнэнч байж, хамтдаа зогсоно гэдэгт найдаж байна.”11
Ижил хүйстэнд шохоорхох асуудалтай тулгарсан тэдэнд бид ялангуяа санаа зовох хэрэгтэй. Энэ нь хурдан хуйлрах шуурга юм. Итгэлийн энэхүү шалгууртай зоригтой тэмцэн, Бурханы тушаалуудад үнэнч үлдэх тэднийг хайрлаж мөн хүндэлж байдгаа би илэрхийлмээр байна!12 Гэсэн ч, итгэл үнэмшил болон гаргасан шийдвэрээс нь үл шалтгаалан хүн бүрд найрсаг байдалтай, бодлоготой хандах хэрэгтэй билээ.13
Аврагч зөвхөн найзуудаа хайрлаад зогсохгүй бас бидэнтэй санал нийлдэггүй хүмүүсийг-бүр биднийг үгүйсгэх тэднийг ч хайрлахыг бидэнд заасан. Тэрээр “хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх билээ”14 хэмээн хэлсэн.
Бошиглогч Иосеф Смит бидэнд “өөрийгөө зөвтгөхөөс сэрэмжлэхийг” мөн бүх эрэгтэй, эмэгтэйчүүдийг “өөрсдийн мөрөн дээрээ авч явж”15 байгаа мэт санагдах хүртлээ тэднийг хайрлах хайраа нэмэгдүүлэхийг бидэнд сануулсан юм. Есүс Христийн сайн мэдээнд дооглох, дайрч давшлах, арьс өнгөөр ялгаварлах үзэл байдаггүй билээ.
Та нарт сүмийн удирдагчдын зөвлөгөөний талаар ямар нэгэн асуулт байвал эцэг, эх болон удирдагчидтайгаа чин сэтгэлээсээ ярилцаарай. Та нарт Их Эзэний бошиглогчдод итгэх итгэлээс ирдэг хүч чадал хэрэгтэй. Ерөнхийлөгч Харолд Б.Лий: “Энэ сүмийн гишүүдийн хувьд бидэнд байгаа ганц хамгаалалт нь ... Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлэх үгс болон зарлигуудыг сонсож сахих явдал юм. … Зарим зүйлс нь итгэл, тэвчээрийг шаардах болно. … Зарим зүйлс та нарт таалагдахгүй байж болох юм. Мөн таны улс төрийн үзэл бодол, … нийгмийн үзэл бодолтой зөрчилдөж, … таны нийгмийн амьдралд тань саад болж болох юм. Гэхдээ эдгээр зүйлсийг Их Эзэний амнаас гарч буй үг хэмээн тэвчээртэй, итгэлтэй сонсох аваас ‘тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; ... Их Эзэн Бурхан чиний өмнөөс харанхуйн хүчийг зайлуулах болно’ (С&Г 21:6)”16 хэмээн заажээ.
Амьдралын хар салхины эсрэг өөр нэгэн хүчирхэг хамгаалалт бол Мормоны Ном юм.
Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийг өсвөр насны хүүхэд байхад гэр бүл нь шинэ хот руу нүүжээ. Эхэндээ түүнд нүүсэн нь таалагдаагүй бөгөөд цөөхөн хэдэн найзтай байв. Тэр ахлах сургуулийнхаа сурагчидтай санал нийлэхгүй байгаа юм шиг түүнд санагджээ. Тэнд хар салхинууд хуйлран эргэлдэж байлаа. Тэр юу хийсэн бэ? Тэрээр Мормоны Номыг судлахад бүхий л эрч хүчээ зориулсан ба хэд хэдэн удаа уншиж дуусгасан юм.17 Олон жилийн дараа ерөнхийлөгч Хэнри Б. Айринг “Би Мормоны Номыг дахин дахин уншиж, үүнээс гүн гүнзгий, байнгын сүнслэг тэжээл авах дуртай.”18 “Энэ бол Есүс бол Христ гэдгийг гэрчилсэн мөн бидэнд байгаа, хамгийн хүчирхэг бичигдсэн гэрчлэл юм19 хэмээн гэрчилжээ.
Их Эзэн бат зогсох өөр нэгэн арга замыг та нарт өгсөн билээ. Энэ арга зам нь дайсны шуурганаас илүү хүчирхэг сүнслэг бэлэг юм! Тэр “ариун газруудад зогсогтун … мөн бүү шилжин нүүлгэгд”20 хэмээн хэлсэн.
Намайг өсвөр насны хүүхэд байхад сүмд ердөө 13 ариун сүм байдаг байсан. Одоо 142 ариун сүм байна. Сүмийн гишүүдийн 85 хувь нь ариун сүмээс 320 км дотор амьдарч байна. Их Эзэн та нарын үеийнхнийг өөр ямар ч үеийнхнээс илүү, ариун сүмд орох боломжоор хангасан билээ.
Та нар ариун сүмд цагаан хувцас өмсөн, баптисм хүртэхээр хүлээж үзсэн үү? Та нарт ямар мэдрэмж төрж байсан бэ? Ариун сүмд ариун зүйлүүдийн талаар хүчирхэг мэдрэмж төрдөг. Аврагчийн амар амгалан дэлхийн хуйларч буй хар салхийг ялан дийлдэг.
Та нарын ариун сүмд мэдэрдэг тэрхүү мэдрэмж нь та нарын амьдралдаа мэдрэхийг хүсдэг загвар юм.21
Та нараас өмнө амьдарч байсан өвөө, эмээгээ болон холын хамаатнуудаа олж мэд. Тэдний нэрийг ариун сүмд авч ор.22 Та нар өвөг дээдсийнхээ тухай олж мэдэх үедээ амьдрал, гэрлэлт, үр хүүхдүүдийн талаарх загваруудыг, зөв шударгын загваруудыг олж харах ба бас заримдаа бүр зайлсхийхийг хүсэх тэрхүү загваруудыг ч олж харах болно.”23
Дараа нь ариун сүмд та нар дэлхийн бүтээлтийн тухай болон Адам, Ева хоёрын амьдралын загваруудын тухай мөн хамгийн чухал нь бидний Аврагч Есүс Христийн тухай суралцах болно.
Залуу ах, эгч нар аа, бид та нарт хичнээн их хайртай, та нарыг хичнээн их хүндэтгэдэг бас та нарын төлөө хичнээн их залбирдаг гээч. Та нарыг доош чирэх хүчийг хар салхинд бүү олго. Эдгээр өдөр нь Их Эзэн Есүс Христийн шавь нарын хувьд хүчтэй зогсох та нарын өдрүүд юм.24
Өөрсдийн Гэтэлгэгчийн хадан дээр сууриа илүү бат бөх баригтун.
Түүний зүйрлэшгүй амьдрал, сургаалуудыг илүү бүрэн дүүрэн үнэлж, цэгнэ.
Түүний жишээ, зарлигуудыг улам илүү хичээнгүйлэн дага.
Аврагчийн хайр, нигүүлсэл, ач ивээлийг мөн Түүний Цагаатгалын хүчирхэг бэлгүүдийг гүн гүнзгий хүлээн ав.
Та нар үүнийг хийснээр та нар сорилт, уруу таталт, хэрүүл маргаан болон бэрхшээлүүд та нарыг өсөж хөгжихөд туслахын тулд өгөгдсөн хар салхинууд байсныг та нар ойлгох болно гэдгийг би амлаж байна. Та нар зөв зохистой амьдарснаар жил ирэх тусам Есүс бол Христ гэдгийг туршлагууд тань та нарт ахин дахин батлах болно гэдгийг би баталж байна. Та нарын хөл доорх сүнслэг хад нь бат бөх, аюулгүй байх болно. Бурхан та нарыг Өөрийн алдар суундаа эргэн ирэх сүүлчийн бэлтгэлийнхээ нэг хэсэг болгон энд байхаар дуудсанд та нар баясах болно.
Аврагч “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирнэ”25 гэж хэлсэн билээ. Энэ бол та нарт өгсөн Түүний амлалт юм. Энэ амлалт нь бодит гэдгийг би мэднэ. Тэрээр амьд гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.