2010–2019
Шавь байхын адислал ба төлөөс
Дөрөвдүгээр сар 2014


14:45

Шавь байхын адислал ба төлөөс

Хүч зоригтой бай. Эргэн тойрныхон чинь сайн мэдээг үргэлж дагадаггүй байсан ч та нар итгэлтэйгээр сайн мэдээний дагуу амьдар.

Ерөнхийлөгч Монсон танд бид хайртай. Та Их Эзэний өгсөн бүхий л дуудлагат ажлыг хийхдээ ялангуяа хийж буй ариун үүрэгт ажилдаа зүрх сэтгэл, эрүүл мэндээ зориулсан. Энэ сүм бүхэлдээ таны гуйвшгүй үйлчлэлд болон ажил үүрэгтээ хувиршгүй үнэнч байдагт тань талархаж байна.

Би энэхүү хожмын өдрүүдэд гуйвшгүй бат бөх зогссон хэвээр үлдэх тэр бүх хүнд, тэр тусмаа сүмийн өсвөр үеийнхэнд хандан, өмнө нь та нарт тохиолдож байгаагүй байж болох ч гагцхүү Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас та нарт өөрсдийн итгэлийг хамгаалахаар дуудагдах магадгүй бүр хувь хүний хувьд гутаан доромжлуулах өдөр ирэх болно гэдгийг хэлье. Энэ үед та зоригтой бас найрсаг байх хэрэгтэй.

Жишээлбэл, саяхан нэгэн номлогч эгч надад бичихдээ: “Хамтрагч бид хоёр хотын төв гудамжны сандал дээр нэгэн эрэгтэй үдийн хоолоо идэж байхыг харсан юм. Биднийг дөхөж очих үед тэрээр дээш харан, номлогчийн энгэрийн тэмдгийг минь олж хараад бидэн рүү муухай харж, үсэрч босоод гар далайн, намайг цохих гэв. Би амжиж зайлсхийсэн боловч тэр өөрийнхөө идэж байсан хоолыг над руу нулимж, биднийг маш муухай үгээр харааж эхэллээ. Бид юу ч хэлэлгүй түүнээс холдов. Би нүүрэн дээрх хоолны үлдэгдлээ арчин цэвэрлэж байх үед ар дагзанд маань овоорсон төмсний нухаш онохыг мэдэрч билээ. Зарим үед номлогч байх үнэхээр хэцүү, яагаад гэвэл яг тэр үед би тэр жижиг биетэй эрэгтэй дээр очин заамдаж аваад “УУЧЛААРАЙ” гэж хэлүүлэхийг их хүсч байсан. Гэвч би тэгээгүй” гэжээ.

Би энэ үнэнч номлогчид хандан; охин минь, та даруу үйлдэл хийснээр Мормоны Номонд бошиглогч Иаков хэлсэнчлэн, “[Есүс Христийн] үхлийг тунгааж, мөн түүний загалмайг үүрэлцэж бас дэлхийн шившгийг хуваалцсан”1 онцгой эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүрээнд нэгдэн орлоо гэдгийг хэлэх гэсэн юм.

Есүс Христийн талаар Иаковын ах Нифай “Мөн энэ дэлхийнхэн, алдсынхаа учир, гологдсон зүйл мэт түүнийг шүүх болно; иймийн тул тэд түүнийг ташуурдахад, мөн тэрээр үүнийг тэвчинэ; мөн тэд түүнийг цохиход, мөн тэрээр үүнийг тэвчинэ. Тийм ээ, тэд түүнийг нулимах бөлгөө, мөн хүмүүний үрсийн зүг хандах өөрийн өгөөмөр хайр мөн өөрийн хүлцэнгүй тэсвэрлэлийн учир тэрээр үүнийг тэвчих болно”2 хэмээн бичсэн байдаг.

Аврагч энэ бүх зовлонг өөрийн биеэр туулсантай адил үе үеийн бүх хүмүүс дотор Бурханыг дээдэлж, хүмүүний гэр бүлд “илүү давуу замыг харуулъя”3 гэсэн бошиглогч, төлөөлөгч, номлогч, гишүүд өндөр төлөөс төлж байсан болон тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тухай ихээхэн урт түүх бий.

“[Тэдний талаар] би бас юу ярих вэ?” гэж Еврей номыг бичигч асуугаад

“[Тэд] … арслангуудын амыг хааж,

галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа …

Өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч, зарим хүмүүс тамлагдаж [байхыг харсан].

Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.

Тэд чулуугаар шидүүлэн, … соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, … хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.

Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ”4 хэмээн бичжээ.

Тэнгэр элчүүд Бурханы тушаалуудын эсрэг дайсагнасан энэ дэлхий дээр шавь байхын өндөр үнийн талаар тэмдэглэж суухдаа нулимс дуслуулж байсан нь мэдээж юм. Аврагч Өөрийн биеэр олон зуун жилийн турш Түүний үйлчлэлийг хийхийн тулд гадуурхагдан хавчигдаж, амиа алдсан хүмүүсийн төлөө уйлж байсан юм. Тэр Өөрөө ч гэсэн эсэргүүцэгдэн, хөнөөгдсөн билээ.

“Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.

Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна”5 хэмээн Есүс дуу алдаж байв.

Дээрх мөрүүдэд сүмийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан захиас оршиж байгаа юм. Та нар сургууль дээрээ ёс зүйн талаарх үзэл бодлоо зоригтой хамгаалан зогсох эсвэл өөрийн хамгийн эрхэм итгэлийг доромжилж гутаахыг харах гэж номлолд явах аль эсвэл зарим тохиолдолд сүсэг бишрэлтэй байхыг дооглон тохуурхах энэ нийгмийн эсрэг тэмцэх нь ямар ач холбогдолтой юм бол гэж эргэлзэж байж магадгүй юм. Тийм ээ, энэ нь маш их ач холбогдолтой. Учир нь, хэрэв бид үүнийг хийхгүй бол бидний “гэр орон” эзгүйрч; хувь хүн, гэр бүл, айл хөрш, улс орон хоосрох болно.

Тэгэхээр энэ бүхэн Мессиагийн мэдээг гэрчлэхээр дуудагдсан хүмүүсийн үүрэх ачаа юм. Үүнээс гадна зааж сургах, урамшуулан дэмжих, сэтгэлийн дэм үзүүлэх зэрэг (шавь байхын давуу талууд) байдаг ч зарим үед бусдын төлөө санаа зовох, сэрэмжлүүлэх, хааяа тэдний төлөө нулимс дуслуулах зэрэг (дагалдагч байхын хэцүү талууд) ч бас бий. Тэд “сүү балаар бялхсан”6 бодит амлагдсан нутаг руу аваачих тэр зам “болно” бас “болохгүй”7 гэдгээр дүүрсэн Синай уулаар дамжин гардаг болохыг сайн мэднэ.

Харамсалтай нь, Бурханы тэнгэрлэг зарлигуудыг дамжуулагч элчүүд орчин цагт эрт дээр үеийнхтэй адил нэр хүндтэй байхаа больсныг нулимуулан доромжлуулж, төмсөөр шидүүлсэн хоёр номлогч эгч нарт тохиолдсон явдал нотолж байна. Үзэн ядалт гэдэг нь муухай үг хэдий ч өнөө үед зохисгүй Ахабтай адил “тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин үргэлж бузар мууг хэлдэг учир би [бошиглогч Микаг] үзэн яддаг”8 гэж хэлэх хүмүүс бий. Бошиглогчийн үнэнч байдлыг үзэн ядсан ийм үзэн ядалт Абинадайн аминд хүрсэн юм. Учир нь тэр Ноа хаанд “мөн та нарт би үнэнийг хэлсэн учир та нар надад уурлах бөлгөө. Мөн түүнчлэн, би Бурханы үгийг ярьсан учир та нар намайг галзуу хэмээн шийдсэн болой”9 гэж хэлжээ. Бид галзуу гэдгийг хөдөөний, хуучинсаг, харалган, хахир хатуу, явцуу үзэлтэй, хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн гэх мэтээр тайлбарлаж ч болно.

Их Эзэн Исаиад гашуудан уйлсан байдаг:

“[Тэдгээр] хөвгүүд ... ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.

Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж, эш үзүүлэгчдэд ”Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.

Замаа орхиж, жимээсээ гарагтун. Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.”10

Залуу найзууд минь, харамсалтай нь хүмүүс ямар ч бурхадыг хүссэн бай, тэр бурхад нь тэднээс ихийг шаарддаггүй, завийг ганхуулах нь битгий хэл сэлүүрдүүлдэг ч үгүй; бидний толгойг илж, инээлгэж саатуулсны дараа явж цэцэг түү гэж хэлдэг аятайхан бурхад байгаасай гэж хүсч байдаг нь бидний үеийнхний нийтлэг шинж чанар юм.11

Хүн өөрийн дүрээр Бурханыг бүтээснийг энд дурдаад ч хэрэггүй биз! Заримдаа энэ хүмүүс Есүсийн нэрийг барин, Түүнийг “аятайхан” Бурхан байсан гэж хэлдэг нь тун хачирхалтай. Тийм биш гэж үү? Тэр тушаалуудыг зөрчих нь бүү хэл тушаалуудыг зөрчих талаар бодож ч болохгүй гэсэн байдаг. Хэрвээ бид тушаалуудыг зөрчих талаар бодож л байвал аль хэдийн сэтгэл зүрхэндээ зөрчсөн гэсэн үг юм. Энэ бүхэн та нарын чихэнд сонсголонтой, хүн болгонд таарсан “аятайхан” сургаал шиг сонсогдож байна уу?

Нүглийг зүгээр л харах юм уу түүнд холоос хүрчихье гэсэн хүмүүс яах вэ? Есүс хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая. Хэрэв баруун гар чинь чамайг бүдрүүлбэл, тастаж хая.12 “Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм”13 гэж эрс шийдэмгий хэлсэн байдаг. Тэрээр Өөрийг нь зөвхөн аргадаж тайвшруулсан, аятайхан үгс хэлэх байх гэж бодож байсан хүмүүст ийнхүү сэрэмжлүүлсэн. Номлол айлдах бүрд суурин газрууд Түүнийг “нутгаасаа явахыг гуйж эхэлсэнд”14 гайхах хэрэггүй. Гайхамшиг болгоны дараа Түүний хүч чадлыг Бурханых биш харин чөтгөрийнх гэж хэлж байсанд ч гайхах хэрэггүй.15 “Есүс яах байсан бол?” гэх асуулт хүмүүсээс үргэлж эерэг хариу авахгүй нь ойлгомжтой юм.

Есүс мөнх бус үйлчлэлийнхээ оргил үед “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун”16 гэж хэлсэн байдаг. Яг ямар хайрын талаар ярьж байгаагаа сайтар ойлгуулахын тулд Тэрээр “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”17 мөн “Хэн боловч эдгээр тушаалуудаас хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлож, бусдад тийн сургавал тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно”18 гэж хэлсэн. Зөв шударга байдал үргэлж хайрыг дагаж байдаг тул энэ дэлхий дээр хамгийн ихээр хэрэгтэй байгаа зүйл бол Христийнхтэй адил хайр юм. Тэгэхээр хайр нь бидний уриа лоозон юм бол хайрын амьд жишээ болсон Түүний төлөө бид нүглийг хаяж, бусдын өчүүхэн төдий буруу үйлдлийг зөвтгөхөө болих хэрэгтэй. Нүглийг уучил гэсэн тушаал болон нүглийг зөвтгөх талаар өгсөн сэрэмжлүүлэг хоёрын хоорондын ялгааг орчин үед олон хүн мартсан байж болох ч Есүс тун ойлгомжтой илэрхийлсэн байдаг. Түүнд нүглийг уучлах эцэс төгсгөлгүй хүч байдаг ч нүглийг хэзээ ч зөвтгөж байгаагүй юм.

Найз нөхөд өө, тэр тусмаа миний залуу найз нар аа, зүрх зоригтой бай. Зөв шударга байдлаас ундран гарах цэвэр ариун Христийнхтэй адил хайр дэлхийг өөрчилж чадна. Би Есүс Христийн үнэн бөгөөд амьд сайн мэдээ дэлхий дээр байгааг мөн Түүний үнэн бөгөөд амьд сүмийн гишүүд та нар сайн мэдээг бусадтай хуваалцах гэж үнэхээр их хичээж байгааг тань гэрчилж байна. Би тэрхүү сайн мэдээний талаар болон сүмийн талаар гэрчлээд зогсохгүй; авралын ёслолуудын хүч чадал, үр ашгийг бидэнд нээж өгсөн сэргээгдсэн санваарын түлхүүрүүдийн талаар ч мөн гэрчлэх гэсэн юм. Би тэдгээр түлхүүр нь сэргээгдсэн гэдэгт мөн ёслолууд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээр дамжуулан дахин бүгдэд хүртээлтэй болсон гэдэгт индэр дээр та бүхний өмнө би зогсож байгаатай адил мөн энэ чуулганд та бүхэн миний өмнө сууж байгаатай адил итгэдэг болохоо хэлэх гэсэн юм.

Зоригтой бай. Эргэн тойрныхон чинь сайн мэдээг үргэлж дагадаггүй байсан ч та нар итгэлтэйгээр сайн мэдээний дагуу амьдар. Найрсаг байж, өрөвдөж хайрласан ч гэсэн та өөрийн итгэл үнэмшлийг хамгаалаарай. Энэ чуулган дээр сонсох зүйлүүд болон ерөнхийлөгч Томас С.Монсоны дөнгөж сая ярьсан зүйлүүд нь Христэд итгэгч шавийн замыг зааж өгөх болно. Энэ нь өргөн бус, шулуун бөгөөд нарийн зам ч та энэ замаар “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлж ..,”19 адал явдлаар дүүрэн, амжилттай аялж чадна. Та энэ замыг зоригтой дагаснаар гуйвшгүй итгэлийг олж, шууран өнгөрөх хор хөнөөлт салхины эсрэг хамгаалалтыг бий болгож, тэр байтугай хуй салхинаас хамгаалах оромжийг олон мөн Гэтэлгэгчийн хад адил хүч чадлыг мэдрэх болно. Та Түүний үнэнч шавь байх итгэлээ өсгөн хөгжүүлбэл та унах аргагүй20 байх болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.