2010–2019
“Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна”
Дөрөвдүгээр сар 2014


11:8

“Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна”

Бид Их Эзэнд илүү их итгэж, найдах үедээ биднийг адисалж, чөлөөлөх Түүний хүч болон эрх мэдэлд хүрэх боломжтой болдог.

Эцэг эх болох үеийн хайрын сэтгэл хөдлөм мэдрэмжийг юутай ч харьцуулшгүй юм. Энхрий хонгор үрээ тэнгэрээс шууд хүлээж авахаас илүү эрхэм сайхан зүйл гэж юу байх билээ? Миний нэг эрэгтэй дүү бүр ч илүү сэтгэл догдлуулам замаар энэхүү туршлагыг олж авсан юм. Түүний ууган хүү дутуу төрсөн бөгөөд 1,3-хан килограмм жинтэй байлаа. Хантэр амьдралынхаа эхний хоёр сарыг эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт өнгөрүүлсэн юм. Энэ хэдэн сар гэр бүлийнх нь хувьд сэтгэлийн хөдлөл ихтэй үе байсан бөгөөд бид Их Эзэнээс тусламж гуйн, Түүнд найдаж байлаа.

Бяцхан Хантэрт тусламж их хэрэгтэй байсан бөгөөд тэр амьдрах эрч хүч олж авахын төлөө тэмцэж байв. Хайртай аав нь булбарайхан үрдээ сэтгэлийн дэм өгөхийн тулд хүчирхэг гараараа өөдсийн чинээхэн гарыг нь үе үе атгадаг байлаа.

Бурханы бүх хүүхдийн хувьд тийм л байдаг. Тэнгэрлэг Эцэг хязгааргүй их хайраараа хүн бүр рүү мутраа сунгадаг. Тэрээр бүх зүйлийн дээр эрх мэдэлтэй бөгөөд бидэнд сурч, өсч хөгжин, Түүнд эргэн очиход туслахыг хүсдэг. Энэ нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”1 Эцэгийн зорилгыг тодорхойлдог билээ.

Бид Их Эзэнд илүү их итгэж, найдах үедээ биднийг адисалж, чөлөөлөх Түүний хүч болон эрх мэдэлд хүрэх боломжтой болдог.

Мормоны Номонд хүүхдүүдээ чөлөөлөх Их Эзэний хүчний тухай тун гайхалтай онцлон бичсэн байдаг. Номын эхний бүлэгт Нифай энэ тухай танилцуулсан бөгөөд 20-р шүлэгт “Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир бүр тэднийг аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгохоор сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдгийг би, Нифай та нарт үзүүлэх болно”2 хэмээн бичсэн билээ.

Олон жилийн өмнө энэ шүлгэнд дүрсэлсэн үнэнийг би хувийн замаар ойлгож авсан юм. Тэнгэрлэг Эцэг бидэнд хэчнээн ойр байдаг хийгээд бидэнд туслахыг ямар их хүсдэг болохыг мэдэж авч билээ.

Нэгэн харанхуй орой хүүхдүүдтэйгээ машинаар явж байхдаа эзгүй замаар алхаж яваа нэгэн хүүг би олж харсан юм. Хажуугаар нь өнгөрсний дараа буцаж очоод түүнд туслах хэрэгтэй гэсэн гүнзгий мэдрэмж надад төрөв. Гэвч харанхуй шөнө танихгүй хүн хажууд нь очиж, зогсвол тэр айх байх гэж санаа зовоод буцаж очилгүй цааш явлаа. Мөнөөх тодхон мэдрэмж санаанд минь дахин орж ирэн, “Очоод тэр хүүд тусал!” гэж хэлэв.

Би буцаж очоод нөгөөх хүүд “Чамд тусламж хэрэгтэй юү? Чамд туслах хэрэгтэй гэсэн мэдрэмж надад төрлөө” гэхэд

тэр бидэн рүү хараад “Эгч ээ, тэгээч дээ. Хэн нэгэн надад туслаач гэж би залбирсан юм” хэмээн нулимс урсган хэллээ.

Түүний тусламж эрсэн залбирал надад ирсэн сүнслэг мэдрэмжээр хариулагдсан юм. Сүнснээс тийм тодорхой удирдамж хүлээн авсан энэхүү туршлага маань үнэхээр хүчтэй байсан бөгөөд би одоо хүртэл маш сайн санадаг.

25 жилийн дараа буюу одоогоос хэдхэн сарын өмнө эрхэм их нигүүлслийн шалтгаанаар энэ хүүтэй би дахин холбоо тогтоосон юм. Бидэнд тохиолдсон тэр явдал зөвхөн минийх биш бас түүний ч түүх болон үлдсэнийг би олж мэдсэн билээ. Дэрик Найнс одоо гэр бүлтэй эцэг хүн болсон. Тэр ч бас тэрхүү туршлагаа хэзээ ч мартаагүй ажээ. Энэ нь бидэнд Бурхан бидний залбирлыг сонсож, хариулдаг гэдэгт итгэх итгэлийн суурийг тавихад маань тусалсан. Бурхан биднийг харж, хамгаалж байдаг бөгөөд бид ганцаараа биш гэсэн зарчмыг бид хоёр хоёулаа хүүхдүүддээ заахдаа ашигласан байлаа.

Тэр орой Дэрик сургуулийнхаа нэг үйл ажиллагаанд оролцоод оройтсон бөгөөд хамгийн сүүлчийн автобуснаас хоцорсон байжээ. Өсвөр насны хүүхэд тэрээр гэртээ хүрнэ гэсэн итгэлээр алхаж эхэлжээ.

Эзгүй замаар цаг гаруй алхсан байна. Гэсэн ч тэр гэрээсээ хэдэн километрийн зайтай, ямар ч хүн амьтан харагдахгүй газар байсан болохоор айж байв. Тэр цөхрөн, овоолсон шорооны ард ороод өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсчээ. Дэрик зам дээр буцаж гарч ирснээс хэдхэн минутын дараа түүний залбиран гуйсан тусламжийг үзүүлэхээр би зогссон байна.

Энэ олон жилийн дараа Дэрик “Хариугүй туранхай, жулдрай хөвгүүн надад Их Эзэн үргэлж анхаарал халамж тавьдаг байсан. Тэрээр дэлхий дээр болж байсан бусад бүх зүйлийг үл харгалзан миний нөхцөл байдлыг мэдэж, тусламж илгээхүйц хангалттай их намайг хайрласан юм. Замын хажууд тохиолдсон тэр явдлаас хойш Их Эзэн миний залбирлуудад олон ч удаа хариулсан. Түүний хариултууд үргэлж ойлгомжтой байдаггүй бөгөөд тэр даруй ирдэггүй ч миний тухай Түүний ойлголт тэр нэгэн ганцаардсан шөнийнх шиг өнөөдөр ч гэсэн тов тодорхой байна. Би дэлхийн ачаа дарамтуудыг мэдэрсэн үедээ гэртээ аюулгүй харих замыг минь харах төлөвлөгөө Түүнд үргэлж байдгийг мэддэг” гэж дүрслэн хэлсэн юм.

Дэрикийн хэлсэн шиг залбирал бүр шууд хариулагддаггүй. Гэвч Эцэг биднийг мэддэг бөгөөд зүрх сэтгэлийн маань гуйлтыг сонсдог. Тэрээр залбирал тус бүрт хариулж, хүн бүрт нэг бүрчлэн туслан Өөрийн гайхамшгийг гүйцэлдүүлдэг.

Тэр бидний хүссэн замаар биш юм аа гэхэд өсч хөгжихөд маань хамгийн сайн туслах арга замаар бидэнд тусална гэдэгт бид итгэж болно. Өөрсдийн хүслийг Түүний хүсэлтэй нийцүүлэх нь хэцүү байж болох ч Түүнтэй адил болж, бидэнд санал болгодог амар амгаланг олох нь чухал юм.

“Би хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон үедээ залбирдаг. Унтаж байхад, сэрүүн байхад ч цаг үргэлж л хэрэгцээ шаардлага гарч байдаг болохоор би залбирдаг. … Энэ нь Бурханыг өөрчилдөггүй. Намайг өөрчилдөг”3 хэмээн С. С.Луис дүрсэлж хэлснийг бид мэдэрч чадна.

Их Эзэнд итгэж, Түүний тусламжийг аван чөлөөлөгдсөн хүмүүсийн талаарх олон түүх судруудад байдаг. Аварга том биет Голиатын гарт зайлшгүй үхэх аюулаас Их Эзэнд найдсанаар мултарч чадсан залуу Давидын тухай бодоод үзэцгээе л дээ. Амийг нь авахыг эрэлхийлсэн ах нараасаа чөлөөлж өгөхийг Бурханаас итгэлтэйгээр гуйсан Нифайг ч бас бодож үзээрэй. Их Эзэний тусламжийг эрэлхийлэн залбирсан залуу Иосеф Смитийг мөн санагтун. Тэрээр харанхуйн хүчнээс чөлөөлөгдөж, гайхамшигтай хариулт хүлээн авсан. Тэд бүгдээрээ бодит хийгээд хэцүү сорилтуудтай тулгарсан юм. Бүгд Түүний тусламжийг хүлээн авсан. Бидний үед ч Бурханы хүүхдүүдийн амьдралд Түүний хүч болон хайр илэрхийлэгдсээр л байна шүү дээ.

Саяхан би Зимбабве, Ботсвана хоёр улсын итгэлтэй гэгээнтнүүдийн амьдралаас үүнийг олж харсан юм. Нэгэн жижигхэн салбарын мацаг ба гэрчлэлийн цуглаан дээр хүүхэд, өсвөр насныхны болон насанд хүрэгчдийн гэрчлэлээр дамжуулан би даруусч, сүнслэгээр нөлөөлөгдсөн билээ. Хүн бүр Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийнхээ хүчирхэг илрэлийн тухай хуваалцсан. Тэд өөрсдөд нь тулгарч байгаа сорилт, хүнд хэцүү нөхцөл байдалдаа өдөр бүр Бурханд итгэж амьдардаг. Тэд “Би Бурханд маш их талархаж байна” гэцгээн байн байн талархлаа илэрхийлэн, амьдралд нь нөлөөлдөг Их Эзэний мутар байдаг гэдгийг мэдэж байлаа.

Хэдэн жилийн өмнө нэгэн итгэлтэй гэр бүл Их Эзэнд итгэх итгэл найдварын үлгэр жишээг манай тойргийн гишүүдэд үзүүлсэн юм. Арн хорт хавдартай байхдаа Вэнита Гатрэллийн хамт аз жаргалтай амьдарч байлаа. Өвчний явцын талаарх урьдчилсан дүгнэлт нь тун сайнгүй буюу түүнд хэдхэн долоо хоног л амьд явах хугацаа үлдсэн гэжээ. Гэр бүл нь сүүлчийн удаа бүгд хамтдаа байхыг хүссэн байна. Бүх хүүхэд нь цугларсан бөгөөд зарим нь бүр холоос ирэв. Тэдэнд хамтдаа байх үнэ цэнэтэй 48-хан цаг байв. Гатрэллийнхан гэр бүлийн зураг авахуулах, хамтдаа оройн хоол идэх, Солт Лэйкийн ариун сүмд орох зэрэг хамгийн чухал үйл ажиллагаануудыг сонгожээ. Вэнита “Ариун сүмийн хаалгаар гарах үедээ бид энэ амьдралд сүүлчийн удаа хамтдаа байна” гэж хэлж байсан билээ.

Гэвч тэд энэ амьдралаас ч илүү зүйл тэдэнд байгаа гэсэн итгэлтэй харьсан юм. Тэд ариун сүмийн эрхэм нандин гэрээнүүдээр дамжуулан Бурханы амлалтуудад найддаг. Тэд үүрд хамтдаа байж чадна.

Дараагийн хоёр сар тоолохын аргагүй олон адислалаар дүүрэн байжээ. Вэнитагийн хэлснээр Арн, Вэнита хоёрын Их Эзэнд итгэх итгэл найдвар өссөөр байв. Тэрээр “Бурхан намайг үүрч байлаа. Сэтгэл санааны хямралтай байсан ч амар амгаланг мэдэрч болдог гэдгийг би сурч мэдсэн. Их Эзэн биднийг харж хандаж байсныг би мэдэж байв. Бид Их Эзэнд итгэж найдвал амьдралын ямар ч бэрхшээлийг даван гарч чадна” гэж хэлжээ.

Нэг охин нь “Бид аав, ээжийнхээ жишээнээс хардаг байсан. Тэдний итгэлийг мөн энэ хэцүү үеийг хэрхэн туулж байсныг бид харсан. Би ийм сорилтыг дахиж хүсэхгүй, гэхдээ үүнийг биднээс авахыг ч бас хүсэхгүй. Бид Бурханы хайраар хүрээлүүлж байсан юм” гэж нэмж хэлсэн юм.

Арн нас барсан нь Гатрэллийн гэр бүлийнхний хүсч байсан зүйл мэдээж биш юм. Гэвч тэдний зовлон итгэлдээ эргэлзэхэд тэднийг хүргээгүй юм. Есүс Христийн сайн мэдээ бол хийх зүйлсийн жагсаалт биш, харин бидний зүрх сэтгэлд оршин байдаг зүйл билээ. Сайн мэдээ бол “ачаа дарамт биш, харин ачааг маань хөнгөлж өгдөг зүйл юм”4. Энэ нь бэрхшээлийг даван гарахад бидэнд тусалдаг. Гатрэллийн гэр бүлд ч тусалсан юм. Тэд зовлон бэрхшээлтэй үедээ амар амгаланг мэдэрсэн. Тэд бие биеэ түшиж, ариун сүмд хийсэн гэрээнүүдээ чанд сахидаг байлаа. Тэд Их Эзэнд итгэж найдах чадвараа хөгжүүлж, Есүс Христэд итгэх итгэл хийгээд Түүний Цагаатгалын хүчээр хүчирхэгжиж байв.

Христийн дагалдагч болох замын хаана нь ч байсан, бидний зовлон бэрхшээл, сэтгэлийн шаналал ямар ч байсан бид ганцаараа биш. Таныг мартагдаагүй. Дэрик, Африкийн гэгээнтнүүд мөн Гартреллын гэр бүлийнхнийхтэй адил бид хэрэгтэй зүйлсийнхээ төлөө Бурханы мутарт хүрэхийг сонгож болно. Бид Их Эзэнд итгэн, залбирснаар зовлон бэрхшээлийг сөрөн зогсож чадна. Энэ үйл явцаар дамжуулан бид Түүнтэй илүү адилхан болно.

Их Эзэн бид бүгдэд хандан “Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална”5 хэмээн хэлсэн билээ.

Бурхан Эцэг биднийг мэддэг, бидэнд туслахаар мутраа сунгадаг гэсэн даруухан боловч өөрчлөгдөшгүй бат гэрчлэлээ хуваалцаж байна. Түүний Хайртай Хүү, Есүс Христээр дамжуулан бид энэ дэлхийн бэрхшээл зовлонг даван туулж, гэртээ аюулгүй эргэж харих боломжтой. Мөн би Түүнд найдах итгэл бидэнд байх болтугай хэмээн Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. Moсе 1:39.

  2. 1 Нифай 1:20.

  3. Виллиам Николсон, Shadowlands (1989), 103 дээр дүрслэгдсэнийг С. С Луис эш татав.

  4. Харри Эмэрсон Фосдик, Twelve Tests of Character (1923), 88.

  5. Исаиа 41:10.