Эгч дүүс: Ай, бид нэг нэгэндээ хичнээн их хэрэгтэй билээ
Бид ялгаатай талууд дээрээ анхаарлаа хандуулахаа больж, ижил төстэй зүйл байгаа эсэхийг хайх хэрэгтэй.
Бид энэ бичлэгэн дээр найман улсыг харж, есөн өөр хэлийг сонслоо. Өөр хэдэн хэл уг дууны хамгийн сүүлийн шүлэг дээр нэмэгдсэнийг төсөөлөөд үзээрэй. Дэлхий даяар эгч дүүс бид бол Тэнгэрлэг Эцэгийн хайртай охид хэмээх мөнхийн үнэний талаарх гэрчлэлээ дуу өргөн гэрчлэх боломжтой байсан нь үнэхээр гайхамшигтай зүйл юм.
Энэхүү түүхэн үйл явдалд оролцон, сүмийн гишүүн бүх насны эмэгтэйчүүддээ хандан үг хэлж байгаа минь агуу их аз завшаан билээ. Энэ үдэш бидний эв нэгдэлд асар их хүч байна. Чуулганы төвд цугларсан та бүхнийг харахад мөн дэлхий дахинаа цуглааны байруудад энэхүү хуралдааныг шууд дамжуулан үзэж байгаа мянга мянган эгчийг төсөөлөн бодоход Есүс Христэд итгэх бидний итгэл, гэрчлэлийн нэгдмэл хүч сүмийн, магадгүй дэлхийн түүхэн дэх эмэгтэйчүүдийн хамгийн хүчирхэг, итгэлээр дүүрэн чуулга уулзалтуудын нэгийг бүрдүүлж байна.
Сүм дэх эмэгтэйчүүдийн хувьд бид энэ орой өөр өөрсдийн үүрэг хариуцлагууддаа баясаж байна. Хэдийгээр бид олон талаараа ялгаатай мөн онцгой ч гэсэн бүгдээрээ нэгэн Тэнгэрлэг Эцэгийн охид бөгөөд энэ нь биднийг эгч дүүс болгодог билээ. Бид нөхцөл байдлаасаа үл хамааран Бурханы хаант улсыг байгуулахад болон хийсэн гэрээнүүддээ нэгдмэл байдаг. Охид, эмэгтэйчүүдийн энэхүү хуралдаан нь дэлхий дээрх хамгийн гайхамшигтай эгч дүүсийн харилцаа болж байгаа нь эргэлзээгүй юм!1
Бид эгч дүүс байх нь мөхөшгүй харилцааны бат илэрхийлэл болдог. Эгч дүүс бие биенээ халамжилж, тайтгаруулж, нэг нэгэндээ сэрэмжлүүлж, сайн сайхан, хэцүү бэрх аль ч цагт бие биедээ түшиг болж ойр байдаг. Их Эзэн “Би та нарт хэлнэ, нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”2 хэмээн хэлсэн билээ.
Дайсан биднийг нэг нэгнээ шүүмжилж эсвэл шүүхийг хүсдэг. Тэр биднийг өөрсдийн ялгаатай талууддаа анхаарч, өөрсдийгөө бусадтай харьцуулаасай гэж хүсдэг. Би цахилгаан шат ашиглахын оронд хоёр давхар өөд шатаар явахыг биеийн хүчний томоохон дасгал гэж боддог байхад та сайхан мэдрэмж авдаг учраас өдөр бүр нэг цаг идэвхтэй дасгал хийх дуртай байж болно. Тэгсэн ч бид найзууд байж болно, тийм биз дээ?
Эмэгтэйчүүд бид ялангуяа өөрсдөдөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулах үедээ үргэлж дутмаг байдлаа мэдрэх юм уу бусдад атаархдаг. Патриша Т.Холланд эгч “Бид өөрсдийгөө Христийн шашинтан хэмээн хялбархан нэрлэчихээд бусдыг эсвэл өөрсдийгөө хатуу хахир шүүгээд байж болохгүй”3 хэмээсэн байдаг. Тэрээр мөн бидэнд энэрэх сэтгэл, эгч дүүсийн харилцаанаасаа татгалзаж болох ямар ч чухал шалтгаан байхгүй гэж тайлбарлажээ. Бид зүгээр л тайвширч, бурханлаг ялгаатай талууддаа баясах хэрэгтэй. Бид бүгд онцгой авьяас чадвар, бэлгүүдээ ашиглан хаант улсад үйлчлэхийг хүсч байгаагаа анзаарч мэдэх хэрэгтэй. Тэгээд эгч дүүсийн харилцаа, нөхөрлөлдөө баясан, үйлчлэл үзүүлж болно.
Бид үнэхээр бие биедээ хэрэгтэй гэдэг нь үнэн юм. Эмэгтэйчүүд нэгдмэл байдал, дэмжлэг, нөхөрсөг харилцааг төрөлхийн л эрэлхийлж байдаг. Бидэнд бие биенээсээ суралцах зүйл маш их байдаг бөгөөд бидний өөрсдөө бий болгосон саад бэрхшээл нь амьдрал дахь хамгийн агуу адислалуудын маань нэг болох нөхөрсөг харилцаандаа сэтгэл хангалуун байхаас маань биднийг холдуулдаг. Жишээлбэл, Эмэгтэйчүүд бидэнд хүүхдийн хэсгийн охидоос суралцах зүйлс их байдаг. Бид та нараас Христийнхтэй адил үйлчлэл хийгээд хайрын талаар ихийг мэдэрдэг.
11 настай Сара хэмээх бяцхан охины тухай гайхалтай түүх би саяхан сонссон юм. Төв мэдрэлийн тогтолцооны үрэвсэлтэй Брэнда хэмээх тойргийнхоо нэгэн эмэгтэйд туслах боломж Сарагийн ээжид гарчээ. Сара ээжтэйгээ хамт Брэндад туслахаар явах дуртай байв. Брэндагийн гар нь байнга өвддөг байсан болохоор тэр гаранд нь тос түрхэж, иллэг хийж өгдөг байжээ. Дараа нь Брэндагийн гарыг толгой дээгүүр нь алгуурхан давуулж, булчингийн дасгал хийлгэж сурав. Ээж нь Брэндагийн бусад зүйлст санаа тавьж байх хооронд Сара түүний үсийг самнан, түүнтэй яриа өрнүүлдэг байжээ. Сара бусдад туслахын ач холбогдол болоод баяр баяслын талаар сурч, хүүхэд хүртэл хэн нэгний амьдралд том өөрчлөлт хийж чаддаг болохыг ойлгосон аж.
Лукын эхний бүлэгт Есүсийн ээж Мариа болон түүний үеэл Елизабет нарын хоорондын эелдэг харилцааг дүрсэлсэн жишээнд би дуртай. Мариа Бурханы Хүүгийн эх болох гайхамшигтай үүргийнхээ талаар мэдэж авахдаа залуухан эмэгтэй байсан юм. Энэ нь эхлээд ганцаараа үүрэхэд хэцүү үүрэг хариуцлага мэт санагдсан байх. Их Эзэн Өөрөө Мариад үүрэг хариуцлагыг нь хуваалцах хүнийг өгсөн билээ. Тэнгэр элч Габриелын мэдээгээр дамжуулан Мариа тусламж дэмжлэг авч болох итгэлтэй, энэрэнгүй эмэгтэйн нэрийг хүлээж авдаг бөгөөд энэ нь түүний үеэл Елизабет байсан юм.
Гэрлээгүй залуухан эмэгтэй мөн “олон жил хүүсэр байсан”4 түүний үеэл хоёр гайхамшигт жирэмсэлсэн байдлаараа нэгдэж, бие биедээ тусалдаг байсан ба ярилцаж, бие биенийхээ сэтгэлийг ойлгон, онцгой дуудлагад нь нэг нэгэндээ дэмжлэг үзүүлсэн бөгөөд хамтдаа өнгөрүүлсэн гурван сар хоёуланд нь хэчнээн чухал байсныг би төсөөлж л чадна. Тэд бие биенээ халамжилдаг, насны зөрүүтэй эмэгтэйчүүдийн ямар гайхалтай жишээ вэ.
Арай эгчмэд бид залуу үеийнхэндээ агуу их нөлөө үзүүлж чадна. Ээжийг минь бяцхан охин байхад аав, ээж нь сүмийн идэвхгүй гишүүд байжээ. Бүр тавхан настай байхдаа ээж минь сүм рүү ганцаараа алхан, өөр өөр цагуудад болдог байсан хүүхдийн хэсэг, ням гаргийн анги, ариун ёслолын цуглаандаа оролцдог байсан гэсэн.
Саяхан би ээжээсээ аав, ээж нь ямар ч дэмжлэг, урам өгөөгүй байхад яагаад долоо хоног бүр явдаг байсныг нь асуухад тэр “Хүүхдийн хэсгийн багш нар маань надад хайртай байсан юм” гэж хариулж билээ. Багш нар нь түүнд санаа тавьж, сайн мэдээг заасан ажээ. Өөрийг нь хайрладаг Тэнгэрлэг Эцэг түүнд байдаг хэмээн тэд заасан бөгөөд долоо хоног бүр түүнийг сүмд нь ирэхэд нь санаа тавьдаг байжээ. “Энэ бол бага насны минь хамгийн чухал нөлөө байсан юм” гэж ээж минь надад хэлсэн. Хэзээ нэгэн өдөр тэдгээр гайхамшигтай эгч нарт талархах боломж надад олдоно гэж би найдаж байна! Христийнхтэй адил үйлчлэл үзүүлэхэд насны ялгаа хамаарахгүй.
Би хоёр долоо хоногийн өмнө Калифорнид нэгэн гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчтэй уулзсан юм. Түүний 81 настай ээж нь саяхан Миа Мэйдийн зөвлөхийн дуудлага хүлээн авсан тухай надад хэлсэн. Надад их сонирхолтой санагдсан бөгөөд ээж рүү нь утасдаж ярилцлаа. Бишоп нь Вал Бэйкэр эгчтэй уулзахыг хүсэхэд тэрээр өөрийгөө номын санч юм уу, тойргийн түүхчээр дуудагдах байх гэж таамаглажээ. Залуу эмэгтэйчүүдийн хэсэгт Миа Мэйдийн зөвлөхөөр үйлчлэх үү хэмээн асуухад нь тэр “Та үнэнээсээ хэлж байна уу?” гэж дуу алджээ.
Бишоп нь “Бэйкэр эгч ээ, алдаа гаргаж болохгүй шүү. Энэ дуудлага Их Эзэнээс ирсэн юм” хэмээн ёсорхуу хариулсан гэнэ.
“Тэгэлгүй яахав” гэхээс өөр хариулт түүнд олдоогүй хэмээн Бэйкэр эгч надад ярьсан билээ.
Тойргийнх нь дөрвөн Миа Мэйдэд энэ ахимаг настай эгчийн мэргэн ухаан, амьдралын туршлага болон үлгэр жишээнээс суралцах маш их зүйл байгааг мэдэрсэн бишопийн сүнслэг удирдамж надад маш сайхан санагдаж байна. Харин Бэйкэр эгч Фэйсбүк хаяг нээх тусламж хүсэхээр хэнд хандана гэж та нар бодож байна?
Залуу эмэгтэйчүүдийн хэсгээс Халамжийн Нийгэмлэг рүү дэвшин орох залуу эгч нарыг халуун дотно хүлээн авахад Халамжийн Нийгэмлэгийн эгч нарын үзүүлэх агуу тусламжийн талаар би боддог. Залуу эгч нар маань Халамжийн Нийгэмлэгийн нэг хэсэг нь болж чадахгүй болов уу эсвэл тэдэнтэй ижил төстэй зүйл байхгүй байх болов уу хэмээн санаа зовнидог. Тэдэнд Халамжийн Нийгэмлэгийн нэгэн хэсэг байснаар амьдралд нь ирсэн агуу адислалуудын талаар 18 нас хүрэхээс нь өмнө баяртайгаар гэрчлэх Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид болон ээжүүд нь хэрэгтэй байдаг. Тэд энэхүү гайхамшигтай байгууллагын нэгэн хэсэг болохдоо урам зориг мэдрэх хэрэгтэй. Залуу эмэгтэйчүүд Халамжийн Нийгэмлэгт хамрагдаж эхлэх үед нь хажууд нь суух найз, мөрөөр нь тэврэх эгч, зааж, үйлчлэх боломж хэрэгтэй болдог. Бүгдээрээ өөрчлөлт болон амьдралын чухал мөчүүдэд нь нэг нэгэндээ туслахаар чармайя.
Бусдыг адисалж, тэдэнд туслахын тулд нас болон зан заншлын ялгааг үл харгалзан хичээж байдаг Сүмийн бүх эмэгтэйчүүдэд талархал илэрхийлж байна. Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн хүүхдүүд болон ахимаг насныханд байнга тусалдаг билээ. Бүх насны ганц бие эгч нар эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээнд анхаарлаа хандуулахад асар их цаг зарцуулдаг. Дэлхий дахинд сайн мэдээг хуваалцахын тулд амьдралынхаа 18 сарыг зарцуулж байгаа мянга мянган залуу эмэгтэйг бид маш ихээр үнэлдэг. Эдгээр бүхий л зүйл нь бидний хайртай дуулал дахь “Тэнгэр элчийн үүргийг эмэгтэйчүүдэд өгсөн”5 хэмээх хэсгийг нотолдог.
Хэрэв саад бэрхшээл байгаа бол бид өөрсдөө түүнийг бүтээдэг. Бид ялгаатай талууд дээрээ анхаарлаа хандуулахаа больж, ижил төстэй зүйл байгаа эсэхийг хайх хэрэгтэй. Тэгснээр бид хамгийн агуу боломжуудаа таньж, дэлхийн энэ амьдралдаа хамгийн сайн сайханд хүрч чадна. Маржорий П.Хинкли эгч “Ай, бид нэг нэгэндээ хичнээн их хэрэгтэй билээ. Өндөр настай бидэнд залуучууд та нар хэрэгтэй. Залуучууд та нарт өндөр настай бидний зарим зүйл хэрэгтэй гэж найдаж байна. Эмэгтэйчүүд нэг нэгэндээ хэрэгтэй гэдэг нь социологийн судалгааны баримт юм. Бидэнд сэтгэлд гүн гүнзгий агаад таатай мөн үнэнч нөхөрлөл хэрэгтэй”6 хэмээн хэлсэн. Хинкли эгчийн зөв шүү; ай, бид нэг нэгэндээ хичнээн их хэрэгтэй билээ!
Эгч нар аа, Хожмын үеийн эмэгтэйчүүд бидэн шиг илүү агуу адислалууд авах боломжтой өөр ямар ч эмэгтэйчүүдийн бүлэг гэж дэлхий дээр байхгүй. Бид Их Эзэний сүмийн гишүүд бөгөөд хувийн нөхцөл байдлаасаа үл хамааран бид бүгдээрээ баптисм болон ариун сүмд хийсэн гэрээнүүдээ сахиснаар санваарын хүчний бүрэн адислалд баясаж чадна. Биднийг удирдаж, бидэнд заадаг амьд бошиглогчид бидэнд бий. Бидний амьдралд тайргаруулагч, хөтчөөр үйлчилдэг Ариун Сүнсний гайхалтай бэлгэнд бид баясдаг. Гэр орон болон гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхдээ зөв шударга ах нартай хамтран ажиллахаар бид адислагдсан. Бидэнд ариун сүмийн ёслолуудын хүчийг ашиглахаас гадна өөр олон боломж байдаг.
Эдгээр бүх гайхамшигт адислалд баясахаас гадна, бидэнд Есүс Христийн сайн мэдээн дэх эгч нар байгаа. Эргэн тойрныхоо хүмүүст Христийнхтэй адил хайр болон үйлчлэлийг үзүүлэх боломж өгдөг өр нимгэн, энэрэнгүй чанаруудтай байхаар бид адислагдсан билээ. Бид нэг нэгнээ халамжилж, бие биедээ үйлчлэхдээ нас, зан заншил, нөхцөл байдлын ялгаанаас цааш харах үедээ Христийн цэвэр хайр болон хэнд, хэзээ үйлчлэхээ мэдэхэд биднийг удирддаг сүнслэг нөлөөллөөр дүүрдэг.
Би Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн хэлж байсан “Би та бүхнийг нэг нэгнээ илүү ихээр хайрлахаас гадна тэрхүү хайраа үйлдэл болгохыг илүү их хичээгээрэй хэмээн урьж байна””7 гэх уриалгыг та бүхэнд хүргэж байна. Бид нэг нэгэндээ хичнээн их хэрэгтэй болохоо ухаарч, нэг нэгнээ илүү сайн хайрлах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.