2010–2019
Учир нь баялаг тань хаана байна ...
Дөрөвдүгээр сар 2014


9:27

Учир нь баялаг тань хаана байна ...

Бид болгоомжтой байхгүй бол сүнслэг биш харин түр зуурын эд зүйлсийн араас хөөцөлдсөөр байх болно.

Энэ хэцүү цаг үе надад дахин тохиоход долоон жил болно гэж 2007 оны 10-р сарын Ерѳнхий чуулганы дараахан ерѳнхий эрх мэдэлтэн ах нарын маань нэг надад хэлж байсан юм. Миний сэтгэл амарч түүнд энэ долоон жил “элбэг дэлбэг долоон жил” байх болно гэж хэлж билээ. Ийнхүү энэ элбэг дэлбэг долоон жил тѳгсгѳлдѳѳ хүрлээ.

Ѳнгѳрсѳн нэгдүгээр сард миний хайрт гэргий Грэйс бид хоёр Филиппин дэх хүчтэй газар хѳдлѳлт ба далайн шуурганд нэрвэгдсэн сүмийн гишүүдтэй уулзах даалгавар авсан юм. Энэ даалгавар нь бидний залбирлын хариу байсан бѳгѳѳд хайрт Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэл, сайхан сэтгэлийн илэрхийлэл байв. Энэ нь бидний урт удаан хугацааны турш тэдэнд хайр энэрлээ биечлэн үзүүлэхсэн гэсэн хүслийн нэгээхэн хэсгийг биелүүлж ѳгсѳн юм.

Бидний уулзсан гишүүдийн ихэнх нь майхан, нийгэмлэгийн тѳв, сүмийн байр зэрэг толгой хоргодох газруудад амьдарч байв. Очсон айлуудын маань зарим нь тал дээвэртэй эсвэл бүр дээвэргүй болчихсон байсан. Тэр хүмүүс өмнѳ нь их эд хѳрѳнгѳтэй байгаагүй ч байсан жаахан юмс нь урсаад алга болчихсон байсан юм. Энд тэндгүй шавар болон нурсан балгас байв. Гэсэн хэдий ч тэд бүгд хүлээж авсан ѳчүүхэн тусламжууддаа талархлаар дүүрэн байж билээ. Тэд хүнд хэцүү нѳхцѳлд амьдарч байсан ч ѳѳдрѳг сэргэлэн байсан юм. Та нар энэ бүхэнтэй хэрхэн дасан зохицож байна вэ? гэж асуухад тэд “Гайгүй дээ, болж л байна” гэж хариулж байв. Тэдний Есүс Христэд итгэх итгэл нь бүх юм зүгээр болно гэсэн найдвар тѳрүүлж байсан нь мэдээж юм. Тэ эгч бид хоёр гэрээс гэрт мѳн майхнаас майханд орж, хүмүүстэй уулзан явахдаа энэ итгэлтэй гэгээнтнүүдээс үргэлж сурч явсан билээ.

Уй гашуу, гамшиг тохиолдсон үед зорилго болон эн тэргүүнд тавих зүйлсийг минь дахин тодорхойлох арга зам Их Эзэнд байдаг. Гэнэт, бидний хѳдѳлмѳрлѳж байж олж авсан бүх материаллаг эд зүйл юу ч биш болж, гагцхүү гэр бүлтэйгээ болон бусадтай харьцах харьцаа маань л хамгийн чухал зүйл болж үлддэг. “Гэрт орж ирсэн шуурганы ус багасаад, цэвэрлэгээ хийж эхлэх үе ирэхэд би гэр доторхоо хараад ’Пѳѳх, би энэ олон жилийн турш ямар их хог цуглуулж байсан юм бэ’ гэж гайхширсан ” гэж нэгэн сайхан эгч дурсаж билээ.

Би энэ эгчийг илүү их зүйл ойлгож, аль зүйлс нь хэрэгтэй болох мѳн аль зүйлгүйгээр нь амьдарч болох вэ гэдгийг ухаалгаар шийдэн амьдрах болов уу гэж таамаглаж байна.

Бид олон жилийн турш маш олон гишүүнтэй хамт ажиллаж байсны үр дүнд арвин их сүнслэг хүчийг олж харах боломжтой байсан юм. Мөн бид арвин их эд баялагтай мөн эд материалын гачигдалтай хүмүүсийг энэ итгэлтэй гэгээнтнүүдээс харж байсан.

Бидний ихэнх маань гэр бүлээ тэжээхийн тулд аргагүйн эрхэнд мѳнгѳний тѳлѳѳ хѳдѳлмѳрлѳж, дэлхийн эд зүйлсийг цуглуулдаг. Энэ нь биднээс ихэнх анхаарал болон илүү их цаг заваа үүнд зарцуулахыг шаарддаг. Дэлхийн зүйлст хязгаар гэж байхгүй учраас бидэнд хангалттай гэсэн цаг үеийг таних нь маш чухал юм. Бид болгоомжтой байхгүй бол сүнслэг биш харин түр зуурын эд зүйлсийн араас хөөцөлдсөөр байх болно. Бидний сүнслэг болон мѳнхийн зүйлсийн төлөөх эрэл хайгуул маань хүртэл чухал зүйл биш болж хувирна. Харамсалтай нь, илүү ихийг олж авч, хамгийн сүүлийн үеийн болон хамгийн боловсронгуй зүйлсийг эрэлхийлэх хүсэл маань яваандаа улам хүчтэй болох болно.

Бид хэрхэн энэ зам руу хѳтлѳгдѳн орохгүй байх вэ? Иаков “Иймийн тулд, үнэт биш зүйлд мөнгө, бас хэрэгцээг чинь хангаж чадахгүй зүйлд хөдөлмөрөө бүү үр. Намайг хичээнгүйлэн сонс, мөн миний ярьсан эдгээр үгсийг сана; мөн Израилын Ариун Нэгэнд ир, мөн мөхөх нь үгүй тэр, бас ялзрах нь үгүй түүний дээр найрла, мөн бодгаль чинь шимт болгонд баясаг”1 хэмээн зѳвлѳсѳн байдаг.

Бидний хэн нь ч ашиггүй бөгөөд үр дүнгүй, хэрэггүй зүйлсэд мѳнгѳө зарцуулахгүй байх гэж би найдаж байна.

Аврагч Иерусалим дахь иудейчүүдэд болон Америк дахь нифайчуудад заахдаа:

“Өөрсөддөө газар дэлхий дээр баялаг бүү хураа, тэнд цагаан эрвээхий мөн зэв идэж мөн хулгайч нар эвдэн ороод мөн хулгайлдаг;

Харин өөрсөддөө тэнгэрт баялаг хураа, тэнд цагаан эрвээхий мөн зэв идэхгүй мөн хулгайч нар эвдэн орж бас хулгайлах нь үгүй.

Учир нь баялаг тань хаана байна, тэнд зүрх сэтгэл тань түүнчлэн байдаг”2 гэжээ.

Ѳѳр нэгэн нѳхцѳлд Аврагч маань ийм нэгэн сургаалт зүйрлэл хэлсэн байдаг:

“Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ:

“Тэр хүн, Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ? гэж бодол болж,

Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.

Тэгээд би сэтгэлдээ, Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац гэж хэлнэ дээ” гэсэнд,

харин Бурхан түүнд ”Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.

“Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв.”3

Ерѳнхийлѳгч Дийтр Ф.Угдорф саяхан бидэнд :

“Тэнгэрлэг Эцэг маань бидний жинхэнэ чадавхыг мэднэ. Тэрээр бидний өөрсдийнхөө тухай мэдэхгүй тэр зүйлүүдийг ч мэддэг. Тэрээр биднийг энд амьдрах хугацаандаа бүтээгдсэн зорилгоо биелүүлж, сайн сайхан амьдарч байгаад Түүний дэргэд эргэж очихыг сануулж байдаг.

Тэгтэл бид яагаад агшин зуурын, чухал биш, өнгөцхөн зүйлст хамаг цаг зав, хүч чадлаа үрээд байдаг юм бэ? Ач холбогдолгүй, түр зуурын зүйлсийн араас хөөцөлдөхөө яагаад болихгүй байна вэ?”4 гэсэн зѳвлѳмж ѳгсөн.

Бид энэ дэлхийн баялаг нь бардам байдал, эд баялаг, материаллаг зүйлс, хүч чадал, алдар нэр зэргээс бүрддэг гэдгийг бүгд мэддэг. Тэдгээр нь бидний цаг завыг болон анхаарлыг минь татах чухал зүйл биш учраас би тэнгэрт орших баялгийг бүрдүүлдэг зүйлст илүү тѳвлѳрөх болно.

Бидэнд тэнгэрт хурааж болох ямар эд баялгууд байдаг вэ? Нэгдүгээрт, Христийн зан чанар болох итгэл, найдвар, даруу байдал ба энэрлийг олж авбал бидэнд сайн байх болно. “Эгэл хүнээ орхин, хүүхэд мэт бол”5 хэмээн бид байнга заалгадаг. Аврагчийн зѳвлѳмж нь биднийг Тэнгэрлэг Эцэгтэй болон Христтэй адил төгс төгөлдөр болоход урамшуулж байдаг.6

Хоёрдугаарт, бид гэр бүлийн харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд үр дүнтэй, чухал зүйлд цаг заваа зориулах хэрэгтэй. Чухамдаа “гэр бүл бол Бурханаар бүтээгдсэн бѳгѳѳд энэ амьдралын болон мѳнх цаг үеийн хамгийн чухал нэгж юм”7.

Гуравдугаарт, бусдад үйлчлэх нь Христийн үнэн дагалдагчийн шинж тэмдэг юм. Тэр, “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг”8 гэсэн билээ.

Дѳрѳвдүгээрт, Христийн сургаалыг ойлгож, гэрчлэлээ батжуулах нь жинхэнэ аз жаргал, сэтгэл ханамжийг авчрах хѳдѳлмѳр юм. Бид сударт байгаа болон бошиглогчдын хуваалцах Христийн үгсийг байнга судлах хэрэгтэй. “Учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.”9

Би Филиппинд уулзсан 73 настай бэлэвсэн эхнэрийн тухай түүхээр үгээ ѳндѳрлѳе:

Бохол аралд газар хѳдлѳлт болоход түүний нас барсан нѳхѳртэйгөө хамт шаргуу хөдөлмөрлөж байж босгосон гэр нь газарт нуран унаж; охин, зээ хүү хоёрынх нь амийг авч оджээ. Одоо тэр ганцаараа ѳѳрийгѳѳ тэтгэж ажиллах хэрэгтэй болсон юм. Тэр гараараа угаалга хийж, эхэлсэн бѳгѳѳд ус авахын тулд томоохон уулыг ѳдѳрт хэд хэдэн удаа давах хэрэгтэй болсон байна. Биднийг очиж уулзахад тэрээр майханд амьдарч байв.

Тэрээр: “Ахлагч аа, би Их Эзэний надаас хүссэн бүх зүйлийг даван туулахыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар ч санал гомдол байхгүй. Би ариун сүмийн эрхийн бичгээ нандигнаж, дэрэн дороо хадгалдаг. Би угаалга хийгээд авсан жаахан орлогоосоо аравны нэгээ бүрэн тѳлдөг. Юу ч тохиолдсон бай, би аравны нэгээ үргэлж тѳлѳх болно” гэж хэлж билээ.

Бидний эн тэргүүнд тавьдаг зүйлс, хандлага, дур хүсэл болон шунал тачаал нь бидний ирээдүйн байдалд шууд нѳлѳѳлѳх болно гэдгийг би гэрчилж байна. Аврагчийн хэлсэн: “Учир нь баялаг тань хаана байна, тэнд зүрх сэтгэл тань түүнчлэн байдаг” хэмээх үгийг байнга дурсан санацгаая. Бидний зүрх сэтгэл зѳв газартаа байх болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.