2010–2019
Бид ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?
Дөрөвдүгээр сар 2014


11:57

Бид ямархуу маягийн хүмүүс байвал зохих вэ?

Аврагчтай адил хүмүүс болоход биднээс ямар өөрчлөлтүүд шаардагдах вэ?

Дэлхий даяар болж буй энэхүү цугларалтыг дүрслэн бодвол үүнтэй адил зүйл өөр хаана ч байхгүй гэдгийг бид мэддэг. Ерөнхий чуулганы санваарын хуралдааны зорилго нь санваартнуудад ямархуу маягийн эрэгтэйчүүд байвал зохихыг зааж, (3 Нифай 27:27-г үзнэ үү) энэхүү зорилгод хүрэхэд бидэнд сүнслэгээр нөлөөлөх явдал юм.

Намайг хагас зууны тэртээ Хавайд Аароны санваартан байхад бас Англид номлогч байх үед бид цуглааны байруудад цуглаж, санваарын хуралдааныг телефон утасны холбоогоор дамжуулан (асар их хичээл зүтгэл гарган) сонсдог байсан. Хожим нь хиймэл дагуулын томоохон сансрын антентай сүмийн байруудад хуралдааныг шууд дамжуулах болсноор бид болж буй үйл явдлыг сонсохын хамт үзэх боломжтой болсон юм. Бид энэхүү технологийг гайхан биширдэг байж билээ! Интернэтэд холбогдсон хүн бүрд ухаалаг гар утас, таблет эсвэл компьютер ашиглан энэхүү цугларалтын захиасуудыг үзэх боломжийг бий болгосон өнөөгийн дэлхийг хуруу дарам цөөхөн хүн төсөөлж чадах байсан биз ээ.

Их Эзэний Өөрийнх нь дуу хоолойтой яг адилхан Түүний үйлчлэгчдийн дуу хоолойг (С ба Г 1:38-ыг үзнэ үү) сонсох өргөн боломж байгаа ч гэсэн, хэрэв бид эдгээр захиасыг хүлээн авч (С ба Г 11:21-г үзнэ үү), дагах хүсэлгүй байх юм бол энэ нь өчүүхэн үнэ цэнэтэй байх юм. Энгийнээр хэлбэл, Ерөнхий чуулган болон санваарын энэхүү хуралдааны зорилго нь бид үйлдэх хүсэлтэй, өөрчлөгдөх хүсэлтэй байгаа үед л биелдэг.

Олон жилийн өмнө би бишопоор үйлчилж байлаа. Би удаан хугацааны туршид тойргийнхоо надаас олон насаар ах нэг хүнтэй байнга уулздаг байсан юм. Энэ ах, түүний эхнэр хоёрын харилцаа ээдрээтэй байснаас гадна хүүхдүүдтэйгээ харилцаа тасарсан байлаа. Тэр ажлаа алдахгүйг хичээн зүтгэж байснаас гадна түүнд ойр дотны найзууд ч байсангүй бас тойргийн гишүүдтэй харьцах нь ч их хүндрэлтэй байсан учраас сүмд үйлчлэх хүсэлгүй байжээ. Амьдралд нь тохиолдсон олон бэрхшээлийн тухай нэгэн халуухан яриа өрнөх явцад тэр над руу дөхөж суугаад, бидний олон удаагийн ярилцлагын дүгнэлт болгож, “Бишоп оо, би түргэн ууртай. Би төрөлхийн ийм хүн шүү дээ!” гэж хэлж билээ.

Тэр орой түүний хэлсэн энэ үг намайг гайхшруулсан бөгөөд өдий хүртэл миний санааг зовоосоор байдаг билээ. Зөвхөн энэ хүн гэлтгүй бидний хэн нь ч гэсэн “Би төрөлхийн ийм хүн шүү дээ” гэж шийдэх л юм бол өөрчлөгдөх чадвараа алддаг. Нэгэнт ялах ирээдүйгүй болсон учраас бид бууж өгөх дохиогоо өгөн, ухарч няцан, зэр зэвсгээ хаяж, тулаанд бууж өгөхтэй адил юм. Миний хэлсэн зүйл биднийг зөв дүрсэлж чадахгүй байна гэж зарим маань бодож болох ч, хүн нэг бүр хамгийн багадаа нэг юм уу хоёр муу зуршилтай л бол өөрийгөө зөвтгөн “би төрөлхийн ийм хүн шүү дээ” гэж хэлдэг.

Бид одоо ямар хүмүүс байгаа тэр байдалдаа хэвээр үлдэхгүйн төлөө санваарын энэхүү хуралдаанд оролцож байгаа юм. Энэ үдэш бид энд Есүс Христийн нэрээр цуглаад байна. Бид ямар ч сул дорой тал, донтолттой байлаа гэсэн Түүний Цагаатгал өөрчлөгдөх чадварыг бидэнд өгнө гэсэн бүрэн итгэлтэй бид цугладаг. Мөн бид өнгөрсөн амьдрал маань ямар байснаас үл хамааран бидний ирээдүй илүү сайн байж чадна гэсэн найдвар тээн цугладаг.

Бид энэхүү хуралдаанд өөрчлөгдөх “чин сэтгэлтэйгээр” (Моронай 10:4), оролцвол Сүнс бидний зүрх сэтгэл, оюун ухаанд бүрэн нэвтэрч чадна. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд: “Мөнхүү улиран тохиох дор, тэд … надад итгэх итгэлээ хөгжүүлэхийн хэрээр, тэд өөрсдийгөө хамтад нь цуглуулсан тэр өдөр бибээр Сүнсээ тэдний дээр юүлэх болно” (С ба Г 44:2) хэмээн илчилжээ. Итгэл бол хүч чадлын болон үйлдлийн зарчим гэдгийг санагтун. Энэ нь чухамдаа өнөө оройг л хэлж байгаа юм шүү дээ!

Хэрэв та нарын бэрхшээл даван туулшгүй мэт санагдаж байгаа бол би та бүхэнд 2006 онд Энэтхэгийн Хаидэрабад хотын захад орших жижиг тосгонд танилцсан нэг эрэгтэйн талаар ярья. Энэ хүн өөрчлөгдөх хүслийн гайхалтай жишээг үзүүлсэн юм. Аппа Рао Нулу Энэтхэгийн хөдөө нутагт төржээ. Тэр гурван настайдаа саа өвчнөөр өвчилж, тахир дутуу болсон байв. Уулзаж учирдаг хүмүүс нь түүнд хийж чадах юм цөөхөн байх болно гэдэг байж. Гэсэн ч, тэр залуу байхдаа манай сүмийн номлогчидтой уулзжээ. Тэд түүнд энэ амьдрал дахь болон ирэх мөнхийн амьдрал дахь илүү агуу чадварын талаар заасан байна. Тэр баптисм хүртэж, сүмийн гишүүнээр батлагджээ. Өөртөө болон өөрийн чадварт итгэх итгэл нь улам бүр нэмэгдсэн тул Нулу Мелкизедек санваар хүртэж, бүрэн цагийн номлолд үйлчлэх зорилго тавьжээ. Тэр 1986 онд ахлагчийн албанд томилогдож, Энэтхэгт үйлчлэхээр дуудагдав. Түүнд явган явах тийм ч амархан байсангүй, хоёр гартаа таяг тулж, бүх чадлаа шавхан алхдаг байсан ч байн байн унадаг байлаа. Гэвч бууж өгөх тухай бодол түүнд хэзээ ч төрж байсангүй. Тэр номлолдоо нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж, нэр хүндтэй үйлчлэх шийдвэр төгс байсан бөгөөд энэхүү зорилгоо биелүүлж чадсан юм.

Бид Нулу ахтай номлолоос нь хойш бараг 20 жилийн дараа уулзах үед тэрээр засмал замын төгсгөл дээр бидэнтэй тун баяртай мэндэлж билээ. Замын төгсгөлөөс тэр биднийг овон товон шороон замаар эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг хоёр өрөөтэй байшин руугаа дагуулан явсан юм. Хэт халуун, нозоорсон өдөр байлаа. Түүнд явган явахад маш их зовиуртай хэвээрээ байсан ч үүндээ ер гутарсан шинжгүй байв. Нулу нөр хичээнгүй хүчин чармайлтынхаа ачаар багш болж, тосгоныхоо хүүхдүүдэд хичээл зааж эхэлжээ. Биднийг тэдний жижигхэн байшинд ороход тэр намайг өрөөний булан руу тэр даруй дагуулж очин, хамгийн чухал өмч хөрөнгийг нь агуулсан нэгэн хайрцаг гаргаж ирлээ. Тэр надад нэг цаас үзүүлэхийг хүссэн юм. Цаасан дээр “аз жаргалтай, эрэлхэг зоригтой ахлагч Нулу танд сайн сайхан бүхэн адислалуудын хамт ирэх болтугай хэмээн хүсэн ерөөе; [огноо] 1987 оны 6-р сарын  25; [гарын үсэг] Боид К.Пакэр” гэж бичсэн байв. Тэр үед ахлагч Пакэр Энэтхэгт айлчилж, хэсэг номлогчид хандаж, үг хэлэхдээ ахлагч Нулугийн чадавхыг батлан харуулсан юм. Чухамдаа, 2006 оны тэр өдөр Нулу ах сайн мэдээ түүнийг бүрмөсөн өөрчилснийг надад хэлсэн юм!

Бид Нулу ахынд зочлохдоо номлолын ерөнхийлөгчтэй хамт явсан билээ. Тэрээр Нулу ахтай болон түүний эхнэр, хүүхдүүдтэй ярилцлага хийхээр очсон юм. Эцэг, эх хоёр нь хувийн хишгээ хүртэж, хоорондоо лацдан холбогдож болохын тулд, хүүхдүүд нь эцэг эхтэйгээ лацдан холбогдож болохын тулд ярилцлага хийх хэрэгтэй байлаа. Бид бас тэдний гэр бүлийн эдгээр ёслолыг хийлгэхээр Хятадын Хонконгийн ариун сүм рүү явах зардлыг нь даахаа тэдэнд хэлсэн юм. Удаан хүлээсэн мөрөөдөл нь биелэх болсонд тэд баярын нулимс унагаж байв.

Бурханы санваар атгагчаас юуг хүсэн хүлээдэг вэ? Аврагчтай адил эрчүүд болохын тулд биднээс ямар өөрчлөлтүүд шаардагддаг вэ? Би гурван зөвлөгөө өгье:

  1. Бид санваар атгахуйц зохистой эрчүүд байх хэрэгтэй! Бид Аароны санваар атгадаг залуу эрэгтэйчүүд эсвэл Мелкизедек санваартан эрчүүд аль нь ч бай, гэрээнүүд хийсэн учраас сүнслэг өсөлтийн хувьд эрийн цээнд хүрснээ харуулдаг санваартан эрчүүд байх хэрэгтэй. “Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд насныхаа занг орхисон юм” (1 Коринт13:11) хэмээн Паул хэлсэн байдаг. Бид санваар атгадаг учраас ихэрхэг, бардам, дээрэнгүй биш харин даруу, дуулгавартай, номхон дөлгөөн байх ёстой. Санваар болон үүний өөр өөр албыг хүлээн авах нь бидний хувьд утга учиртай зүйл байх ёстой. Санваар нь аль нэг насан дээр аяндаа өгөгддөг нэрийн төдий зүйл бус харин бодлоготой хийгдсэн ариун гэрээ байх ёстой. Бид энэхүү эрхэм боломжийг авсандаа, мөн талархалтай байгаагаа үйлдэл бүрээрээ харуулдаг байх ёстой. Хэрэв бид санваарын тухай хааяа л боддог бол бид өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн үг.

  2. Бид үйлчлэх хэрэгтэй! Санваар атгахын мөн чанар нь бусдад үйлчлэхээр дамжуулан дуудлагаа эрхэмлэн биелүүлэх (С ба Г 84:33-ыг үзнэ үү) явдал юм. Бид эхнэр, хүүхдүүддээ үйлчлэх хамгийн чухал үүргээсээ зайлсхийж, дуудлага хүлээн авахгүй байх юм уу сүм дэх дуудлагаа тааруухан биелүүлэх эсвэл ая тухтай биш л бол бусдын төлөө санаа тавихгүй байх нь бид ямархуу маягийн хүмүүс байхтай нийцэшгүй юм. Аврагч “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла” (Матай 22:37) мөн дараа нь “Хэрэв чи намайг хайрладаг бол чи надад үйлчил” (С б аГ 42:29) хэмээн тунхаглажээ. Аминч үзэл бол санваарын үүрэг хариуцлагад харш зүйл бөгөөд хэрэв энэ нь бидний зан чанарын хэсэг болсон байвал бид өөрчлөгдөх хэрэгтэй.

  3. Бид зохистой байх хэрэгтэй! Ахлагч Жэффри Р.Холланд хэдэн жилийн өмнө санваарын хуралдаан дээр та нартай “нүүр тулж… , хамраараа шүргэж, та нарын хөмсгийг хуйхлахуйц чанга ширүүн” үгс хэлсэн билээ (“Бид бүгдээрээ дуудагдсан,”Ensign эсвэлЛиахона,, 2011 оны 11-р сар, 45). Надад ахлагч Холландынхтай адил чадвар байхгүй байж болно, гэхдээ хүндэт ах нар аа, эдүгээ дэлхийд нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн зарим үйл ажиллагаа нь бидний санваарын хүчийг хэрхэн хязгаарладгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв бид бүр багаахан ч гэсэн хэмжээгээр порнографыг сонирхоод эсвэл ариун явдлыг зөрчих юм уу ямар нэг байдлаар шударга бус авирлаад мөн энэ нь бидэнд болон бидний гэр бүлүүдэд сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байгаа бол бид мэхлэгдэж байгаа хэрэг юм. Моронай “Бүх зүйлийг зохистойгоор хийхээ … мэд” (Мормон 9:29) гэж хэлсэн байдаг. Их Эзэн “Мөн өөрсдөдөө санаа тавих, мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавихдаа болгоомжтой байх зарлигийг бибээр эдүгээ та нарт өгч байна” (С ба Г 84:43) гэж хүчтэй хэлсэн байдаг. Хэрэв бидэнд зохистой байхад саад болж буй ямар нэг шийдвэрлээгүй нүгэл байгаа бол бид өөрчлөгдөх хэрэгтэй.

Есүс Христийн асуусан “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” гэсэн асуултын цорын ганц бүрэн хариулт бол Түүний: “Бүр миний адил буюу” (3 Нифай 27:27) хэмээх гайхалтай оновчтой хариулт юм. “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” (Моронай 10:32) гэсэн энэхүү хоёр урилгын аль аль нь өөрчлөлтийг шаардаж, үүнийг хүсэн хүлээдэг. Тэр нигүүлсэнгүйгээр биднийг ганцаардуулж орхиогүй юм. “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. … Тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27). Бид Аврагчийн Цагаатгалд түшиж тулгуурласнаар өөрсдийгөө өөрчилж чадна. Би үүнийг баттай мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.