Гэрээн дэх охид
Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очихын тулд бидний замнах ёстой зам … Бурхантай хийсэн ариун гэрээнүүдээр тэмдэглэгдсэн юм.
Бид өнөөдөр сүнслэг хүчээр заалгалаа. Энэ агуу удирдагч эгч нарын хэлсэн үгс надад нөлөөлсөн шигээ бас та нарын зүрх сэтгэлд нөлөөлөхийн төлөө би залбирч байна.
Энэхүү хуралдаан үнэхээр түүхэн ач холбогдолтой юм. Өнөөдөр найм болон түүнээс дээш насны сүмийн бүх эмэгтэйчүүдийг бидэнтэй нэгдэхэд урьж байна. Бидний олон нь Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхын төлөө залбирсан байгаа. Уг адислал эгч нарын үгсийг болон сүнслэг сайхан дуу хөгжмийг сонсох үед бидэнд ирдэг юм. Эдгээр яригдсан зүйл дээр нэмж намайг урам зориг, гэрчлэлийн хэдэн үг нэмж хэлэх үед - ялангуяа бидний сая сонссон зүйлүүд нь Их Эзэний биднийг сонсоосой гэж хүссэн зүйл гэдгийг гэрчлэх үед Сүнс үргэлж бидэнтэй хамт байгаасай хэмээн би залбирч байна.
Энэ орой би Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очихын тулд өнөөдөр бидэнд дүрслэгдсэн бидний замнах ёстой тэрхүү үзэсгэлэнтэй замын талаар ярих болно. Уг зам Бурхантай хийсэн гэрээнүүдээр тэмдэглэгдсэн байдаг. Би энэ гэрээнүүдийг хийж, сахьж, бусдад дагахад нь тусалснаар ирдэг баяр баясгалангийн талаар ярих болно.
Та нараас олон нь саяхан баптисм хүртэж, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан байгаа. Та нарын хувьд энэхүү дурсамж шинэхэн байгаа бөгөөд олон жилийн өмнө баптисм хүртсэн хүмүүсийн хувьд уг гэрээний талаарх мэдрэмж тийм ч тод томруун биш байж мэднэ. Гэвч эдгээр мэдрэмжийн зарим нь ариун ёслолын залбирлуудыг сонсох үед эргэн ирдэг.
Баптисмын ариун гэрээ хийж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан тэрхүү өдрийн дурсамж хүн бүрд яг адилхан байдаггүй. Гэвч бид бүгд Бурханы баталгааг адилхан мэдэрсэн байдаг. Мөн бид бусдыг уучилж, бусдаар уучлуулах хүслээ болон зөвийг хийх бидний шийдвэр төгс байдал өсөн нэмэгдсэнийг мэдэрдэг.
Эдгээр мэдрэмж та нарын зүрх сэтгэлд хэр гүнзгий нөлөөлсөн нь хайртай хүмүүсийн тань та нарыг хэрхэн бэлтгэснээр тодорхойлогдож болно. Сүмд саяхан баптисм хүртсэн та нарын зарим нь ээжийнхээ хажууд суухаар адислагдсан гэдэгт найдаж байна. Хэрэв тийм бол одоо ээждээ талархаад түүн рүү харж инээмсэглээрэй. Би Пенсилванийн Филадельфид баптисм хүртсэнийхэ дараа ээжийгээ машин жолоодож явахад арын суудалд нь сууж явахдаа мэдэрсэн баяр баясгалан, талархлын мэдрэмжийг үргэлж санадаг.
Ээж минь намайг энэхүү ариун гэрээг хийх болон үүнийг дагалдан ирэх бусад бүх зүйлд намайг хичээнгүйлэн бэлтгэсэн юм. Их Эзэнээс ирсэн энэхүү үүрэгтээ ээж минь үнэнч итгэлтэй байсан:
“Мөн дахин, Сионд эсвээс түүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад эцэг эхчүүд хүүхдүүдтэй байхын хэрээр, тэдэнд наманчлалын сургаал амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээх мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг тэд заадаггүй бол, найман нас хүрэхэд, уг нүгэл эцэг эхчүүдийнх нь тэргүүн дээр байх болно.
Учир нь энэ нь Сионы оршин суугчдад эсвээс үүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад хууль байх болно.
Мөн тэдний хүүхдүүд нүглүүдийнхээ ангижралын тулд найман настайдаа баптисм хүртэж, мөн [Ариун Сүнсийг] хүлээн авах ёстой.”1
Ээж минь өөрийнхөө үүргийг биелүүлсэн бөгөөд Мормоны Номонд цэдэглэгдсэн Алмагийн үгсийн дагуу хүүхдүүдээ бэлтгэсэн юм:
“Мөнхүү улиран тохиох дор тэрээр тэдэнд хэлсэн нь: Болгоогтун, Мормоны Ус энэ байна (учир нь энэ нь тийн нэрлэгдсэн байв) мөн эдүгээ, та нар Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн байв;
Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир, мөнх амьдралыг авч болохын тулд, Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд буюу—
Эдүгээ би та нарт хэлнэ, хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?
Мөн эдүгээ хүмүүс эдгээр үгийг дуулаад, тэд баярласнаас алгаа ташин, мөн ийн хашгирцгаав: Энэ бол бидний зүрхний хүслэн билээ.”2
Та нар анх баптисмын гэрээнд орох урилгын талаар сонсоод алгаа ташаагүй байх, гэхдээ Аврагчийн хайрыг болон Түүний өмнөөс бусдад туслах агуу үүргээ улам их мэдэрсэн нь лавтай. Би “лавтай” гэж хэлсний учир нь эдгээр мэдрэмжүүд Тэнгэрлэг Эцэгийн охин бүрийн зүрхэнд гүнзгий суулгагдсан байдаг. Энэ бол Түүнээс өвлөн авсан та нарын тэнгэрлэг өв юм.
Тэнгэрлэг Эцэг та нарыг энэ дэлхийд ирэхээс өмнө халамжлан хүмүүжүүлдэг байсан юм. Тэрээр зөвхөн та нарт зориулан төгс бэлтгэсэн сорилт, бэрхшээл, боломжууд байгааг ойлгоход тань тусалсан юм. Та нар эдгээр бэрхшээлүүд дундуур өөрсдөө аюулгүй туулахын хамт бусдад аюулгүй явахад нь туслах аз жаргалын төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт байгааг мэдсэн билээ. Энэхүү төлөвлөгөө нь Бурханы гэрээнүүдээр тэмдэглэгдсэн байдаг.
Эдгээр гэрээг хийж, сахих эсэх нь бидний чөлөөт сонголт юм. Түүний цөөхөн охин л энэ амьдралд энэ гэрээнүүдийн талаар мэдэж авах боломжтой байдаг. Та бол тэдний нэг нь. Хайрт эгч нар аа, та нарын хүн нэг бүр гэрээн дэх охин нь билээ.
Тэнгэрлэг Эцэгийг орхиж, дэлхийд ирэх үед та нарт тохиолдох зүйлсийн талаар Тэрээр та нарыг дэлхийд ирэхээс өмнө заасан юм. Түүнд буцаж очих зам амархан байхгүйг та нарт заасан. Тусламжгүйгээр уг аяныг хийх нь та нарын хувьд хэтэрхий ахадсан зүйл байх болно гэдгийг Тэрээр мэдэж байлаа.
Та нар энэ амьдралд энэ гэрээнүүдийг хийх арга замыг олохоор төдийгүй мөн өөрсөдтэй тань адил Тэнгэрлэг Эцэгийн охидоор хүрээлүүлэхээр адислагдсан билээ. Тэд та нарт туслах болно.
Өөрсдөд тань тусалж, амласныхаа дагуу та нарыг удирдан чиглүүлэх гэрээ хийсэн Бурханы охидтой хамт байхаар адислагдсанаа энэ орой та нар мэдэрч байгаа. Та нартай л адил бусдыг тайтгаруулж, тэдэнд тусалдаг мөн үүнийгээ баяртайгаар хийхийн төлөө шийдвэр төгс байдаг гэрээт эгч нарыг би харж байсан.
Би Раби Хэйт эгчийн инээмсэглэлийг санадаг. Тэр Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүн асан, ахлагч Дэвид Б.Хэйтийн эхнэр байсан юм. Тэрээр залуу байхдаа Калифорни дахь Пало Алто гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байжээ. Тэр өөрийнхөө тойргийн Миа Мэйдийн ангийн охидод санаа нь их зовж, тэдний төлөө залбирдаг байсан ажээ.
Иймээс ерөнхийлөгч Хэйт бишопоос энэ залуу эмэгтэйчүүдэд заах багшаар Раби Хэйт эгчийг дуудаач хэмээн хүсэх өдөөлтийг хүлээн авчээ. Тэрээр Хэйт эгчийг ангийнхаа охидыг өргөж, тайтгаруулан, тэднийг хайрлах Бурханы гэрч болж чадна гэдгийг мэдэж байжээ.
Хэйт эгч зааж байгаа охидоосоо 30 насаар эгч байлаа. Тэрээр 40 жилийн турш тэдэнд заасныхаа дараа ангийнх нь охидын нэг байсан манай эхнэртэй уулзах бүрдээ гараас нь барьж, инээмсэглээд Кэтид “Хөөх! Манай Миа Мэйд” байна гэж хэлдэг байсан. Би түүнээс инээмсэглэлээс нь илүү зүйлийг олж харсан юм. Би түүнийг эгч нарт төрсөн охин шигээ санаа тавьсан хэвээрээ байгааг хараад түүний агуу хайрыг мэдэрсэн юм. Тэрээр Бурханы охин бөгөөд эгч гэр рүүгээ очих гэрээний зам дээрээ байгааг хараад инээмсэглэн, элэгсэг дотно мэндэлдэг.
Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө охидод мөнх амьдралд хүргэх гэрээний замаар урагшлахад нь та нарыг тусалж байгааг хараад баярладаг. Мөн Тэрээр та нарыг зөвийг сонгохыг хичээх бүрд баярладаг. Тэрээр та нарыг хэн билээ гэдгийг мөн ямар хүмүүс болж чадахыг мэддэг.
Та нарыг бодож байгаагаасаа илүү сайн хүн болж чадна гэж боддог эцэг, эх та нарт байгаа байх. Ээж минь ч бас тийм хүн байсан.
Би залуу байхдаа миний Тэнгэрлэг Эцэг, та нарын Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ байгаа агуу чадавхыг эхчүүдээс маань мөн биднээс ч илүү олж хардаг гэдгийг мэддэггүй байлаа. Та нарыг чадавхаа ашиглан, тэрхүү замаараа урагшлах бүрд Тэрээр аз жаргалтай болдог. Мөн та нар Түүний баталгааг мэдэрч чадна.
Тэр хаана ч байсан ялгаагүй Өөрийн охидын гайхамшигт чадавхыг хардаг. Энэ нь бидэнд агуу үүрэг хариуцлага авчирч байна. Тэрээр та нараас уулзсан хүн бүрээ Бурханы хүүхэд хэмээн хараасай хэмээн хүсдэг. Чухам энэ нь л Тэрээр бидэнд хөршөө өөрийн адил хайрлаж, тэднийг уучил гэж зарлигласны шалтгаан юм. Бусдад ханддаг та нарын эелдэг дөлгөөн зан, уучлал нь Түүний охины хувьд Түүнээс өвлөн авсан тэнгэрлэг өв юм. Та нарын уулзаж учирдаг хүн болгон Түүний хайртай сүнсэн хүүхэд юм .
Та нар эгч дүүсэг энэхүү агуу хайрыг мэдрэх үед та нарыг ялгаатай болгодог гэж боддог зүйлс тань нуран унах болно. Тухайлбал: Залуу болон ахимаг насны эгч нар өөрсдийг нь ойлгож, хүлээн зөвшөөрөөсэй гэсэндээ санаа бодлоо хуваалцдаг. Та нар бусдаасаа өөр гэхээсээ илүү Бурханы охидын хувьд адилхан юм.
Залуу эмэгтэйчүүд энэхүү ойлголтоороо эгч нарынхаа хүрээг тэлж, тэднийг танин мэдэж, хүндлэн биширч, хайрлаж Халамжийн Нийгэмлэг рүү дэвшин орох өдрөө тэсч ядан хүлээх хэрэгтэй.
Өөрсдийгөө ямар хүмүүс болж чадахаа харах тэр л чадвар нь гэр бүлд болон Хүүхдийн хэсэгт илүү их харагдаж байна. Энэ нь гэр бүлийн үдшийн үеэр мөн Хүүхдийн хэсгийн хөтөлбөрүүдийн үеэр биеллээ олдог. Бяцхан хүүхдүүд агуу хийгээд гайхамшигтай зүйлсийг хэлэхээр өдөөгддөг. Энэ нь Аврагч амилсныхаа дараа тэдэнд зааж байхдаа бяцхан хүүхдүүд агуу хийгээд гайхамшигт зүйлсийг ярьж чадахын тулд тэдний хэлийг хурцалсан бөлгөө3 гэсний дагуу үйлдсэнтэй адил билээ.
Сатан эгч нарыг залуу насанд нь дайрч давшилдаг байж болох бол Их Эзэн тэднийг сүнслэг улам илүү дээд түвшин рүү өргөдөг. Жишээлбэл, залуу эмэгтэйчүүд ээж нартаа өвөг дээдсээ олж, аврахад нь туслахын тулд FamilySearch буюу Гэр бүлийн хайлт-ыг хэрхэн ашиглахыг заадаг. Миний мэдэх зарим залуу эмэгтэйчүүд Елиагийн сүнснээс өөр нөлөөлөлгүйгээр өглөө эрт ариун сүмд нас барагсдын өмнөөс баптисм хүртэхээр явахыг сонгодог.
Дэлхий даяарх номлолд эгч нар удирдагч болж үйлчлэхээр дуудагддаг. Их Эзэн эгч нарын зүрх сэтгэлд хүрснээр тэд илүү олон хүнд үйлчилж болох хэрэгцээг бий болгодог. Номлолын олон ерөнхийлөгч номлогч эгч нарыг шинэ хөрвөгч мөн агуу удирдагчийн адил илүү хүчирхэг болж байгааг харсан байдаг.
Та нар бүрэн цагийн номлолд үйлчилдэг эсвэл үйлчилдэггүй байсан ч гайхамшигтай эмэгтэйчүүдийн үлгэр жишээг даган, гэрлэлтээ баяжуулж, агуу хүндэт хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх чадвараа хөгжүүлж чадна.
Амь бүхний эх Евагийн талаар бодоод үз дээ. Ахлагч Рассэлл М.Нэлсон Евагийн талаар ийн хэлсэн юм: “Бид болон бүх хүн төрөлхтөн Евагийн агуу зориг, мэргэн ухааны ачаар үүрд мөнхөд адислагдсан билээ. Эхлээд жимснээс хүртсэнээрээ тэр болох ёстой байсан зүйлийг тохиолгосон юм. Адамд ч мөн адил зүйлийг хийх мэргэн ухаан байсан.”4
Евагийн охин бүр түүний гэр бүлдээ авчирсантай адил адислалыг гэр бүлдээ авчрах чадвартай. Тэрээр гэр бүлүүдийн өсөлтөд маш чухал үүрэг гүйцэтгэсэн тухай бидэнд ийм баримт байдаг: “Мөн Бурхад хэлэв: Хүнд туслагчийг хийцгээе, учир нь хүн ганцаар байх нь сайн биш байна, тиймийн тул түүнд зориулж бид туслагчийг бий болгох болно.”5
Бид Адамд болон гэр бүлдээ үзүүлсэн Евагийн бүх тусламжийг мэдэхгүй. Гэвч бид түүний өгсөн агуу бэлгийг мэднэ. Та нар ч мөн адил бусдад бэлэг өгч чадна: тэрээр гэр бүлдээ өмнөх зам нь хэцүү санагдах үед гэртээ харих замаа олоход тусалсан юм. “Мөн түүний эхнэр Ева эдгээр бүх зүйлийг сонсоод мөн баяртай байж хэлэв: Хэрэв бидний зөрчил байгаагүй сэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан.”6
Та нарт дагах түүний үлгэр жишээ байгаа.
Ева илчлэлтээр дамжуулан Бурхан руу гэртээ харих замаа таньсан юм. Тэрээр Есүс Христийн Цагаатгал нь бүх гэр бүлд мөнх амьдралыг өвлөн авах боломжийг олгосон гэдгийг мэдэж байсан. Та нар түүнтэй адил итгэлтэй байж чадна. Тэрээр Тэнгэрлэг Эцэгтэйгээ хийсэн гэрээгээ сахиж, Гэтэлгэгч болон Ариун Сүнс түүнд мөн гэр бүлд нь зовлон бэрхшээл, саад тотгорыг даван туулахад тусалж байлаа.
“Бүх зүрхээрээ Эзэнд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ;
Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.”7
Ева зовлон гуниг, саад бэрхшээлийг туулсан ч гэр бүлтэйгээ хамт Бурхантай хамт амьдрахаар буцаж болно гэдгийг мэдээд баярласан юм. Та нараас олон нь зовлон гуниг, саад бэрхшээлтэй тулгарч байдаг. Та нар гэр рүүгээ буцах аялалынхаа замд Евагийн мэдэрсэнтэй адил баяр баясгаланг мэдрэх болтугай хэмээх адислалаа би та нарт үлдээж байна.
Бурхан Эцэг та нарыг хайраар халамжилж байдаг гэдэг баттай гэрчлэл надад байдаг. Тэрээр та нарын хүн нэг бүрийг хайрладаг. Та нар бол гэрээн дэх Түүний охид билээ. Тэрээр та нарыг хайрладаг учраас Түүний оршихуй руу буцаж очих замд өөрсдөдөө болон өрөөл бусдад туслахад тань тусалж дэмжих болно.
Аврагч бидний бүх нүглийн төлөөсийг төлсөн бөгөөд Ариун Сүнс үнэнийг гэрчилдэг гэдгийг би мэднэ. Та нар энэхүү тайтгарлыг өнөөдрийн хуралдаанд мэдэрсэн. Би ариун гэрээнүүдийг хийдэг бүх түлхүүр сэргээгдсэнийг гэрчилж байна. Эдгээр түлхүүрийг өнөөдөр амьд бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон атгаж, ашиглаж байна. Би тайтгарал, итгэл найдварын эдгээр үгийг Түүний хайртай, гэрээний охид та бүхэнд үлдээж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.