Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим
Хэрэв бид энэхүү мөнх бус амьдралын аянд хамт аялж буй хүмүүсээ хайрлахгүй юм бол Бурханыг чин үнэнээсээ хайрлаж чадахгүй.
Хайрт ах, эгч нар минь, бидний Аврагч хүмүүний дунд тохинуулах үед нэгэн хуульч Түүнийг сорьж, “Багш аа, хууль дахь агуу тушаал нь аль вэ?” хэмээн асуужээ.
Матайн номонд Есүс:
“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.
Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.
Удаах нь, чи хөршөө өөрийн адил хайрла”1 хэмээн хариулжээ.
“Эдгээрээс илүү өөр агуу тушаал байхгүй”2 гэсэн Аврагчийн үгсээр Марк уг түүхийг төгсгөсөн байдаг.
Хэрэв бид энэхүү мөнх бус амьдралын аянд хамт аялж буй хүмүүсээ хайрлахгүй юм бол Бурханыг чин үнэнээсээ хайрлаж чадахгүй. Үүн лүгээ адил, хэрэв бид бүгдийн Эцэг Бурханаа хайрлаж чадахгүй бол хөршөө жинхэнэ ёсоор хайрлаж чадахгүй. Төлөөлөгч Иохан бидэнд “Бурханыг хайрладаг нэгэн нь мөн ах дүүгээ хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ”3 хэмээн хэлсэн юм. Бид бүгд Тэнгэрлэг Эцэгийнхээ сүнсэн хүүхдүүд учраас ах, эгч дүүс билээ. Бид энэхүү үнэнийг үргэлж санаж явах юм бол Бурханы бүх хүүхдийг хайрлах нь илүү амар хялбар байх болно.
Чухамдаа хайр нь сайн мэдээний хамгийн чухал хэсэг бөгөөд Есүс Христ бидний төгс үлгэр жишээ юм. Түүний амьдрал хайрын өв байлаа. Тэр өвчтөнүүдийг эдгээж, дарлагдагсдыг өргөн дэмжиж, нүгэлтнүүдийг аварсан юм. Эцэст нь уурлаж хилэгнэсэн хүмүүс Түүний амийг хөнөөсөн ч “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”4 гэсэн мөнх бус амьдрал дахь хамгийн дээд өрөвч сэтгэлийн мөн хамгийн дээд хайрын жишээ болсон үгс Голгота гүвээн дээрээс цуурайтсан юм.
Эелдэг дөлгөөн зан, тэвчээр, амин хувиа үл хичээх үзэл, ойлголт, уучлал зэрэг хайрын илрэл болсон олон зан чанар байдаг. Бидний бүхий л үйлдлүүдэд илэрдэг эдгээр болон эдгээртэй төстэй бусад зан чанар нь бидний зүрх сэтгэл дэх хайрыг олж харахад бусдад туслах болно.
Бидний хайр нь бие биетэйгээ харилцах өдөр тутмын харилцаанаас ихэвчлэн харагддаг. Хайраа үзүүлэх хамгийн чухал арга зам бол хэн нэгний хэрэгцээг олж мэдэн, түүнд туслах явдал юм. Би дараах яруу найргийн богинохон шүлгэн дэх хайрын тухай санааг үргэлж үнэлсээр ирсэн билээ:
Хэн нэгний хэрэгцээг мэдэж чадаагүй
Харалган нүднийхээ төлөө
Харанхуй шөнөөр уйллаа би.
Харин илүү эелдэг байсныхаа төлөө
Харамсал шаналлын мэдрэмжийг
Хэзээ ч би мэдэрч байгаагүй.5
Мөн би саяхан агуу хайрын тухай үнэхээр сэтгэл догдлом нэгэн түүхийг олж сонслоо. Энэ нь санамсаргүй тохиолдол байсан байна. Энэ явдал ажил эрхлэлтийн боломж тун хомсдсон эдийн засгийн их уналтын үед буюу 1933 онд Нэгдсэн Улсын зүүн нутагт болсон ажээ. Арлэн Бийсэкэр дөнгөж ахлах сургуулиа төгсөөд ажилд орох гэж удаан хөөцөлдсөний эцэст оёдлын үйлдвэрт оёдолчноор оржээ. Оёдлын үйлдвэрийн ажилчдад цалинг зөвхөн ямар ч гологдолгүй оёсон хувцас бүрээр тооцож, өдөрт нь олгодог байж. Тэд хэдий чинээ олон хувцас оёно, төдий чинээ их цалин авдаг байв.
Арлэн оёдлын үйлдвэрт ажилд орсныхоо дараахан, нэгэн өдөр түүнийг эргэлзүүлж, урам хугарахад хүргэсэн нэгэн сорилттой тулгарчээ. Тэр оёдлын машиныхаа ард суугаад буруу оёсон хувцасныхаа утсыг ханзлах гэж үйлээ үзэж байв. Түүнд хэн ч туслахгүй нь илт байсан бөгөөд хүн болгон л чадахынхаа хэрээр аль болох ахиухан хувцас оёх гээд толгой өндийлгөх завгүй ажиллаж байлаа. Арлэн өөрийгөө унхиагүй, найдваргүй гэж бодоод чимээгүйхэн уйлж эхэлжээ.
Арлэний эсрэг талд Бэрнис Рок гэгч оёдолчин суудаг байж. Тэр түүнээс хэдэн насаар эгч, илүү туршлагатай ажээ. Арлэний сэтгэл гонсгор байхыг Бэрнис хараад хийж байсан ажлаа орхиод түүний хажууд сууж, эелдгээр зөвлөгөө өгч эхэлжээ. Тэр Арлэнийг итгэлтэй болж, хувцсаа зөв оёж дуусгах хүртэл түүнтэй хамт байсан гэнэ. Дараа нь Бэрнис оёдлын машин руугаа буцаж очжээ. Тэр Арлэнд тусалснаар илүү олон хувцас оёж дуусгах боломжоо алдсан байлаа.
Энэхүү хайрын нинжин сэтгэлийн ганцхан үйлдлээр Бэрнис, Арлэн хоёр насан туршийн найзууд болж, улмаар хоёул гэрлэж, үр хүүхдүүдтэй болцгоожээ. Сүмийн гишүүн Бэрнис 1950-иад оны үед Арлэндэд болон түүний гэр бүлд Мормоны Ном өгчээ. Арлэн 1960 онд нөхөр, хүүхдүүдийнхээ хамт сүмийн гишүүн болж, баптисм хүртсэн юм. Хожим нь тэд Бурханы ариун сүмд лацдан холбогджээ.
Санаагаар унаж гутарсан, тусламж хэрэгтэй байсан танихгүй хүнд гар сунган туслахын тулд өөрөө хохирол хүлээсэн Бэрнисийнх шиг өрөвч нинжин сэтгэлийн ачаар амьд байгаа болон нас барсан тоо томшгүй хүн эдүгээ сайн мэдээний авралын ёслолуудыг хүртэж байна.
Бидэнд эргэн тойрныхоо хүмүүст хайр, нинжин сэтгэлээ харуулах боломж өдөр бүр гарч байдаг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Бидэнтэй машины зогсоол, оффис, цахилгаан шатан дотор болон бусад олон газарт тааралддаг хүмүүс бол тэднийг хайрлаж, тэдэнд үйлчилж бай хэмээн Бурханы бидэнд илгээсэн хүмүүс гэдгийг бид санаж явах ёстой. Хэрэв бид эргэн тойрныхоо хүмүүсийг ах, эгч нараа гэж үзэхгүй юм бол хүмүүсийн хоорондох ах дүүсэг ёсны тухай яриа нь бидэнд тийм ч үр нөлөөтэй биш байх болно”6 хэмээн хэлжээ.
Бусдад хайраа үзүүлэх боломж нь ихэнхдээ бидэнд санамсаргүй байдлаар ирдэг. Ийм боломжийн нэгэн жишээ 1981 оны 10-р сард нэгэн сонины өгүүлэлд нийтлэгдсэн юм. Би тэр өгүүлэлд нийтлэгдсэн хайр, өрөвч нинжин сэтгэлийн тухай уншаад сэтгэл ихэд догдолсон учир өгүүллийн хайчилбарыг 30 гаруй жилийн турш хадгалж байна.
Уг өгүүлэлд Аляскийн Анкорижаас Вашингтоны Сиэттл руу замдаа буулгүй нисэх ёстой байсан 150 зорчигчтой онгоц Аляскийн алслагдсан нэг хотоос хүнд бэртсэн нэгэн хүүхдийг авахын тулд нислэгийн чиглэлээ өөрчилсөн тухай өгүүлсэн байлаа. Хоёр настай хүү гэрийнхээ ойролцоо тоглож байгаад хагарсан шилэн дээр унаснаас болж гарынхаа артерийн судсыг зүсчихжээ. Тэр хот Анкорижаас 725 километр зайтай бөгөөд нислэгийн замаас тэс өөр зүгт байсан хэдий ч хөвгүүнд туслахыг хүссэн эмч нар онцгой хүсэлт тавьснаар тэр онгоц хүүг авч, Сиэттлд хүргэж өгч, эмчлүүлэхээр замдаа саатсан аж.
Онгоц хүүгийн байгаа хотын ойролцоо газардахад эмч нар хүү маш их цус алдаж байгаа учраас Сиэттлд хүрч чадахгүй гэж мэдэгджээ. Иймээс тэд 320 километр хол орших хамгийн ойрхон эмнэлэгтэй хот Аляскийн Жуниа руу нисэхээр шийдсэн байна.
Хүүг Жуниад хүргэж өгсний дараа нислэгийн хуваариасаа хэдэн цаг хоцорсон онгоц Сиэттл руу нисжээ. Хэдийгээр зорчигчдын олонх нь чухал уулзалтууд болон дараагийн нислэгээсээ хоцорсон ч, тэднээс нэг нь ч гомдоллоогүй ажээ. Онгоц нислэгийн хуваариасаа олон цаг, минутаар хоцорсон ч тэд хүүд болон гэр бүлд нь туслахын тулд их хэмжээний мөнгө цуглуулсан байна.
Онгоц Сиэттлд газардах дөхөж байх үеэр хүүгийн бие сайжирч байна гэсэн мэдээг онгоцны радио холбоогоор хүлээн авсан тухай нисгэгчийг мэдэгдэхэд зорчигчид бүгд баярлан, уухай хашгирчээ.7
Миний санаанд дараах судрын үгс орж ирж билээ: “Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, … мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх болно.”8
Ах, эгч нар аа, хайраа үзүүлэх хамгийн агуу боломжууд бидний гэр оронд байдаг юм шүү. Хайр нь гэр бүлийн амьдралын голт зүрх нь байх ёстой ч заримдаа тийм байдаггүй. Гэр бүлийн амьдралд тэвчээргүй зан, хэрүүл маргаан, гашуун нулимс дэндүү их байна. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Яагаад бидний хамгийн их хайрладаг хүмүүс бидний хахир хатуу үгсийн бай болох ёстой юм бэ? Яагаад бид заримдаа бие биенээ сэтгэл санааны ноцтой хямралд оруулж гомдоох хорон үгсийг санаатай хэлдэг юм бэ?”9 хэмээн тун гунигтай асуусан байдаг. Эдгээр асуултын хариулт хүн бүрд өөр байж болох ч, шалтгаан нь тийм ч их хамаатай биш нь үнэн юм. Хэрэв бид бие биеэ хайрлах зарлигийг дагах юм бол нэг нэгэндээ эелдэг дөлгөөн, хүндэтгэлтэй хандах болно.
Зарим үед сахилгажуулах хэрэгтэй гэдэг нь мэдээж. Тиймээс бүгдээрээ хэн нэгнийг шүүмжлэх шаардлага гарвал дараа нь түүнийг хайрлах хайраа нэмэгдүүлснээ харуул гэсэн зөвлөгөө Сургаал ба Гэрээнд байдгийг санацгаая.10
Бид эргэн тойрныхоо хүмүүст хүндэтгэлтэй хандаж, тэдний бодол санаа, мэдрэмж, нөхцөл байдлын талаар үргэлж бодож, анхаарал тавьж байх болно гэдэгт би найдаж байна. Бусдыг дорд үзэж, шүүмжлэхгүй байцгаая. Харин тэдэнд өрөвч энэрэнгүй хандаж, урам дэм өгдөг байцгаая. Бид болгоомжгүй үг, болчимгүй үйлдлээрээ бусдын итгэлийг унтраахгүй байхад анхаарах ёстой.
Уучлал, хайр хоёр ихэр мэт үргэлж хамт байх ёстой. Бидний гэр бүлүүдэд бас найз нөхдийн маань дунд гомдол, санал зөрөлдөөн байж болно. Асуудал нь хэчнээн өчүүхэн байлаа ч гэсэн үнэхээр чухал биш гэдгийг дахин хэлье. Асуудал нь шарх болон сэдэрч, улмаар даамжран, эцэстээ мөхөл рүү хүргэж болохгүй бөгөөд ингэх ч ёсгүй юм. Бусдыг буруу юм хийснийх нь төлөө буруутгах нь сэтгэл санааны хувьд эдгэхэд нь саад болдог. Гагцхүү уучлал л үүнийг эдгээж чадна.
Нэгэн өдөр нүдэнд дулаахан нэг эмэгтэй над дээр ирж, санамсаргүй тохиолдлоор харамсаж явдаг зүйлийнхээ талаар ярьсан юм. Дараа нь тэр нас барсан л даа. Тэр эмэгтэй олон жилийн өмнө нэгэн үе сайн найз байсан хөрш тариаланчтайгаа хэд хэдэн удаа нөхөртэйгөө нийлэн, маргалдсан ажээ. Нэг өдөр тариаланч түүнээс эдлэн газрынх нь дундуур өөрийнхөө фермд хүрэх дөт зам гаргаж болох эсэх талаар асуусан байна. Нөгөө эгч энэ тухай ярьснаа гэнэт дуугүй болж, хоолой нь чичрэн, “Монсон ах аа, би түүнд дөт зам гаргахыг зөвшөөрөөгүй. Тэр өөрийнхөө ферм рүү маш тойруу замаар явж хүрдэг байсан. Миний буруу, би харамсаж байна. Тэр нас барсан. Хөөрхий минь дээ, би түүнд ‘Уучлаарай’ гэж хэлэхийг ямар их хүсч байна гээч. Би түүнд эелдэг хандах хоёрдахь боломж гараасай хэмээн хэчнээн их хүлээж байна гэж санана аа” гэж билээ.
Би түүнийг сонсож суух үед: “Үгээр хэлж, үзгээр бичиж болох харууслын үгс дотроос хамгийн гунигтай нь ‘Тэгж болох л байсан!’”11 гэх үгс гэж Жон Гринлиф Виттирийн хэлсэн нь санаанд орж билээ. Ах, эгч нар аа, бид бусдыг хайрлаж, тэдэнд нинжин сэтгэлээр хандсанаараа ингэж харуусахаас зайлсхийж чадна.
Хайрыг инээмсэглэх, гараараа даллан мэндлэх, эелдэг үг хэлэх, магтах зэрэг маш олон арга замаар илэрхийлж болно. Бас бусдын хийж байгаа зүйлийг сонирхож буйгаа харуулах, эелдэг зан, тэвчээрээр зарчмуудыг заах, өвчтэй болон гэртээ байдаг хүмүүсийг эргэж очих зэрэгт торгон мэдрэмжтэй байх нь хайрын илэрхийлэл юм. Эдгээр үг, үйлдлүүд болон өөр олон зүйл хайрыг илэрхийлж чадна.
Америкийн нэрт зохиолч, уран илтгэгч Дэйл Карнеги “ганцаардсан эсвэл санаагаар унаж гутарсан хэн нэгэнд чин сэтгэлээсээ талархсан хэдхэн үг хэлснээр дэлхийг бүхэлд нь… аз жаргалтай болгож чадах дотоод сэтгэлийн хүч хүн бүрд байдаг” гэдэгт итгэдэг байв. Тэрээр “магадгүй та өнөөдөр хэн нэгэнд хэлсэн сайхан үгсээ маргааш гэхэд мартаж мэднэ. Харин сэтгэл уяраам сайхан үгийг тань сонссон хүн насан туршдаа тэр үгсийг тань эрхэмлэн нандигнаж явах болно”12 гэж хэлжээ.
Бид гэр бүлийн гишүүн, найз нөхөд, танил, бүр огт танихгүй хүн байсан ч ялгаагүй яг одооноос, өнөөдрөөс эхлэн Бурханы бүх хүүхдэд хайраа харуулж эхлэх болтугай. Бид өглөө бүр сэрэхдээ бидэнтэй тааралдаж болох хэн нэгэнд хайр, нинжин сэтгэлээ харуулахаар шийддэг байх хэрэгтэй.
Ах, эгч нар аа, биднийг гэсэн Бурханы хайр нь бидний ойлголтоос давсан зүйл юм. Тэрээр энэхүү хайрынхаа улмаас Хүүгээ илгээсэн билээ. Хүү бидэнд мөнх амьдралын боломж олгохын тулд Өөрийн амийг бидний төлөө өгсөн . Бид юутай ч зүйрлэшгүй уг бэлгийг илүү сайн ойлгосноор Мөнхийн Эцэг болон өөрсдийн Аврагчийг мөн бүх хүн төрөлхтнийг хайрлах хайраар бидний зүрх сэтгэл дүүрэх болно. Энэ бүгд биелэх болтугай хэмээн Есүс Христийн ариун нэрээр би чин зүрхнээсээ залбирч байна, амен.