Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 121


Хэсэг 121

1839 оны гуравдугаар сарын 20-нд Миссурийн Либерти дэх шоронд хоригдож байхдаа бошиглогч Иосеф Смитийн Сүмийнхэнд хандан бичсэн захидал дахь залбирал ба бошиглолууд оршвой. Бошиглогч болон хэдэн хамтрагч нар нь олон сарын турш шоронд байв. Засгийн газрын болон шүүхийн албан тушаалтнуудад хандсан тэдний өргөдлүүд болон давж заалдах өргөдлүүд тэдэнд тус дэмжлэг авчирсангүй.

1–6, Зовж байгаа гэгээнтнүүдийн төлөө бошиглогч Их Эзэнээс гуйв; 7–10, Их Эзэн амар амгаланг түүнд ярив; 11–17, Их Эзэний хүмүүсийн эсрэг зөрчлийн худал хуурмаг хашхирааныг дэгдээгч тэд бүгд зүхэгдсэн бөлгөө; 18–25, Тэд санваарын эрхгүй байх бөгөөд яллагдах болно; 26–32, Хүч зоригоор тэвчих тэдэнд сүр жавхлант илчлэлүүд амлагдав; 33–40, Олон нь дуудагдаж мөн цөөхөн нь сонгогддогийн шалтгаан өгөгдөв; 41–46, Санваар нь гагцхүү зөв шударга ёсонд хэрэглэгдэх ёстой.

1 Ай Бурхан минь, та хаана байна вэ? Мөн таны нуугддаг газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?

2 Таны мутар хэчнээн удаан хүлцэн тэвчих юм бэ, мөн таны мэлмий, тийм ээ таны цэвэр ариун мэлмий өөрийн хүмүүсийн мөн өөрийн үйлчлэгчдийн хохирлуудыг мөнхийн тэнгэрээс хэчнээн удаан болгоож, мөн тэдний гуйлтууд сонорт тань хэчнээн удаан нэвтрэх юм бэ?

3 Тийм ээ, ай Их Эзэн минь, тэдний талаарх таны зүрх сэтгэл зөөлөрч, мөн таны дотор тэдэнд өрөвч сэтгэлээр хандахаас өмнө тэд эдгээр хохирлыг мөн хууль бус дарамтлалуудыг хэчнээн удаан тэвчих юм бэ?

4 Ай Бүхнийг Чадагч Их Эзэн, Бурхан, тэнгэр газар мөн далай тэнгисүүд, мөн тэдгээр дэх бүх зүйлийг бий болгогч, мөн чөтгөрийг, мөн Шеолын харанхуй ба хар бараан ноёрхлыг хянаж мөн захирагч—та мутраа урагш сунгаач; мэлмий тань нэвт хараг; асраа холдуулаач; нуугддаг газар тань дахиад бүү халхлагдаг; сонор тань нааш хандаг; зүрх сэтгэл тань зөөлрөг, мөн дотор тань биднийг өрөвдөх сэтгэлээр хөдлөг.

5 Уур тань бидний дайснуудын эсрэг дүрэлзэг; мөн зүрх сэтгэлийнхээ догшин хилэнд, бидний эдэлсэн хохирлуудын төлөө илдээрээ өшөө аваач.

6 Ай бидний Бурхан та, зовж буй гэгээнтнүүдээ санаач; мөн таны нэрэнд үйлчлэгч нар тань үүрд баясах болно.

7 Хүү минь, бодгальд чинь амар амгалан байг; саад бэрхшээл болон зовлон зүдгүүрүүд чинь хэсэгхэн зуур байх болно;

8 Мөн тэгээд, хэрэв чи үүнийг сайн тэвчвэл, Бурхан чамайг дээдэд өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно.

9 Найз нар чинь чамайг дэмждэг, мөн тэд халуун дотно сэтгэлээр мөн нөхөрсөг гараараа чамтай дахин мэндчилэх болно.

10 Чи хараахан Иовын адил болоогүй байна; тэд Иовт үйлдсэний адилаар, найз нар чинь чиний эсрэг тэмцээгүй, мөн чамд зөрчлийг тохоогоогүй буюу.

11 Мөн чамд зөрчлийг тохоох тэд, тэдний найдвар нурах болно, мөн тэдний төлөвлөгөөнүүд хайлан замхрах болно, мандах нарны шарах туяанд цан хайлдаг адил буюу;

12 Мөн тэрчлэн тэд түүний гайхамшигт ажлуудыг ойлгохгүй байж болохын төлөө; тэрээр түүнчлэн тэдгээрийг сорьж, мөн тэднийг өөрсдийнх нь заль мэхэнд барьж болохын төлөө цаг хугацаа болон улирлуудыг өөрчлөхийн тулд, мөн тэдний оюуныг сохлохын тулд Бурхан мутраа хөдөлгөж мөн тамгалсан бөлгөө;

13 Тэрчлэн тэдний зүрх сэтгэл ялзарсны улмаас, мөн тэдний бусад дээр авчрахад бэлэн байгаа, мөн бусдыг зовооход дурладаг тэрхүү зүйлс тэдэнд өөрсөд дээр нь бүр туйлын ихээр ирж болохын тулд бөлгөө;

14 Тэд тэрчлэн гутарч, мөн найдвар нь тасарч болохын тулд буюу;

15 Үүнээс хойш олон жил өнгөрөөгүй байхад, тэднээс нэг нь ч хананы дэргэд зогсохоор үлдэхгүйгээр тэд болон тэдний үр удам тэнгэрийн дороос арчигдахын тулд болой хэмээн Их Эзэн хэлж байна.

16 Их Эзэн хэлж байна, миний тослогдон томилогдогсдын эсрэг өсгийгөө өргөх бүгд, мөн тэд миний өмнө нүгэл үйлдээгүй байхад, харин тэдэнд миний зарлигласныг, миний мэлмийд нийцэхийг хийсэн байхад тэд нүгэл үйлдлээ хэмээн хашхирагсад бүгд зүхэгдсэн бөлгөө хэмээн Их Эзэн хэлэв.

17 Харин зөрчлийг хашхирдаг тэд нь нүглийн үйлчлэгчид, мөн өөрсдөө дуулгаваргүйн хүүхдүүд учраас тэд үүнийг үйлддэг авай.

18 Мөн боолчлол бөгөөд үхэлд миний үйлчлэгчдийг авчирч болохын тулд тэдний эсрэг хуурамчаар тангараглагч тэд нь—

19 Тэдэнд халаг; тэд миний балчир багачуудыг гомдоосон учраас тэд миний өргөөний ёслолуудаас таслагдах болно.

20 Тэдний сагс дүүрээгүй байх болно, тэдний гэр орон болон тэдний саравчнууд сөнөх болно, мөн тэд өөрсдийг нь зусарддаг байсан тэднээр өөрсдөө ад үзэгдэх болно.

21 Тэдэнд ч мөн тэдний дараах үр удамд нь ч гэсэн үеэс үед санваарыг эзэмших эрх байхгүй байх болно.

22 Тэдний хувьд хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд мөн тэнгисийн гүнд живсэн бол дээр байх байсан юм.

23 Миний хүмүүсийн ая тухыг алдагдуулж, мөн хөөж, амийг нь бүрэлгэн, мөн тэдний эсрэг гэрчилдэг тэд бүгдэд халаг хэмээн Түмний Их Эзэн хэлэв; хорт могойн үр удмынхан тамын ялнаас зайлах нь үгүй.

24 Болгоогтун, миний мэлмий тэдний бүх ажлыг хардаг мөн мэддэг авай, мөн тэд бүгдэд зориулсан, зохих цагт нь өгөх шуурхай шүүлт надад нөөцөд буй;

25 Учир нь ажлуудынх нь дагуу хүн болгонд цаг нь оноогдсон болой.

26 Бурхан Ариун Сүнсээрээ тийм ээ, Ариун Сүнсний өгүүлшгүй бэлгээр та нарт мэдлэгийг өгөх болно, дэлхий байхаас эдүгээг хүртэл илчлэгдээгүй түүнийг буюу;

27 Эцсийн өдрүүдэд илчлэгдэхийг нь бидний өвөг дээдэс тэсэн ядан хүлээж байсан түүнийг, тэнгэр элч нараар тэдний оюун үүнд чиглэгдсэн байсан, тэдний сүр жавхлангийн бүрэн байдлын төлөө нөөцөд хадгалж байсан түүнийг буюу;

28 Юу ч нууцлагдахгүй болох, нэг Бурхан эсвээс олон бурхан байдаг эсэх нь, тэдгээр нь илчлэгдэх цаг ирэх болно.

29 Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор тэвчсэн тэд бүгдэд бүх хаан сэнтий болон ноёрхлууд, вант улсууд мөн хүчнүүд илчлэгдэж мөн өгөгдөх болно.

30 Мөн тэрчлэн, хэрэв тэнгэр болон далай тэнгист, эсвээс хуурай газарт, эсвээс наранд, саранд эсвээс оддод хязгаар тавигдсан байгаа аваас—

31 Тэдний хувьслуудын бүхий л цагууд, тогтоогдсон бүх өдрүүд, сарууд, мөн он жилүүд, мөн тэдний өдрүүдийн, саруудын, мөн он жилүүдийн бүх өдрүүд, мөн тэдний бүх сүр жавхлан, хуулиуд, мөн тогтоогдсон цагууд нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн өдрүүдэд илчлэгдэх болно—

32 Энэ дэлхий байхаас өмнө бусад бүх бурхдын Мөнхийн Бурханы Зөвлөлийн дунд томилогдсон, үүний эцэс ба төгсгөл хүртэл хадгалагдах тэр зүйлийн дагуу буюу, хүн болгон түүний мөнхийн оршихуйд мөн түүний үхэшгүй байдлын амралтад орох үед бөлгөө.

33 Урсагч уснууд хэр зэрэг удаан цэвэр биш үлдэж чадах билээ? Ямар хүч тэнгэрийг зогсоох билээ? Хүмүүн Миссури мөрний жам ёсны урсгалыг өчүүхэн гараа урагш сунган зогсоож эсвэл буцаан урсгаж чадахгүйн адил, Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн тэргүүн дээр тэнгэрээс доош мэдлэгийг юүлэхэд нь Бүхнийг Чадагчийг зогсоож чадахгүй.

34 Болгоогтун, олон нь дуудагддаг хэдий ч, цөөхөн нь сонгогддог бөлгөө. Мөн тэд юуны учир сонгогддоггүй вэ?

35 Тэд зүрх сэтгэлээ энэ дэлхийн зүйлс дээр нэн ихээр тавьж, мөн хүмүүсээс хүндэтгэл хүлээхийг эрмэлздэг учраас тэд дараах ганц сургамжийг сурдаггүй болой—

36 Санваарын эрхүүд нь тэнгэрийн хүчтэй салшгүй холбоотой байдаг гэдгийг, мөн тэнгэрийн тэрхүү хүч нь зөв шударга ёсны зарчмуудын дагуу байхаас бусдаар ашиглагдаж ч мөн хэрэглэгдэж болдоггүй гэдгийг буюу.

37 Тэдгээр нь бидэнд хүртээгддэг байж болох нь үнэн; гэхдээ бид нүглээ далдлахыг оролдоход, эсвээс бардамналаараа, ихэмсэг санаархлаараа сайрхах, эсвээс ямар нэгэн хэмжээнд шударга бус байдлаар хүмүүсийн үрсийн бодгалийг хянах, ноёрхох, эсвээс албадахыг оролдоход, болгоогтун, тэнгэрүүд өөрсдийгөө татан авдаг буюу; Их Эзэний Сүнс гашууддаг болой; мөн энэ нь буцаан татагдахад тэр хүний санваар буюу эрх мэдэл төгсгөл болдог.

38 Болгоогтун, түүнийг ухаарахаас өмнө, тэрээр шилбүүрийн эсрэг өшиглөхөөр, гэгээнтнүүдийг хавчихаар, Бурханы эсрэг тулалдахаар ганцаараа үлдсэн байдаг буюу.

39 Тэд бага ч гэсэн эрх мэдэлтэй боллоо хэмээн бодмогцоо, тэр даруй тэд шударга бусаар ноёрхож эхэлдэг нь бараг бүх хүний төрөлх чанар ба авир гэдгийг бид гунигтай туршлагаар мэдэж авлаа.

40 Иймээс олон нь дуудагддаг хэдий ч, цөөхөн нь сонгогддог болой.

41 Ямар ч хүчийг эсвээс нөлөөг санваарыг ашиглан хүчилж болохгүй, тэгэх ч ёсгүй, зөвхөн ятгалгаар, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн бөгөөд номхон даруу байдлаар, чин сэтгэлийн хайраар буюу;

42 Нинжин сэтгэлээр, мөн хоёр нүүр гаргалгүй мөн заль мэхгүйгээр бодгалийг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг цэвэр мэдлэгээр буюу—

43 Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед, цагаа олж хурц тод зэмлэснээр; мөн тэгээд зэмлүүлсэн тэрээр чамайг дайснаа гэж үзэхгүйн тулд, чи түүнийг хайрлах хайраа нэмэгдүүлснээ дараа нь харуулснаар буюу;

44 Чиний үнэнч байдал үхлийн хүлээснээс илүү баттайг тэрээр мэдэж болохын тулд буюу.

45 Дотор чинь тэрчлэн бүх хүний мөн итгэгчдийн зүг төгс хайраар дүүрэн байг, мөн бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг; тэгвэл Бурханы оршихуйд өөртөө итгэх байдал чинь баттай болох болно; мөн санваарын сургаал тэнгэрээс буух шүүдэр адил чиний бодгаль дээр намуухан буух болно.

46 Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн чиний очирт таяг, зөв шударга ёс болон үнэний хувиршгүй очирт таяг байх болно; мөн ноёрхол чинь үүрдийн ноёрхол байх болно, мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь чам руу үүрд мөн мөнхөд урсах болно.

Хэвлэх