Гэрч
Хамгийн их мэдвэл зохих үнэнүүдийн талаар би та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна.
Дайн дажин, тодорхой бус байдлын үе нь үнэхээр чухал зүйлсэд анхаарал төвлөрүүлэхэд бидэнд тусалдаг.
Дэлхийн II дайн миний хувьд сүнслэг байдлын их хямралын үе байсан юм. Би Ютагийн Бригам хот дахь гэрээсээ явах үедээ ялихгүй бага гэрчлэлтэй байснаас гадна надад ямар нэг өөр чухал зүйл хэрэгтэйг мэдэрч байлаа. Үнэндээ манай ахлах ангийнхан хэдэн долоо хоног дайны бүсийн ойролцоо байрлахаар болсон юм. Японы Окинавагийн хойхно талд Айе Шимагийн арал дээр байрласны дараа эргэлзээ, тодорхой бус байдал намайг зовоож байлаа. Би сайн мэдээний талаар хувийн гэрчлэлтэй болохыг хүсч байсан юм. Би үнэхээр мэдэхийг хүсч байлаа!
Нойр хулжсан нэгэн шөнө би майхнаасаа гарч элсээр дүүргэсэн 200 литрийн түлшний торхнуудыг давхарлан өрж барьсан хоргодох байранд орлоо. Хоргодох байр дээвэргүй болохоор би мөлхөж ороод, одод түгсэн тэнгэр рүү дээш харж ширтэж байгаад залбирахаар өвдөг сөгдлөө.
Залбирч байх үеэр нэг зүйл тохиолдов. Би та бүхэнд юу болсныг дүрслэн өгүүлэхийг хүсч байгаа ч, тайлбарлахад хэцүү байна. Би болсон явдлыг зохих ёсоор тайлбарлаж чадахгүй байгаа ч 65 жилийн өмнөх тэр шөнө яг л өнөөдөр шиг тодхон байна. Энэ бол маш нууц, нэн хувийн шинжтэй гэрчлэл гэдгийг би мэдсэн юм. Үнэхээр би өөрөө мэдэж авсан билээ. Надад хувийн гэрчлэл ирсэн болохоор би хэсэг хугацааны дараа хоргодох байрнаас гараад ор руугаа баяр хөөртэй алхсан юм. Би тэр шөнөжингөө сэтгэл догдлон, хөл газарт хүрэхгүй баярлаж билээ.
Би өөрийгөө бусдаас онцгой хүн гэж огт бодсонгүй, харин надад тохиолдсон энэ явдал хэнд ч тохиолдож болно гэж л бодсон. Би үүнд одоо ч гэсэн итгэсээр байдаг. Энэ явдал дараа дараагийн он жилүүдэд надад дагах гэрэл, үүрэх ачаа аль аль нь болсныг би тэр даруй ухаарсан билээ.
Би амьдралынхаа бараг 90 жил, ерөнхий эрх мэдэлтэн болсноос хойших 50 жилийн турш суралцаж, туршлага хуримтлуулсан хамгийн их мэдвэл зохих үнэнүүдийг та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Миний мэдсэн зүйлсээс ихээхэн хэсэг нь заах боломжгүй ч гэсэн суралцаж болох зүйлс юм.
Мөнхийн үнэ цэнэтэй мэдлэг нь агуу үнэ цэнэтэй ихэнх зүйлийн адил зөвхөн хувиараа залбирах болон тунгаан бодохоос ирдэг. Энэ хоёр зүйлийг мацаг барих болон судар судлахтай нэгтгэвэл энэ нь Ариун Сүнсний өдөөлт, илэрхийлэл болон сэтгэгдлийг урьдаг. Биднийг дүрэм дүрмээр суралцах явцад энэ нь тэнгэрээс заавар өгдөг билээ.
Илчлэлтүүд нь “бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босох болно” мөн “хичээл зүтгэл болон дуулгавартай байдлаар дамжуулан ... мэдлэг мөн оюун билгийг [хуримтлуулах болно]” (С ба Г 130:18–19) гэдгийг амладаг.
Миний мэдсэн мөнхийн нэг үнэн бол Бурхан амьд гэдэг үнэн юм. Тэр бол бидний Эцэг. Бид түүний хүүхдүүд. “Бид Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ болон Ариун Сүнсэнд итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:1).
Тэр Өөрийг нь дуудаж болох бусад бүх нэрээс “Эцэг” хэмээх нэрийг сонгосон юм. Аврагч, “Тиймийн тул та нар энэ маягаар: Тэнгэрт буй Эцэг минь” (3 Нифай 13:9; мөн Матай 6:9-г үзнэ үү). хэмээн залбирч бай гэж зарлигласан билээ. Бид энэ амьдралд хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг ойлгохын тулд “Эцэг” хэмээх Түүний нэрийг хэрэглэх нь хүн бүрийн хувьд мэдвэл зохих чухал зүйл юм.
Эцэг, эх байх нь ариун эрх үүрэг бөгөөд энэ нь итгэлтэй байдлаас хамааран мөнхийн адислал байж чадна. Сүм дэх бүх үйл ажиллагааны хамгийн чухал зорилго бол эрэгтэй хүн гэр бүлдээ эхнэр, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдрах явдал юм.
Гэрлээгүй эсвэл хүүхэдтэй болох боломжгүй хүмүүст мөнхийн эдгээр адислал ерөөсөө боломжгүй гэсэн үг биш харин тэд хүрч чадах зүйлдээ хараахан хүрээгүй байгаа хэрэг юм. Бид адислалууд хэзээ, хэрхэн ирэхийг үргэлж мэдэхгүй ч гэсэн мөнхийн өсөлт дэвшлийн амлалт нь ариун гэрээнүүд хийж, сахидаг итгэлтэй нэгэн хэнд боловч нээлттэй байдаг.
Та бүхний нууцхан хүсэл эрмэлзэл, нулимс дуслуулан хүссэн гуйлтууд тань Эцэг, Хүү хоёулангийнх нь зүрх сэтгэлд хүрэх болно. Амьдрал тань бүрэн дүүрэн байх болно, өөрт тань туйлын чухал нэг ч адислал танаас алдагдаагүй гэсэн хувийн баталгааг та Тэднээс хүлээн авах болно.
Би Их Эзэний үйлчлэгчийн хувьд томилогдсон албандаа үйлчлэхдээ гэрлээгүй болон хүүхэдтэй болох боломжгүй хүмүүст зохих цагтаа өгөгдөх өргөмжлөл болон авралаас өөр юу ч чухал биш гэдгийг тэдэнд амлаж байна. Эдүгээ хоосон байгаа гар дүүргэгдэх болно мөн эдүгээ биелэгдээгүй мөрөөдөл, хэрэгжээгүй хүсэл эрмэлзлээс болж шаналсан зүрх сэтгэл эдгээгдэх болно.
Ариун Сүнс бодитой оршдог нь миний мэдсэн өөр нэг үнэн юм. Тэр бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн. Түүний үүрэг бол үнэн болоод зөвт байдлыг гэрчлэх юм. Тэр олон арга замаар түүний дотор амар амгалангийн болон баталгаа өгөх мэдрэмжээр Өөрийгөө илэрхийлдэг. Тэр түүнчлэн тайтгарал, удирдамж мөн шаардлагатай үед сануулга өгдөг. Бид зөв шударга амьдарснаар насан туршдаа Ариун Сүнсний нөхөрлөлтэй байж чадна.
Ариун Сүнсний бэлгийг сайн мэдээний ёслолоор дамжуулан хүртээдэг. Эрх мэдэлтэй нэгэн нь сүмийн шинэ гишүүний толгой дээр гараа тавьж: “Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж хэлдэг.
Энэхүү ёслол нь биднийг дангаараа мэдэгдэхүйц өөрчилдөггүй ч гэсэн, хэрэв бид сүнсний өдөөлтүүдийг сонсож, дагавал Ариун Сүнсний адислалыг хүлээн авах болно. Тэнгэрлэг Эцэгийн маань хөвгүүд, охид нэг бүр “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Моронай 10:5; тодотгол нэмсэн) гэсэн Моронайн амлалт үнэн бодитойг мэдэж чадна.
Миний амьдралдаа олж авсан бурханлаг нэгэн үнэн бол Их Эзэн Есүс Христийн тухай гэрчлэл юм.
Илчлэлтүүдэд тулгуурлан бидний хийдэг бүх зүйлээс хамгийн чухал бөгөөд бидний хийдэг бүхнийг дэмждэг зүйл бол Сүмд бидний үйлддэг эрх мэдэл болох Их Эзэний нэр юм. Залбирал болгон, бүр бяцхан хүүхдүүдийн залбирал хүртэл Есүс Христийн нэрээр төгсдөг. Энэ бол Түүний Сүм бөгөөд энэ нь Түүний нэрээр нэрлэгдсэн—Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм юм (С ба Г 115:4-ийг үзнэ үү).
Мормоны Номонд нифайчууд “Эцэгт хандан [Их Эзэний] нэрээр залбирсан юм”. Их Эзэн тэдэнд харагдан:
“Та нарт намайг юу өгөөсэй хэмээн та нар хүснэв? хэмээн асуув.
“Мөн тэд түүнд хэлэв: Их Эзэн, энэ сүмийг ямар нэрээр нэрлэхийг бидэнд хэлээсэй хэмээн бид танаас хүсч байна; учир нь энэ хэргийн талаар хүмүүсийн дунд арцалдаан байна.
Мөн Их Эзэн тэдэнд хэлэв: Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, хүмүүс яагаад энэ хэргийн учир бувтналдан мөн арцалдах болов?
Миний нэр болох, Христийн нэрийг та нар өөрсдийн дээр авах ёстой хэмээсэн, судруудыг тэд уншаагүй гэж үү? Учир нь энэ нэрээр та нар эцсийн өдөр дуудагдах болно;
Мөн өөрийн дээр миний нэрийг авсан, мөн эцсээ хүртэл тэвчих хэн боловч, чухамхүү тэр нь эцсийн өдөр аврагдах болно.
Тиймийн тул, та нар юуг ч үйлдсэн, үүнийгээ миний нэрээр үйлдэх болно; тиймийн тул та нар сүмийг миний нэрээр нэрлэх болно; мөн тэрбээр миний тусын тулд сүмийг адислахын тулд та нар миний нэрээр Эцэгт хандах болно (3 Нифай 27:2–7) хэмээн хэлсэн билээ.
Есүс Христ гэдэг нэр Түүний нэр, “Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст [өгөгдөөгүй]” (Үйлс 4:12) юм.
Бид Сүмд Түүнийг хэн болохыг мэддэг: Тэр бол Бурханы Хүү Есүс Христ. Тэр бол Эцэгийн Төрсөн Ганц Хүү билээ. Тэр егүүтгэгдээд амилсан. Эцэгийн өмнө Тэр бидний өмгөөлөгч юм. “Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун” (Хиламан 5:12). Тэрээр амьдралын хүнд сорилтууд дунд биднийг болон гэр бүлүүдийг маань хамгаалж, тогтоон барьж байдаг зангуу билээ.
Дэлхий даяар ням гараг бүрд аль нэг үндэстэн эсвэл хэлтэн цуглаж, ариун ёслолыг адислахад адилхан л үг хэлдэг. Бид Христийн нэрийг өөрсөд дээр авч, үргэлж Түүнийг санадаг. Энэ нь бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
Бошиглогч Нифай, “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) хэмээн тунхагласан юм.
Бидний хүн нэг бүр Их Эзэн Есүс Христийн тухай хувийн гэрчлэлтэй болох ёстой. Бид энэхүү гэрчлэлээ гэр бүлтэйгээ болон бусадтай хуваалцдаг.
Их Эзэний ажлыг тасалдуулах гэж улайран эрэлхийлдэг дайсан байгаа гэдгийг бид бүгд мартах ёсгүй. Бид хэнийг дагахаа сонгох ёстой. Бид Аврагчийг дагахаар сонгож, Түүний талд үнэнч итгэлтэй үлдэхээр эргэлтгүй шийдсэнээрээ өөрсдийн хамгаалалтыг энгийн байдлаар бий болгож чадна.
Аврагч болон Түүний сургаалд тууштай итгэлтэй байж чадаагүй зарим хүмүүсийн тухай Иохан Шинэ Гэрээнд бичсэн байдаг. “Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй.
Тэгээд Есүс арванхоёртоо, Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд,
Симон Петр Түүнд, Эзэн бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.
Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн” (Иохан 6:66–69) хэмээн хариулсан билээ.
Аврагчийн дагалдагч бүрийн суралцаж болох зүйлийг Петр мэдэж байв. Бид Есүс Христэд бүхнээ зориулах итгэлтэй байхын тулд Түүнийг өөрсдийн Гэтэлгэгч хэмээн хүлээн зөвшөөрч Түүний сургаалуудаар амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг билээ.
Би амьдарч, зааж, үйлчилсэн бүх он жилүүдийнхээ эцэст, дэлхий даяар сая сая километр аялсныхаа дараа, үзэж туулсан бүх зүйлээ бусадтай хуваалцахыг хүсдэг нэгэн агуу үнэн надад байдаг билээ. Тэр бол Аврагч Есүс Христийн тухай миний гэрчлэл юм.
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр ариун нандин туршлагынхаа талаар дараах зүйлийг бичжээ:
“Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!
Учир нь бид Түүнийг ... харсан билээ” (С ба Г 76:22–23).
Тэдний үгс бол миний үгс юм.
Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэдэгт би баттай итгэдэг. Тэр амьд. Тэр бол Эцэгийн Төрсөн Ганц Хүү бөгөөд “түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө” (С ба Г 76:24).
Аврагч амьд гэсэн гэрчлэлээ би хуваалцаж байна. Би Их Эзэнийг мэднэ. Би бол Түүний гэрч. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн төлөөх Түүний агуу золиослол болон мөнхийн хайрыг би мэднэ. Би өөрийн гэрчлэлийг бүхий л даруу хийгээд туйлын тодорхой байдалд үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.