Гэгээнтнүүдийн баяр баясгалан
Христийн зарлигуудыг дуулгавартай дагаж, Түүгээр дамжуулан харуусал гуниг, сул дорой байдлыг даван туулж, Түүний адил үйлчилснээр баяр баясгалан ирдэг.
Лихайн ач хүү, Мормоны Номын бошиглогч Инос залуу байхад нь тохиолдсон нэгэн ер бусын туршлагынхаа талаар бичжээ. Инос эцэг Иаковынхаа заасан зүйлсийн талаар ойд ганцаараа ан агнаж явахдаа тунгаан бодож эхэлсэн. Тэрээр “Мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баяслын талаар эцгийнхээ ярьж байхыг олонтаа сонссон тэр үгс, зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн байв” хэмээн өгүүлжээ. Бодгаль нь сүнслэгээр өлсөхөд Инос өвдөг сөхрөн залбирч, тэр гайхамшигт залбирал нь өдөр, шөнийн турш үргэлжилж, түүнд чухал илчлэлт, баталгаа, амлалтыг авчирсан.
Иносын туршлагаас суралцах зүйл олон байгаа ч өнөөдөр надад тодхон санагдаж байгаа зүйл бол аавын маань олонтоо ярьдаг байсан “гэгээнтнүүдийн баяслын” талаарх Иносын дурсамж юм.
Гурван жилийн өмнө энэхүү чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон баяр баясгалангийн талаар ярьсан. Тэр өөр олон зүйл хэлсний сацуу
“Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдалтай биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.
“Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. … Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Есүс Христ баяр баясгалан билээ!” хэмээн өгүүлжээ.
Гэгээнтнүүд гэдэг нь баптисм хүртсэнээр сайн мэдээний гэрээнд орсон, Христийн шавийн хувиар Түүнийг дагахыг хичээн чармайж байгаа хүмүүс юм. Тиймээс “гэгээнтнүүдийн баяр баясгалан” гэдэг нь Христтэй адил болохын баяр баясгалан гэсэн утгыг илтгэнэ.
Би Түүний зарлигуудыг дуулгавартай дагахаас ирдэг баяр баясгалан, Түүгээр дамжуулан харуусал гуниг, сул дорой байдлыг даван туулснаар төрдөг баяр баясгалан, Түүний адил үйлчилснээр олж авдаг баяр баясгалангийн талаар ярихыг хүсэж байна.
Христийн зарлигуудыг дуулгавартай дагахаас ирдэг баяр баясгалан
Бид олон хүн Их Эзэний зарлигуудын чухал ач холбогдолд эргэлздэг эсвэл бүр тэдгээрийг зүгээр л үл тоомсорлодог цаг үед амьдарч байна. Ариун явдлын хууль, шударга байдлын жишиг, Хүндэтгэлийн өдрийн ариун байдал зэрэг бурханлаг удирдамжийг үргэлж үл тоомсорлодог хүмүүс амьдралын сайн сайхан зүйлсэд баясан, дэгжиж, заримдаа бүр дуулгавартай байхыг хичээж буй хүмүүсээс ч илүү дээр байгаа мэт санагдах нь элбэг. Зарим хүн гаргасан хичээл зүтгэл, золиос нь үр ашигтай байгаа эсэхэд эргэлзэж эхэлдэг. Эртний Израилын ард түмнийг нэг удаа
“Бурханд үйлчлэх нь ашиггүй. Бид Түүний тушаалыг сахиж, түг түмдийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?
Өдгөө бид ихэмсгийг ерөөгдсөн гэж дууддаг. Гэм буруутнууд өөдлөөд зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан гардаг” хэмээн гомдоллоход
“Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр” хүртэл түр хүлээ. Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар … харах болно.” Ёс бусчууд “өөрсдийн ажлууддаа түр зуур л баясна,” гэхдээ энэ нь үргэлж зуурдынх байдаг хэмээн Их Эзэн айлддаг. Гэгээнтнүүдийн баяр баясгалан өнө удаан үргэлжлэх болно.
Бурхан юмсыг үнэн төлөв байдлаар нь хардаг. Тэрхүү төлөвийг бидэнтэй зарлигуудаараа дамжуулан, мөнх бус байдлын энхэл донхол дундуур биднийг мөнхийн баясал руу үр дүнтэй хөтлөн, Тэрээр хуваалцдаг. Бошиглогч Иосеф Смит “Түүний зарлигууд аливааг бидэнд үүрд мөнхийн талаас нь заадаг. Учир нь Бурхан дээрээс биднийг үүрд мөнхөд байгаа юм шиг харж байдаг. Бурхан үүрд оршиж бидний хардаггүй юмыг хардаг билээ хэмээн тайлбарласан.
Сайн мэдээг амьдралдаа хожуу олж аваад, арай эртхэн олсон бол гэж хүсдэггүй нэг ч хүнтэй би тааралдаж байгаагүй. “Ээ дээ, буруу сонголт, алдаануудаас зайлхийж чадах л байсан даа” гэж тэд хэлдэг. Их Эзэний зарлигууд илүү зөв сонголт, илүү аз жаргалтай үр дүн лүү хөтлөх бидний хөтөч юм. Бид энэ гайхалтай замыг үзүүлсэнд нь Түүнд баярлаж, талархах хэрэгтэй.
Одоо Кот-Дивуар Абиджан Баруун номлолд үйлчилж байгаа, Бүгд Найрамдах Конго улсын Каломбо Росэттэ Камваниа эгч өсвөр насны охин байхдаа Бурханыг өөрийг нь ямар замаар явуулахыг хүсэж байгааг мэдэхийн тулд гурав хоног мацаг барин залбирчээ. Тэр нэгэн гайхалтай шөнийн үзэгдлээр хоёр барилга харсны нэг нь сүмийн байр, нөгөө нь ариун сүм байсныг хожим нь ойлгожээ. Тэрээр зүүдэндээ харсан сүмийн байрыг хайсаар удалгүй олов. Уг сүм нь “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэсэн хаягтай байв. Камваниа эгч баптисм хүртсэн ба дараа нь түүний ээж болон зургаан ах баптисм хүртжээ. Камваниа эгч “Сайн мэдээг хүлээн авах үед надад торноосоо тавигдаж буй шувуу шиг л мэдрэмж төрсөн. Зүрх сэтгэл минь баяр баясгалангаар дүүрсэн. … Би Бурхан надад хайртай гэсэн нотолгоог хүлээн авсан юм” хэмээн ярьсан.
Их Эзэний зарлигуудыг дагах нь бидэнд Түүний хайрыг илүү бүрэн дүүрэн, илүү амархан мэдрэх боломжийг олгодог. Зарлигуудын давчуу бөгөөд нарийн зам нь амьдралын мод руу шууд хөтөлдөг бөгөөд мод болон хамгийн амттай, “бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч” жимс Бурханы хайрыг төлөөлдөг бөгөөд сэтгэлийг “үлэмж агуу баяраар” дүүргэдэг. Аврагч:
“Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно.
Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв” хэмээн хэлсэн.
Христээр дамжуулан сорилт бэрхшээлийг даван туулснаар ирдэг баяр баясгалан
Зарлигуудыг итгэлтэйгээр сахих үед ч зовлон бэрхшээл, гай гамшиг бидний баяр баясгаланд саад болдог. Гэвч бид Аврагчийн тусламжтайгаар тэдгээр сорилт бэрхшээлийг даван туулахыг хичээх үед бидний одоо мэдэрч байгаа болон хүсэн хүлээж байсан баяр баясгалангийн аль аль нь хадгалагдах болно. Христ шавь нараа “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” хэмээн тайтгаруулсан. Түүнд хандаж, дуулгавартай байж, өөрсдийгөө Түүнтэй холбосноор зовлон бэрхшээл, гай гамшиг баяр баясгалан болж хувирдаг. Би нэгэн жишээ дурдъя.
Жак Раштон 1989 онд Америкийн нэгдсэн улс дахь Ирвин Калифорни гадасны (АНУ) ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Калифорнийн далайн эрэг дээр Жак гэр бүлээрээ амарч байхдаа давалгаан дээгүүр биеэрээ гулгаж байгаад давалгаанд цохиулан, усан доорх чулууг мөргөснөөр хүзүү нь хугарч, нугасандаа хүнд гэмтэл авчээ. Хожим нь Жак “Би чулууг мөргөх тэрхэн мөчид биеэ мэдээгүй болохыг мэдсэн” гэж хэлсэн. Тэр ярих байтугай бүр амьсгалж ч чадахгүй болсон байжээ.
Гэр бүл, найз нөхөд, гадасны гишүүд нь Раштон ахыг болон түүний эхнэр Жо Анныг дэмжин тусалж, олон зүйл хийсэн ба Жакийн тэргэнцэрт тохируулан гэрийг нь засварлажээ. Жо Анн 23 жилийн турш Жакийн гол асран халамжлагч байсан. Их Эзэн Өөрийн хүмүүсийг зовж зүдэрч байх үед нь зочлон очиж, ачаануудыг нь хөнгөлдөг тухай Мормоны Номын түүхийг Жо Анн дурдаад, “Би нөхрөө асарч байхдаа зүрх сэтгэлдээ эерэг хандлагатай байгаадаа үргэлж гайхширдаг байсан” хэмээн өгүүлсэн.
Жакийн амьсгалын системийг сэргээснээр тэр ярьдаг болсон ба тэр жилдээ Жак Сайн мэдээний сургаалын багшаар мөн гадасны патриархаар дуудагджээ. Раштон ахыг патриархын адислал өгөх үед өөр нэг санваартан түүний гарыг адислал хүлээн авч буй хүний толгой дээр тавин, адислалаа хэлэх үед нь гарыг нь түшин, барьж өгдөг байв. Жак 22 жил үнэнчээр, бүхнээ зориулан үйлчилсний эцэст буюу 2012 онд Христийн мэндэлсний баярын өдөр нас барсан юм.
Жак нэг удаа ярилцлага өгч байхдаа “Бидний бүхий л амьдралын турш асуудал гарч ирдэг. Энэ бол зүгээр л энэ дэлхий дээр байгаагийн нэгэн хэсэг юм. Зарим хүн шашин шүтэх юм уу Бурханд итгэдэг байх нь тэднийг муу зүйлээс хамгаална гэж ойлгодог. Үүнийг гол зорилго нь биш гэж би боддог. Миний бодлоор, гол зорилго нь хэрвээ бидний итгэл хүчирхэг байвал муу зүйлс тохиолдох үед (муу зүйл тохиолдох болно) бид тэдгээрийг даван туулах чадвартай байхад оршино. Миний итгэл хэзээ ч суларч байгаагүй ч энэ нь би сэтгэлийн гутралд орж байгаагүй гэсэн үг биш юм. Миний бодлоор, би амьдралдаа анх удаа чадварынхаа хязгаарт тултал шахуулж, өөр хаашаа ч эргэх замгүй болсон бөгөөд Их Эзэнд хандсанаар өнөөдрийг хүртэл хязгааргүй баяр баясгаланг мэдэрч байна” хэмээн ярьжээ.
Энэ бол хувцаслалт, үзвэр үйлчилгээ, бэлгийн цэвэр ариун байдал зэрэг асуудлаар Их Эзэний жишгийг дагахыг хичээж байгаа хүмүүс рүү олон нийтийн сүлжээгээр болон бодит байдлаар хайр найргүй дайралт хийдэг цаг үеийн нэг л өдөр юм. Гэгээнтнүүд тэр дундаа голдуу өсвөр үеийнхэн, залуучууд, эмэгтэйчүүд мөн ээжүүд доромжлол, хавчлагаас болж зовох нь олонтоо. Ийм хүчирхийллийг давж гарах амаргүй боловч “Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог” хэмээх Петрийн үгсийг санаарай.
Еденийн цэцэрлэгт Адам, Ева хоёр “зовлонг мэдээгүйн учир, баяр баясал үгүй” гэм зэмгүй гэнэн байдалд байсан. Хариуцлагатай хүмүүс бид одоо гэм нүгэл, зовлон зүдгүүр, сул дорой байдал эсвэл аз жаргалын эсрэг ямар ч байдал дахь зовлонг даван туулахдаа баяр баясгаланг олдог. Энэ бол шавь байх замдаа өсөлт хөгжлийг мэдрэх баяр баясгалан, “нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, улмаар … ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир” ирэх баяр баясгалан, Христийн ач ивээлээр дамжуулан бодгаль нь тэлж, өсөж хөгжихийг мэдрэх баяр баясгалан юм.
Христийн үйлчилсний адил үйлчилснээр ирдэг баяр баясгалан
Аврагч үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг бидэнд авчрахдаа баяр баясгаланг олдог. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчийн Цагаатгалын талаар
“Есүс Христ бүхий л зүйлд бидэнд төгс үлгэр жишээ үзүүлсэн, ‘Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө … загалмайг тэвчсэн’ [Еврей 12:2] нэгэн билээ. Бодоод үз дээ! Аврагч маань энэ дэлхийн түүхэн дэх хамгийн их зовлон шаналлыг тэвчин гарахын тулд баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлсэн юм!
“Тэгэхлээр, Түүний өмнө ямар баяр баясгалан тавигдсан байсан бэ? Үүнд цэвэршүүлэх, эдгээх, биднийг хүчирхэгжүүлэхийн баяр баясгалан мөн наманчилсан бүх хүний нүглийн төлөөсийг төлөхийн, танд болон надад Тэнгэрлэг Эцэг Эх, гэр бүлдээ цэвэр, зохистой эргэн очиж, хамт амьдрах боломжийг олгохын баяр баясгалан багтах нь гарцаагүй.”
Үүний адил “бидний өмнө тавигдсан” баяр баясгалан бол Аврагчид гэтэлгэлийн ажилд нь туслахын баяр баясгалан юм. Абрахамын үр удам болон хүүхдүүдийн хувьд бид дэлхийн бүх гэр бүлийг “авралын адислалууд, бүр мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудаар” адислахад оролцдог.
Алмагийн үгс санаанд орж байна. Тэрээр
“Энэ нь, зарим бодгалиудыг наманчлалд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний бахархал; мөн энэ нь миний баясал.
Мөн болгоогтун, ах дүүсийн маань олон нь үнэхээр гэмшихийг, мөн Их Эзэн Бурхандаа ирэхийг харахад, бодгаль минь баяслаар дүүрнэм. …
Гэвч би зөвхөн өөрийн амжилтанд баясах бус, харин Нифайн нутагт байсан ах дүүсийнхээ амжилтын төлөө баясал минь илүү дүүрэн байна. …
Эдүгээ, эдгээр ах дүүсийнхээ амжилтын тухай намайг бодоход сүнс минь зөөгдөн одож, бүр биеэс салах лугаа адил, баясал минь тийм агуу байна” гэжээ.
Сүмд нэг нэгэндээ үйлчлэх бидний үйлчлэлийн үр жимс бол “бидний өмнө тавигдсан” баяр баясгалангийн нэг хэсэг юм. Бид урам хугарсан эсвэл сэтгэл хямарсан үедээ ч Бурханыг баярлуулахад болон Түүний хүүхдүүд, өөрсдийн ах, эгч нарт гэрэл, халамж, аз жаргалыг авчрахын баяр баясгаланд анхаарлаа төвлөрүүлбэл тэвчээртэй тохинуулж чадна.
Өнгөрсөн сард ахлагч Дэвид Бэднар, Сюзан Бэднар эгч хоёр Гайти дахь Порт-ау-Принс ариун сүмийг адислахаар очоод байхдаа, хэдхэн өдрийн өмнө аймшигт ослоор нөхрөө алдсан нэгэн залуухан эгчтэй уулзав. Тэд түүнтэй хамт уйлан гашууджээ. Гэвч ням гарагт тэр эмэгтэй зөөлөн, уриалгахан инээмсэглэсээр ариун сүмд орж буй хүмүүст туслан, онцгойлон адислалын үйлчлэлд зохицуулагч хийгээд явж байсан юм.
Би тэд “гэгээнтнүүдийн туйлын баяр баясгалан” Аврагч тэдний өмнөөс гуйдаг гэдгийг мэдсэнээр ирдэг бөгөөд “бидний төлөө Эцэгт хандан [Есүсийн] залбирсныг бид сонс[ох] [үед] бодгалийг маань дүүргэ[х] тэрхүү баяслыг хэн ч төсөөлж чадахгүй” гэдэгт итгэдэг. Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтой хамт, баяр баясгалан бол “дэлхийн загалмайнуудыг тэвчиж,” “Есүс Христийн заасны дагуу өөрийн хүслээр шударга амьдрахыг хичээж” байгаа итгэлтэй гэгээнтнүүдэд зориулсан бэлэг юм хэмээн гэрчилж байна. Та бүхэн баяр баясгалангаар дүүрэн байгаасай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.