Итгэлгүй бус, итгэлтэй бай
Бид өдөр бүр дэлхийгээс зориуд салж, тэнгэртэй холбогдох цаг гаргах ёстой.
Саяхан би өглөө босоод, судраас суралцахаар бэлтгэж байлаа. Би Gospel Library аппликэйшныг нээх санаатай ухаалаг утсаа авч, орныхоо хажуугийн сандал дээр суув. Утсаа нээгээд, суралцаж эхлэх гэж байхдаа шөнийн туршид ирсэн олон анхааруулга мессеж, э-мэйлүүдийг хараад, “энэ мессежүүдийг гялс шалгачихаад, судраа уншиж эхэлье дээ” гэж бодов. Тэгтэл хоёр цагийн дараа гэхэд би мессеж, э-мэйл, тойм мэдээ болон сошиал медиа дээрх нийтлэлүүдийг уншсаар л сууж байлаа. Би хэдэн цаг болж байгааг ухаармагц, яаран сандран явахад бэлдэж билээ. Тэр өглөө би судраас судалж чадаагүй учраас өөрийн хүсэж байсан сүнслэг тэжээлийг авч чадаагүй юм.
Сүнслэг тэжээл
Та нарын олонход энэ нь танил сонсогдож байгаа. Орчин үеийн технологи биднийг олон арга замаар адисалдаг. Тэдгээр нь биднийг найз нөхөд, гэр бүлтэй минь болон мэдээлэл, дэлхий даяар болж байгаа үйл явдлуудын мэдээтэй холбож өгдөг. Гэвч тэдгээр нь биднийг хамгийн чухал холбоо болох тэнгэртэй холбогдох холбооноос сатааруулдаг.
Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгсийг давтан хэлье. “Бид сөргөлдөөн улам өссөөр байгаа ярвигтай дэлхийд амьдарч байна. Байнга ашиглахад бэлэн байдаг сошиал медиа, 24 цагийн туршид тавигддаг мэдээ мэдээлэл биднийг хайр найргүй булж байна. Хэрэв үнэн рүү дайрч довтлох хүмүүсийн олон янзын үзэл бодол, зарчмыг анхааралтай шигшиж, ялган таних ямарваа нэгэн итгэл найдварыг бий болгоё гэвэл бид илчлэлт хүлээн авч сурах ёстой.”
Ерөнхийлөгч Нэлсон цааш нь “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн сэрэмжлүүлсэн.
Олон жилийн өмнө ерөнхийлөгч Боид К.Пакэр их цас орсноос бэлчээр нутагтаа хүрч чадахгүй гацаж, өлсөж үхэх шахсан бугын сүргийн талаар ярьж билээ. Сайн санаатай хүмүүс сүргийг аврахын тулд ачааны машинаар дүүрэн өвсийг тэр хавиар нь авчирч тавьсан байна. Хэдийгээр буга өвс иддэггүй ч авчирсан өвс нь тэдэнд өвлийг давахад туслах байх гэж найдаж байв. Харамсалтай нь, уг сүргийн ихэнх нь хожим үхсэн юм. Тэд уг өвснөөс идсэн боловч энэ нь тэдэнд тэжээл болоогүйгээс гэдэс нь дүүрэн байсан ч өлбөрч үхсэн байлаа.
Мэдээллийн энэ эрин үед бидэнд байнга ирдэг олон зурвас мэдээлэл бугыг өвсөөр тэжээж байгаатай адил сүнслэг маягийн үр дүн өгч болох ч бид үүнээс өдөржин идлээ ч энэ нь биднийг сүнслэгээр тэжээхгүй.
Бид сүнслэг тэжээлийг хаанаас олж авдаг вэ? Ихэнхдээ энэ нь сошиал медиа дээр түгээмэл байдаггүй. Бид гэрээний зам дээр “урагшлан,” “төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар,” амьдралын модны жимснээс хүртэх үедээ үүнийг олдог. Энэ нь бид өдөр бүр дэлхийгээс зориуд салж, тэнгэртэй холбогдох цаг гаргах ёстой гэсэн үг.
Лихай зүүдэндээ, жимснээс хүртсэнийхээ дараа агуу хийгээд нүсэр барилгын нөлөөг буюу хүмүүсийн бардам зангаас болж үүнийг орхисон хүмүүсийг харсан билээ. Залуу хүмүүсийн хувьд хожмын үеийн гэгээнтэн гэр бүлд өсөөд, Сүмийнхээ бүх цуглаан, ангид очин, бүр ариун сүмийн ёслолуудад оролцсоныхоо дараа ч “хориглогдсон замаар орж мөн төөр[өх]” явдал гардаг. Ийм зүйл яагаад болдог вэ? Ихэнх тохиолдолд энэ нь тэд гаднаа сүнслэг зүйлс хийж байгаа хэрнээ бүрэн дүүрэн хөрвөгдөөгүйгээс болдог. Тэд идсэн боловч тэжээл аваагүй.
Эсрэгээрээ, би хүчирхэг, ухаалаг, итгэлтэй олон хожмын үеийн залуу гэгээнтэнтэй уулзаж байсан. Та нар өөрсдийгөө Бурханы охид, хөвгүүд гэдгийг мөн та нарт зориулсан ажил Түүнд байгааг мэддэг. Та нар бүхий л “зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” Бурханыг хайрладаг. Та нар гэрээгээ сахин, гэрийнхэндээ бас бусдад үйлчилж чадна. Та нар итгэлээ хөгжүүлж, наманчилж, өдөр бүр өсөж хөгжсөнөөр үүрд үргэлжлэх баяр баяслыг мэдэрдэг. Та нар Аврагчийн үнэнч дагагчдын хувьд ариун сүмийн адислал, бусад боломжийг авахаар бэлтгэж байгаа. Та нар бүх хүнийг Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урин, Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд тусалж байгаа. Та нар тэнгэртэй холбогдсон.
Тийм ээ, та нар сорилт бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ бүх л үеийнхэн тулгардаг шүү дээ. Энэ цаг үе бол биднийх. Бид итгэлгүй бус, итгэлтэй байх хэрэгтэй байна. Их Эзэн бидний сорилт бэрхшээлийн талаар мэддэг бөгөөд ерөнхийлөгч Нэлсоны удирдлагаар дамжуулан биднийг тэдгээртэй тулгарахад бэлтгэж байгаа гэдгийг би гэрчилж байна. Гэр оронд төвлөрсөн, Сүмд хийдэг үйл ажиллагаагаар дэмжсэн сүмийн талаарх бошиглогчийн саяхны уриалга нь сүнслэг тэжээлээр дутмаг энэ өдрүүдэд амьд гарахад, бүр өсөж хөгжихөд зориулагдсан гэдэгт би итгэдэг.
Гэр оронд төвлөрсөн
Гэр оронд төвлөрсөн сүм байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Дэлхий даяарх гэр орнууд өөр өөр байж болно. Та нар олон үеэрээ Сүмд байгаа гэр бүлд төрсөн байж болно. Эсвэл та гэр бүлээсээ ганцаараа Сүмийн гишүүн байж болно. Та ганц бие, гэрлэсэн, гэртээ хүүхэдтэй эсвэл хүүхэдгүй байж болно.
Та нарын нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн, та гэр орноо сайн мэдээнээс суралцах, дагаж амьдрах төв болгож чадна. Энэ нь өөрийн хувийн хөрвүүлэг болон сүнслэг өсөлт хөгжилд өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Энэ нь ерөнхийлөгч Нэлсоны “гэр орноо итгэлийн ариун газар болгон өөрчил” хэмээх зөвлөгөөг дагана гэсэн үг.
Дайсан та нарт сүнслэг тэжээл шаардлагагүй, эсвэл үүнийг дараа нь хийж болно гэж илүү овжин аргаар ятгахыг хичээх болно. Тэр бол мэргэжлийн сатааруулагч мөн хойш тавилтыг зохиогч мөн. Тэр хойшлуулшгүй мэт боловч үнэн хэрэгтээ тийм ч чухал биш зүйлсэд анхаарлыг тань татах болно. Тэр таныг “олон юманд санаа зовоход” хүргэж, тэгснээр “ганцхан хэрэгтэй” зүйлээ үл тоомсорлоосой гэж хүсдэг.
Би гэр бүлдээ байнгын сүнслэг тэжээл өгдөг, хайраар дүүрэн харилцаатай, үр өгөөжтэй үйл ажиллагаанууд явуулдаг гэрт өсгөн хүмүүжүүлсэн “сайн эцэг эх[дээ]” маш их талархдаг. Өсвөр насанд минь тэдний заасан зүйлс намайг сайн суурьтай болгосон. Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдтэйгээ бат бөх харилцааг үүсгээрэй. Тэдэнд бага биш, харин их цаг зориулаарай.
Сүмээс дэмжсэн
Үүнийг хийхэд Сүм танд туслахад бэлэн. Сүм дээрх мэдрэмж туршлага маань гэртээ сурч байгаа сүнслэг тэжээлийг бататгаж чадна. Энэ жил одоогийн байдлаар бид Ням гаргийн анги болон Хүүхдийн хэсэгт Сүмийн иймэрхүү дэмжлэгийг харж байгаа. Бид бас Аароны санваар болон Залуу эмэгтэйчүүдийн ангид үүнийг илүү ихээр харах болно. Энэ нэгдүгээр сараас эхлэн, эдгээр ангийн хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт орох болно. Энэ ангиуд нь сайн мэдээний сэдвүүдэд төвлөрсөн хэвээр байх бөгөөд сэдвүүд нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагатай уялдах болно. Энэ нь бага зэргийн өөрчлөлт боловч өсвөр үеийнхний сүнслэг тэжээлд том нөлөө үзүүлж чадах юм.
Сүмээс өөр ямар дэмжлэг үзүүлдэг вэ? Сүмд бид долоо хоног бүр Аврагчид өөрсдийгөө зориулахад маань тусалдаг ариун ёслолоос хүртдэг. Мөн сүмд бид адил гэрээ байгуулсан бусад итгэгчтэй хамт цуглардаг. Есүс Христийн бусад шавьтай тогтоосон хайраар дүүрэн харилцаа маань гэр оронд төвлөрсөн шавь байхад хүчтэй дэмжлэг үзүүлж чадна.
Намайг 14 настай байхад манай гэр бүл шинэ газар луу нүүж билээ. Энэ нь одоо та нарт тийм ч эмгэнэлтэй зүйл мэт санагдахгүй байж магад. Гэвч энэ нь тухайн үед надад аймаар байсан. Энэ нь таньж мэдэхгүй хүмүүсийн дунд орно гэсэн үг байв. Энэ нь би тойргийнхоо бусад бүх залуу эрэгтэйн явдгаас өөр сургуульд явна гэсэн үг байв. 14 настай надад “Ээж, аав минь яаж ийм юм хийж чадаж байна аа?” гэж бодогдож, амьдрал минь сүйрсэн мэт санагдаж байлаа.
Хэдий тийм боловч Залуу эрэгтэйчүүдийн үйл ажиллагаануудаар дамжуулан би чуулгынхаа бусад гишүүнтэй нөхөрлөх боломжтой байсан бөгөөд тэдэнтэй найзууд болсон юм. Түүнээс гадна, бишопын зөвлөлийн гишүүд болон Аароны санваарын зөвлөхүүд маань миний амьдралд онцгойлон анхаарч байв. Тэд миний тэмцээнүүдийг ирж үздэг байсан. Тэд надад урамшуулсан үгс бүхий зурвас илгээж байсан бөгөөд би одоо ч тэдгээрийг хадгалсаар байгаа. Намайг коллежид явсны дараа, бас номлолд явахад тэд надтай холбоотой байсаар байсан. Тэдний нэг нь намайг номлолоосоо ирэхэд онгоцны буудал дээр тосож билээ. Би тэр сайн ах нарт болон тэдний хайранд мөн надаас ихийг хүсэн хүлээдэг байсанд мөнхөд талархах болно. Тэд намайг тэнгэр өөд чиглүүлсэн бөгөөд амьдрал минь өөдрөг, аз жаргалтай, баяр баясалтай болсон юм.
Эцэг эх, удирдагчдын хувьд бид өсвөр үеийнхэндээ тэднийг гэрээний зам дээр алхахдаа ганцаараа биш гэдгийг мэдэхэд нь хэрхэн туслах вэ? Хувийн харилцааг үүсгэхээс гадна бид Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган, өсвөр үеийнхний аялал болон долоо хоног тутмын чуулга, ангийн үйл ажиллагаанууд гэх мэт том жижиг цуглаануудад тэднийг урьдаг. Хүчтэй байхыг хичээж байгаа бусадтай хамт цугларснаар ирдэг хүч чадлыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Бишоп оо, бас бусад удирдагч аа, тойргийнхоо хүүхэд, өсвөр үеийнхнийг тэжээхэд анхаарлаа төвлөрүүлнэ үү. Тэдэнд бага биш, харин их цаг зориулаарай.
Та удирдагч, хөрш, чуулгын гишүүн эсвэл жирийн нэг гэгээнтэн байна уу хамаагүй, танд залуу хүний амьдралд нөлөөлөх боломж гарвал түүнд тэнгэртэй холбогдоход нь туслаарай. Таны нөлөө тэр залуу хүнд яг хэрэгтэй байгаа тэрхүү “Сүмийн дэмжлэг” нь байж магадгүй шүү.
Ах, эгч нар аа, Есүс Христ энэ Сүмийг тэргүүлдэг гэдгийг би гэрчилж байна. Тэр удирдагчдыг маань сүнслэгээр өдөөж, хожмын өдрүүдэд амьд үлдэж, өсөж хөгжихөд бидэнд хэрэгтэй сүнслэг тэжээл рүү удирдаж байгаа. Уг сүнслэг тэжээл бидэнд итгэлгүй бус, итгэлтэй байхад туслах болно. Есүс Христийн нэрээр, амен.