Загалмайгаа үүрэгтүн
Өөрсдийн загалмайг үүрч, Аврагчийг дагах гэдэг нь Их Эзэний замыг даган итгэлтэй явж, дэлхийнхний дадал зуршилд автахгүй байх явдал юм.
Хайрт ах, эгч нар аа, бид сүүлийн хоёр өдрийн турш удирдагчдаараа гайхалтай сайхан зүйлсийг заалгалаа. Хэрэв бид тэдгээр сүнсээр өдөөгдсөн, цагаа олсон сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээвэл Их Эзэн Өөрийн ач ивээлээр бидэнд загалмайгаа үүрч, ачаагаа хөнгөлөхөд туслах болно гэдгийг би гэрчилж байна.
Аврагч Цезарь Филиппийн нутагт байхдаа ахлагч, ахлах тахилч, хуулийн багш нарын зүгээс их зовлон амсахаа шавь нартаа хэлдэг. Ялангуяа Тэрээр Өөрийн үхэл, гайхамшигт Амилалтын тухай заасан. Тухайн цаг үед шавь нар нь дэлхий дээрх бурханлаг үйл хэргийг нь бүрэн ойлголгүй өнгөрчээ. Петр ч гэсэн Аврагчийн хэлсэн үгийг сонсоод, Түүнийг хажуу тийш аваачин, “Эзэн минь, Таныг Бурхан энэрэг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог” гэж зэмлэв.
Аврагч шавь нараа үйл хэрэгт нь үнэнч байхын тулд хүлцэнгүй байж, зовж зүдэрнэ гэдгийг тэдэнд ойлгуулахын тулд
“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.
Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно.
Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?” хэмээн шийдэмгий тунхагласан.
Аврагч ийнхүү тунхагласнаараа Өөрийг нь дагах хүсэлтэй бүх хүн өөрсдийгөө үгүйсгэн, хүсэл, тачаал, сонирхлоо хянаж, бүхнийг, шаардлагатай бол амиа хүртэл золиослон, яг Түүнтэй адил Эцэгийн хүсэлд бүрэн захирагдах хэрэгтэй гэдгийг онцолсон. Үнэндээ, энэ нь бодгалийн авралын төлөөс байв. Есүс шавь нартаа Их Эзэний үйл хэргийн төлөө золиос гаргаж, үнэнч байна гэдэг нь яг юу болохыг илүү сайн ойлгуулах зорилгоор зориуд загалмайг бэлгэ тэмдэг болгон ашиглажээ. Ромчууд олны өмнө цовдлуулж буй хүмүүсээр загалмайг нь эсвэл дамнуур модыг нь үүрүүлж, цаазлах газар луу нь аваачдаг байсан тул Түүний шавь нар болон Ромын хаант улсын хүмүүс загалмай гэж юу болохыг сайн мэддэг байв.
Зөвхөн Аврагчийг амилсны дараа шавь нарынх нь оюун ухаан нээгдэж, Түүний талаар бичигдсэн байсан бүх зүйлийг мөн тэр цаг мөчөөс хойш тэднээс юу шаардагдахыг тэд ойлгожээ.
Үүнтэй адил арга замаар бид бүгдээрээ загалмайгаа үүрч, Түүнийг дагахын ач холбогдлыг бүрэн ойлгохын тулд оюун санаа, зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй. Загалмайгаа өөрөө үүрэх хүсэлтэй хүмүүс бурханлаг бусаас, дэлхийн бүх хүсэл тачаалаас татгалзаж, Есүс Христийн зарлигуудыг дагах замаар Түүнийг хайрладаг болохыг бид судраас мэдэж авдаг.
Бурханы хүсэлд харш аливаа зүйлийг хаяж, биднээс өгөөсэй хэмээн хүссэн бүхнийг золиослон, Түүний сургаалыг дагахыг хичээх нь бидэнд Есүс Христийн сайн мэдээний зам дээр үлдэж, бүр зовлон бэрхшээл, бодгалийн сул дорой байдал, нийгмийн дарамт шахалт, Түүний сургаалтай сөргөлдөх дэлхийн гүн ухаантай тулгарах үед ч тэсэж гарахад бидэнд туслах болно.
Жишээлбэл, мөнхийн ханиа хараахан олоогүй, ганцаардаж, итгэл найдвараа алдсан мөн гэрлэлтээ цуцлуулж, бусдад хаягдаж, мартагдсан мэт санагдаж байгаа хүмүүст хандан хэлэхэд, загалмайгаа үүрээд, Намайг дага хэмээх Их Эзэний урилга бол Түүний замаар цаашид ч итгэлтэй явж, нэр төрөө эрхэмлэн, яваандаа Бурханы хайр, нигүүлсэлд найдах бидний найдварыг үгүй хийдэг дэлхийн дадал зуршилд автахгүй байх явдал юм гэдгийг би баталж байна.
Дээрх зарчмууд ижил хүйстэндээ татагдан, урам зориг, итгэл найдвараа алдсан гэж бодож байгаа хүмүүст ч хамаатай. Ийм шалтгаанаар та нарын зарим нь Есүс Христийн сайн мэдээ надад тохирохоо больж дээ гэж бодож байж магадгүй. Хэрэв тийм бол Бурхан Эцэг, Түүний аз жаргалын төлөвлөгөөнд мөн Есүс Христэд болон Түүний цагаатгагч золиост, түүнчлэн Тэдний зарлигуудын дагуу амьдрах үед итгэл найдвар үргэлж байдаг гэдгийг би та нарт хэлмээр байна. Хэрэв бид зарлигуудыг дагахдаа хөдөлшгүй мөн гуйвшгүй байж, сайн үйлсээр үргэлж бялхаж байвал Их Эзэн төгс мэргэн ухаан, хүч чадал, шударга байдал, нигүүлслээрээ биднийг Өөрийнх байлгахаар лацдаж, оршихуйдаа авчран, үүрдийн авралыг өгөх болно.
Ноцтой нүгэл үйлдсэн хүмүүсийн хувьд энэхүү урилгыг хүлээн авна гэдэг нь дээрх зүйлсээс гадна Бурханы өмнө өөрсдийгөө даруусгаж, Сүмийн зохих удирдагчдаас зөвлөгөө авч, нүглээ наманчлан, нүглээсээ татгалзахыг хэлнэ. Энэ үйл явц мөн хар тамхи, мансууруулах бодис, согтууруулах ундаа, порнограф зэрэг сүйрүүлэгч хорт зуршилтай тэмцэж буй бүх хүнийг адислах болно. Эдгээр алхмыг хийх нь та нарыг гэмшил, зовлон, сүнс, бие махбодын боолчлолоос салгах Аврагчид илүү ойртуулна. Түүнчлэн та нар Сүмийн удирдагчдаас гадна гэр бүлийнхэн, найз нөхөд, чадварлаг эмч, мэргэжилтнүүдээс дэмжлэг туслалцаа эрэлхийлэхийг хүсэх болно.
Бүтэлгүйтлээ гэхэд та хэзээ ч бууж өгч болохгүй. Мөн нүглээ орхин, донтолтоосоо салах чадваргүй гэж өөрийгөө хэзээ ч бүү бод. Та нар хичээхээ больж, сул дорой, нүгэлтэй хэвээр үлдвэл улам л дордох болно. Хамгийн сайнаараа чармайх, Аврагчийн зааснаар дотоод сэтгэлээ цэвэрлэх хүслээ өөрсдийн үйлсээр харуулахыг үргэлж хичээ. Заримдаа зарим асуудлын шийдэл хэдэн сар хичээж зүтгэсний дараа ирдэг. Эдгээр нөхцөлд Мормоны Номын “бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” хэмээх амлалт бид бүгдэд хамаатай. Аврагчийн ач ивээлийн бэлгийг зөвхөн чадах бүхнээ хийсний ‘дараа’ авдаггүй гэдгийг санаарай. Бид хүчин чармайлт гаргахынхаа өмнө, гаргах явцдаа мөн гаргасныхаа дараа Түүний ач ивээлээс хүртэх боломжтой.
Тулгарах бэрхшээлийг даван гарахыг үргэлж хичээх юм бол Бурхан эдгэрэх итгэлийн бэлгээр мөн гайхамшгуудыг үйлдэх бэлгээр адислах болно гэдгийг би гэрчилж байна. Тэрээр өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлүүдийг маань бидний төлөө хийх болно.
Үүнээс гадна, хүртэх ёсгүй ямар нэгэн зүйлээс болж зовж шаналан, уурлаж мөн гомдол цөхрөлд гинжлүүлсэн хүмүүсийн хувьд загалмайгаа үүрч, Аврагчийг дагах гэдэг нь тэдгээр мэдрэмжээсээ салахыг хичээж, Их Эзэнд хандахыг хэлдэг бөгөөд ингэснээр Тэрээр биднийг уг оюун санааны байдлаас чөлөөлж, амар амгаланг олоход тусална. Харамсалтай нь, хэрэв бид эдгээр сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөлөөсөө салахгүй л бол Их Эзэний Сүнсний нөлөөгүйгээр амьдрах болно. Бид бусдын өмнөөс наманчлах боломжгүй ч бидэнд хор хөнөөл учруулсан хүмүүсийн барьцаанд орохоос татгалзсанаар тэднийг уучилж чадна.
Бид чулуун зүрхийг маань шинэ зүрхээр сольж өгөөч хэмээн Аврагчаас хүссэнээр ийм нөхцөл байдлаас гарах боломжтой гэдгийг судруудад заадаг. Үүний тулд, ялангуяа ням гараг бүр бид ариун ёслолоос хүртэх ариун нандин мөчид Их Эзэнд өөрсдийн сул доройг үзүүлэн, тусламж авч, өршөөл хүртэхийн төлөө залбирах хэрэгтэй. Бид Түүний тусламжийг эрэлхийлэн, шархаа эдгээхийн тулд шархлуулсан хүмүүсээ уучлах чухал бөгөөд хэцүү алхмыг хийх болтугай. Та нар ийн хийж чадах юм бол Их Эзэнтэй нийцтэй байснаар ирдэг сэтгэлийн амар амгаланг мэдрэх болно гэдгийг би амлаж байна.
Бошиглогч Иосеф Смит 1839 онд Либерти шоронд байхдаа Сүмийн гишүүдэд хандаж, захидал бичсэн ба уг захидалд дээрх нөхцөлтэй тун сайн хамаатай бошиглолууд орсон байдаг. Тэрээр “Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор тэвчсэн тэд бүгдэд бүх хаан сэнтий хийгээд эзэгнэлүүд, вант улсууд хийгээд хүчнүүд илчлэгдэж мөн толилуулагдах болно” хэмээн бичсэн. Тиймээс, хайрт ах, эгч нар аа, өөрсөд дээрээ Аврагчийн нэрийг авч, Түүний амлалтад итгэж, эцсээ хүртэл тууштай байж чадсан хүмүүс аврагдаж, Бурхантай хамт хэзээ ч дуусахгүй аз жаргалын байдалд амьдрах болно.
Бидний амьдралд сэтгэлээр унах, хүч мөхөсдөх, итгэл найдвараа алдах, заримдаа бүр тамир тэнхээгүй болгоход хүргэдэг сөрөг нөхцөл байдал тулгардаг. Тэдгээр мэдрэмжийн зарим нь “Яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ?” эсвэл “Яагаад миний хүсэн хүлээж буй зүйл ирэхгүй байгаа юм бэ? Би загалмайгаа үүрч, Аврагчийг дагахын тулд чадах бүхнээ хийж байна шүү дээ!” гэж Их Эзэнээс асуухад хүргэдэг.
Хайрт найзууд аа, бид загалмайгаа үүрэх гэдэгт даруу байх, Бурханд болон Түүний хязгааргүй мэргэн ухаанд итгэж найдах багтдаг гэдгийг санаж байх ёстой. Тэр бидний хэн гэдгийг мөн хэрэгцээг маань мэддэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн Их Эзэний цаг хугацаа биднийхээс өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Заримдаа бид Их Эзэний адислалыг эрэлхийлж, адислалаа өгөх цаг хугацааг нь тогтоож өгөх тохиолдол бий. Бид хүслийг маань хариулах хугацааг тогтоох замаар итгэлтэй байх нөхцөлөө Түүнд тулгаж болохгүй. Бид хэрэв ийн үйлдвэл лемен үндэстэн Самуелын хэлсэн бошиглол гүйцэлдэх хугацаа өнгөрлөө хэмээн ах нараа элэглэн шоолж, итгэгчдийн дунд үймээн самуун дэгдээж байсан эртний үл итгэгч нифайчуудаас ялгарахгүй. Бид чимээгүй байж, Тэрбээр Бурхан гэдгийг мөн бүхнийг мэдэхийн зэрэгцээ бидний хүн нэг бүрийг мэддэг гэдэгт Их Эзэнд итгэж найддаг байх хэрэгтэй.
Саяхан надад хүнд өвчнөөр шаналж байсан Франка Каламасси гэдэг нэгэн бэлэвсэн эгчид тохинуулах боломж олдсон юм. Каламасси эгч Есүс Христийн сэргээгдсэн Сүмд нэгдсэн гэр бүлийнхээ анхны гишүүн байлаа. Хэдийгээр нөхөр нь баптисм хүртээгүй ч тэр номлогчидтой уулзахыг зөвшөөрч, Сүмийн цуглаанд олон удаа суужээ. Хэдийгээр нөхцөл байдал ийм байсан ч Каламасси эгч итгэлтэй хэвээр үлдэж, дөрвөн хүүхдээ Есүс Христийн сайн мэдээнд өсгөн хүмүүжүүлсэн. Нөхөр нь нас бараад жил болсны дараа Каламасси эгч хүүхдүүдээ ариун сүмд авчран, ариун нандин ёслолуудад оролцож, гэр бүлээрээ лацдан холбогдсон юм. Эдгээр ёслолтой холбоотой өгөгдсөн амлалтууд түүнд цаашид амьдрах асар их найдвар, баяр баясгалан, аз жаргалыг авчирчээ.
Түүнд өвчний анхны шинж тэмдэг илрэхэд л бишоп нь түүнийг адисалжээ. Тэр Их Эзэний хүслийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа бишоптоо хэлээд, өвчнөөсөө эдгэрэх итгэлтэй байгаагаа мөн эцсийн мөчийг хүртэл тэвчинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Би Каламасси эгчийг эргэж очоод, гараас нь атгаж, нүд рүү нь харахад түүнээс гэрэл цацарч байсан ба энэ нь Бурханы төлөвлөгөөнд итгэх итгэл, Эцэгийн хайр, төлөвлөгөөнд найдах найдварынх нь төгс гэрлийг харуулж байв. Тэрээр өөрт нь тулгарсан бэрхшээлийг үл харгалзан эцсээ хүртэл итгэлтэй байж, загалмайгаа үүрэх шийдвэр төгс байсныг би мэдэрсэн юм. Тэр эгчийн амьдрал Христийн талаарх гэрчлэл, Түүнд итгэх итгэл, үнэнч байдлынх нь тунхаг байв.
Ах, эгч нар аа, загалмайгаа үүрч, Аврагчийг дагахын тулд бид Түүний үлгэр жишээг дагаж, Түүнтэй адил болохыг хичээн, амьдралын аливаа нөхцөлийг тэвчээртэй даван гарч, эгэл хүний шунал хүслийг тэвчин, жигшиж, Их Эзэнийг хүлээх хэрэгтэй гэдгийг би та нарт гэрчилмээр байна. Дуулал номын зохиогч
“ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн! Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун! Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн!”
“Тэр бидний тусламж, бидний бамбай буюу” хэмээсэн.
Эзэнийхээ мөрийг дагаж, амьдралыг эдгээгч Түүнд үйлчлэх юм бол Тэрээр бидний бодгалийг амрааж, ачааг маань амар хялбар болгон, хөнгөвчлөх болно гэдгийг би гэрчилж байна. Эдгээрийг би Есүс Христийн ариун нэрээр гэрчиллээ, амен.