Ариун байдал ба аз жаргалын төлөвлөгөө
Илүү агуу аз жаргал илүү агуу хувийн ариун байдлаас үүсдэг.
Хайрт ах, эгч нар аа, би аз жаргалын хувийн эрэл хайгуулд тань туслах хүчийг гуйн залбирсан. Та нарын зарим нь хангалттай аз жаргалтай амьдардаг байж болох ч илүү их аз жаргалыг санал болгоход татгалзах хүн байхгүй нь тодорхой. Хэн ч удаан үргэлжлэх аз жаргалын баттай саналыг хүлээн авахыг хүснэ.
Энэ бол Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христийн болон Ариун Сүнсний одоо энэ дэлхий дээр амьдарч буй, ирээдүйд амьдрах эсвэл өмнө нь амьдарч байсан сүнсэн хүүхэд бүрд санал болгодог зүйл юм. Заримдаа энэ саналыг аз жаргалын төлөвлөгөө гэж нэрлэдэг. Бошиглогч Алма нүгэл үйлдсэндээ зовж шаналж буй хүүдээ зааж байхдаа энэ төлөвлөгөөг ийн нэрлэсэн юм. Алма ёс бус явдал хүүд нь төдийгүй Тэнгэрлэг Эцэгийн нэгээхэн ч хүүхдэд хэзээ ч аз жаргал болж чадахгүйг мэдэж байв.
Тэрээр ариун байдлын хувьд сайжрах нь аз жаргалд хүргэх цорын ганц зам гэдгийг хүүдээ заажээ. Биднийг цэвэршүүлж, төгс болгогч Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан илүү ариун байдалд хүрэх боломжтой болдгийг тэр тодорхой болгосон. Зөвхөн Есүс Христэд итгэж, байнга наманчлан, гэрээнүүдийг сахих замаар бид мэдэрч мөн хадгалж үлдэхийг хүсдэг удаан үргэлжлэх аз жаргалыг олж авах боломжтой болно.
Илүү агуу аз жаргал нь илүү агуу хувийн ариун байдлаас үүсдгийг ойлгуулснаар уг итгэл үнэмшлийнхээ дагуу үйлдэхэд тань туслах болтугай хэмээн би өнөөдөр залбирч байна. Тэрхүү илүү ариун болох бэлгийг авахын тулд бид юу хийж чадах талаар мэддэг зүйлээ би хуваалцах болно.
Судар бидэнд бусад зүйлээс гадна Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, дуулгавартай байдлаа харуулж, наманчилж мөн Түүний төлөө золиос гаргаж, ариун нандин ёслолуудыг хүлээн авч, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахиснаар ариусаж эсвэл илүү ариун болж чадна хэмээн заадаг билээ. Ариун байдлын бэлгийг хүлээн авах шалгуурт төлөв даруу, номхон хүлцэнгүй мөн тэвчээртэй байх нь ордог.
Илүү ариун байхыг хүсэхэд хүргэсэн нэгэн явдал намайг Солт Лэйк ариун сүмд байхад тохиолдсон юм. Хийх ёстой зүйлсээ зах зухаас нь хэлүүлэн байж би анх удаа ариун сүмд орж билээ. Би барилга дээр “Ариунаас ариуныг Их Эзэнд” мөн “Эзэний өргөө” гэсэн байсныг харав. Би маш их догдолж байсан ч ороход бэлэн эсэхтээ тээнэгэлзэж байлаа.
Биднийг ариун сүм рүү орох үед эцэг эх маань миний урдхан явж байлаа. Биднээс зохистой байдлаа батлан, эрхийн бичгээ үзүүлэхийг хүсэв.
Эцэг эх маань эрхийн бичиг шалгаж байсан хүнийг таньдаг байсан тул тэд түүнтэй хэсэг зуур ярилцав. Бүх юм нь гэрэлтсэн цагаан том танхим руу би ганцаараа явж орлоо. Би өргөн уудам тэнгэр мэт өндөр тааз руу ширтэн зогсов. Тэрхэн мөчид надад би өмнө нь тэнд байсан шүү дээ гэсэн тодорхой мэдрэмж төрсөн юм.
Би өөрийнхөөсөө өөр—намуухан дуу хоолойг сонсов. Эдгээр нь “Чи өмнө нь хэзээ ч энд байгаагүй шүү дээ. Чи төрөхөөсөө өмнөх цаг үеэ эргэн санаж байгаа юм. Чи ийм л ариун газарт байсан. Чиний байгаа газарт Аврагчийн ирэх гэж байгааг чи мэдэж байсан. Чи Түүнийг харахыг хүсэж байсан тул аз жаргалтай байсан шүү дээ” гэх зөөлхөн үгс байв.
Солт Лэйк ариун сүмд болсон энэ явдал хоромхон зуур үргэлжилсэн ч үүнийг дурсан санах нь амар амгалан, баяр баясгалан, чимээгүй аз жаргалыг авчирдаг.
Би тэр өдөр олон зүйл дээр сургамж авсан. Нэг нь, Ариун Сүнс намуухан зөөлөн дуу хоолойгоор ярьдаг. Зүрх сэтгэлд минь сүнслэг амар амгалан байгаа цагт би Түүнийг сонсож чадна. Тэр надад илүү ариун болж байна гэсэн аз жаргал, итгэлийн мэдрэмжийг төрүүлдэг. Мөн энэ нь үргэлж Бурханы ариун сүмд эхний хэдэн хором мэдэрсэн тэр аз жаргалыг авчирдаг.
Та нар бас өсөн нэмэгдэж буй ариун байдлаас ирэх аз жаргалын гайхамшгийг өөрийнхөө болон бусдын амьдралаас олж харсан байх. Сүүлийн хэдэн долоо хоногт надад, Аврагчид бүрэн дүүрэн итгэн, баяр баясгалантай царай төрхтэйгөөр үхэлтэй нүүр тулж байгаа хүмүүсийг эргэж очих боломж тохиосон юм.
Тэдний нэгийг гэрийнхэн нь тойрон хүрээлсэн байлаа. Намайг хүүтэйгээ ороход тэр эхнэртэйгээ аяархан ярьж байв. Би тэднийг мэддэг болоод олон жил өнгөрсөн байв. Есүс Христийн Цагаатгал тэдний болон гэр бүлийнхнийх нь амьдралд хэрэгжиж байгааг би харж байсан.
Тэд хамтдаа түүний амьдралыг уртасгахын тулд авч буй эмнэлэг, эмчилгээний арга хэрэгслийг зогсоох шийдвэр гаргасан байв. Түүнийг бидэнтэй ярих үед нам гүм мэдрэмж төрж байлаа. Тэр сайн мэдээнд болон сайн мэдээний өөрт нь төдийгүй хайртай гэр бүлийнхэнд нь үзүүлсэн цэвэршүүлэгч нөлөөнд талархаж байгаагаа хэлэхдээ инээмсэглэж байв. Тэр ариун сүмд үйлчилсэн аз жаргалтай он жилүүдийнхээ талаар ярьсан. Түүний хүсэлтээр хүү маань түүний толгой дээр ариулсан тос түрхэж, би тосолгоог лацдав. Лацдах үедээ би түүнийг удахгүй Аврагчтай нүүр тулан уулзах болно гэсэн тодорхой ойлголтыг хүлээн авсан юм.
Би түүнийг аз жаргал, хайр, Аврагчийн сайшаалыг мэдрэх болно хэмээн амласан. Биднийг тэндээс явах үед тэр нөхөрсгөөр инээмсэглэсэн юм. Надад хэлсэн түүний сүүлчийн үгс нь “Катид хайртайг минь дамжуулаарай” гэсэн үгс байлаа. Миний эхнэр Катлийн олон жилийн турш гэр бүлийнхээ олон үеийг Над руу ир хэмээх Аврагчийн урилгыг хүлээн авч, ариун нандин гэрээнүүдийг байгуулж мөн сахин, ингэснээр аз жаргалын шалгуурт тэнцэхүйц болоход урамшуулсаар ирсэн юм.
Тэр хүн хэдэн цагийн дараа нас барсан. Түүнийг өнгөрснөөс хойш хэдэн долоо хоногийн дараа бэлэвсэн эхнэр нь эхнэр бид хоёр дээр нэг бэлэгтэй ирэв. Тэр бидэнтэй ярилцаж байхдаа инээмсэглэж байлаа. Тэр “Би гуниглаж, ганцаардах байх гэж бодож байсан чинь харин ч аз жаргалтай байна. Тэгэх нь зүгээр үү?” гэж аятайхан хэлэв.
Түүний нөхөртөө хэчнээн их хайртай байсныг, тэр хоёр Аврагчийг хэрхэн таньж мэдэн, хайрлаж, үйлчилдэг болсныг мэддэгийн хувьд би түүнд мэдэрч байгаа аз жаргалын мэдрэмж нь итгэлтэй үйлчлэлээр илүү ариун болсны амлалт бүхий бэлэг юм хэмээн хэлсэн юм. Түүний ариун байдал энэ аз жаргалыг хүртэхүйц зохистой болгосон билээ.
Өнөөдөр сонсоод сууж байгаа зарим хүн “Яагаад би итгэлтэй хүмүүст амлагдсан амар амгалан, аз жаргалыг мэдрэхгүй байгаа юм бол? Би хэцүү саад бэрхшээлийг итгэлтэй туулсан ч аз жаргалыг мэдэрдэггүй шүү дээ” гэж гайхаж байж магадгүй.
Бошиглогч Иосеф Смит хүртэл ийм сорилттой тулгарч байсан. Тэр Миссуригийн Либерти шоронд хоригдож байхдаа тайтгарал хүсэн залбирсан. Тэрээр Их Эзэнд итгэлтэй байж, ариун байдлын хувьд өссөн байсан ч аз жаргалыг амсаж чадахгүй гэж бодож байв.
Их Эзэн бид бүхэнд мөнх бус амьдрал дахь сорилтын цаг хугацаанд хэзээ нэгэн цагт, магадгүй удаан хугацаанд хэрэг болох тэвчээртэй байх сургамжийг түүнд заасан юм. Их Эзэн:
“Мөн хэрэв чи нүхэнд, эсвээс алуурчдын гарт чам дээр тохиох үхлийн яланд хаягдах ёстой аваас; хэрэв чи гүнд хаягдах аваас; хэрэв хүрхрэх далайн давалгаа чиний эсрэг хуйвалдах аваас; хэрэв догшин салхи чиний дайсан болох аваас; хэрэв тэнгэр хар барааныг цуглуулж, мөн бүх элементүүд замыг хүрээлэн хаахаар нэгдэх аваас; мөн бүхний дээгүүр, хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас; эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь.
Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?” хэмээн Өөрийн итгэлтэй, зовж шаналсан бошиглогчид хэлжээ.
“Тиймийн тул, зам дээрээ зогсогтун, мөн санваар чамтай хамт үлдэх болно; учир нь, тэдний хязгаар тогтоогдож, тэд өнгөрч чадахгүй. Чиний өдрүүд мэдэгдсэн билээ, мөн чиний он жилүүд багаар тоологдох нь үгүй; тиймийн тул, хүний хийж чадах юмнаас бүү эмээ, учир нь Бурхан чамтай үүрд мөн мөнхөд хамт байх болно.”
Энэ нь Их Эзэний Иовт өгсөн зарим сургамжтай төстэй байв. Тэрээр Цагаатгалд өөрийг нь илүү ариун болгох боломжийг олгон, их үнэ төлсөн билээ. Бид Иовыг танилцуулсан хэсгээс түүний ариун хүн байсныг мэдэж авдаг. “Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.”
Дараа нь Иов эд хөрөнгө, гэр бүл, эрүүл мэндээ хүртэл алдсан. Их саад бэрхшээлийг даван туулж байж олж авсан илүү ариун байдал нь илүү их аз жаргалд хүргэхгүй юм байна гэж Иов бодох болсныг та нар санаж байгаа байх. Иовын хувьд ариун байдал нь зовлон авчирсан юм шиг санагдаж байв.
Гэвч Их Эзэн Иовт Иосеф Смитэд заасантай адил сургамжтай зүйлийг заажээ. Тэрээр Иовт өөрийнхөө сэтгэл эмтрэм нөхцөл байдлыг сүнслэг нүдээр харах боломжийг олгосон. Тэрээр ийн хэлжээ.
“За, бэлхүүсээ чанга бүсэл. Эр хүн шиг зогс. Чамаас Би асуух бөгөөд Чи Надад мэдүүлж өг.
Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв аа? Мэддэг бол Надад хэлээч.
Хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ? Чи мэддэгээс хойш, Хэн дээр нь шугам татсан бэ?
Түүний сууриуд юун дээр тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?
Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Тэнгэрлэг биес бүгд баярлалдан уухайлсан.
Тэгээд Иов Бурханыг шударга бус гэж хэлчихээд наманчилсныхаа дараа, өөрийнхөө зовлон зүдгүүрийг илүү дээр, ариун арга замаар харах боломжтой болсон юм. Тэр наманчилсан.
“Дараа нь Иов, ЭЗЭНд хариулан
Та бүхнийг үйлдэж чаддаг, Зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ.
Мэдлэггүйгээр зорилго зөвлөгөөг хаадаг Би хэн юм бэ? Миний хувьд үл мэдэх дэндүү гайхалтай, ойлгоогүй зүйлээ би ярьж дээ,
Та сонсооч, би ярья. Танаас асууя би, надад мэдүүлээч.
Таны тухай чихээрээ сонсож л байлаа, би. Тэгтэл одоо нүд минь Таныг харж байна.
Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.”
Иовыг наманчилж, илүү ариун болсны дараа Их Эзэн түүнийг алдсан бүхнээс нь илүү ихээр адисалсан. Гэвч Иовын хувьд хамгийн агуу адислал нь саад бэрхшээл, наманчлалаар дамжуулан ариун байдалдаа өсөн нэмэгдэх явдал байсан байж болох юм. Тэрээр ирээдүйд илүү агуу аз жаргалтай байх зохистой нэгэн болсон байв.
Илүү ариун байдал нь зөвхөн гуйснаар ирэхгүй. Энэ нь Бурханы хувьд биднийг өөрчлөхөд шаардлагатай тэр зүйлсийг хийснээр ирнэ.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон илүү ариун байдалд хүргэх гэрээний замаар хэрхэн урагшлах талаар хамгийн сайн зөвлөгөөг өгсөн гэж би боддог. Тэр дараах арга замыг санал болгосон.
“Өдөр бүр арай илүү сайныг үйлдэж, сайн байснаар өдөр тутмын наманчлалын хүчирхэгжүүлэгч хүчийг мэдэр.
Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог!”
Их Эзэн мөнхийн өсөлт хөгжлийн энэ шатанд биднээс төгс төгөлдөр болохыг шаарддаггүй. Гэхдээ Тэр биднээс урьд урьдынхаасаа илүү цэвэр ариун байхыг шаарддаг. Өдөр тутмын наманчлал нь цэвэр ариун байдалд хүрэх зам юм” хэмээн ерөнхийлөгч Нэлсон биднийг илүү ариун байхаар хичээж чармайхад маань урамшуулсан юм.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс өмнө нь чуулган дээр хэлж байсан үгээрээ, бид ариун байдлын хувьд хэрхэн өсдөг талаар илүү тодорхой ойлголттой болоход минь бас тусалсан. Тэрээр “Бид хэрхэн сүнслэг болдог вэ?” Ариун Сүнстэй байнга нөхөрлөхийн тулд бид хэрхэн тэр ариун байдалд хүрэх вэ? Бид энэ дэлхийн зүйлсийг мөнхийн ойлголтоор хэрхэн харж, үнэлдэг болох вэ? хэмээн асуусан.
Энэ нь бидний хайрт Аврагч Есүс Христэд итгэх агуу итгэлээр эхэлнэ хэмээн ерөнхийлөгч Өүкс хариулсан. Энэ нь биднийг өдөр бүр өршөөл эрэлхийлж, мөн Түүний зарлигуудыг дагаснаар Түүнийг дурсан санахад хүргэдэг. Есүс Христэд итгэх энэ агуу итгэл биднийг Түүний үгэн дээр өдөр тутам найрласнаар ирнэ.
“More Holiness Give Me” хэмээх дуулал нь илүү ариун болохын тулд тусламж хүсэн залбирах аргыг санал болгодог. Зохиогч нь бидний эрэлхийлдэг ариун байдал бол бидний хийж чадах бүхний дараа цаг хугацааны явцад хайраар дүүрэн Бурханаас өгөгддөг бэлэг юм хэмээн хэлдэг. Та нар сүүлийн бадгийг санаж байгаа байх.
Бидний нөхцөл ямар ч бай, бид гэртээ харих гэрээний замынхаа хаана нь ч байсан гэсэн илүү ариун болох залбирлууд маань хариулагдах болтугай. Бидний энэ хүсэлт хариулагдах үед бидний аз жаргал нэмэгдэх болно гэдгийг би мэднэ. Энэ нь алгуур боловч ирэх болно. Би хайрт Тэнгэрлэг Эцэгээсээ мөн Түүний Хайрт Хүү, Есүс Христээс энэ баталгааг хүлээн авсан.
Иосеф Смит Бурханы бошиглогч байсныг, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний өнөөгийн амьд бошиглогч гэдгийг би гэрчилж байна. Бурхан Эцэг амьд бөгөөд биднийг хайрладаг. Тэр биднийг Өөрт нь мөн гэр бүлдээ ирээсэй хэмээн хүсдэг. Бидний хайрт Аврагч биднийг тэнд очих аялалдаа Түүнийг дагахад урьдаг. Тэд замыг бэлтгэсэн. Есүс Христийн ариун нэрээр, амен.