Мэдэх, хайрлах, өсөж хөгжих
Энэхүү агуу тохинууллын ажилд бид бүгдээрээ өөрсдийн үүргийг ойлгох болтугай.
2016 онд Ариун сүмийн талбайн Табернаклын найрал дуучид Нидерланд, Бельги улсуудад айлчилж очсон бөгөөд би тэрхүү сэтгэл хөдөлгөм арга хэмжээнд оролцож байсан тул тэдний тоглолтыг хоёр удаа үзэх боломжтой байж билээ.
Тэдний тоглолтын үеэр би ийм хэмжээний найрал дуучдын багийг нэг газраас нөгөө рүү явуулахад ямар их ажил болдог талаар бодож байлаа. Гартаа хялбархан гэгч бариад явчихаж болох хийл, бүрээг болон бусад хөгжмийн зэмсгийг бодвол тээвэрлэхэд хэцүү, магадгүй их зардал шаардагдах хөгжмийн зэмсэг болох том харанга миний сонирхлыг татсан юм. Гэхдээ энэ харангын бодит оролцоог харвал, үүнийг хэдхэн удаа л цохисон байхад бусад жижиг хөгжмийн зэмсгийг концертын дийлэнх хэсэгт хэрэглэсэн байлаа. Харангын гаргадаг дуу авиа тоглолтыг огт өөр болгодог тул энэ хөгжмийн зэмсгийг далайгаар хөндлөн гулд зөөх гэж хичээж чармайхаас аргагүй юм гэдгийг ойлгож билээ.
Заримдаа бид өөрсдийгөө яг л энэ харанга адил тоглолтод багахан үүрэг гүйцэтгэхэд л хангалттай хэмээн боддог. Гэхдээ таны дуу хоолой маш чухал гэдгийг би хэлмээр байна.
Бидэнд бүх төрлийн хөгмийн зэмсэг хэрэгтэй. Бидний зарим нь юмыг амархан сурч, сургуульдаа маш сайн суралцдаг бол зарим нь урлаг уран сайханд авьяастай байдаг. Зарим нь зохион бүтээх эсвэл асарч халамжлах, хамгаалах эсвэл бусдад заах авьяастай байдаг. Энэ ертөнцөд өнгө зүс, утга учир авчрахын тулд бид бүгд хэрэгтэй.
Хувь нэмрээ оруулах зүйл байхгүй эсвэл өөрсдийгөө хэн нэгэнд ямар ч чухал ач холбогдолгүй, үнэ цэнгүй гэж үздэг эсвэл амьдралд нь бүх зүйл дээд түвшинд байгаа гэж бодож буй хүмүүст мөн энэ хоёрын хооронд байгаа бусад хүнд хандан, энэ сэдвийн талаар би ярихыг хүсэж байна.
Амьдралын зам мөрийнхөө хаана нь явж байгаагаас үл шалтгаалан та нарын зарим нь өөрсдийгөө маш их сэтгэлийн дарамтад байгаа мэтээр мэдэрдэг тул тэрхүү зам дээр байгаа хэмээн бодож ч чаддаггүй. Би та нарыг харанхуйгаас гэрэл рүү алхаж ороорой хэмээн урьж байна. Энэ гэрэл нь дотно дулаан мэдрэмж, эдгэрлийг өгч, таныг чухам хэн болохыг болон амьдралын зорилго тань юу болохыг ойлгоход тусалдаг сайн мэдээний гэрэл юм.
Бидний зарим нь сайн мэдээнд харшилдаг үйл ажиллагаанд оролцон, тэндээс аз жаргал олохыг хичээн тэнүүчилсээр байна.
Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг шавь байх замаар явж, Өөр дээрээ эргэн ирээсэй хэмээн урьж байдаг. Тэрбээр биднийг төгс хайраар хайрладаг.
Тэгэхээр зам гэж юу вэ? Зам бол нэг нэгэндээ тохинуулснаар хэн бэ гэдгээ ойлгоход нь бие биедээ туслах явдал юм.
Минийхээр бол, тохинуулах гэдэг нь тэнгэрлэг хайрыг хэрэгжүүлэх гэсэн үг. Ийм арга замаар бид өгөгч, хүлээн авагч хоёулаа наманчлах хүсэлтэй болох тэрхүү орчныг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, бид чиглэлээ өөрчилж, Аврагч Есүс Христ рүү илүү ойртон, Түүнтэй илүү адил болдог.
Жишээлбэл, хань ижилдээ эсвэл үр хүүхдүүддээ хэрхэн сайжирч болох талаар байнга хэлээд байх шаардлагагүй ба тэд үүнийгээ аль хэдийн мэднэ. Энэ нь хайрын орчныг бүрдүүлж байгаа бөгөөд ингэснээр өөрсдийн амьдралд шаардлагатай өөрчлөлтийг хийх мөн илүү сайн хүмүүс болох боломжийг тэдэнд өгөх болно.
Ийм байдлаар наманчлал нь өдөр тутмын цэвэршүүлэх үйл явц болдог ба үүнд мөн муу зан авирынхаа төлөө уучлал гуйх явдал багтаж болно. Би шүүмжлэхдээ тун шаламгай юм уу сонсохдоо дэндүү удаан ханддаг байсан нөхцөл байдлаа сайн санахаас гадна одоо ч ийм байдалтай тулгардаг. Орой нь би ганцаараа залбирч байхдаа наманчилж, улам илүү сайн болох талаар тэнгэрээс өгсөн хайрын зөвлөмжийг мэдэрч билээ. Эхлээд аав ээж, ах, эгч, дүү нарын минь, дараа нь эхнэр, хүүхдүүд, найз нөхдийн маань бий болгосон тэрхүү хайраар дүүрэн орчин намайг илүү сайн хүн болоход тусалсан.
Бид юуг илүү сайн хийж чадахаа мэддэг. Бид бие биедээ олон удаа сануулаад байх шаардлагагүй ч бие биенээ хайрлаж, нэг нэгэндээ тохинуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрчлөлт хийхэд бэлэн байх тэрхүү уур амьсгалыг бүрдүүлж өгдөг.
Ийм орчинд бид өөрсдийнхөө чухам хэн гэдгийг болон Аврагчийн Хоёр дахь ирэлтээс өмнө дэлхийн түүхийн энэ сүүлийн хэсэгт бидний үүрэг хариуцлага юу болохыг ухааран ойлгож байгаа.
Хэрэв та нар миний хийх зүйл юу вэ хэмээн бодож байвал ганцаархнаа байх газар олоод, Тэнгэрлэг Эцэгээс өөрийнхөө хийх ёстой зүйл юу болохыг асуугаасай гэж хүсэж байна. Бид гэрээний болон тохинууллын зам дээр илүү баттай гарснаар хариулт маань аажмаар, дараа нь илүү тодорхой байдлаар бидэнд ирэх болно.
““Үгийн болон санаа бодлын үймээн самуунтай энэхүү дайны дунд” бидэнд Иосеф Смитэд тулгарч байсантай адил зарим бэрхшээл тулгарч байна. Түүний бичсэн зүйлийг уншихад: “Яах билээ? Эдгээр бүх бүлэглэлүүдээс хэн нь зѳв бол; эсвэл тэд бүгдээрээ буруу юу? Хэрэв тэднээс аль нэг нь зөв бол, аль нь бол, тэгвэл би үүнийг яаж мэдэх вэ?” хэмээн тэр өөрөөсөө олонтоо асуудаг байжээ.
Иаковын захидлаас олж мэдэж авсан “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч, Бурханаас гуйг; тэгвэл түүнд өгөгдөх болно” хэмээх мэдлэгтээ үндэслэн Иосеф удаан хугацааны дараа “Бурханаас асуухаар” шийджээ.
Бид цааш үргэлжлүүлэн, “энэ бол [түүний] амьдралдаа ийм оролдлого хийсэн нь анхных байв, учир нь өөрийн бүхий л зовнилуудын дунд [тэрбээр] хэзээ ч чангаар залбирч үзээгүй байлаа” хэмээн уншдаг.
Тиймээс энэ нь бидний хувьд өмнө нь хэзээ ч залбирч байгаагүйгээрээ Бурханд хандан залбирах явдал байж болно.
Иосефын оролдлогын ачаар Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр түүн дээр айлчлан ирж, түүнийг нэрээр нь дуудсан. Үүний үр дүнд бид хэн болохоо мөн бид үнэхээр чухал болох талаараа илүү тодорхой ойлголттой болсон.
Иосефыг өсвөр настай байхад “найз нөхөд минь байж, элэгсэг хандаж байсан хүмүүс [түүнийг] мөрдөн хавчиж байсан” тухай бид цааш үргэлжлүүлэн уншдаг. Бид шавь байх амьдралаар амьдарч байхдаа зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч магадгүй юм.
Хэрвээ та одоо өөрийгөө найрал хөгжмийн нэг хэсэг болж чадахгүй гэж бодож байгаа бол мөн наманчлалын зам танд хэцүү санагдаж байгаа бол үргэлжлүүлэн хичээвэл ачаа дарамт бидний мөрөн дээрээс авагдаж, гэрэл дахин гэрэлтүүлэх болно. Биднийг Тэнгэрлэг Эцэгт хандахад Тэрээр биднийг хэзээ ч орхихгүй. Бидний гаргасан алдаа ямар байснаас үл хамааран Тэнгэрлэг Эцэг бидэнд тэдгээрийг даван туулахад туслах болно.
Бидний зарим нь шархадсан боловч Их Эзэний анхны тусламжийн хэрэгсэлд бидний бүх шархыг боох том боолт байдаг.
Тиймээс тэрхүү хайр, энэрэл эсвэл “Христийн цэвэр хайр,” хэмээн бидний нэрлэдэг тэр төгс хайр эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ, үр хүүхдүүд нь эцэг эхдээ тохинуулдаг бидний гэр оронд хэрэгтэй байгаа билээ. Тэрхүү хайраар дамжуулан зүрх сэтгэл өөрчлөгдөж, Түүний хүслийг биелүүлэх шинэ хүсэл төрөх болно.
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд, Түүний Сүмийн гишүүд бидний хувьд бие биетэйгээ харилцахад шаардлагатай байгаа зүйл бол хайр бөгөөд энэ хайр нь биднийг бүх хөгжмийн зэмсгээ найрал дуундаа багтаах боломжийг олгодог. Ингэснээр Аврагчийг дахин ирэхэд бид тэнгэрийн тэнгэр элчүүд болох найрал дуучидтай хамт гайхамшигтай сайхан тоглох болно.
Энэ бол өдөр тутмын амьдралдаа биднийг цаашлах тусам хүрээлэн буй орчныг маань гэрэлтүүлж, гэгээтэй болгоход хэрэгтэй тэр гэрэл, тэр хайр юм. Хүмүүс тэр гэрлийг анзаарч, түүнд татагдах болно. Энэ бол номлолын ажил бөгөөд “ирээд, харах, ирээд, туслах, ирээд, үлд”-эхэд бусдыг хөтлөх болно. Бид энэхүү агуу ажлын талаарх өөрсдийн гэрчийг хүлээж аван, хувь нэмрээ оруулах үедээ “Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг би мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй” хэмээн тунхагласан бидний хайрт бошиглогч Иосеф Смиттэй хамт баярлацгаая.
Би өөрийнхөө хэн бэ гэдгийг төдийгүй та нарыг хэн бэ гэдгийг мэднэ хэмээн гэрчилж байна. Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэр бидэнд хайртай. Тэр биднийг энэ дэлхийд бүтэлгүйтүүлэхийн тулд биш, харин алдар суутайгаар Өөр дээрээ буцаж ирүүлэхийн тулд илгээсэн. Энэхүү агуу тохинууллын ажилд бид бүгдээрээ өөрсдийн үүргийг ойлгож, ингэснээр Түүнийг дахин ирэхэд Түүнтэй илүү адил болоосой хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.