2010–2019
Аврагчийн үнэнч шавь нар
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


2:3

Аврагчийн үнэнч шавь нар

Бидний Аврагч болон Түүний сайн мэдээ амьдралын маань үндэс суурь болох үед бид үүрдийн баяр баяслыг мэдэрнэ.

Бидний төдийлөн их уншаад байдаггүй Хуучин Гэрээний Хаггаи номд ахлагч Холландын зөвлөгөө тус болох байсан бүлэг хүнийг дүрсэлсэн байдаг. Тэд Христийг амьдрал, үйлчлэлийнхээ төвд тавилгүй алдаа гаргасан байдаг ба тэднийг Их Эзэний ариун сүмийг барихынхаа оронд тав тухтай гэртээ байж байгааг зэмлэсэн Хаггаин дараах үгсийг бодууштай.

“Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гэж үү?

Иймээс одоо, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрийг хянагтун!

Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.

Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Өөрсдийн зам мөрөө хянагтун!”

Мөнхийн үр дагавар авчрахгүй зүйлийг Бурханыхаас илүүд чухалчлан үзэхийн явцгүй байдлын талаарх энэ дүрслэл та нарт сайхан санагдахгүй байна гэж үү?

Миний саяхан оролцсон ариун ёслолын цуглаан дээр нэгэн эргэж ирсэн номлогч дээрх санааг оновчтой дүгнэн, нэгэн аавын хүүхдүүддээ хэлсэн үгсээс эш татаж, “Энд бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол wi-fi интернэт биш, харин Нифай юм!” гэж хэлсэн.

Би Баруун Африкт таван жил амьдрахдаа сайн мэдээг энгийнээр, ичиж зоволгүй эн тэргүүнд тавьж байгаа хүмүүсийн жишээг олон харсан. Нэг жишээг дурдахад, Ганад байдаг дугуй засвар, баланс тохиргооны бизнестээ эзэн нь “ТАНЫ таалалд нийцүүлнэ” гэсэн нэр өгсөн байдаг.

Бидний Аврагч болон Түүний сайн мэдээ амьдралын маань үндэс суурь болох үед бид үүрдийн үргэлжлэх баяр баяслыг мэдэрнэ. Гэхдээ сайн мэдээнд ач холбогдол өгөхгүй байснаар эсвэл ням гарагт сүмийн цуглаанд зүгээр л хоёр цаг сууснаар дэлхийн зүйлсийг үндэс сууриа болгоход тун амархан. Ийм тохиолдолд бид цалин хөлсөө “цоорхой цүнхэнд” хийж байгаа хэрэг юм.

Хаггаи бидэнд амлалтаа сахин, сайн мэдээний дагуу амьдрахдаа Австралид бидний хэлдэгчлэн “фээр динкам” (“fair dinkum”) бай гэж хэлж байна. Хүмүүс хэлсэн шигээ байхдаа л фээр динкам байдаг.

Би регби тоглож байхдаа фээр динкам байх, амлалтаа сахих талаар бага ч гэсэн зүйлийг ойлгож авсан. Хамаг чадлаараа хичээж, бүхнээ зориулсан үед л тоглолт надад хамгийн сайхан санагддаг болохыг би ойлгосон юм.

Ахлагч Винсон регби багийнхантайгаа

Миний регби тоглосон хамгийн сайхан жил бол ахлах сургуулиа төгссөний дараах жил байв. Манай багийнхан авьяас чадвартай мөн хүлээсэн үүрэгтээ үнэнч хүмүүс байлаа. Тэр жил бид аварга болов. Нэг өдөр бид чансаа доогуур багтай тоглох ёстой байсан ба уг тэмцээний дараа бид бүгдээрээ их сургуулийн жил тутмын томоохон бүжигт болзоот хүмүүсээ авч явахаар тохиролцсон байв. Би ч энэ тэмцээнд амархан хожих учраас бүжгэн дээр цагаа сайхан өнгөрүүлэхийн тулд өөрийгөө гэмтэл бэртлээс хамгаалахыг хичээнэ гэж бодож билээ. Уг тэмцээнд бид хийх ёстой довтолгоонуудаа тийм сайн хийж чадаагүй тул хожигдов. Муу дээрээ муухай гэсэн шиг тэмцээн дуусах үед миний уруул их том хавдсан байсан ба энэ байдал маань чухал болзоонд явах намайг сайхан харагдуулсангүй. Би ямар нэгэн зүйл суралцах хэрэгтэй байсан байх л даа.

Дараа нь нэг тэмцээнд би үүргээ бүрэн ухамсарлан тоглож байтал өөр явдал тохиолдсон. Би нэг тоглогчтой зориуд мөргөлдөхөд тэр дороо л гэнэт нүүрээ өвдөхийг мэдрэв. Өвдсөнөө өрсөлдөгчдөө мэдэгдүүлж болохгүй гэж аав маань заасан байсан тул би тэмцээнээ цааш үргэлжлүүллээ. Тэр оройдоо юм идэх гэтэл хазаж чадахгүй байв. Маргааш өглөө нь би эмнэлэг явж, рентген зураг авхуулан, эрүүгээ хугарсныг мэдсэн юм. Тэгээд дараагийн 6 долоо хоногийн турш амандаа төмөр утсан оёотой явж билээ.

Хавдсан уруул, хугарсан эрүү маань надад сургамж болсон. Зөвхөн шингэн хоол идсэн тэр зургаан долоо хоногийн турш хатуу хоолонд хорхойссон ч идэж чадаагүй дурсамжаа эс тооцвол би чадах бүхнээ хийж байгаад эрүүгээ хугалсандаа огтхон ч харамсдаггүй. Гэхдээ би хойш суусныг минь илтгэх хавдсан уруулынхаа талаар харамсаж явдаг.

Бүхнээ зориулах гэдэг нь бидэнд дандаа сайн зүйлс тохиолдох юм уу үргэлж амжилттай байна гэсэн үг биш, харин бид баяр баясалтай байна гэсэн үг юм. Баяр баясал нь өнгөрч одох зугаа цэнгэл эсвэл түр зуурын аз жаргал биш, харин Их Эзэн бидний хичээл зүтгэлийг хүлээн зөвшөөрөх үед ирдэг үүрд үргэлжлэх баяр баясгалан юм.

Үүний нэг жишээ бол Оливер Гранжерын түүх билээ. Ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлснээр, “Гэгээнтнүүд Көртландаас хөөгдөн гарахад хүмүүсийн өмч хөрөнгийг чадах чинээгээрээ үнэлж зарахаар Оливер тэнд үлджээ. Гэхдээ энэ нь хэцүү байсан бөгөөд тэр юу ч зарж чадаагүй!” Тэргүүн Зөвлөлөөс түүнд боломжгүй биш ч, хэцүү үүрэг даалгаврыг өгсөн байлаа. Гэвч Их Эзэн түүнийг амжилтгүй байсан ч хичээл зүтгэл гаргасанд нь магтан сайшааж,

“Би өөрийн үйлчлэгч Оливер Гранжерыг дурсан санаж байна; болгоогтун, түүний нэр үеэс үед хийгээд үүрд мөнхөд ариун нандин дурсамжид байх болно хэмээн би үнэнээр түүнд хэлж байна.

Тиймийн тул, тэрээр миний Сүмийн Тэргүүн Зөвлөлийн гэтэлгэлийн төлөө тэмцэг … мөн тэрээр унаад, тэрээр дахин босч ирэх болно, учир нь түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно хэмээн Их Эзэн хэлж байна” гэсэн байдаг.

Энэ нь бид бүгдийн хувьд ч үнэн бөгөөд Их Эзэнд бидний амжилт биш, харин золиос, хичээл зүтгэл чухал байдаг.

Есүс Христийн үнэнч шавийн өөр нэг жишээ бол Баруун Африкийн Кот д’Ивуар улсад байдаг дотнын найз маань юм. Энэ гайхалтай, итгэлтэй эгчийг нөхөр нь удаан хугацааны туршид сэтгэл санааны, бүр бие махбодын дарамт хүчирхийлэлд байлгасан бөгөөд эцэст нь тэд салжээ. Тэрээр үргэлжид итгэл, сайн чанараараа гуйваагүй ч нөхрийнхөө харгис хэрцгий хандлагаас болж удаан хугацааны турш маш их зовсон. Тэрээр юу болсныг ийнхүү ярьсан.

“Би түүнийг уучилсан гэж хэлсэн ч шөнө нь сэтгэлийн шархтай унтаж, өдрийг тэр шархтайгаа өнгөрүүлсээр сэтгэл санаа минь дордов. Би энэ зовлонг надаас холдуулаач гэж Их Эзэнээс олон удаа гуйн залбирсан ч туйлын их зовж шаналсаар, эцэстээ үлдсэн амьдралаа энэ шархтайгаа туулна гэдэгт бүрэн итгэсэн байв. Энэ нь багадаа ээжийгээ алдахад, хожим нь аавыгаа, бүр хүүгээ нас барахад шаналснаас ч ихээр шаналахад хүргэсэн юм. Ингэж сэтгэл зүрх минь өвдсөөр, гүн шархалж, би хэзээ мөдгүй үхэх нь дээ гэж боддог болов.

Заримдаа би Аврагч миний оронд байсан бол юу хийх байсныг өөрөөсөө асуудаг ч ‘Их Эзэн, энэ үнэхээр хэцүү байна’ гэж хэлэхийг хүсдэг байв.

Тэгээд нэгэн өглөө би энэ бүхнээс ирдэг зовлон шаналлыг зүрх сэтгэлдээ, бүр цааш лавшруулан бодгальдаа хайтал олоогүй. Би зовлон шаналлыг огт мэдрэхгүй байв. Зовж шаналсан бүх учир шалтгаанаа дахин бодож үзсэн ч би тэр шаналлаа мэдрээгүй. Би зүрх сэтгэлдээ тэр шаналлыг мэдрэх эсэхээ шалгаж, бүтэн өдөр хүлээгээд ч мэдрээгүй. Тэгээд би өвдөг сөхрөн, Их Эзэний цагаатгагч золиосыг надад өгсөнд нь Бурханд талархсан билээ.”

Одоо энэ эгч өөрийг нь маш их хайрладаг гайхалтай, итгэлтэй ахтай аз жаргалтайгаар лацдан холбогдсон.

Тэгэхээр хэрэв бид Христийн үнэнч шавь нар бол бидний хандлага ямар байх ёстой вэ? Хаггаин зөвлөснөөр бид “[өөрсдийн] зам мөрөө хяна[хад]” сайн мэдээ бидний хувьд ямар ач холбогдолтой вэ?

Би хаан Лемонайн эцгийн харуулсан зөв хандлагын жишээнд дуртай. Тэрээр хүү нь леменчүүдийн үзэн яддаг хүмүүс буюу нифайчуудын нэг болох Аммонтой хамт байгааг хараад, эхэндээ уурладгийг та бүхэн санаж байгаа байх. Тэрээр илдээ сугалж, Аммонтай тулалддаг ч тун удалгүй Аммоны илдэнд өөрөө амиа алдаж болзошгүйгээ ойлгодог. “Эдүгээ хаан, тэрээр амиа алдах нь хэмээн айсан учир, хэлсэн нь: Хэрэв та намайг хэлтрүүлбэл би юу гуйсныг тань, бүр хаант улсынхаа хагасыг ч танд олгох болно гэв.”

Тэр өөрийн амийн төлөө хаант улсынхаа хагасыг санал болгож байгааг анзаараарай.

Гэвч тэрээр сүүлд нь, сайн мэдээг ойлгосныхоо дараа өөр нэг зүйл санал болгодог. “Хаан хэлэв: Таны ярьсан тэрхүү мөнх амьдралыг авч болохын тулд би юу хийх билээ? Тийм ээ, энэ ёс бусын сүнсийг цээжнээсээ үндсээр нь сугалуулан, мөн Бурханаар төрж болохын тулд, мөн түүний Сүнсийг хүлээн авч, баяслаар дүүргэгдэж болохын тулд, эцсийн өдөр би зайлуулагдахгүй байж болохын тулд би юу хийх билээ? Болгоогтун, тэр хэлэв, би энэхүү агуу баяслыг хүлээн авч болохын тулд би өөрийн эзэмшдэг бүгдийг өгөх болно, тийм ээ, би хаант улсаа орхих болно.”

Энэ удаа тэрээр хаант улсаа бүгдийг нь өгөхөд бэлэн байна. Учир нь сайн мэдээ түүнд байгаа бүхнээс илүү үнэ цэнтэй байсан юм! Тэр сайн мэдээнд фээр динкам байсан.

Тэгэхээр бидний хүн нэг бүрд тавих асуулт бол: Бид ч бас сайн мэдээнд фээр динкам байдаг уу? Бүх зүрх сэтгэлээ зориулахгүй байх нь фээр динкам байгаа хэрэг биш! Бүлээн хүмүүсийг Бурхан сайшаадаггүй.

Эд баялаг, хобби, зэрэг зиндаа, сошиал медиа, видео тоглоом, спорт, алдартнуудтай холбоотой байх гээд энэ дэлхий дээрх бүх зүйл мөнх амьдралаас илүү үнэ цэнтэй биш юм. Тиймээс Их Эзэн хүн бүрд “өөрийн зам мөрийг хянагтун” гэж зөвлөсөн.

Нифайн хэлсэн “Би тодорхой байдлыг бахаднам; би үнэнийг бахаднам; би өөрийн Есүсийг бахаднам, учир нь тэр бодгалийг минь тамаас гэтэлгэсэн билээ” гэсэн үгс надад төрж буй мэдрэмжийг хамгийн сайнаар илэрхийлдэг.

Бид бидний төлөө бүхнээ зориулсан, бидний Гэтэлгэгч бөгөөд Эцэгт бидний Өмгөөлөгч, Өөрийн цагаатгагч золиост бүх зүрх сэтгэлээ зориулсан бөгөөд биднийг мөнхийн баяр хөөртэй байлгахын тулд Өөрийн хайр, нигүүлсэл, хүслийг бүхэлд нь зориулж байгаа Түүний үнэнч дагагчид мөн үү? Эдгээр үгийг сонсож эсвэл уншиж байгаа бүхий л хүмүүсээс би болоогүй байгаа ирээдүйд хийнэ хэмээн бүх зүрх сэтгэлээ зориулахаа битгий хойшлуулаач хэмээн гуйж байна. Одоо л фээр динкам байж, баяр баяслыг мэдрэгтүн! Есүс Христийн нэрээр, амен.