2010–2019
Хайрт охид
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


2:3

Хайрт охид

Залуу эмэгтэйчүүдийн ангид хийдэг зүйлсийн маань гол төвд Их Эзэн Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэлийг олж авахад та нарт туслах бидний хүсэл оршдог.

Хайрт эгч нар минь, та нартай хамт байгаадаа би баяртай байна. Бид сэтгэл санааг уужруулж, хөөрөн баясгаж буй халин асгарах илчлэлтийн гэрч болж байна.

Юуны өмнө, би та нарыг зарим найзтайгаа танилцуулахыг хүсэж байна. Тэд авьяас чадвар, зан заншил болон хувь хүнийхээ хувьд мөн гэр бүлийн нөхцөл байдлын хувьд өвөрмөц онцлогтой залуу эмэгтэйчүүд юм. Та бүгдийн адил тэдний хүн нэг бүр миний зүрх сэтгэлийг татсан.

Бэлла

Эхлээд, Бэллатай танилцана уу. Тэр Исланд дахь салбарынхаа цорын ганц залуу эмэгтэйн хувьд хүчтэй, бат зогсдог.

Жозэфин

Мормоны Номыг дахин өдөр бүр унших зорилго тавьсан Африкаас ирсэн үнэнч Жозэфинтай танилц. Тэрээр энэхүү энгийн бөгөөд итгэлтэй үйлдлээс ирдэг хүч чадал, адислалыг олж нээж байна.

Аштин

Эцэст нь зургаан жилийн турш хорт хавдартай тэмцээд, нас барсан ер бусын залуу эмэгтэй, миний эрхэм найз Аштинтай танилц. Есүс Христийн Цагаатгалын талаарх түүний гэрчлэл одоо ч зүрх сэтгэлд минь хоногшсоор байна.

Та нар бүгдээрээ ер бусын залуу эмэгтэйчүүд. Та нар өвөрмөц онцгой бөгөөд өөр өөрийн гэсэн бэлэг, туршлагатай ч маш чухал мөнхийн байдлаараа хоорондоо адилхан.

Та нар Тэнгэрлэг Эцэг Эхийн сүнсэн охид бөгөөд юу ч та нарыг Тэдний болон та нарын Аврагч Есүс Христийн хайраас салгаж чадахгүй. Түүнд илүү ойртох тусам, нялх хүүхэд мэт бага багаар урагш алхах тоолондоо та нар бидний Аврагч Есүс Христийн үнэнч шавь болохын хувьд бодгальд тань орших тэрхүү амар амгаланг олж мэдэх болно.

Бидний хайрт бошиглогч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон надаас “[та нарын] хувийн ариун чадавхыг хөгжүүлэх,” зөв шударга нөлөөг тань нэмэгдүүлэхэд тус болох зарим илчлэгдсэн өөрчлөлтийг хуваалцахыг хүссэн юм. Өнөө орой энэ өөрчлөлтийн дөрвөн хэсгийн талаар би ярина.

Залуу эмэгтэйчүүдийн амлалт

Нэгдүгээрт, Залуу эмэгтэйчүүдийн ангид бидний хийдэг зүйлсийн төвд Их Эзэн Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэлийг болон Бурханы охин гэдэг таны бурханлаг шинж чанарын талаарх баттай мэдлэгийг олж авахад та нарт туслах бидний хүсэл оршдог.

Өнөө орой, Залуу эмэгтэйчүүдийн амлалтад оруулах өөрчлөлтийг би хэлье. Намайг энэхүү шинэ амлалтыг хэлж байх үед Ариун Сүнс эдгээр үгийн үнэнийг гэрчилж байгааг та нарыг мэдрээсэй хэмээн би залбирч байна.

Би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай.

Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэлт эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг.

Би ямар ч цагт, бүх зүйлд мөн хаана ч Бурханы гэрчлэгч болж зогсдог.

Би өргөмжлөлд тэнцэхийг хичээн, наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж, өдөр бүр сайжрахыг эрэлхийлдэг. Би итгэлтэй байж, гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэн, ариун нандин гэрээг байгуулж, сахин, ариун сүмийн ёслол, адислалуудыг хүлээн авна.

“Бид” гэдэг байснаа “Би” рүү шилжсэнийг анзаараарай. Эдгээр үнэн та нарын хүн нэг бүрд хамаатай. Чи бол Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин. Чи бол бидний Аврагч, Есүс Христийн гэрээт шавь. Би та бүгдийг эдгээр үгийг судалж, тунгаан бодоосой гэж урьж байна. Үүнийг хийснээр, та нар тэдгээр үнэний талаарх гэрчлэлийг олж авна гэдгийг би мэднэ. Эдгээр үнэнийг ойлгох нь та нарын сорилт бэрхшээлийн эсрэг зогсох арга замыг өөрчлөх болно. Өөрсдийн хэн бэ гэдгийг болон зорилгоо мэдэх нь та нарт өөрсдийн хүслийг Аврагчийн хүсэлтэй нийцүүлэхэд тусална.

Та нарыг Есүс Христийг дагах үед амар амгалан болон удирдамж та нарынх байх болно.

Залуу эмэгтэйчүүдийн ангиуд

Өөрчлөлтийн хоёр дахь хэсэг нь Залуу эмэгтэйчүүдийн ангиудад нөлөөлнө. Ахлагч Нийл А.Максвэлл “Ихэнх тохиолдолд хүмүүст хамгийн их хэрэг болдог зүйл бол амьдралын шуурганаас хамгаалагдаж, харьяалагдах ариун газар нь юм” гэж хэлжээ. Ангиуд маань шуурганаас хамгаалах хоргодох газар, хайрын аюулгүй орчин мөн харьяалагдах газар байх ёстой. Илүү эв нэгдэлтэй болох, нөхөрлөлийг бэхжүүлэх, түүнчлэн энэ байгууллагад харьяалагддаг гэсэн мэдрэмжийг залуу эмэгтэйчүүдэд улам бүр нэмэгдүүлэхийн тулд бид ангийн бүтцэд өөрчлөлт оруулж байна.

Зуу гаруй жилийн туршид залуу эмэгтэйчүүд гурван ангид хуваагдсаар ирсэн. Одооноос эхлэн залуу эмэгтэйчүүдийн удирдагчид болон бишопуудыг залуу эмэгтэй бүрийн хэрэгцээ шаардлагын талаар залбирч үзээд, тойргийн тодорхой нөхцөл байдалд тохируулан тэднийг нас насаар нь зохион байгуулахад уриалж байна. Энэ нь ямархуу байхыг харуулах зарим жишээг одоо өгье. Үүнд:

  • Хэрэв та цөөхөн залуу эмэгтэйтэй бол бүгдээрээ цуглах Залуу эмэгтэйчүүдийн нэг ангитай байж болно.

  • Магадгүй, 12 настай залуу эмэгтэйчүүд нь олон, харин тэднээс арай насаар эгч залуу эмэгтэйчүүд нь цөөн байж болно. Та 12 настай залуу эмэгтэйчүүд, 13–18 настай залуу эмэгтэйчүүд гэсэн хоёр ангитай байхаар шийдэж болно.

  • Эсвэл 60 залуу эмэгтэйтэй том тойрогтой бол жил жилээр нь хуваасан, нас бүрд зориулсан зургаан ангитай байж болно.

Ангиудаа ямар ч байдлаар зохион байгуулсан бай, залуу эмэгтэйчүүд та нар эв нэгдэлтэй байхад чухал үүрэгтэй. Эргэн тойрондоо байгаа хүмүүст гэрэл нь бай. Бусдаас авахыг хүсдэг хайр, халамжийнхаа эх сурвалж нь бол. Зүрх сэтгэлдээ залбирч, үргэлжлүүлэн бусдад туслан, сайн сайхны хүч нөлөө нь бай. Ийнхүү үйлдсэнээр, та нарын амьдрал сайн сайхнаар дүүрэн байх болно. Та нар бусдын талаар илүү сайхан мэдрэмжтэй байж, хариуд нь тэдний сайн сайхныг харж эхэлнэ.

Залуу эмэгтэйчүүдийн ангиудын нэр

Гуравдугаарт, ангийн энэхүү шинэ бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор бүх ангийг “Залуу эмэгтэйчүүд” гэж нэрлэх болно. Бид “Бийхайв,” “Миа Мэйд,” “Лаурел” гэсэн нэрүүдийг цаашид хэрэглэхгүй.

Ангиудын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг хүчирхэгжүүлэх

Миний ярихыг хүсэж буй сүүлчийн хэсэг нь ангиудын ерөнхийлөгчийн зөвлөлийн ач холбогдлын талаар юм. Залуу эмэгтэйчүүдийн анги яаж зохион байгуулагдсанаас үл хамааран, анги бүр ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй байх ёстой! Залуу эмэгтэйчүүд залуу насандаа удирдахаар дуудагддаг нь тэнгэрлэг загвараар бий болсон юм.

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн үүрэг, зорилгыг улам хүчирхэгжүүлж, илүү тодорхой болголоо. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл нь авралын ажилд, ялангуяа тохинуулал, номлолын ажил, идэвхжүүлэлт, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ээ, бид Их Эзэний өсвөр үеийнхний армийн гишүүд болох бүх залуу эмэгтэйд зориулсан алдар суут ажил болох Израилын цугларалтадэнэ маягаар оролцдог.

Та нарын мэдэж байгаачлан, Сүмийн түвшин болгонд Их Эзэн Өөрийнхөө хүмүүсийг удирдуулах ерөнхийлөгчийн зөвлөлийг дууддаг. Залуу эмэгтэйчүүд ээ, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн байх нь энэхүү илчлэгдсэн удирдлагын загварт оролцох таны анхны боломж байж болох юм. Насанд хүрсэн удирдагчид аа, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудах ажлыг нэн тэргүүний зорилт болгож, дараа нь тэдэнтэй хамт удирдаж, тэднийг амжилтад хүргэхийн тулд чиглүүлэн удирдаарай. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлагын түвшин ямар байхаас үл хамааран, тэдний одоо байгаа түвшингээс эхэлж, удирдагч болоход нь адислах ур чадвар, итгэлийг хөгжүүлэхэд тэдэнд туслаарай. Тэдэнтэй ойр бай, харин бүх зүйлийг тэдний өмнүүр орж хийж болохгүй. Та тэднийг удирдан чиглүүлэх үед Сүнс таныг удирдан чиглүүлэх болно.

Клоүи

Эцэг эх, удирдагчдын зөвлөгч байх чухал үүргийг нь харуулахын тулд би та нарт нэг түүх ярья. Клоүи ангийн ерөнхийлөгчөөр үйлчлэхээр дуудагджээ. Санваарын ухаалаг удирдагч түүнийг зөвлөхүүдээрээ дуудах хүмүүсийн нэрийг олж мэдэхийн тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд урамшуулав. Клоүи хэнийг зөвлөхүүдээрээ санал болгох талаар залбирч, маш хурдан илчлэлт хүлээн авчээ. Түүнийг ангийнхаа нарийн бичгийн талаар эргэцүүлэн бодож, залбирч байх үед Сүнс түүний анхаарлыг сүмд болон сүмийн үйл ажиллагаанд бараг ирдэггүй нэгэн залуу эмэгтэй рүү чиглүүлэв. Энэ нь түүнийг үнэхээр гайхшируулжээ.

Клоүи ээжтэйгээ ярихдаа, хүлээн авсан өдөөлтдөө итгэлгүйхэн байв. Ээж нь түүнд илчлэлт хүлээн авах нэг арга зам бол дахин дахин орж ирэх бодол юм хэмээн тайлбарлав. Шинэ итгэл үнэмшилтэйгээр Клоүи тэр залуу эмэгтэйг санал болгож болох юм гэж мэдэрчээ. Бишоп уг залуу эмэгтэйд дуудлага өгөхөд тэрээр хүлээн авсан юм. Дуудлагадаа онцгойлон адислагдсаныхаа дараа тэр нарийн бичиг “Би өөрийгөө хэзээ ч хэн нэгэнд, хаа нэг газарт хэрэгтэй гэж мэдэрч байгаагүй. Би өөрийгөө хаана ч хамааралгүй гэж боддог байсан. Гэвч энэ дуудлагаар дамжуулан, Тэнгэрлэг Эцэгт надад зориулсан зорилго, газар байгаа юм шиг санагдаж байна” хэмээн хэлсэн. Ээжтэйгээ цуглаанаас гараад явж байхдаа Клоүи ээж рүүгээ эргэж харан, нүдэндээ нулимстайгаар, “Илчлэлт жинхэнэ юм байна! Илчлэлт үнэхээр байдаг!” гэж хэлжээ.

Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд ээ, Бурхан Өөрийнхөө хэсэг охидыг удирдуулахаар та нарыг дууддаг бөгөөд та нарт итгэж байгаа. “Их Эзэн та нарыг мэддэг. … Тэр та нарыг сонгосон.” Та нар санваарын эрх мэдэлтэй нэгнээр онцгойлон адислагдсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, та нар дуудлагынхаа үүргийг гүйцэтгэж байхдаа санваарын эрх мэдлийг хэрэгжүүлж байна гэсэн үг юм. Та нарт хийх чухал ажил байна. Ариун Сүнсний өдөөлтөд мэдрэг бай. Тэгээд өдөөлтийнхөө дагуу үйлдээрэй. Та нар үүнийг хийхдээ, ганцаараа үйлчилдэггүй учраас өөртөө итгэлтэйгээр үйлчилж чадна!

Ангийн ерөнхийлөгчдөд хэлэхэд, ахлагч Квинтин Л.Күкийн өнөөдөр зарласан тойргийн өсвөр үеийн шинэ зөвлөлд та бүхний мэргэн ухаан, дуу хоолой, эрч хүч хэрэгтэй байна. Та нар ах, эгч нарынхаа хэрэгцээг хангах шийдлийн чухал хэсэг юм.

Ангийн бүтэц, удирдлагад оруулсан эдгээр өөрчлөлт тойрог, салбаруудыг бэлэн болсон үед хэрэгжиж эхлэх боловч 2020 оны 1-р сарын 1 гэхэд хэрэгжээд эхэлчихсэн байх ёстой.

Миний хайрт эгч нар аа, өнөөдөр миний хэлсэн эдгээр өөрчлөлт бол Их Эзэний өгсөн илчлэгдсэн удирдамж гэдгийг би гэрчилж байна. Бид эдгээр өөрчлөлтийг хичээл зүтгэл гарган хэрэгжүүлэхдээ, Есүс Христийг дагах шийдвэрээ бэхжүүлэх, бусдад Түүнд ирэхэд нь туслах зорилгоо хэзээ ч орхихгүй байх болтугай. Энэ бол Түүний Сүм гэдгийг би гэрчилж байна. Тэрээр биднийг Өөрийн ариун ажлын хамгийн чухал хэсэг байх боломжоор адисалж байгаад би тун их талархаж байна.

Эдгээр өөрчлөлтийг хийхэд удирдсан тэрхүү Сүнс та нарыг гэрээний зам дээрээ урагшлан явахад удирдаасай хэмээн би залбирч байна. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.