Аврагчийн мутар
Биднийг Бурханд ирэх үед Тэрээр биднийг эдгээхээр эсвэл ямар ч зүйлтэй нүүр тулах хүчийг өгөхөөр ирэх болно.
Ойролцоогоор хоёр мянган жилийн өмнө Аврагч ерөөлөө айлдаж, сайн мэдээний бусад зарчмыг заасныхаа дараа уулнаас бууж иржээ. Түүнийг явж байхад уяман өвчтэй нэгэн эр дөхөн очив. Тэр Христийн өмнө өвдөг сөгдөн сууж, Түүнд бишрэл, хүндэтгэл үзүүлэн, зовлонгоос нь салгаж өгөхийг хүсжээ. Тэр “Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ” хэмээн энгийн зүйлийг л хүссэн.
Хариуд нь Аврагч мутраа сунган, түүнд хүрээд, “Би хүсэж байна. Цэвэрш” хэмээн хэлжээ.
Үүнээс Аврагч маань биднийг үргэлж адислахыг хүсдэг болохыг бид мэдэж авдаг. Зарим адислал тэр дороо ирж байхад зарим нь ирэх гэж уддаг. Харин зарим нь бүр энэ амьдралын дараа ч ирж болох бөгөөд адислалууд нь өөр өөрийн тохирсон цагт л ирдэг.
Яг тэр уяман өвчтэй эрийн адил бид Түүний тааллыг хүлээн зөвшөөрч, биднийг адислахыг хүсэж байдгийг нь мэдсэнээр хүч чадал, тайтгарлыг олж чадна. Бид ямар ч уруу таталт, зовлон бэрхшээлтэй тулгарсан хүнд нөхцөл байдлаа ойлгож, тэвчих хүчийг олж авч чадна. Амьдралынхаа хамгийн хүнд хэцүү мөчүүдийн нэгэнд Аврагч “Таны хүсэл биелэг” хэмээн хэлснээрээ тэсвэрлэн гарах хүч нь улам хүчирхэгжсэн нь лавтай.
Уяман өвчтэй хүн дүр эсгэсэн эсвэл шахаж шаардсан маягаар хүсэлтээ хэлээгүй. Хэлсэн үгс нь Аврагчийг өөрийг нь эдгээнэ гэдэгт итгэж байснаас гадна Түүний тааллыг хүлээн авахад чин сэтгэлээсээ бэлэн байсан даруухан хандлагыг нь мөн илтгэдэг. Энэ бол Христэд ирэхийн тулд бидэнд байх ёстой хандлагын жишээ юм. Бид Христэд ирэхдээ Түүний хүсэл бидний мөнх бус болон мөнх амьдралд, яг одоо болон үргэлж хамгийн сайн нь байна гэдэгт бат итгэлтэй байх ёстой. Бидэнд байдаггүй мөнхийн талаас харах чадвар Түүнд бий. Бид Эцэгийн таалалд хүслээ нийцүүлсэн Христ шиг чин хүсэл тээн, Түүнд очих ёстой. Энэ нь биднийг мөнхийн амьдралд бэлдэх болно.
Аврагч руу очсон уяман өвчтэй хүн бие махбод, сэтгэл санааны ямар зовлон шаналал тээж явсныг таамаглах хэцүү. Уяман өвчин нь мэдрэлийн систем, арьсанд нөлөөлж, бие эрхтний гажигтай, хөдөлмөрлөх чадваргүй болгодог. Үүнээс гадна, энэ нь нийгэмд дорд үзэгдэх шалтгаан болдог байж. Уяман өвчин туссан хүн хайртай хүмүүсээ орхин, нийгмээс тусгаарлагдан амьдрах ёстой байв. Тэднийг бие махбод, сүнслэг байдлын хувьд бохирт тооцдог байжээ. Тиймээс Мосегийн хуулийн дагуу уяман өвчтэй хүн уранхай хувцас өмсөх ёстой ба хажуугаар нь өнгөрөхдөө түүнийг “Бузартсан!” гэж дуудах ёстой байв. Өвдөж, гадуурхагдсан уяман өвчтэй хүмүүс эзэнгүй байшин, бунхан зэрэгт амьдардаг байж. Аврагчид ойртон очсон уяман өвчтэй эр бие махбод, сэтгэл санааны хувьд ямар өрөвдөлтэй нөхцөлд байсныг төсөөлөх тийм ч хэцүү биш.
Бид заримдаа өөрсдийн юм уу бусдын үйлдлээс болж эсвэл өөрсдийн хяналтан доорх юм уу хяналтаас гадуурх нөхцөл байдлаас болж, ямар нэгэн байдлаар өрөвдөлтэй байдалд ордог байж болох юм. Ийм үед бид өөрсдийн хүслийг Түүний мутарт даатгах ёстой.
Хэдэн жилийн өмнө биений минь нөгөө тал болсон эхнэр Зулма нэг хүүхдийн маань хурим болохоос хоёр долоо хоногийн өмнө маш муу мэдээ хүлээн авсан юм. Түүний шүлсний том булчирхайд уйланхай байсан бөгөөд асар хурдан томорч байв. Нүүр нь хавдаж эхэлсэн тул цаг алдалгүй шуурхай мэс засал хийлгэх шаардлагатай болов. Сэтгэл нь тавгүй байлаа. Хортой хавдар юм биш байгаа? Бие минь сайжрах болов уу? Нүүр мэдээгүй болох болов уу? Хэр хүчтэй өвдөх бол? Нүүрэнд арилахгүй сорви тогтох болов уу? Хавдрыг авсны дараа дахин ургах болов уу? Хүүгийнхээ хуриманд очиж чадах болов уу? гэх зэргээр толгойд нь янз бүрийн бодол эргэлдэж байжээ. Мэс заслын өрөөнд хэвтэж байхад түүнд үнэхээр хүнд байв.
Яг тэрхүү чухал мөчид Сүнс түүнд Эцэгийн тааллыг хүлээн зөвшөөр хэмээн шивнэжээ. Тэгээд тэр Бурханд итгэхээр шийдсэн байна. Үр дүн нь ямар ч бай, Бурханы таалал түүний хувьд хамгийн зөв байх болно гэдгийг тэр хүчтэй мэдэрчээ. Тун удалгүй тэр мэдээ алдуулах тариандаа дийлдэж нойрсов.
Дараа нь тэр өдрийн тэмдэглэлдээ “Мэс заслын ширээн дээр би Таны өмнө бөхийж, Таны таалалд бууж өгөн, нойрссон. Ямар ч муу зүйл Бурханаас ирэхгүйг мэдэх би Танд хандаж болно гэдгээ мэдэж байлаа” гэж шүлэглэн бичжээ.
Тэр Эцэгийн таалалд өөрийн хүслийг нийцүүлснээр хүч чадал, тайтгарлыг олж авсан. Тэр өдөр Бурхан эхнэрийг минь асар их адисалж билээ.
Нөхцөл байдал ямар ч бай, бид итгэлээ хөгжүүлэн, Христэд ирж, итгэж найдаж болох Бурханыг олж чадна. Хүүхдүүдийн маань нэг болох Габриэл нэгэнтээ ингэж бичсэн байсан.
Бошиглогчийн хэлснээр Бурханы дүр төрх нарны гэрлээс ч илүү хурц,
Үс нь цаснаас ч цагаан,
Дуу хоолой нь их ус хуйлрах мэт хүрхэрнэ.
Түүний дэргэд хүмүүн юу ч биш аж. …
Би юу ч биш юм байна гэдгээ ухааран, сэтгэлээр унасан.
Гэвч ингэж байж л би итгэж найдах Бурханы зүг хөтлөх замыг олно.
Бидний итгэж найдаж болох Бурхан найдварыг маань урамшуулдаг. Тэрбээр биднийг хайрладаг, бүхий л нөхцөл байдалд бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг тул бид Түүнд итгэн найдаж болно.
Уяман өвчтэй хүн итгэл найдварын хүчээр л урагш гарч ирсэн. Дэлхийнхэн түүнд шийдлийг ч, тайтгарлыг ч өгөөгүй. Тиймээс Аврагчийг мутраа хүргэх төдийд л бодгалийг нь хөндсөн мэт түүнд санагдсан байх. Аврагчийг мутраа хүргэхэд уяман өвчтэй хүнд юу бодогдож байсныг зөвхөн таамаглаж л болно. Ялангуяа “Би хүсэж байна. Цэвэрш” гэхэд түүнд ямар байсан бол?
Уг түүхэнд “тэр даруй тэрээр уяман өвчнөөс цэвэршжээ” хэмээсэн байдаг.
Бид ч гэсэн Аврагчийн мутраас хайр, анагаагч хүчийг мэдэрч болно. Тэрээр цэвэршихэд маань туслахыг хүсдэг гэдгийг мэдэх нь бидний бодгальд ямар их баяр баясгалан, итгэл найдвар, талархлыг төрүүлдэг гээч! Биднийг Бурханд ирэх үед Тэрээр биднийг эдгээхээр эсвэл ямар ч зүйлтэй нүүр тулах хүчийг өгөхөөр ирэх болно.
Ямар ч үед өөрсдийн хүслийг биш, Түүний тааллыг хүлээн зөвшөөрөх нь бидэнд өөрсдийн нөхцөл байдлыг ойлгоход тусална. Ямар ч муу зүйл Бурханаас ирэхгүй. Тэр бидэнд юу хамгийн сайн болохыг мэддэг. Тэр бидний ачааг тэр даруй авахгүй байж болно. Алмагийн болон түүний хүмүүсийн ачааг хөнгөлсний адил заримдаа Тэрээр биднийхийг ч гэсэн хөнгөлнө. Эцсийн эцэст гэрээ байгуулсан болохоор энэ амьдралд эсвэл ариун Амилалтын үеэр бидний ачаа хөнгөрөх болно.
Түүний хүсэл биелнэ гэсэн чин хүсэл нь Гэтэлгэгчийн тэнгэрлэг мөн чанарын талаар ойлгож мэдэхээс гадна цэвэршүүлэгдэхийн тулд уяман өвчтэй хүний харуулсантай адил итгэлийг хөгжүүлэхэд бидэнд тусална. Есүс Христ бол хайрын Бурхан, итгэл найдварын Бурхан. Тэр эдгээдэг, биднийг адисалдаг, цэвэршигдэхэд туслахыг хүсдэг Бурхан мөн. Энэ бол энэ дэлхийд ирэхээсээ өмнө Түүний хийхийг хүсэж байсан зүйл бөгөөд Тэрээр Өөрийн саналаар биднийг нүгэлт байдлаас аврах болсон билээ. Тэрээр нүглийн төлөөсийг төлөхөөр Гетсаманийн цэцэрлэгт хүмүүний дааж дийлшгүй зовлон шаналлыг мэдэрч байхдаа үүнийг л хүсэж байсан. Тэр одоо, Эцэгийн өмнө бидний өмнөөс гуйхдаа үүнийг л хүсдэг. Тиймээс Түүний “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” хэмээх дуу хоолой одоо ч дуулдсан хэвээр.
Тэрээр биднийг эдгээж, өргөн дэмжиж чадна. Учир нь Тэр тийнхүү үйлдэх чадвартай. Тэрээр бүх зүйлд бидэнд тусалж, эдгээж, өргөн дэмжихийн тулд Өөр дээрээ биеийн болон сүнсний бүхий л зовлон шаналлыг авч, нигүүлслээр дүүргэгдсэн билээ. Абинадайн эш татсан Исаиагийн үгс үүнийг сэтгэл хөдөлгөм, сайхнаар хэлсэн байдаг.
“Гарцаагүй тэр бидний гашуудлыг хүлээн авч, мөн бидний харамслыг үүрсэн. …
… Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэр[сэн].”
Яг энэ ойлголтыг дараах шүлэгт ийнхүү заажээ.
“Ай, Назарын Мужаан Та,
Энэхүү юу ч үгүй эвдэрч гэмтсэн зүрхийг нөхөж өгөөч.
Энэхүү үхэлд ойртож байсан амь амьдралыг
Ай, Мужаан Та засан залруулж чадах уу?
Туслахад бэлэн, эелдэг зөөлөн Тэрээр
Өөрийн гайхамшигт сайхан амьдралыг
Өрөвдөлт бидний амьдралтай сүлжин холбож,
Шинэ Бүтээлт—“бүх зүйл шинэчлэгдэх” хүртэл хамт байх билээ.
Хэрэв та өөрийгөө ямар нэгэн байдлаар цэвэр бус, хэмхэрсэн гэж бодож байвал Тэрээр таныг хайрладаг тул цэвэршигдэн, засрах боломжтой гэдгээ санаарай. Ямар ч муу зүйл Бурханаас ирэхгүй гэдэгт итгэж найд.
Тэрээр “бүх зүйлийн доор бууж ирсэн” тул бидний амьдрал дахь эвдэрч, хэмхэрсэн бүхнийг засаж янзлах боломжийг олгож, улмаар Бурханаар эвцэлдүүлэх боломжтой болсон билээ. Түүгээр дамжуулан дэлхий дээрх болон тэнгэр дэх бүх зүйл эвлэрч, загалмайгаараа дамжуулан амар амгаланг тогтоодог.”
Шаардагдах бүх алхмыг хийж, Христэд ирцгээе. Ийн очиход бидний хандлага “Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ” хэмээн хэлсэн хүнийхтэй адил байх болтугай. Хэрэв тэгж чадах юм бол Эзэний эдгээх хүчтэй мутар бидэнд хүрч, Түүний дуу хоолой “Би хүсэж байна. Цэвэрш” хэмээн сонсдох болно.
Аврагч бол бидний итгэж найдаж болох Бурхан. Тэр бол Христ, Тослогдсон Нэгэн, Мессиа болохыг би Есүс Христийн ариун нэрээр, гэрчилж байна, амен.