2010–2019
Хоёр дахь агуу зарлиг
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


2:3

Хоёр дахь агуу зарлиг

Бид ах, эгч, дүү нартаа тусалснаар хамгийн агуу баяр баясгаланг хүлээн авдаг.

Хайрт ах, эгч нар аа, хөшигний хоёр талд Израилыг цуглуулахад тусалж, гэр бүлээ хүчирхэгжүүлэн, тусламж хэрэгтэй хүмүүсийн амьдралыг адислахын тулд хийж буй бүх зүйлд тань баярлалаа. Есүс Христийн жинхэнэ дагалдагч болон амьдарч байгаад тань талархаж байна. Та нар Бурханаа болон хөршөө хайрла гэсэн Түүний хоёр агуу зарлигийг мэддэг бас дуртайяа дагадаг.

Сүүлийн зургаан сарын турш Нэлсон эгч бид хоёр Төв ба Өмнөд Америк, Номхон Далайн арлууд болон Нэгдсэн Улсын янз бүрийн хотоор аялахдаа мянга мянган гэгээнтэнтэй уулзсан. Аялж байхдаа бид та нарын итгэлийг хөгжүүлнэ байх хэмээн найддаг. Гэтэл хариуд нь уулзсан гишүүд, найз нөхөд маань бидний итгэлийг үргэлж хүчирхэгжүүлдэг. Саяхан болж өнгөрсөн үйл явдлуудаас гурван ач холбогдолтой туршлагаасаа хуваалцах боломжийг надад олгоно уу.

Ерөнхийлөгч Нэлсон Шинэ Зеландад
Ерөнхийлөгч Нэлсон Шинэ Зеландад

Тавдугаар сард Нэлсон эгч бид хоёр ахлагч Гэррит В.Гонг, Сьюзан Гонг эгч хоёртой хамт Номхон Далайн Өмнөд хэсэг рүү аялсан юм. Шинэ Зеландын Окландад байхад бидэнд Шинэ Зеландын Крайстчерч дахь лалын хоёр сүмийн имамтай уулзах боломж тохиосон. Тэнд хоёрхон сарын өмнө гэм зэмгүй итгэгчид рүү гал нээсэн аймшигт хэрэг гарсан байв.

Өөр шашин шүтлэгтэй энэ ахан дүүстээ бид харамсаж байгаагаа илэрхийлж, шашны эрх чөлөөний талаар санал нийлж байгаагаа харилцан ярилцсан.

Бид бас сүмийн барилгаа дахин барихад нь туслах сайн дурын ажилчдыг илгээж, багахан хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсэн юм. Эдгээр лалын шашны удирдагчтай хийсэн уулзалтаас ахан дүүсийн халуун дулаан мэдрэмж төрж байлаа.

Аргентинд тэргэнцэр хүлээн авч буй нь
Аргентинд тэргэнцэр хүлээн авч буй нь

Наймдугаар сард Нэлсон эгч бид хоёр ахлагч Квинтин Л.Күк, Мэри Күк эгч хоёртой хамт Аргентины Буэнос-Айрест хэд хэдэн хүнтэй уулзлаа. Хожмын үеийн гэгээнтэн энэрлийн байгууллагаас өгсөн тэргэнцэр тэдний амьдралыг өөрчилсөн ба тэдний ихэнх нь манай шашны бус хүмүүс байв. Тэргэнцрээрээ бие дааж явах болсондоо тэд баярлаж байгаагаа илэрхийлсэн нь бидэнд урам зориг өгсөн юм.

Гурав дахь онцгой үйл явдал нь хэдэн долоо хоногийн өмнө Солт Лэйк Ситид болж өнгөрсөн. Би 14 настай залуу эмэгтэйгээс төрсөн өдрөөрөө захидал хүлээн авсан юм. Түүнийг Мэри гэж нэрлэе.

Мэри бидэнд байгаа нийтлэг зүйлсийн талаар бичсэн байлаа. “Та арван хүүхэдтэй. Манай гэр бүл арван хүүхэдтэй. Та мандарин хэлээр ярьдаг. Манай гэр бүлд надтай нийлээд Хятадаас үрчлэн авсан долоон хүүхэд байдаг. Тиймээс мандарин хэл бол бидний эх хэл. Та зүрхний мэс засалч. Миний эгч зүрхний нээлттэй мэс засалд хоёр ч удаа орж байсан. Танд хоёр цагийн Сүм таалагддаг. Бидэнд ч гэсэн хоёр цагийн Сүм таалагддаг. Та төгс сонсголтой. Эрэгтэй дүү маань бас төгс сонсголтой. Дүү маань надтай адил хараагүй” гэсэн байлаа.

Мэригийн үгс миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Энэ нь түүний агуу сүнсийг төдийгүй ээж, аавынх нь өгөөмөр сэтгэлийг харуулсан юм.

Есүс Христийн бусад дагалдагчийн адил, хожмын үеийн гэгээнтнүүд үргэлж бусдад туслан, өргөн дэмжиж, хайрлах арга замыг хайж байдаг. Их Эзэний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй хүмүүс “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэж, … “гашуудах тэдний хамт гашуудаж; … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад” бэлэн байдаг.

Тэд эхний болон хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрахыг үнэхээр эрэлхийлдэг. Бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлах юм бол хариуд нь Тэрээр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны төлөөх буянтай үйлсэд татан оруулдаг.

Дэлхий даяар жил болгон, өдөр бүр хожмын үеийн гэгээнтнүүдийн хийдэг үйлчлэлийн хэр хэмжээг тооцоолж гаргах боломжгүй юм. Гэвч байгууллагын хувьд, тусламж хэрэгтэй эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийг адислахын тулд хийж буй Сүмийн сайн үйлсийг тооцоолж гаргах боломжтой.

Сүмийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажил 1984 онд эхэлсэн. Тэр үед зүүн Африкт гарсан аймшигт ган гачигт нэрвэгдсэн хүмүүст туслах хөрөнгийг босгохоор Сүм даяар мацаг барьж билээ. Сүмийн гишүүд ганцхан өдөр 6.4 сая ам.доллар хандивласан.

Ахлагч Баллард Этопад

Тухайн үед ахлагч байсан М.Рассэлл Баллардыг Глэнн Л.Пэйс ахтай хамт тэр ариун мөнгөн санг хэрхэн ашиглаж болохыг тодорхойлох зорилгоор Этиоп руу явуулсан юм. Энэхүү ажил хожим нь Хожмын үеийн гэгээнтэн энэрлийн байгууллага хэмээн нэрлэгдэх болсон байгууллагын суурийг тавьсан билээ.

Тэр цагаас хойш Хожмын үеийн гэгээнтэн энэрлийн байгууллагын зүгээс дэлхий даяарх тусламж хэрэгтэй хүмүүст тусламж дэмжлэг болгон хоёр тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ. Энэхүү тусламжийг Сүмийн харьяалал байдаг, яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйс, улс төрийн үзэл бодол зэргээс үл хамааран үзүүлдэг.

Сүмийн тусламжийн үйл ажиллагаа зөвхөн үүгээр зогсдоггүй. Их Эзэний Сүмийн хүнд байдалд орсон гишүүдэд туслахын тулд бид өөрсдийн хайрладаг эртний мацгийн хуулийг дагаж амьдардаг. Бид өлсөж буй хүмүүст туслахын тулд өөрсдөө өлсдөг. Сар бүрийн нэг өдөр бид хоол ундгүй явж, хоол хүнснийхээ (мөн түүнээс ч илүүг) мөнгийг тусламж хэрэгтэй хүмүүст хандивладаг.

1986 онд Баруун Африкт хийсэн айлчлалаа би хэзээ ч мартахгүй. Гэгээнтнүүд манай цуглаанд олноороо ирж оролцсон. Хэдийгээр ихэнх нь материаллаг эд хөрөнгө гээд байх юмгүй байсан ч ихэнх нь танан цагаан хувцас өмсөж ирсэн байлаа.

Би эд хөрөнгөөр тарчиг хүмүүсийг хэрхэн харж ханддаг талаар гадасны ерөнхийлөгчөөс нь асууж билээ. Тэр зүгээр л бишопууд хүмүүсээ сайн мэддэг гэж хариулсан юм. Хэрэв гишүүд өдөрт хоёр хооллож байвал тусламж үзүүлэх хэрэггүй байв. Харин тэд гэр бүлээсээ тусламж авсан ч өдөрт нэг эсвэл түүнээс ч бага хооллож байвал бишоп мацгийн өргөлийн санхүүжилтээр хоол хүнсээр хангадаг байна. Харин дараа нь тэрээр мацгийн өргөл нь ихэвчлэн зарлагаас нь илүү гардаг гэсэн гайхалтай зүйлийг хэлсэн юм. Илүү гарсан мацгийн өргөлийг тэднээс илүү тусламж хэрэгтэй өөр газрын хүмүүст илгээдэг байжээ. Тэрхүү Африкийн гуйвшгүй итгэлтэй гэгээнтнүүд надад мацгийн хуулийн хүч болон сүнс гэж юу болохыг заасан юм.

Сүмийн гишүүдийн хувьд бид ямар нэгэн байдлаар зовж, зүдэрч байгаа хүмүүсийн зовлонг ойлгодог. Бурханы охид, хөвгүүдийн хувьд бид бүгдээрээ ах, эгч, дүү нар юм. Бид Хуучин Гэрээн дээрх “Өөрийнхөө газар нутаг дээрх гачигдаж буй ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэсэн зөвлөгөөг сонсож дагадаг.

Бид мөн Матай 25 дээр цэдэглэгдсэн Их Эзэн Есүс Христийн сургаалыг дагахыг хичээдэг.

“Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан,

нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан. …

… Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг.”

Аврагчийн эдгээр сургаалыг Сүм хэрхэн дагадгийн хэдэн жишээг би энд дурдъя.

Бишопын агуулах

Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилгоор Сүм нь дэлхий даяар 124 бишопын агуулах ажиллуулдаг. Тэдгээрээр дамжуулан жилд ойролцоогоор 400 мянган хувь хүнд зориулсан захиалгыг нийлүүлдэг. Агуулах байдаггүй газруудын бишоп, гадасны ерөнхийлөгчид тусламж хэрэгтэй гишүүдийг хоол хүнс, бараа материалаар хангах зорилгоор Сүмийн мацгийн сангаас мөнгө гаргуулан тусалдаг.

Гэхдээ өлсгөлөнтэй холбоотой асуудлууд Сүмийн хүрээллээс хол давсан байдаг ба дэлхий даяар улам бүр нэмэгдсээр байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын саяхны тайланд дэлхий дээрх тэжээлийн дутагдалтай хүмүүсийн тоо 820 саяд хүрснийг буюу дэлхийн хүн амын есөн хүн тутмын нэг нь өлсөж байгааг харуулсан байна.

Ямар ноцтой тоо баримт вэ! Бид та бүхний оруулсан хувь нэмэрт туйлын их талархдаг. Та бүхний чин сэтгэлээсээ өгсөн өргөлийн ачаар дэлхий даяар тусламж хэрэгтэй олон сая хүн хоол унд, хувцас хунар, түр зуурын орон байр, тэргэнцэр, эм тариа, цэвэр ус, өөр олон зүйлийг хүлээн авна.

Бохир уснаас болж дэлхий даяар олон хүн өвдөж байна. Өнөөдрийг хүртэл Сүмийн хүмүүнлэгийн байгууллага санаачилж, 76 улс орны хэдэн зуун хот сууринг цэвэр усаар хангаад байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Лупута дахь төслийг жишээ болгон авч болох юм. 100 гаруй мянган хүн амтай хотод нийтийн хэрэглээний ус байсангүй. Хотын иргэд хол зам туулж байж цэвэр ус авдаг байв. Уулын гүний ус 29 км зайнаас олдсон ч хотын хүмүүс усаа тогтмол авч чадахгүй байлаа.

Ус хайн суваг ухсан нь

Манай хүмүүнлэгийн номлогчид энэ асуудлын талаар олж мэдээд, усыг хот руу татах хоолойгоор нь хангаж, сургалт явуулах замаар Лупута хотын удирдагчидтай хамтран ажилласан юм. Лупута хотын хүмүүс нэг метр гүн сувгийг хад чулуу, ширэнгэн ой дундуур ухаж гаргахад гурван жилийг зарцуулжээ. Хамтран ажилласны эцэст цэвэр усыг тосгоны бүх хүн хэрэглэх боломжтой болсон баярт өдөр ирсэн билээ.

Ус зөөж буй нь

Сүм нь мөн иргэний тэмцэл, байгалийн гамшиг эсвэл шашны хавчлагад нэрвэгдсэн хүмүүст тусалдаг. Одоогийн байдлаар 70 сая гаруй хүн орон гэргүй болоод байна.

Дүрвэгсдэд тохинуулах нь

Зөвхөн 2018 он гэхэд, Сүмийн зүгээс 56 орны дүрвэгчдэд яаралтай тусламж үзүүлжээ. Түүнээс гадна Сүмийн олон гишүүн сайн дураараа цаг зав гарган, шинэ газраа дасан зохицоход нь дүрвэгчдэд тусалсан. Шинэ газар суурьших гэж хичээж байгаа хүмүүст тусламжийн гараа сунгасан та нарын хүн нэг бүрд бид талархаж байгаагаа илэрхийлье.

Хувцас тараах

Нэгдсэн Улс дахь Дэзэрэт Индастризын салбаруудад хийсэн та нарын өгөөмөр хандивын ачаар жилд хэдэн сая кг хувцас цугларч, ангилан ялгалт хийгддэг. Орон нутгийн бишопууд энэ олон эд материалыг ашиглан, тусламж хэрэгтэй гишүүдэд өгдөг ч ихэнхийг нь өөр энэрлийн байгууллагуудад хандивладаг бөгөөд тэд дэлхий даяар тараадаг.

Сүмийн зүгээс өнгөрсөн жил л гэхэд 35 улсын 300 мянган хүнд хараа зүйн тусламж, 39 улсын хэдэн мянган эх, үрсэд нярайн тусламж үйлчилгээ үзүүлж, хэдэн арван улс орны 50 гаруй мянган хүнд тэргэнцэр хандивлажээ.

Гамшиг болоход Сүм хамгийн түрүүнд хөдөлж, тусламж үзүүлдэг байгууллагуудын нэг гэдгээрээ олонд танигдсан. Тэр ч бүү хэл, далайн шуурга болохоос өмнө шуурга болох газар дээрх Сүмийн удирдагч болон ажилтнууд гамшигт өртөх хүмүүст тусламжийн материал хэрхэн хүргэх, сайн дурын ажилтнуудын дэмжлэгийг хэрхэн авах төлөвлөгөөг гаргадаг.

Тусламжийн гараар үйлчилсэн нь

Зөвхөн өнгөрсөн жилд Сүм дэлхий даяарх гамшгийн тусламжид зориулан 100 гаруй төсөл хэрэгжүүлж, хар салхи, гал түймэр, үер ус, газар хөдлөлт, бусад гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусалсан. Боломжтой газруудад Тусламжийн гар гэсэн манай Сүмийн шар хантаазтай гишүүд олуулаа цугларч, гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусалдаг. Та нарын олонхын үзүүлдэг ийм үйлчилгээ нь тохинууллын жинхэнэ мөн чанар юм.

Хайрт ах, эгч нар аа, миний дурдсан үйл ажиллагаанууд бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өргөжин тэлж буй халамжийн болон энэрлийн тусламжийн өчүүхэн хэсэг. Харин энэ бүх ажлыг хийх боломж олгодог хүмүүс бол та нар. Та нарын үлгэр жишээ амьдрал, өгөөмөр сэтгэл, тусч үйлдлийг олон орон нутаг, төр засгийн удирдагчид магтан сайшаадагт гайхах зүйл алга.

Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш би хэчнээн олон ерөнхийлөгч, ерөнхий сайд, элчин сайд ард түмэнд нь үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байгааг хараад гайхсан. Тэд мөн улс орондоо үнэнчээр хувь нэмэр оруулдаг иргэд болсон итгэлтэй гишүүдийн маань эх орондоо хийж бүтээж буй бүхэнд нь талархаж байгаагаа илэрхийлж байв.

Би мөн дэлхийн удирдагчид Тэргүүн Зөвлөлтэй уулзахдаа, улс оронд нь Сүм байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байсанд гайхсан. Яагаад тэр вэ? Учир нь хожмын үеийн гэгээнтнүүд бат бөх гэр бүл, нийгмийг бүтээн байгуулахад тусалж, хаана ч байсан бусдын амьдралыг сайжруулна гэдгийг тэд мэддэг.

Гэр орон нь хаана ч байсан, Сүмийн гишүүд Бурханы эцгийн болон хүмүүний ах дүүгийн барилдлагад чин сэтгэлээсээ ханддаг. Тиймээс бид энэ гайхамшигт дэлхийн хаана ч амьдарч байсан хамгийн агуу баяр баясгаланг ах, эгч, дүү нартаа тусалснаар олж авдаг.

Бусдад тусламж үзүүлэх буюу өөрийн ухамсраар бусдад өөртэйгөө адил эсвэл өөрөөсөө илүү санаа тавих нь—бидний хувьд баяр баясгалан билээ. Ялангуяа тохиромжгүй үед, тав тухтай орчноосоо гарахдаа ч баяр баясгаланг мэдэрдэг гэдгийг би нэмж хэлэх гэсэн юм.Тэрхүү хоёр дахь агуу зарлигийн дагуу амьдрах нь Есүс Христийн жинхэнэ шавь болохын гол түлхүүр юм.

Хайрт эх, эгч нар аа, та нар Есүс Христийн сургаалыг дагаснаар хүлээн авдаг үр жимсний амьд жишээ. Баярлалаа, би та нарт хайртай!

Би Бурхан амьдыг мэднэ. Есүс бол Христ. Түүний Сүм тэнгэрлэг зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө энэхүү хожмын өдрүүдэд сэргээгдсэн билээ. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Moронай 7:48-ыг үзнэ үү.

  2. Матай 22:37–39; Лук 10:27-г үзнэ үү.

  3. Moзая 18:8–9.

  4. Исаиа 58:3–12-ыг үзнэ үү.

  5. Сүмийн түүхийн эхэн үед зоригтой анхдагчид өлсөж цанган, гэр оронгүй болж, доромжлол хүчирхийлэлд өртөж байсан.

  6. Дэд хууль 15:11.

  7. Матай 25:35–36, 40-ийг үзнэ үү.

  8. Food and Agriculture Organization of the United Nations and others, The State of Food Security and Nutrition in the World 2019, 6, fao.org/3/ca5162en/ca5162en.pdf-ийг үзнэ үү.

  9. “Worldwide Displacement Tops 70 Million, UN Refugee Chief Urges Greater Solidarity in Response,” United Nations High Commissioner for serve.org website, June 19, 2019, unhcr.org/en-us-ийг үзнэ үү.

  10. Сүмийн хүмүүнлэгийн ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ChurchofJesusChrist.org/topics/welfare; LatterDaySaintCharities.org; facebook.com/LatterDaySaintCharities; JustServe.org-оос авна уу.

  11. “Үүнийг өөрсдийн амьдрал дахь сайн сайхан байдал, үлгэр жишээгээр үзүүлэх нь хамгийн үр дүнтэй арга зам болно” (Gordon B. Hinckley, “Find the Lambs, Feed the Sheep,” Liahona, July 1999, 121).