Гэрээт эмэгтэйчүүд Бурхантай хамтрах нь
Бурханы агуу бөгөөд сайн охид гэрээ байгуулан Бурхантай хамтрах замаар үргэлж халамжилж, удирдаж мөн тохинуулсаар ирсэн.
Бурханы гэрээт охид та нарт хандаж ярих энэ адислалдаа би талархаж байна. Өнөө орой миний зорилго бол та нарын дуудагдсан тэрхүү агуу их үйлчлэлд урам зориг өгөх явдал юм. Тийм ээ, миний ярихыг сонсож байгаа Бурханы охин бүр Их Эзэн Есүс Христээс дуудлага хүлээн авсан байдаг.
Та нарын дуудлага та нарыг төгс мэддэг, та нарыг Өөрийн охин хэмээн хайрладаг Бурханы тэр сонгосон газарт, сонгосон цаг үед энэ зуурдын амьдралд ирэх үед тань эхэлсэн. Сүнсний дэлхийд та нарыг мэддэг байсан, та нарт заасан Тэрээр та нарыг дэлхийн түүхэнд ховор тохиолдох, баптисмын усан санд уригдах боломжтой байх тэр газарт байрлуулсан. Тэнд та нар, Есүс Христийн дуудагдсан үйлчлэгчийн хэлсэн “Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен” хэмээх үгсийг сонсдог.
Уснаас гарч ирэхдээ та нар үйлчлэх өөр нэгэн дуудлагыг хүлээн авсан. Бурханы шинэ гэрээт охины хувьд, та нар амлалт өгч мөн гишүүнээр нь батлагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үүрэг даалгавар хүлээн авсан. Та нар Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ аван, Түүний зарлигуудыг даган мөн Түүнд үйлчилнэ хэмээх гэрээг байгуулсан.
Эдгээр гэрээг байгуулсан хүн бүрийн хувьд Их Эзэний тэднийг хий хэмээн дуудсан тэрхүү үйлчлэл нь тухайн хүнд төгс тохирсон байх болно. Гэсэн хэдий ч Бурханы гэрээт охид хөвгүүд бүгд нэгэн чухал бөгөөд баяр хөөртэй дуудлагыг хүлээн авдаг. Энэ бол Түүний өмнөөс бусдад үйлчлэх дуудлага юм.
Эгч нарт хандан ярьж байхдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Их Эзэн та нарыг Өөрийнх нь ажилд Түүнтэй нэгдэхийг уриалсан Түүний дуудлагын талаар гайхалтай дүгнэлтийг өгсөн. Ерөнхийлөгч Нэлсон та нарын дуудлагыг дараах байдлаар дүрсэлжээ “Их Эзэн ‘Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө’ хэмээн хэлсэн билээ.(Moсе 1:39.) Тиймээс Түүний үнэнч охин-шавь ‘Миний ажил мөн миний алдар суу бол тэрхүү тэнгэрлэг зорилгодоо хүрэхэд нь хайртай хүмүүстээ туслах явдал мөн’ хэмээн хэлж болно.
Селестиел ирээдүйдээ хүрэхэд нь өөр хүнд туслах нь эмэгтэй хүний тэнгэрлэг үүрэг зорилгын хэсэг мөн. Эх хүний хувьд, багш хүний хувьд эсвэл халамжлагч гэгээнтний хувьд эмэгтэй хүн найдвараараа бусдыг төлөвшүүлдэг. Бурхантай хамтарснаар эмэгтэй хүний тэнгэрлэг үүрэг нь сүнснүүдийг амьдрахад мөн бодгалиудыг өргөхөд туслах явдал юм. Энэ бол түүний бүтээлтийн хэмжүүр. Энэ нь сайн сайхан болгодог, сургамжилдаг мөн өргөмжилдөг.”
Ээж, удирдагч эсвэл тохинуулагч эгч зэрэг хувийн номлол болох үйлчлэлд хэзээ ямар хугацаагаар дуудагдахаа бид мэдэж чадахгүй. Их Эзэн бидэнд хайртай учраас бидэнд үүрэг даалгавар маань хэр удаан үргэлжлэх эсвэл ямар дараалалтай байх зэргийг сонгох сонголтыг өгдөггүй. Гэсэн ч судраас болон амьд бошиглогчдоос та нар эдгээр бүх үүрэг даалгавар нь энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд Бурханы бүх охинд ирэх болно гэдгийг мэднэ. Эдгээр нь бүгд “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох” мөнх амьдралд хайраар дүүрэн гэр бүлд бэлтгэх бэлтгэл юм.
Та нар эцсийн зорилгоо одоо бодож, бүх хүчин чармайлтаа бэлтгэхэд зарцуулах нь ухаалаг алхам байх болно. Эдгээр даалгавар бүр нь адил бэлтгэл шаарддаг тул энэ ажлыг илүү амар хялбар болгодог.
Тэгэхээр тохинуулагч эгч байх үүрэг даалгавраас эхэлцгээе. Та нар аав нь нас барсан 10 настай охин байна уу эсвэл саяхан гал түймэрт нэрвэгдсэн хотын Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч байна уу эсвэл эмнэлэгт хэвтээд, мэс заслын дараа эдгэрч байгаа эгч байна уу гэдгээс хамаарахгүй—Их Эзэний тохинуулагч охин байх Түүнээс өгсөн дуудлагаа биелүүлэх боломж та нарт байгаа.
Дээрх гурван тохинууллын үүрэг даалгавар нь хоорондоо маш өөр өөр харагддаг байж болно. Гэсэн хэдий ч тэд бүгд хүчирхэг, хайраар дүүрэн зүрх сэтгэл, Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр зарлиг эс буулгана гэсэн айдасгүй итгэл, хүслээрээ явж бас Түүний нэрийн өмнөөс биелүүлэх бэлтгэлтэй байхыг шаарддаг.
10 настай охин бэлтгэлтэй байсан учраас бэлэвсэн ээжийгээ тэвэрч, гэр бүлдээ хэрхэн туслахаа мэдэхийн тулд залбирдаг. Тэгээд үргэлжлүүлэн залбирсаар л байдаг.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч өөрийн орон нутагт гэнэт гал гарахаас өмнө тохинуулахаар бэлдсэн байлаа. Тэрээр хүмүүсийг таньж мэддэг болж, тэдэнд хайртай болсон байжээ. Түүний Есүс Христэд итгэх итгэл Их Эзэний төлөө хийх бага ч гэсэн үйлчлэлд нь туслаач хэмээн Түүнээс гуйсан залбирлынхаа хариуг олон жилийн турш хүлээн авснаар улам их өсөж хөгжсөн байв. Тэрээр урт удаан хугацааны туршид үүнд бэлдсэн байсан учраас зовж зүдэрч буй хүмүүст болон гэр бүлүүдэд тохинуулахад нь эгч дүүсээ зохион байгуулахад бэлэн мөн хүсэл эрмэлзлэлтэй байсан.
Хагалгааны дараа эмнэлэгт тэнхэрч байгаа эгч бусад өвчтөнд тохинуулахад бэлэн байв. Тэрбээр Их Эзэнийг төлөөлөн танихгүй хүн болгонд хөрш, найз нөхөд нь мэт хандан, насан туршдаа тохинуулсаар байсан. Эмнэлэгт тохинуулал хийх тэрхүү дуудлагаа зүрх сэтгэлдээ мэдэрч, бусдад маш зоригтой мөн ийм хайраар үйлчлэхэд, бусад өвчтөн түүнтэй хамт байх дуртай байсан бөгөөд түүнийг битгий хурдан эдгэрээсэй хэмээн найдаж байжээ.
Тохинуулахад бэлтгэдэгтэй адилаар, Их Эзэний дуудсан удирдагч болох дуудлага ирэх үед та нар үүнд бэлтгэж чадах бөгөөд бэлтгэх ч ёстой. Хүмүүсийг удирдаж, Есүс Христийн үгийг айдасгүй заах нь судруудыг хайрлах та нарын гүн гүнзгий хайраас үүдэлтэй Түүнд итгэх итгэлийг шаарддаг. Дараа нь та нар байнгын хамтрагч болох Ариун Сүнсийг хүлээн авахад бэлтгэлтэй байх болно. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх сандарсан байдалтайгаар “Алварез эгч өнөөдөр өвчтэй байна. Хэн түүний ангид хичээл заах вэ?” гэж асуухад “Би заая” хэмээн хэлэхийг та нар хүсэх болно.
Их Эзэн та нарыг эх хүний үүрэгт ажилд дуудах тэр гайхамшигтай өдөр ирэх үед мөн адил бэлтгэлтэй байх шаардлагатай. Гэвч энэ нь урьд өмнөхөөс илүү хайраар дүүрэн зүрх сэтгэлийг шаардах болно. Энэ нь таны зүрх сэтгэлд урьд өмнө байснаас илүү их Есүс Христэд итгэх итгэлийг шаардах болно. Мөн боломжтой гэж бодсоноос тань ч илүү их Ариун Сүнсний нөлөө, удирдамж, мөн тайтгарлын төлөө залбирах чадавх шаардагдах болно.
Ямар ч насны эр хүн эхчүүдэд юу хэрэгтэйг яаж мэдэх вэ гэж та асууж магад. Эдгээр нь зөв асуултууд юм. Хүн бүх зүйлийг мэдэж чадахгүй, харин Бурханаас ирсэн илчлэлтээс бид зарим зүйлийг ойлгож авч болно. Бид мөн ажиглаж буй зүйлээ ойлгоход туслах Сүнсийг эрж хайх боломжийг олж авснаар бид ихийг ойлгож мэдэж болно.
Би гэрлээд 57 жилийн турш Катилин Жонсон Айрингийг ажиглан харсаар ирсэн. Тэрээр дөрвөн хүү, хоёр охины ээж. Өнөөдрийг хүртэл тэрээр гэр бүлийнхээ зуу гаруй гишүүнд, мөн эх хүний зүрх сэтгэлдээ өргөж авсан зуу гаруй хүнд эх хүний нөлөөг үзүүлэх дуудлагаа хүлээж авсан байна.
Ерөнхийлөгч Нэлсон эмэгтэй хүний тэнгэрлэг зорилгыг, түүний дотор эх байх эрхэм зорилгыг бүрэн төгс тодорхойлон, “Эх хүний хувьд, багш хүний хувьд эсвэл халамжлагч гэгээнтний хувьд эмэгтэй хүн найдвараараа бусдыг төлөвшүүлдэг. Бурхантай хамтарснаар эмэгтэй хүний бурханлаг үүрэг нь хүмүүсийн амьдралд бас тэдний сэтгэл санааг өргөхөд тусалдаг. Энэ бол түүний бүтээлтийн хэмжүүр юм” хэмээн хэлснийг та нар санаж байгаа.
Миний мэдэж байгаагаар, миний эхнэр Катилин, Эцэгийн охидодоо өгсөн тэрхүү үүргийг үүрсэн. Миний бодлоор, хамгийн чухал хэсэг нь “Бурхантай хамтран тэр найдвараараа бусдыг төлөвшүүлдэг” гэдэг хэсэг юм. Тэр хүчлээгүй. Тэр нөлөөлсөн. Өөрийнхөө итгэл найдварт хүрэх загвар түүнд байсан бөгөөд энэ загвараар өөрийн хайрласан, халамжилсан, хүн болгосон тэдэнд нөлөөлөхийг хичээсэн. Энэ загвар нь Есүс Христийн сайн мэдээ байсан бөгөөд үүнийг би олон жилийн турш залбирч, ажиглаж байснаар харж чадсан.
Бурхантай хамтран гэрээт эмэгтэй болсноор л хэчнээн Бурханы агуу бөгөөд сайн охид байсан ч тэд өөрсдөд нь зориулан бэлтгэсэн ямар ч байдалд мөн ямар ч газарт үйлчилж, үргэлж халамжилж, удирдаж мөн тохинуулдаг. Та нар гэрээгээ сахин биелүүлдэг охид байж, Түүн рүү буцахдаа тэнгэрлэг гэр лүүгээ явах аяллынхаа турш баяр баясал олох болно гэдгийг би амлаж байна.
Би Бурхан Эцэг амьд мөн та нарт хайртай гэдгийг гэрчилж байна. Тэр залбиралд чинь хариулна. Түүний хайрт Хүү нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг нэг бүрчлэн бүх зүйл дээр нь удирддаг. Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон бол Түүний амьд бошиглогч. Иосеф Смит Нью-Йоркийн Палмирагийн ойн төгөлд Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг харж, тэдэнтэй ярьсан. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Есүс Христ бол та нарын Аврагч бөгөөд Тэр та нарт хайртай гэдгийг би гэрчилж байна. Түүний Цагаатгалаар дамжуулан та нар цэвэршүүлэгдэж, өөрсөд дээрээ ирэх эрхэм дээд, ариун дуудлагуудад тэнцэж чадна. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.