2010–2019
Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэхэд өөрчлөлтүүд
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


2:3

Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэхэд өөрчлөлтүүд

Илүү олон залуу эрэгтэй, залуу эмэгтэй энэхүү уриалгыг дагаснаар өсөж хөгжих ба өсвөр үеийнхэндээ онцгой анхаарал хандуулснаар гэрээний зам дээрээ үлдэнэ.

Ерөнхийлөгч Нэлсонд баярлалаа. Баптисмын ёслолд оролцох гэрчүүдийн талаарх илчлэгдсэн баярт удирдамжид, бас өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх, тэдний ариун нандин чадавхыг хөгжүүлэхэд туслахын тулд хуваалцахыг биднээс хүссэн удирдамжид тань баярлалаа.

Би тэдгээр өөрчлөлтийн талаар хуваалцахаасаа өмнө, сайн мэдээний үргэлжилж буй сэргээлтэд болж байгаа зүйлүүдэд хандах гишүүдийнхээ хандлагад чин сэтгэлээсээ талархмаар байна. Өнгөрсөн жил ерөнхийлөгч Нэлсоны санал болгосончлон, та нар амин дэмээ ууж л байгаа юм байна!

Та нар гэр орондоо Ирээд, Намайг дага гарын авлагаас баяр хөөртэй судалж байгаа. Та нар сүмд гарсан өөрчлөлтийг дагаж байгаа. Ахлагчдын чуулгын гишүүд болон Халамжийн нийгэмлэгийн эгч нар авралын ажлыг хамтран хийж байна.

Бид талархаад баршгүй нь. Ялангуяа бид өсвөр үеийнхэн маань үргэлжлүүлэн хүчтэй, итгэлтэй байгаад маш их баяртай байна.

Өсвөр үеийнхэн маань сэтгэл хөдөлгөм ч хүнд хэцүү цаг үед амьдарч байна. Тэдний хувьд боломжтой байгаа сонголтууд хэзээ ч ийм ноцтой байгаагүй. Жишээ нь, орчин үеийн ухаалаг утсан дотор гэр бүлийн түүх, ариун судрууд гэх мэт маш чухал бөгөөд сэтгэл санаа өргөх мэдээлэл байдаг. Нөгөө талаас, энэ нь бас утгагүй мунхаг, ёс суртахуунгүй зүйлсийг, урьд өмнө ийм бэлэн зэлэн байгаагүй хилэнцийг агуулдаг.

Гэр бүлд төвлөрсөн сургалтын хөтөлбөр
Өсвөр үеийнхний үйл ажиллагаа

Энэхүү ээдрээт сонголтуудын дундуур өсвөр үеийнхнийгээ залж чиглүүлэхэд туслахын тулд Сүмээс гурван баттай бөгөөд дэлгэрэнгүй хөтөлбөрийг бэлдлээ. Нэгдүгээрт, хөтөлбөрийг бататгаж, гэртээ өргөжүүлэн суралцахаар болгосон. Хоёрт, ерөнхийлөгч Нэлсон, ерөнхийлөгч Баллард болон ерөнхий албан тушаалтнууд хөгжилтэй үйл ажиллагаа, хувийн хөгжил дэвшил бүхий хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрийг өнгөрсөн ням гарагт танилцууллаа. Гурав дахь өөрчлөлт нь гэвэл, өсвөр үеийнхнийг бишопын болон бусад удирдагчийн анхааралд илүү төвлөрүүлэхийн тулд хийх зохион байгуулалтын өөрчлөлт юм. Ийнхүү анхаарал тавихдаа сүнслэг байдлын хувьд хүчтэй байх ёстой бөгөөд ерөнхийлөгч Нэлсоны хүссэн батальон болоход өсвөр үеийнхэнд маань тусална.

Уялдаа холбоотой хэв загварууд

Эдгээр хүчин чармайлт нь бас өнгөрсөн хэдэн жилийн туршид зарласан өөрчлөлтүүдтэй холбоо хамааралтай өөрчлөлтүүд юм. Эдгээр бүх өөрчлөлт тус бүрдээ гэгээнтнүүдийг адисалж, Бурхантай уулзахад нь тэдэнд туслахад зориулагдсан уялдаа холбоотой хэв загварын чухал хэсгүүд билээ.

Энэхүү загварын нэг хэсэг нь өсөн өндийж буй үеийнхэнд хамаатай. Өсвөр үеийнхний өөрсдөө хийж чадах зүйлийг эцэг эх, удирдагчид нь хийлгүйгээр, тэднийг илүү бага наснаасаа хувийн хариуцлага хүлээдэг байгаасай хэмээн бид хүсэж байна.

Зарлал

Өнөөдөр бид гадас, тойргийн түвшинд өсвөр үеийнхэнд зориулсан зохион байгуулалтын өөрчлөлтийг зарлаж байна. Ерөнхийлөгч Нэлсоны тайлбарласнаар, Бонни Х.Кордон эгч Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын өөрчлөлтийг өнөө орой танилцуулах болно. Миний одоо танилцуулах өөрчлөлтийн нэг зорилго нь Аароны санваартнуудыг болон чуулга, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхнийг хүчирхэгжүүлэх явдал юм. Эдгээр өөрчлөлт Сургаал ба Гэрээ 107:15-д “Бишопын зөвлөл бол [Аароны] санваарын ерөнхийлөгчийн зөвлөл бөгөөд үүний түлхүүрүүд буюу эрх мэдлийг атгадаг” хэмээх заавартай нийцэж байгаа.

Сударт өгүүлснээр, бишопын нэг үүрэг бол пристүүдийн дээр тэргүүлж, мөн тэдэнтэй зөвлөлд сууж, албан тушаалынх нь үүргүүдийг тэдэнд заах явдал билээ. Түүнчлэн бишопын нэгдүгээр зөвлөх багш нарыг, бишопын хоёрдугаар зөвлөх диконуудыг хариуцах тодорхой үүрэг хүлээх болно.

Сургаал ба Гэрээн дэх энэхүү илчлэлтэд нийцүүлэн, Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл цаашид тойргийн түвшинд үйлчлэхгүй. Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн эдгээр итгэлтэй ах маш их сайн зүйл үйлдсэн бөгөөд бид тэдэнд талархлаа илэрхийлж байна.

Бишопын зөвлөлүүд залуу эрэгтэйчүүдийн санваарын хүлээх үүргүүдэд голлон анхаарч, илүү ач холбогдол өгч, чуулгын үүргүүдээ гүйцэтгэхэд нь тэдэнд туслах болно гэж бид найдаж байна. Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөлд үүргээ гүйцэтгэхэд нь туслахын тулд Залуу эрэгтэйчүүдийн зөвлөхөөр чадвартай, насанд хүрсэн хүн дуудагдах болно. Илүү олон залуу эрэгтэй, залуу эмэгтэй энэхүү уриалгыг дагаснаар өсөж хөгжих ба өсвөр үеийнхэндээ онцгой анхаарал хандуулснаар гэрээний зам дээрээ үлдэнэ гэдэгт бид бат итгэж байна.

Их Эзэний сүнсээр өдөөгдсөн загварын дагуу, бишоп тойргийнхоо бүх хүнийг хариуцдаг. Тэрээр өсвөр үеийнхнийг болон тэдний эцэг эхчүүдийг адисалдаг. Нэг бишоп порнографын асуудалтай залуу эрэгтэйд зөвлөж байхдаа, эцэг эх нь хүүгээ хайрлаж, ойлгож харилцсанаар л түүний наманчлалын үйл явцад тусалж чадна гэдгийг харжээ. Уг залуу эрэгтэйн эдгэрэл гэр бүлийнх нь эдгэрэл байсан бөгөөд бишоп бүхэл гэр бүлийн төлөө ажилласнаар энэ нь боломжтой болсон юм. Одоо уг залуу эрэгтэй зохистой Мелкизедек санваартан, бүрэн цагийн номлогч болсон.

Энэ түүхэнд санал болгож байгаагаар, эдгээр өөрчлөлт нь:

  • Бишоп, түүний зөвлөхүүдэд өсвөр үеийнхнийг болон Хүүхдийн хэсгийг хариуцах гол үүрэгтээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

  • Аароны санваарын хүч чадал, үүргийг залуу эрэгтэй болгоны хувийн амьдрал, хувийн зорилгын төвд оруулах болно.

Түүнчлэн эдгээр өөрчлөлт нь:

  • Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн үүрэг хариуцлагыг болон тэдний бишопын зөвлөлд шууд тайлагнах явдлыг чухалчилна.

  • Насанд хүрсэн удирдагч Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд албаныхаа хүч чадал, эрх мэдлийг эрхэмлэн биелүүлэхэд нь тусалж, чиглүүлэх болно.

Дээр дурдсанаар, эдгээр өөрчлөлт нь залуу эмэгтэйчүүдийг хариуцах бишопын зөвлөлийн үүрэг хариуцлагыг бууруулахгүй. Ерөнхийлөгч Нэлсоны сая заасанчлан, “[Бишопын] хамгийн нэн тэргүүний чухал үүрэг бол тойргийнхоо залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүдийг халамжлах явдал юм.”

Бидний хайртай, шаргуу хөдөлмөрч бишопууд маань энэ хариуцлагыг хэрхэн гүйцэлдүүлэх вэ? 2018 онд бишопын удирдлаган доор ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг хамтдаа өмнө нь бишопын ихэнх цагаа зарцуулдаг байсан чухал үүрэг хариуцлагуудыг үүрэхэд нь туслахын тулд Халамжийн нийгэмлэгүүдтэй илүү ойр дотно хамтран ажиллуулахаар Мелкизедек санваарын чуулгуудад өөрчлөлт гаргасныг та нар санаж байгаа. Эдгээр үүрэгт тойргийн номлолын ажил, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил, түүнчлэн тойргийн гишүүдэд тохинуулах ажлын ихэнх нь багтаж байгаа.

Бишопын үүрэг хариуцлага

Бишоп нь өсвөр үеийнхэн, олон нийтийн шүүгч байх, гачигдалтай хүмүүсийг халамжлах, санхүү, материаллаг хэрэгцээг хариуцах зэрэг зарим үүргийг бусдад хариуцуулж болохгүй. Гэхдээ эдгээр нь бидний урьд өмнө ойлгодог байснаас цөөрсөн. Өнгөрсөн жил ахлагч Жэффри Р.Холланд Мелкизедек санваарын чуулгуудад оруулсан өөрчлөлтүүдийн талаар тайлбарлахдаа “Мэдээжийн хэрэг, бишоп нь тойргийг тэргүүлэх дээд санваартан хэвээр байх болно. [Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн] энэхүү шинэ зохицуулалт нь түүнд Мелкизедек санваарын болон Халамжийн нийгэмлэгийн ажлыг хийхгүйгээр эдгээр байгууллагыг тэргүүлэн удирдах боломж олгох юм” хэмээн зарласан.

Жишээлбэл, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч залуу эмэгтэйчүүдэд зөвлөдөгтэй адил Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч хоёр өөрсдөд нь хариуцуулсны дагуу, насанд хүрэгчдэд зөвлөх илүү үүрэг хариуцлагыг хүлээж болно. Зөвхөн бишоп л олон нийтийн шүүгчээр үйлчилж болох хэдий ч эдгээр бусад удирдагч олон нийтийн шүүгч оролцох шаардлагагүй эсвэл ямар нэгэн төрлийн хүчирхийлэлтэй холбоогүй асуудлуудад тусламж авахаар тэнгэрээс илчлэлт хүлээн авах эрхтэй.

Гэхдээ энэ нь залуу эмэгтэй бишоптойгоо эсвэл эцэг эхтэйгээ ярих ёсгүй гэсэн үг биш шүү. Тэдний гол анхаарал бол өсвөр үеийнхэн. Энэ нь залуу эмэгтэйн хувийн хэрэгцээнд залуу эмэгтэйчүүдийн удирдагч хамгийн сайнаар тусалж чадна гэсэн үг юм. Бишопын зөвлөл залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг эн тэнцүү анхаардаг. Гэхдээ бид хайрладаг, заадаг, хүч чадалтай, оролцоо сайтай, анхаарлаа төвлөрүүлсэн залуу эмэгтэйчүүдийн удирдагчдаас ирдэг хүч чадлыг мэддэг. Тэд ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн үүргийг өөрсөд дээрээ авахгүй ч энэ үүргээ амжилттай биелүүлэхэд нь өсвөр үеийнхэнд тусална.

Кордон эгч өнөө орой залуу эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэл хөдөлгөм нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулах болно. Гэхдээ одоо би тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчид одооноос эхлэн тойргийн бишоптой зөвлөлдөж, тэдэнд шууд тайлагнах болно гэдгийг зарлаж байна. Өмнө нь энэ хариуцлагыг зөвлөх хариуцдаг байсан бол үүнээс хойш залуу эмэгтэйчүүд нь тойргийг удирдах түлхүүрүүдийг атгадаг бишопын шууд үүрэг хариуцлага байх болно. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тайлангаа бишоптоо үргэлжлүүлэн шууд илтгэх болно.

Ерөнхий болон гадасны түвшинд бид Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийг үргэлжлүүлэн байлгах болно. Гадасны түвшинд Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч нь дээд зөвлөх байх ба Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийг хариуцсан дээд зөвлөхүүдтэй хамтдаа гадасны Аароны санваар–Залуу эмэгтэйчүүдийн хороонд багтах болно. Эдгээр ах энэ хороонд гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтдаа ажиллана. Гадасны ерөнхийлөгчийн нэг зөвлөх нь энэхүү хорооны дарга байх бөгөөд Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан шинэ хөтөлбөр, үйл ажиллагаануудын олон нь гадасны хэмжээнд явагдах учраас энэ хороо илүү чухал ач холбогдолтой юм.

Эдгээр дээд зөвлөх нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор, дээд зөвлөхүүд тойргийн ахлагчдын чуулгад үйлчилдгийн адилаар, Аароны санваарын чуулгуудад болон бишопт эх сурвалж болон үйлчилж чадна.

Үүнтэй холбогдуулан, өөр нэг дээд зөвлөх нь гадасны Ням гаргийн ерөнхийлөгчөөр үйлчлэх бөгөөд шаардлагатай бол гадасны Аароны санваар–Залуу эмэгтэйчүүдийн хороонд үйлчилж болно.

Зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтүүдийг удирдагчдад илгээх мэдээлэлд илүү тодорхой тайлбарлана. Дараах өөрчлөлтүүд орлоо. Үүнд:

  • Бишопын өсвөр үеийнхний хорооны хурлыг тойргийн өсвөр үеийнхний зөвлөл орлох болно.

  • “Мючел” гэдэг үгийг цаашид хэрэглэхгүй. Харин “Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа,” “Аароны санваарын чуулгын үйл ажиллагаа” эсвэл “өсвөр үеийнхний үйл ажиллагаа” гэж нэрлэх бөгөөд боломжтой газруудад долоо хоног бүр явагдах болно.

  • Тойргийн өсвөр үеийнхэнд зориулсан төсвийг Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүдийн байгууллага тус бүр дэх өсвөр үеийнхний тооноос хамаарч, энэ хоёр байгууллагын дунд тэгш хуваарилна. Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд зориулан хангалттай мөнгө хуваарилах болно.

  • Ерөнхий болон гадас, тойргийн түвшинд бид “туслах бүлэг” гэдэг үгийн оронд “байгууллага” гэдэг үгийг хэрэглэх болно. Ерөнхий Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги зэрэг байгууллагуудыг удирддаг хүмүүсийг “ерөнхий албан тушаалтнууд” гэж нэрлэх болно. Гадас, тойргийн түвшинд эдгээр байгууллагыг удирддаг хүмүүсийг “гадасны албан тушаалтнууд,” “тойргийн албан тушаалтнууд” гэж нэрлэх болно.

Өнөөдрийн зарласан өөрчлөлтүүдийг гадас, дүүрэг, тойрог, салбарууд бэлэн болсон даруйд хэрэгжүүлж болох бөгөөд 2020 оны 1-р сарын 1 гэхэд хэрэгжүүлж эхэлсэн байх хэрэгтэй. Өмнөх өөрчлөлтүүдтэй нэгтгэн, уялдуулан холбосон эдгээр өөрчлөлт эрэгтэй, эмэгтэй, өсвөр үеийнхэн, хүүхэд бүрд гэрээний зам дээр хөгжих явцдаа Аврагч, Есүс Христийн жишээг дагахад нь нэг бүрчлэн тусалснаар тэднийг хүчирхэгжүүлэн адислах сургаалтай нийцдэг тэрхүү сүнслэг, бас зохион байгуулалтын хичээл зүтгэлийг харуулах юм.

Хайрт ах эгч нар аа, сүнслэгээр өдөөгдсөн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсоны удирдлаган доор хийгдэж байгаа эдгээр ерөнхий өөрчлөлт нь Сүмийн гишүүн бүрийг чадавхжуулж, хүчирхэгжүүлэх болно гэдгийг би амлан, гэрчилж байна. Өсвөр үеийнхэн маань Аврагчид итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлэх бөгөөд дайсны уруу таталтаас хамгаалагдаж, амьдралын саад бэрхшээлтэй тулгарахад бэлтгэгдэх болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Russell M. Nelson, in “Latter-day Saint Prophet, Wife and Apostle Share Insights of Global Ministry,” Newsroom, Oct. 30, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org.

  2. Үүнээс гадна, та нар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар Сүмийн зөв нэрийг ашиглахдаа мөн ийн үйлдэхдээ Аврагчийг хайр, хүндэтгэлтэйгээр санахад тодорхой хичээл зүтгэл гаргасан.

  3. “Есүс Христийн Сүмийн гишүүд ‘хүмүүний бодгалиудын авралын төлөө түүний талбайд хөдөлмөрлөхийн тулд’ (С ба Г 138:56) илгээгдсэн. Энэхүү авралын ажилд номлогчийн ажил, хөрвөгчдийг идэвхтэй байлгах, идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил, сургаалыг заах зэрэг нь орно. Бишоп тойргийнхоо хэмжээнд тойргийн зөвлөлийн бусад гишүүний туслалцаатайгаар энэ ажлыг удирдан явуулдаг” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 5.0, ChurchofJesusChrist.org).

  4. Удирдагчдын хувьд бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүддээ тэдний сайн сайхан болоод шавь байх хичээл зүтгэлийнх нь төлөө хайртай байдаг. Бид гэрээний зам дээр алхаж байгаа, ийн алхахдаа бүхнээ зориулан, баяр хөөртэй үйлдэж байгаа хувь хүн, ээж аав, өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж байна.

  5. 2019 онд 11 настай диконууд ариун ёслолыг түгээж эхэлсэн бөгөөд 11 настай залуу эмэгтэй, эрэгтэйчүүд хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгүүдийг хүлээж авсан. Өнгөрсөн жил ерөнхийлөгч Нэлсон тараагдсан Израилыг хөшигний хоёр талд цуглуулах өсвөр үеийнхний батальоны хэсэг болохыг залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд маань уриалсан [2018 оны 6-р сарын 3, Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт]( Израйлын найдвар”-ыг үзнэ үү, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org). Үүнд хандах хандлага маш агуу байсан.

    Бүрэн цагийн номлогчид одоо илүү залуу насандаа сайн үйлчилж байна. 2012 оны 10-р сарын 6-аас хойш залуу эрэгтэйчүүд 18, залуу эмэгтэйчүүд 19 настайдаа үйлчлэх боломжтой болсон.

  6. “Тэрчлэн Аароны санваартны дээрх Ерөнхийлөгчийн үүрэг нь… санваартны дээр тэргүүлэх, мөн тэдэнтэй зөвлөлд сууж, албан тушаалынх нь үүргүүдийг тэдэнд заах нь болой--- Энэхүү ерөнхийлөгч нь бишоп байх ёстой; учир нь энэ бол энэхүү санваарын үүргүүдийн нэг билээ” (Сургаал ба Гэрээ 107:87–88).

  7. Түүнчлэн насанд хүрсэн удирдагчдыг Аароны санваарын чуулгын мэргэжилтнээр дуудах бөгөөд тэд хөтөлбөр, үйл ажиллагаануудад тусалж, тэгснээр бишопын зөвлөл Залуу эмэгтэйчүүдийн анги, үйл ажиллагаанд тогтмол, Хүүхдийн хэсэгт үе үе айлчлах боломжтой болно. Зарим мэргэжилтнийг аялал гэх мэт тодорхой үйл ажиллагаанд туслуулахаар дуудаж болох ба бусад заримыг нь чуулгын зөвлөхүүдэд туслуулахаар удаан хугацаагаар дуудаж болно. Чуулгын цуглаан, хөтөлбөр эсвэл үйл ажиллагаанд заавал насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн байлцах ёстой. Хэдийгээр үүрэг, нэр нь өөрчлөгдөж байгаа ч Аароны санваарын чуулгад үйлчилж, тэднийг дэмжих насанд хүрсэн эрэгтэйчүүдийн тоо цөөрөхгүй гэж бид бодож байна.

  8. Рассэлл М.Нэлсон, “Гэрчүүд, Аароны санваарын чуулга ба Залуу эмэгтэйчүүдийн ангиуд,” Liahona, 2019 оны 11-р сар; түүнчлэн Ezra Taft Benson, “To the Young Women of the Church,” Ensign, Nov. 1986-ыг үзнэ үү.

  9. Бид түүнчлэн бишопуудыг ганц бие залуучуудтай болон өөрсдийн гэр бүлтэй илүү их цаг өнгөрөөхийг зөвлөж байна.

  10. Жэффри Р.Холланд, general conference leadership meeting, Apr. 2018; түүнчлэн “Effective Ministering,” ministering.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү. Ахлагч Холландын зааснаар, бишоп нь Аароны санваарын чуулгууд, залуу эмэгтэйчүүд, нийтийн шүүгч байх, Сүмийн санхүү, материаллаг хэрэгцээг харж хандах болон ядуу, гачигдалтай хүмүүсийг халамжлах үүрэг хариуцлагыг өөр хүмүүст даатгаж болохгүй. Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон бусад хүн номлолын ажил, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил, тойрогт заах чанарыг сайжруулах, Сүмийн гишүүдийг харж хандах, тохинуулах зэрэг ажлыг хариуцаж чадна.

  11. Олон нийтийн шүүгчийн түлхүүр шаардлагатай нөхцөл байдлуудаас гадна ямар нэгэн хүчирхийллийн асуудлыг бишоп Сүмийн бодлогын дагуу авч үзэх ёстой.

  12. Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь гадасны ерөнхийлөгчид шууд тайлагнадаг хэвээр байна.

  13. Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь гадасны гишүүдээс дуудагдах ба шаардлагатай бол энэ нь Залуу эмэгтэйчүүдийг хариуцах дээд зөвлөх мөн Хүүхдийн хэсгийг хариуцах дээд зөвлөх байж болно.

  14. Ням гаргийн ерөнхийлөгчөөр үйлчилдэг ах сар бүрийн хоёр ням гарагт өсвөр үеийнхний хөтөлбөрт чухал үүрэг хариуцлага хүлээдэг.

  15. Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүд, Ням гараг, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл нь ерөнхий болон гадасны түвшинд Ерөнхий эсвэл гадасны зүтгэлтнүүд юм. Тойргийн түвшинд бишопын зөвлөл нь залуу эрэгтэйчүүдийг удирддаг тул Аароны санваарын зөвлөхүүд бол “тойргийн албан тушаалтнууд” биш юм.