Та нарын агуу адал явдал
Аврагч биднийг тав тух, аюулгүй байдлаа орхин, шавь байх аялалд Түүнтэй нэгдэхэд өдөр бүр урьдаг.
Хоббитуудын тухай
Олон жилийн өмнө бичигдсэн бидний дуртай, хүүхдийн уран зөгнөлт зохиол “Газар доорх нүхэнд нэгэн хоббит амьдардаг байжээ” гэсэн өгүүлбэрээр эхэлдэг.
Билбо Баггинсын түүх бол адал явдалт, агуу том шагнал амласан буюу хамгийн гайхалтай боломжийг танилцуулсан, хамгийн энгийн, онц гойд зүйлгүй хоббитод тохиолдсон түүх юм.
Гол асуудал нь өөрийгөө хамгийн их хүндэтгэдэг хоббитууд адал явдлыг огт тоодоггүй байв. Тэдний амьдралд тав тухтай байдал хамгийн чухал. Тэд хоол олж чадаж л байвал өдөрт зургаан удаа хооллохыг таашаадаг бөгөөд ногооныхоо талбайд ажиллаж, зочинтойгоо үлгэр домог, хууч хөөрч, дуулж, хуурдан, амьдралын эгэл жирийн хөөр баяраас таашаал аван, өдрийг өнгөрүүлдэг хүмүүс.
Гэсэн ч Билбод агуу адал явдлын боломж, бололцоог танилцуулахад зүрхний угт нь ямар нэг зүйл хүчтэй булгилжээ. Тэр анхнаасаа л энэ аяллыг хүнд бэрх гэдгийг ойлгож байсан. Бүр аюултай болохыг ч ойлгосон. Тэр эргэж ирэхгүй ч байж магадгүй байв.
Гэсэн ч адал явдлын дуудлага түүний зүрхэнд гүн гүнзгий хүрчээ. Тийнхүү онцгой содон зүйлгүй хоббит тав тухыг ардаа орхин, “тэнд хүрээд, буцаад ирэх” агуу адал явдлын замд гарсан юм.
Таны адал явдал
Энэхүү түүх олон хүний сэтгэлд хүрдэг шалтгаануудын нэг бол энэ нь бидний түүх ч байж болно.
Олон жилийн өмнө, биднийг төрөхөөс ч өмнө, он цагийн эрхээр мартагдсан, дурсамжаас арилсан тийм нэгэн цаг үед бид ч бас адал явдлаа эхлүүлэх урилга авсан. Үүнийг Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд танилцуулсан. Энэхүү адал явдлыг хүлээн зөвшөөрөх нь Түүний оршихуйн тав тух, аюулгүй байдлыг орхин явна гэсэн үг байв. Энэ нь таньж мэдэхгүй аюул, саад бэрхшээлээр дүүрэн аялал хийхээр дэлхий рүү ирнэ гэсэн үг байсан.
Үүнийг амархан биш гэдгийг бид мэдэж байсан.
Гэвч бид бие махбодтой болох, мөнх бус амьдралын үлэмж их баяр хөөр, харуусал гунигийг амсах зэрэг эрхэм нандин үнэт зүйлсийг олж авна гэдгээ мэдэж байсан. Бид хичээн зүтгэж, эрж хайн, чармайн тэмцэхэд суралцаж, Бурханы болон өөрсдийнхөө талаар үнэнийг олж мэдэх болно гэдгээ мэдэж байсан.
Мэдээж, бид аян замынхаа турш олон алдаа, дутагдал гаргана гэдгээ мэдэж байсан. Гэсэн ч бидэнд Есүс Христийн агуу золиосын ачаар өөрсдийн зөрчлөөс цэвэршүүлэгдэж, сүнсэндээ цэвэршин, ариусаж, хэзээ нэг өдөр амилуулагдан, хайртай хүмүүстэйгээ дахин нэгдэх болно гэсэн амлалт өгөгдсөн байв.
Бурхан бидэнд хэчнээн хайртайг бид мэдэж авсан. Тэрээр бидэнд амьдрал бэлэглэж, биднийг амжилттай байлгахыг хүсдэг. Тиймээс, Тэр бидний төлөө Аврагчийг бэлтгэсэн. Бидний Тэнгэр дэх Эцэг “гэсэн хэдий ч, өөрийнхөө төлөө сонгож болно, учир нь энэ нь чамд өгөгдсөн билээ” хэмээн хэлсэн билээ.
Бурханы хүүхдүүдийн санааг зовоосон, бүр айлгасан хэсгүүд мөнх бус адал явдалт амьдралд байсан л байж таараа. Учир нь сүнсэн ах, эгч, дүүсээс маань олон нь үүний эсрэг шийдвэр гаргасан.
Ёс суртахууны сонгох эрхийнхээ бэлэг болоод хүчээр юунд суралцаж, мөнх оршихуйд хэн болж чадах чадвар маань эрсдэл гаргахаас хамаагүй илүү үнэ цэнтэй хэмээн бид шийдсэн.
Бид Бурханы болон Түүний Хайртай Хүүгийн амлалт хийгээд хүчинд итгэснээр энэхүү сорилтыг хүлээн зөвшөөрсөн.
Би зөвшөөрсөн.
Та нар ч бас зөвшөөрсөн.
Бид анхдагч аюулгүй байдлаа орхин, “тэнд хүрээд, буцаад ирэх” агуу их адал явдлаа эхлүүлэхийг зөвшөөрсөн.
Адал явдлын дуудлага
Гэвч мөнх бус амьдралд бидний анхаарлыг сарниулж, төөрөгдүүлэх арга зам гэж байдаггүй гэж үү? Бид агуу эрэл хайгуулаа мартаж, өсөлт хөгжил, ахиц дэвшлээс илүү тав тух, амар хялбар зүйлсийг илүүд үзэх хандлагатай болдог.
Гэсэн ч бидний зүрх сэтгэлийн угт илүү сүнслэг зорилгыг үгүйлэн хүсдэг, няцаахын аргагүй ямар нэгэн зүйл үлддэг. Ингэж үгүйлэн хүсдэг нь Есүс Христийн Сүмийн сайн мэдээнд хүмүүсийн татагддаг нэг шалтгаан юм. Нэг талаараа, сэргээгдсэн сайн мэдээ нь бидний урт хугацааны өмнө хүлээн зөвшөөрсөн адал явдлын дуудлагыг сэргээсэн. Аврагч биднийг тав тух, аюулгүй байдлаа орхин, шавь байх аялалд Түүнтэй нэгдэхэд өдөр бүр урьдаг.
Энэ замд олон саад бэрхшээл байгаа. Гүвээ толгод, хөндий, тойруу замууд бий. Тэнд зүйрлэн дүрсэлсэн аалз, агуйд амьдардаг аварга биетүүд, бүр ганц, хоёр луу ч байж магад. Гэвч та нар замаасаа хазайлгүй, Бурханд итгэж найдвал эцэст нь алдар суут хувь заяандаа хүрэх, тэнгэрлэг гэртээ эргэн очих замаа олох болно.
Тэгэхээр яаж эхлэх вэ?
Энэ бол тун энгийн.
Зүрх сэтгэлээ Бурханд хандуул
Эхлээд та зүрх сэтгэлээ Бурханд хандуулахыг сонгох хэрэгтэй. Өдөр бүр Түүнийг олохыг хичээ. Түүнийг хайрлахад суралц. Дараа нь тэрхүү хайранд суралцах, ойлгох, Түүний сургаалыг дагахад сүнслэг нөлөө үзүүлэхийг зөвшөөр. Бидэнд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүүхэд ч ойлгохоор тодорхой, энгийн арга замаар өгсөн. Харин Есүс Христийн сайн мэдээ амьдралын хамгийн ээдрээтэй асуултуудад хариулдаг бөгөөд бид амьдралынхаа турш судалж, тунгаан бодсон ч хамгийн өчүүхэн жижиг хэсгийг нь л дөнгөж ойлгож чадахаар маш гүн гүнзгий, нарийн төвөгтэй байдаг.
Хэрэв та нар өөрсдийнхөө ур чадварт эргэлзсэнээс болж энэхүү адал явдалдаа тээнэгэлзэж байвал шавь байх гэдэг нь юмыг төгс хийхийг хэлдэггүй, зорилготой хийхийг хэлдэг гэдгийг санаарай. Та нарын сонголтууд ур чадвараас тань хавьгүй илүүгээр та нарын ямар хүн болохыг харуулдаг.
Унаж, бүтэлгүйтсэн ч бууж өгөхгүй байхыг сонгож болно. Гэхдээ урам зориг орж, урагш тэмүүлэн, хөгжиж дэвших нь зүйтэй. Тэр нь энэхүү аяллын агуу шалгуур юм.
Бурхан та нарыг төгс биш бөгөөд үе үе унаж, бүтэлгүйтнэ гэдгийг мэддэг. Бурхан та нарыг зовж байхад амжилттай байсан үеэс тань бага хайрладаггүй.
Хайртай эцэг эхийн адил Тэр таныг зөвхөн үргэлжлүүлэн идэвхтэй хичээгээсэй гэж хүсдэг. Шавь байх гэдэг нь төгөлдөр хуур тоглож сурахтай адил. Эхэндээ таны хийж чадах ганц зүйл “Chopsticks”-ийг ойлгогдох төдий тоглох явдал байж болох юм. Гэвч та үргэлжлүүлэн давтсанаар энгийн аянууд нь нэг л өдөр танд гайхалтай сонат, уран аялгуу, концерт тоглох хэмжээнд замыг тавьж өгөх болно.
Тэрхүү өдөр энэ амьдралын хугацаанд ирэхгүй ч байж магадгүй. Гэхдээ заавал ирэх болно. Бурханы хүсдэг ганц зүйл бол та нараас ухамсартайгаар үргэлжлүүлэн хичээгээсэй гэж хүсдэг явдал юм.
Бусдад хайраа үзүүлж тусал
Сонгосон энэ замд тань сонирхолтой мөртлөө гаж буруу ч гэмээр нэг зүйл бий. Энэ нь та сайн мэдээний адал явдалдаа хөгжин дэвших цорын ганц арга зам бол бусдад өсөж хөгжихөд нь туслах явдал юм.
Бусдад туслах гэдэг нь шавь байх арга зам. Итгэл, найдвар, хайр, нинжин сэтгэл, үйлчлэл биднийг шавь хэмээн тодорхойлдог.
Ядууст болон тусламж хэрэгтэй хүмүүст тус болох, зовж зүдэрсэн хүмүүст хүрч туслах та нарын хичээл зүтгэлээр дамжуулан өөрийн тань зан чанар ариусаж, сайжирч, сүнс тань өсөж, илүү итгэлтэй болдог.
Гэхдээ энэхүү хайр нь хариу нэхсэн сэтгэлтэй байж болохгүй. Энэ нь сайшаал магтаал, хүндлэл эсвэл хариу нэхдэг маягийн үйлчлэл байж болохгүй.
Есүс Христийн үнэнч шавь нар Бурханыг болон Түүний хүүхдүүдийг ямар нэгэн хариу нэхэлгүй хайрладаг. Бид урмыг маань хугалсан, бидэнд дургүй хүмүүсийг хайрладаг. Бүр биднээр тохуурхаж, биднийг хүчирхийлж мөн хор хөнөөл учруулахыг оролдсон хүмүүсийг ч бид хайрладаг.
Зүрх сэтгэлээ Христийн цэвэр хайраар дүүргэсэн үед өшөө хорсол, шүүмжлэл, ичгүүрт зай үлддэггүй. Та нар Бурханд хайртай учраас Түүний зарлигуудыг дагадаг. Ингэснээр та нар бодох, үйлдэх бүрдээ аажмаар Христтэй адил болдог. Үүнээс илүү агуу адал явдал гэж байх уу?
Түүхээ хуваалц
Энэхүү аялалд бидний гаргуун сайн суралцахыг хичээх гурав дахь зүйл бол Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Есүс Христийн сүмийн гишүүн гэдгээсээ ичихгүй байх явдал юм.
Бид итгэлээ нуудаггүй.
Бид үүнийгээ булдаггүй.
Бүр эсрэгээрээ, бид аяллынхаа тухай бусадтай энгийн, жирийн байдлаар ярьдаг. Найзууд ингэдэг шүү дээ. Тэд өөрсдийнх нь хувьд чухал, зүрх сэтгэлд нь ойр, өөрсдөд нь өөрчлөлт авчирдаг зүйлсийн талаар ярилцдаг.
Та нар ч мөн ингэдэг. Та нар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувиар өөрийн түүх, туршлагыг ярьдаг.
Заримдаа та нарыг түүхээ ярихад хүмүүс инээлддэг. Заримдаа тэднийг уйлуулчихдаг. Заримдаа тэдгээр нь хүмүүст үргэлжлүүлэн дахин нэг өдөр нэг цаг тэвчээртэй, уян зөөлөн, урам зоригтой байж, Бурхантай илүү ойртоход тусалдаг.
Туршлагаа өөрийн биеэр болон олон нийтийн цахим сүлжээгээр мөн бүлгийнхэндээ хаа сайгүй хуваалц.
Есүсийн шавь нартаа хамгийн сүүлд хэлсэн зүйлсийн нэг бол тэднийг дэлхий даяар явж, амилсан Христийн түүхийг хуваалц хэмээх үгс юм. Өнөөдөр бид ч бас тэрхүү Агуу үүрэг даалгаврыг баяр хөөртэй хүлээн авдаг.
Бидний хуваалцдаг захиас үнэхээр гайхамшигтай. Есүс Христийн ачаар эмэгтэй, эрэгтэй хүн бүр, хүүхэд бүхэн тэнгэрлэг гэртээ аюулгүй буцан очиж, алдар суу, зөв шударгад оршин суух боломжтой болдог.
Хуваалцах өөр сайн мэдээ ч бидэнд бий.
Бидний үед Бурхан хүмүүнд үзэгдсэн! Бидэнд амьд бошиглогч байна.
Бурхан сэргээгдсэн сайн мэдээг эсвэл Есүс Христийн сүмийг “худалдахыг” биднээс хүсдэггүй гэдгийг би сануулахыг зөвшөөрнө үү.
Тэрээр зүгээр л та бүхнээс үүнийг савны доор нуухгүй байхыг хүсдэг.
Хэрвээ хүмүүс Сүмийг өөрсдөд нь тохирохгүй гэж үзвэл энэ нь тэдний шийдвэр.
Энэ нь та нар унасан, бүтэлгүйтсэн гэсэн үг биш. Та үргэлжлүүлэн тэдэнд найрсаг хандах хэрэгтэй. Энэ нь тэднийг дахин урьж болохгүй гэсэн үг биш.
Өдөр тутмын нийгмийн харилцаа ба нинжин сэтгэлийн урам зоригтой шавь байх хоёрын ялгаа бол урилга юм.
Бид Бурханы бүх хүүхдийг амьдралд ямар байр суурь эзэлдэг, ямар угсаа гарал, шашин шүтлэгтэй, амьдралдаа ямар шийдвэр гаргасан гэдгээс үл хамааран бүгдийг нь хайрлан, хүндэлдэг.
Бид “Ирээд, хар! Шавь байх замаар алхах нь хэчнээн урамтай, сэтгэл сэргээсэн сайхан зүйл болохыг өөрсдөө үзэцгээ” хэмээж, өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэх болно.
Бид хүмүүсийг “ирж, туслаарай. Бид дэлхийг илүү дээр газар болгохоор хичээж байна” хэмээн урина.
Мөн бид “Ирээд, үлдээрэй! Бид таны ах, эгч, дүү нар байна. Бид төгс төгөлдөр биш. Бид Бурханд итгэж, Түүний зарлигуудыг дагахыг эрэлхийлдэг.
Бидэнтэй нэгдээрэй. Та биднийг илүү сайн болгоно. Мөн тэгэх явцдаа та ч бас илүү сайн болох болно. Хамтдаа энэ адал явдлыг туулцгаая” хэмээн урьдаг.
Би хэзээ эхлэх вэ?
Бидний найз Билбо Баггинс адал явдлын дуудлага сэтгэлийг нь хөдөлгөхөд шөнө нь сайн гэгч унтаж амраад, өглөөний унд, хоолоо ахиухан ууж, идээд, өглөө эртлэн хамгийн түрүүнд гарч явна гэж шийддэг.
Билбо сэрэнгүүт гэр нь ундуй сундуй, замбараагүй байхыг хараад, онцгой төлөвлөгөөгөө умартах дөхнө.
Гэтэл түүний найз Гандалф ирж, “Хэзээ ирэх гэж байна вэ?” хэмээн асуудаг. Найзтайгаа сонин хачин хөөрөлдөхийн тулд Билбо юу хийхээ шийдэх хэрэгтэй болно.
Тэгээд маш энгийн, онц гойд зүйлгүй хоббит малгай, таяг, нусны алчуураа мартан, адал явдлын зам руу гэрийнхээ хаалгаар шурхийн гарч оддог. Тэрээр бүр хоёр дахь өглөөний ундыг ч дутуу орхисон байв.
Бид үүнээс сургамж авч болох юм.
Хэрэв та, бид олон жилийн өмнө бидний хайртай Тэнгэрлэг Эцэгийн бидэнд бэлтгэж өгсөн зүйлсийн дагуу амьдарч, хуваалцах агуу их адал явдалд нэгдэх сэтгэл хөдлөлийг мэдэрсэн бол Бурханы Хүү, бидний Аврагчийг Түүний үйлчлэлийн болон шавь байх замаар дагах өдөр нь өнөөдөр юм шүү гэдгийг би нотолж байна.
Бид бүхий л тохиргоо төгс бүрдэх тэр мөчийг хүлээн, бүх насаа барж болно. Гэвч Бурханыг эрэлхийлж, бусдад тохинуулан, бусадтай туршлагаа хуваалцах бүрэн амлалт өгөх цаг бол одоо юм.
Малгай, таяг, нусны алчуур, замбараагүй гэр орноо орхи.
Аль хэдийн тэрхүү замаар алхаж байгаа хүмүүс ээ, урам зориг, нинжин сэтгэл, итгэлтэй байдлыг өвөртлөн, цааш үргэлжүүл!
Энэ замыг орхисон хүмүүс ээ, эргэн ирж, бидэнтэй дахин нэгдэж, биднийг улам хүчтэй болгооч.
Хараахан эхлээгүй байгаа хүмүүс ээ, яагаад хойшлуулах хэрэгтэй гэж? Хэрэв та энэхүү агуу сүнслэг аяллын гайхамшгийг үзэхийг хүсэж байгаа бол өөрийнхөө агуу адал явдалд хөл тавиарай. Номлогчидтой ярь. Хожмын үеийн гэгээнтэн найзуудтайгаа ярилц. Тэдэнтэй ер бусын ажил, гайхамшгийн талаар ярилц.
Эхлэх цаг боллоо!
Ирээд, бидэнтэй нэгд!
Хэрэв та нар амьдралаа илүү утга учиртай, илүү том зорилготой, илүү хүчирхэг гэр бүлийн холбоотой, Бурхантай харилцах илүү ойр дотно харилцаатай байж болно гэж мэдэрч байгаа бол ирээд, бидэнтэй нэгдээрэй!
Хэрэв та хамгийн сайнаараа байж, тусламж хэрэгтэй хүмүүст туслан, энэ дэлхийг илүү дээр газар болгохоор хичээж байгаа хүмүүсээс бүрдсэн хамт олныг эрж хайж байгаа бол ирээд, бидэнтэй нэгд!
Ирээд, энэхүү ер бусын, гайхамшигтай, адал явдалт аялал ямар байдгийг хар.
Замын туршид та нар өөрсдийгөө олж нээх болно.
Та нар утга учрыг нь олж мэдэх болно.
Та нар Бурханыг олж мэдэх болно.
Та нар амьдралынхаа хамгийн адал явдалт, гайхалтай аяллыг олж мэдэх болно.
Энэ бүх зүйлийг би бидний Гэтэлгэгч, Аврагч Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.