Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм
Энэ дэлхийн хаана ч байсан бай, Есүс Христийн сайн мэдээний сайхан мэдээг хуваалцах олон боломж танд бий.
Өнгөрсөн сард бидний хайртай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Италийн Ром ариун сүмийг онцгойлон адислахаар Арван хоёрыг хамт явахад урьсан юм. Аялах замдаа би төлөөлөгч Паулын талаар болон түүний хийсэн аяллын тухай бодсон. Тухайн үед Иерусалимаас Ром хүрэхэд ойролцоогоор 40 өдөр шаардагддаг байв. Өнөө үед миний зорчих дуртай онгоцоор очиход 3 хүрэхгүй цаг зарцуулагдана.
Библи судлаачид Паулыг хэд хэдэн захидлаа бичиж байхдаа Ромд байсан гэдэгт итгэдэг бөгөөд тэдгээр нь тухайн үеийн мөн өнөө үеийн Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Паул болон эртний Сүмийн бусад гишүүн мөн эхэн үеийн гэгээнтнүүд золиосыг биеэрээ амссан. Олонх нь ширүүн мөрдлөг хавчлагатай тулгарч, бүр амиа ч алдаж байсан.
Сүүлийн 200 жилд сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болох хожмын үеийн гэгээнтнүүд ч гэсэн олон төрлийн мөрдлөг хавчлагатай тулгарч байсан. Ийм мөрдлөг хавчлагад өртөж байсан ч (зарим нөхцөлд үүний улмаас) Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм улам өсөж хөгжсөөр байгаа бөгөөд одоо үүнийг дэлхийн аль ч өнцгөөс олж харах боломжтой.
Бидэнд хийх зүйл их байна
Гэхдээ бид энэ гайхалтай амжилтад хүрсэн гээд бялуу хийж, цаасан тууз хийсгэн, өөрсдөдөө баяр хүргэхийнхээ өмнө Сүмийн өсөлт хөгжлийг хэтийн төлөвөөс нь авч үзэн ойлговол зохино.
Дэлхийн бараг 7.5 тэрбум хүнтэй харьцуулбал Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 16 сая гишүүн үнэндээ өчүүхэн жижиг сүрэг юм.
Нөгөөтээгүүр, дэлхийн зарим хэсэгт Христэд итгэгчдийн тоо буурч байна.
Их Эзэний сэргээгдсэн Сүмд ч гишүүдийн нийт тоо өссөөр байгаа хэдий ч Сүмд тогтмол ирж оролцсоноор хүртдэг адислалуудыг хүлээн авдаггүй хүмүүс маш олон байна.
Өөрөөр хэлбэл, та энэ дэлхийн хаана ч байсан бай танд танилцсан, хамт сурч, ажиллаж, амьдардаг, уулздаг хүмүүстэйгээ Есүс Христийн сайн мэдээний сайхан мэдээг хуваалцах олон боломж байгаа.
Өнгөрсөн жил надад Сүмийн дэлхийг хамарсан номлолын үйл ажиллагаанд ханцуй шамлан орох сайхан боломж олдсон юм. Би Аврагчийн “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” хэмээн шавь бидэнд, Түүний хүүхдүүдэд өгсөн үүргийн талаар олон удаа тунгаан бодож, залбирсан.
“Христийн Сүмийн гишүүд мөн шавь нарын хувьд бид энэ агуу үүрэг хариуцлагыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хамгийн сайнаараа гүйцэтгэж болох вэ?” гэсэн асуултын талаар би чин сэтгэлээсээ залбирсан юм.
Өнөөдөр би та бүхнийг яг энэ асуултыг зүрх сэтгэл, оюун ухаандаа тунгаан бодоход урьж байна.
Номлолын ажлын бэлэг
Сүмийн удирдагчид “Гишүүн бүр номлогч!” гэсэн тод томруун уриаг олон арван жилийн туршид онцлон тэмдэглэсээр ирсэн.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өнгөрсөн болон өнөө үеийн гишүүдийн аль аль нь найз нөхөд, танил хүмүүстэйгээ сайн мэдээг урам зоригтой, баяр хөөртэй хуваалцсан билээ. Есүс Христийн тухай гэрчлэл тэдний зүрх сэтгэл дотор дүрэлзэж, тэд Аврагчийн сайн мэдээнээс олж авсан яг тэр баяр баяслаасаа бусад хүнийг мэдрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг.
Сүмийн зарим гишүүнд ийм авьяас билиг заяасан мэт санагддаг. Тэд сайн мэдээний элч байх дуртай. Тэд мөн гишүүн номлогчийн хувиар ажиллахдаа урам зоригтой, баяртай үйлчилдэг.
Гэхдээ бидний зарим нь ийнхүү үйлчлэхдээ эргэлздэг. Сүмийн цуглаан дээр номлолын ажлын талаар ярилцахад тэд бусад гишүүнтэй харц тулгарахгүйн тулд суудлын ард нуугдаж, судраас нүд салгалгүй эсвэл гүн бясалгал хийж байгаа мэт суудаг.
Яагаад ийм байдаг юм бол? Бид сайн мэдээг хуваалцахын тулд илүү ихийг хийхгүй байгаадаа өөрсдийгөө буруутгадаг байж магадгүй. Бид бас үүнийг хэрхэн хийхээ сайн мэдэхгүй эсвэл өөрийн дадаж хэвшсэн хүрээнээс гарахаасаа эмээдэг байж магад.
Би үүнийг ойлгож байна.
Гэхдээ Их Эзэн номлолын ажлыг мэргэжлийн түвшинд, төгс хийхийг шаардаагүй. Харин “Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг” гэдгийг санаарай.
Хэрэв та номлолын ажлыг аль хэдийн хийж, үүндээ баяртай байгаа бол цааш үргэлжлүүлж, бусдад үлгэр жишээ болоорой. Үүний тань төлөө Их Эзэн таныг адислах болно.
Харин та өөрийгөө сайн мэдээний захиасыг хуваалцахдаа дурамжхан, хойрго байна гэж бодож байгаа бол Аврагчийн Израилыг цуглуулах агуу үүрэг хариуцлагад туслахаар оролцохын тулд хэн ч хийж чадах, санаа зовохгүй хийж болох таван зүйлийг би санал болгомоор байна.
Таван энгийн санал
Нэгдүгээрт, Бурханд ойрт. Бурханыг хайрлах нь хамгийн эхний агуу зарлиг юм. Энэ бол бидний энэ дэлхий дээр байгаа үндсэн шалтгаан. Та өөрөөсөө “Би Тэнгэрлэг Эцэгт үнэхээр итгэдэг үү?”
“Би Түүнд хайртай юу, би Түүнд итгэж найддаг уу?” гэж асуу.
Та Тэнгэрлэг Эцэгт хэдий чинээ ойртоно, Түүний гэрэл, баяр баясгалан таны дотор төдий чинээ их орж ирж, гэрэлтэх болно. Бусад хүн ч гэсэн танд өвөрмөц, онцгой зүйл байгааг олж харна. Мөн тэд тэр талаар асууж лавлана.
Хоёрдугаарт, зүрх сэтгэлээ бусдыг хайрлах хайраар дүүргэ. Энэ бол хоёр дахь агуу зарлиг юм. Эргэн тойрондоо байгаа хүн нэг бүрийг Бурханы хүүхэд гэдгээр нь хар. Тэдний нэр тохинуулагч эгч, ахын нэрсийн жагсаалтад тань байгаа эсэхээс үл хамааран тэдэнд тохинуул.
Тэдэнтэй хамт инээ. Тэдэнтэй хамт баярла. Тэдэнтэй хамт уйл. Мөн тэднийг хүндэл. Шархыг нь эдгээж, дэмжиж туслан, хүчирхэгжүүл.
Тантай эелдэг бус харьцаж, элэглэн шоолж, хор хөнөөл учруулах гэсэн хүмүүст ч гэсэн нигүүлсэнгүй хандаж, Христ хэрхэн хайрласан шиг хайрлахыг хичээгээрэй. Тэднийг хайрлаж, Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд гэдгээр нь тэдэнд ханд.
Гуравдугаарт, шавийн замаар алхахыг хичээ. Бурханыг болон Түүний хүүхдүүдийг гэх таны хайр гүнзгийрэх тусам Есүс Христийг дагах итгэл үнэмшил тань мөн гүнзгийрдэг.
Та Түүний үгэн дээр найрлаж, орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг анхааралтай сонсож, амьдралдаа хэрэгжүүлснээр Түүний арга замын талаар мэдэж авдаг. Та заалгахад бэлэн, даруу зүрх сэтгэлээр Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярилцсанаар Түүний замаар явах итгэл, урам зориг тань өсөн нэмэгддэг.
Шавийн замаар алхахад “ач ивээл дээр ач ивээл,” “журам дээр журам” буюу өдөр бүр, бага багаар дадлага хийх шаардлагатай. Заримдаа урагшаа хоёр алхаж, хойшоо нэг алхам ухардаг.
Хамгийн чухал нь та бууж өгөлгүй, зөвийг хийхийг хичээсээр байх ёстой. Та яваандаа илүү сайн, илүү аз жаргалтай, илүү үнэнч болох болно. Итгэл үнэмшлийнхээ талаар бусадтай ярих нь энгийн, ердийн зүйл болж хувирна. Үнэн хэрэгтээ, сайн мэдээ амьдралын тань амин чухал хэсэг болж, үүний талаар бусдад ярихгүй байх нь ердийн зүйл биш юм шиг санагдах болно. Энэ нь шууд болчихдог зүйл биш юм. Үүний төлөө амьдралынхаа туршид хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Гэхдээ л ийм болох боломжтой.
Дөрөвдүгээрт, зүрх сэтгэл доторхоо хуваалц. Би та нараас гудамжны буланд цагаан хоолой барьж зогсоод, Мормоны Номын шүлгүүдийг хашхир гэж хүсээгүй. Харин би та нараас итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүстэй нүүр нүүрээ харалцан мөн онлайнаар эвтэйхэн, энгийн байдлаар харилцан ярилцах арга замыг үргэлж хай хэмээн хүсэж байна. Та нарыг ямар ч үед сайн мэдээний хүч чадлын талаар, шаардлагатай бол үг хэлээр “гэрчлэгч болж [зогсоосой]” хэмээн би хүсэж байна.
Учир нь “сайн мэдээ … бол итгэгч болгоныг … аврах Бурханы хүч мөн” тул та үүнийг хуваалцахдаа өөртөө итгэлтэй, зоригтой, даруухан байж чадна. Өөртөө итгэх итгэл, зориг, даруу байдал зэрэг нь өөр хоорондоо авцалдахгүй зан чанарууд мэт санагдаж байж болох ч тийм биш юм. Тэдгээр нь сайн үйлсээрээ Тэнгэр дэх Эцэгээ алдаршуулахын тулд сайн мэдээний үнэт зүйлс, зарчмуудыг нууж хаалгүй, гэрлээ гэрэлтүүл хэмээх Аврагчийн урилгыг харуулдаг.
Өдөр бүр сайн үйл хийхээс эхлэн YouTube, Facebook, Instagram, Twitter дээр гэрчлэлээ тавих, уулзсан хүмүүстэйгээ энгийн яриа өрнүүлэх гээд үүнийг хийх олон энгийн бөгөөд эвтэйхэн арга зам бий. Энэ жил бид гэртээ болон Ням гаргийн ангид Шинэ Гэрээнээс суралцаж байгаа. Найз нөхөд, хөршүүдээ Аврагчийн талаар хамт суралцахаар сүмд болон гэр орондоо урих ямар гайхалтай сайхан боломж вэ! Тэдэнтэй Ирээд, Намайг дага гарын авлагыг олж болох Gospel Library аппликэйшныг хуваалц. Хэрэв та залуу хүмүүсийг болон тэдний гэр бүлийг таньдаг бол тэдэнд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг өгч, залуучууд маань тэдгээр зарчмын дагуу хэрхэн амьдрахыг хичээж байгааг ирж, өөрсдийн нүдээр харахад урь.
Хэрэв хэн нэгэн танаас амралтын өдрөөрөө юу хийснийг тань асуувал сүм дээр юу тохиолдсоноо хуваалцахаас бүү татгалз. Хүмүүсийн өмнө гараад, Есүстэй адилхан болохыг хэрхэн хичээж байгаа талаараа дуулсан хүүхдүүдийн талаар хэлээрэй. Та мөн ахмадын асрамжийн газар очиж, нас дээр гарсан хүмүүст хувийн түүхийг нь эмхэтгэн цуглуулахаар цаг гарган тусалсан өсвөр үеийнхний талаар яриарай. Бас Ням гаргийн цуглааны хуваарьт саяхан орсон өөрчлөлтийн тухай мөн энэ нь гэр бүлийг тань хэрхэн адисалсан талаар ярьж эсвэл бид яагаад энэ бол Есүс Христийн Сүм бөгөөд эртний Сүмийн гишүүд өөрсдийгөө гэгээнтнүүд гэж нэрлэдэг байсны адил бид өөрсдийгөө хожмын үеийн гэгээнтнүүд гэж дуудан онцолдгийг тайлбарлаж болно.
Өөрийнхөө хувьд хамгийн энгийн, эвтэйхэн гэсэн байдлаар Есүс Христ болон Түүний Сүм яагаад таны хувьд чухал болохыг хүмүүстэй хуваалц. Тэднийг “ирж, хар” хэмээн урь. Тэгээд тэднийг ирж, туслахад урамшуул. Сүмд маань хүмүүст туслах олон боломж бололцоо бий.
Номлогчдыг зөвхөн сонгогдсон хүмүүсийг олоосой гэж бүү залбир. Ирж харах, ирж туслах, мөн ирж үлдэх хүмүүсийг олохын төлөө өдөр бүр бүхий л зүрх сэтгэлээрээ залбир. Бүрэн цагийн номлогчдыг оролцуул. Тэд тэнгэр элчүүд адил туслахад бэлэн!
Та сайн сайхан мэдээ болох Еүс Христийн сайн мэдээг хайраар хуваалцаж, тэвчээртэй байгаарай. Хэрэв бид хүмүүстэй харьцахдаа тэднийг удахгүй цагаан өмсгөл өмсөж, баптисмын усан сан хаана байдгийг асууна гэж хүлээвэл бид үүнийг буруу хийж байна гэсэн үг.
Ирж харсан хүмүүсийн зарим нь Сүмд хэзээ ч нэгдэхгүй байхад зарим нь бүр хожим нь нэгдэж ч болох юм. Энэ бол тэдний сонголт. Харин энэ нь тэднийг хайрлах бидний хайрыг өөрчлөхгүй. Мөн энэ нь хувь хүнийг болон гэр бүлүүдийг ирж, хар эсвэл ирж, тусал мөн ирж, үлд хэмээн үргэлжлүүлэн урихад гаргаж буй идэвхтэй хүчин чармайлтыг маань өөрчлөхгүй.
Тавдугаарт, Их Эзэн гайхамшгуудаа үйлдэнэ гэдэгт итгэж найд. Хүмүүсийг хөрвүүлэх ажил бол таны ажил биш гэдгийг ойлго. Энэ нь Ариун Сүнсний үүрэг юм. Харин та зүрх сэтгэл доторхоо хуваалцаж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах үүрэгтэй.
Тиймээс хэн нэгэн хүн сайн мэдээний захиасыг шууд хүлээн авахгүй бол сэтгэлээр бүү уна. Энэ бол хувь хүнийхээ хувьд алдаа гаргаж байгаа хэрэг биш.
Энэ нь тухайн хувь хүн, Тэнгэрлэг Эцэг хоёрын хоорондын асуудал юм.
Харин та бол Бурханыг болон Түүний хүүхдүүд болох хөршөө хайрлах үүрэгтэй.
Итгэ, хайрла, үйлд.
Энэ замыг дагах юм бол Бурхан танаар дамжуулан гайхамшгийг үзүүлж, Өөрийн эрхэм хайрт хүүхдүүдийг адислах болно.
Энэ таван санал Есүс Христийн шавь нарын эрт дээр үеэс эхлэн хийсээр ирсэн зүйлийг хийхэд тань туслах болно. Түүний сайн мэдээ, Түүний Сүм бол таны амьдралын мөн таны ямар хүн болохын, түүнчлэн хийдэг зүйлийн тань салшгүй нэгэн хэсэг юм. Тиймээс бусдыг ирж, харахад мөн ирж, туслахад уриарай. Харин Бурхан Өөрийн авралын ажлыг хийснээр тэд ирж, үлдэх болно.
Гэхдээ үүнийг хийхэд хэцүү байвал яах вэ?
“Гэхдээ би энэ бүхнийг хийсний дараа хүмүүс сайнаар хандахгүй бол яах вэ? Тэд Сүмийг шүүмжлэлтэй хүлээж авбал яах вэ? Тэд найзлахаа боливол яах вэ?” гэж та асууж болох юм.
Тийм ээ, ийм зүйл болохыг үгүйсгэхгүй. Эрт дээр үеэс эхлэн Есүс Христийн шавь нар үргэлж мөрдлөг хавчлагад өртөж байсан. Төлөөлөгч Петр “Христийн зовлонг хуваалцдагтаа баярла” хэмээн хэлсэн. Эртний гэгээнтнүүд “Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярла[даг байв].”
Их Эзэн гайхамшигт ер бусын арга замаар ажлаа хийдгийг бүү март. Хүлээн аваагүйд нь Христтэй адил хариулсан байдал тань хатуурсан зүрх сэтгэлийг зөөллөж магадгүй.
Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд би та бүхнийг сайн мэдээний үнэт зүйлсийн талаарх гэрчлэл, амьдрах итгэлээр мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээрээ үргэлж танигдах эр зоригоор бас Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний хүүхдүүдийг гэх хайрынхаа илрэл болгон үйл хэрэгт нь туслах даруу байдлаар адисалж байна.
Хайрт найзууд аа, та нар эртнээс зөгнөн хэлсэн Израилын цугларалт, Христийн ирэлтэд “сүр хүч хийгээд агуу алдар суунд, бүх ариун тэнгэр элчүүдийн хамт” бэлтгэх ажлын чухал хэсэг байгаадаа баярлах болно.
Тэнгэрлэг Эцэг та нарыг мэднэ. Их Эзэн та нарт хайртай. Бурхан та нарыг адислах болно. Энэ ажлыг Тэрбээр томилсон. Та нар үүнийг хийж чадна! Бид энэ бүхнийг хамтдаа хийж чадна.
Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.