2010–2019
Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь

Бурханы төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгалын ачаар бид наманчлалын үйл явцын дагуу цэвэршигдэж чадна.

Мөнх бус амьдралд бид хүмүүний болон Бурханы хуулинд захирагддаг. Ютагийн Дээд шүүхийн шүүгч, Тэргүүн Зөвлөлийн гишүүний хувьд надад энэ хоёр хуулиар ноцтой зөрчлүүдийг шүүж байсан ер бусын туршлага бий. Хүмүүний болон Бурханы хуулийн хоорондох ялгааг мэдэрсэн минь Есүс Христийн Цагаатгалын бодит байдал, хүч чадалд талархах талархлыг минь нэмэгдүүлсэн. Хүмүүний хуулиар ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүн батлан даалтаар гарах ямар ч боломжгүйгээр шоронд бүх насаараа хоригддог. Харин хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэнгүй төлөвлөгөөнд энэ нь өөр юм. Аврагчийн маань “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хэний ч” (2 Нифай 2:7) нүглийн төлөөх цагаатгагч золиосын ачаар яг ижил ноцтой нүглүүд мөнх бус байдалд өршөөгдөж болдгийг би харсан. Христ гэтэлгэдэг бөгөөд Түүний Цагаатгал бодит юм.

Найрал дуучдын сая дуулсан дуулал Аврагчийн маань хайраар дүүрэн өрөвч энэрэнгүй сэтгэлийг илэрхийллээ.

Есүст ирэгтүн, Тэр та нарт анхаарал хандуулна.

Таныг Тэр анхааран халамжилна.

Түнэр харанхуйн дундаас Түүний хайр

Таныг олж гэрэлд авчирна.

Есүс Христийн цагаатгагч золиос “наманчилж, мөн түүнд ир[эх] бүх хүмүүнд” (Сургаал ба Гэрээ 18:11; мөн Марк 3:28; 1 Нифай 10:18; Алма 34:8, 16-г үзнэ үү) үүд хаалга нээж өгдөг. Алмагийн номд бүр ёс бус, цусанд дурладаг хүмүүсийн наманчлал, өршөөлийн талаар өгүүлсэн байдаг (Алма 25:16; 27:27, 30-ийг үзнэ үү). Өнөөдөр миний өгөх захиас бол бидний хүн нэг бүрд, тэр дундаа гишүүнчлэлээс хасуулах буюу нэрээ хасуулах замаар Сүм дэх гишүүнчлэлээ алдсан хүмүүст итгэл найдвар өгөх болно. Бид бүгд нүгэлтэн бөгөөд наманчлалаар дамжуулан цэвэршигдэж чадна. Өмнөх Ерөнхий чуулганаар ахлагч Рассэлл М.Нэлсон “нүглээ наманчлах нь хялбар зүйл биш ч ирэх шагнал нь төлсөн төлөөстэйгөө тэнцэхүйц юм” гэж заасан.

I. Наманчлал

Наманчлал Аврагчаас маань эхэлдэг бөгөөд ачаа дарамт бус, харин баяр баясал юм. Өнгөрсөн арван хоёрдугаар сарын Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтаар ерөнхийлөгч Нэлсон “Жинхэнэ наманчлал бол нэг удаагийн үйл явдал биш. Энэ бол төгсгөл үгүй онцгой боломж юм. Энэ нь өсөлт хөгжил, сэтгэл санааны амар амгалан, тайтгарал, баяр баясгалантай байхын үндэс суурь мөн” хэмээн заасан билээ.

Наманчлалын талаарх зарим хамгийн агуу сургаал Алмагийн хожим нь “итгэлгүй байдалд” орж, “бардамналд хөөрсөн” мөн зүрх сэтгэлээ “дэлхийн хоосон зүйлүүд дээр мөн баялгууд дээр” (Алма 7:6) тавьсан хэмээн дүрсэлсэн Сүмийн гишүүдэд айлдсан Мормоны Ном дээрх Алмагийн номлолд агуулагдаж байдаг. Энэхүү сэргээгдсэн Сүмийн гишүүн бүр Алмагийн сүнслэг сургаалаас олон зүйлийг ухаарч мэдэх боломжтой.

Бид Есүс Христэд итгэх итгэлээр эхэлдэг. Учир нь “дэлхийн нүглүүдийг зайлуулан авахаар ирэх нь тэр бөлгөө” (Алма 5:48). Алмагийн “та нар наманчлахгүй аваас та нар тэнгэрийн хаант улсыг өвлөж яавч чадахгүй” (Алма 5:51) гэж заасанчлан бид наманчлах ёстой. Наманчлал бол Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсэг юм. Мөнх бус байдалд хүн бүр нүгэл үйлдэж, Бурханы оршихуйгаас таслагдах учраас хүн төрөлхтөн наманчлалгүйгээр “аврагдаж чадахгүй” (Алма 5:31; Хиламан 12:22-ыг үзнэ үү).

Үүнийг эхлэлээс заасаар ирсэн. Их Эзэн Адамд “Иймийн тул хүмүүн хаа сайгүй наманчлах ёстой, үүнийг хүүхдүүддээ заагтун, эс бөгөөс тэд Бурханы Хаант улсыг өвлөж чадах нь үгүй, учир нь цэвэр ариун бус зүйл тэнд оршиж чадах нь үгүй” (Moсе 6:57) хэмээн зарлигласан юм. Бид Бурханы зарлигтай зөрчилдөх аливаа нүгэл, үйлдлээ эсвээс өөр бусад зүйлээ наманчлах ёстой. Хэн ч үүнээс ангид байдаггүй. Дөнгөж өчигдөр орой ерөнхийлөгч Нэлсон биднийг “Ах нар аа, бид бүгд наманчлах ёстой” хэмээн уриалсан.

Наманчлалаар цэвэршигдэхийн тулд бид нүглээ орхиж, тэдгээрийг Их Эзэний өмнө мөн шаардлагатай бол Түүний мөнх бус шүүгчийн өмнө хүлээх ёстой (Сургаал ба Гэрээ 58:43-ыг үзнэ үү). Алма биднийг “зөв шударгын үйлүүдийг авчрах” (Алма 5:35) ёстой гэж заасан. Эдгээр бүхий л зүйл Христэд ирэгтүн гэсэн судрын урилгын нэг хэсэг юм.

Бид Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолоос хүртэх хэрэгтэй. Тэрхүү ёслолоор бид гэрээ байгуулж, Аврагчийн биднийг хүрээсэй хэмээн хүсдэг төгс төгөлдөр байдлаас холдуулах бүхий л үйлдэл, хүслийг ялан гарахад туслах адислалуудыг хүлээн авдаг (Матай 5:48; 3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Бид “бүх бурханлиг бусаас өөрсдөө татгал[заж], Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас” “Христээр төгс байж,” Түүний асгаруулсан цусаар “ариусгагдан,” “ариун, толбогүй болно” (Моронай 10:32–33). Ямар гайхамшигтай амлалт вэ! Ямар гайхалтай гайхамшиг вэ! Ямар гайхалтай адислал вэ!

II. Үүрэг хариуцлага ба мөнх бус амьдралын шүүлт

Бурханы энэхүү мөнх бус амьдралд зориулсан төлөвлөгөөний нэг зорилго бол “Бурхан [бидэнд] зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн [бид] хийх нь үү гэдгийг харахын тулд” (Абрахам 3:25) биднийг “нотлох” явдал юм. Энэхүү төлөвлөгөөний нэг хэсгийн хувьд бид Бурханы болон Түүний сонгогдсон үйлчлэгчдийн өмнө хариуцлага хүлээх бөгөөд тэдгээр хариуцлагад мөнх бус байдлын болон тэнгэрлэг шүүлтийн аль аль нь багтана.

Их Эзэний Сүмд, гишүүдэд эсвээс гишүүд болохуйц хүмүүст зориулсан мөнх бус шүүлтийг тэнгэрлэг удирдамж чиглүүлгийг эрэлхийлдэг удирдагчид явуулдаг. Тэдний үүрэг хариуцлага бол мөнх амьдралд хүргэх гэрээний зам дээр Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авахын тулд Түүнд ирэхийг эрэлхийлэх тэдгээрийг шүүх явдал юм. Мөнх бус шүүлт тухайн хүнийг баптисм хүртэхэд бэлэн эсэхийг тодорхойлдог. Энэ хүн ариун сүмийн эрхийн бичгийг эзэмшихүйц зохистой байна уу? Сүмийн бүртгэлээс нэрээ хасуулсан энэ хүн баптисмаар Сүмд дахин элсэхийн тулд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хангалттай сайн наманчилсан уу?

Бурханаар дуудагдсан мөнх бус оршихуй дахь шүүгч тухайн хүнийг ариун сүмд орох гэх мэт цаашид өсөж дэвших боломжтой хэмээн баталж байгаа нь түүнийг төгс төгөлдөр боллоо гэж үзсэн хэрэг биш бөгөөд тэр нүглийг нь өршөөж байна гэсэн үг биш юм. Ахлагч Спэнсэр В.Кимбалл хүмүүн мөнх бус байдалд “шийтгэлээс чөлөөлөгдсөнийхөө” дараа “мөн эцсийн наманчлалыг тэнгэрийн Бурханаас эрэлхийлэн, баталгаажуулах ёстой ба энэ өршөөлийг зөвхөн Тэр л үзүүлж чадна” гэж заасан. Хэрэв нүгэлт зан үйл, хүслээ Эцсийн шүүлт хүртэл наманчлахгүй бол наманчлаагүй хүн цэвэр бус хэвээр үлдэнэ. Эцсийн үүрэг хариуцлага, тэр дундаа наманчлалын эцсийн цэвэршүүлэлт нь Бурхан болон бидний хооронд явагддаг.

III. Амилуулалт ба Эцсийн шүүлт

Судруудад хамгийн элбэг дурдагдсан байдаг шүүлт бол Амилалтын дараах Эцсийн шүүлт юм (2 Нифай 9:15-ыг үзнэ үү). Олон сударт биднийг “зуурдын биед байхдаа хийсэн үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр” (Алма 5:15; мөн Алма 41:3; 3 Нифай 26:4; Илчлэлт 20:12-ыг үзнэ үү) “Христийн шүүх суудлын өмнө зогсох болно” (Ром 14:10; мөн 2 Нифай 9:15; Мозая 27:31-ийг үзнэ үү) хэмээн өгүүлдэг. Хүн бүр “өөрсдийн үйлүүдийн дагуу” (3 Нифай 27:15) мөн “зүрх сэтгэлийн[хээ] хүслийн дагуу” (Сургаал ба Гэрээ 137:9; Алма 41:6-г үзнэ үү) шүүгдэх болно.

Энэ Эцсийн шүүлтийн зорилго бол биднийг Алмагийн дүрсэлснээр “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх”-ээр (Мозая 5:2) болгодог “зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг” (Алма 5:14, 26-г үзнэ үү) хүлээн авсан эсэхийг тодорхойлох явдал юм. Үүний шүүгч бол бидний Аврагч, Есүс Христ билээ (Иохан 5:22; 2 Нифай 9:41-ийг үзнэ үү). Түүний шүүлтийн дараа бид бүгд “түүний шүүлтүүд шударгыг” (Мозая 16:1; мөн 27:31; Алма 12:15-ыг үзнэ үү) хүлээн зөвшөөрнө. Учир нь Түүний бүхнийг мэдэгч ухаан (2 Нифай 9:15, 20-ийг үзнэ үү) бидний, үүнд зөв шударга, наманчилсан болон зөв шударга бус, наманчлаагүй эсвэл өөрчлөгдөөгүй хүмүүсийн бүх үйл хэрэг, хүслийн талаар төгс мэдлэгийг Түүнд өгдөг.

Судрууд энэхүү Эцсийн шүүлтийн үйл явцыг тайлбарласан байдаг. Бурханы шударга ёс Амилуулалтаар “бүх зүйл өөрсдийн зохист ёсоор сэргээгдэхийг” (Алма 41:2) шаарддаг хэмээн Алма заасан. Энэ нь “Хэрэв энэ амьдралд тэдний ажлууд сайн байсан, мөн тэдний зүрх сэтгэлийн хүслүүд сайн байсан аваас, … [тэдгээр нь] эцсийн өдөр сайн болох түүнд сэргээгдэх болно” (Алма 41:3) гэсэн үг. Үүнтэй адил, “хэрэв тэдний ажлууд [эсвэл зүрх сэтгэлийн хүсэл] хилэнцэт аваас тэдгээр нь хилэнц болж өөрсдөд нь сэргээгдэх болно” (Алма 41:4–5; Хиламан 14:31-ийг үзнэ үү). Үүнтэй адил, бошиглогч Иаков Эцсийн шүүлтээр “зөв шударга тэд зөв шударгаараа байх болно, харин бузар булай тэд бузар булайгаараа л байх болно” (2 Нифай 9:16; мөн Мормон 9:14; 1 Нифай 15:33-ыг үзнэ үү) хэмээн заажээ. Энэ бол Моронайн нэрлэснээр “амьд үхсэний аль алиных нь Мөнхийн Шүүгч, агуу Иеховагийн таалалт тавцангийн өмнө” (Moронай 10:34; 3 Нифай 27:16-г үзнэ үү) явагдах үйл явц юм.

Бурханы өмнө цэвэр болсон гэдгээ баталгаажуулахын тулд бид Эцсийн шүүлтээс өмнө наманчлах ёстой (Mормон 3:22-ыг үзнэ үү). Алмагийн нүгэлт хүүдээ хэлснээр, бид Бурханы өмнө нүглээ нууж чадахгүй “мөн чи наманчлахгүй аваас тэдгээр нь эцсийн өдөр чиний эсрэг гэрчлэл болон босох болно” (Алма 39:8; тодотгол нэмэгдсэн). Есүс Христийн Цагаатгал нь наманчлалаар дамжуулан ирэх шаардлагатай цэвэршүүлэлтийг хүртэх цорын ганц зам бөгөөд энэ мөнх бус амьдрал бол бидний үүнийг хийх цаг билээ. Хэдийгээр бидэнд сүнсний дэлхийд зарим наманчлал хийгдэх боломжтой гэж заадаг ч (Сургаал ба Гэрээ 138:31, 33, 58-ыг үзнэ үү) энэ нь баттай биш юм. Ахлагч Мэлвин Ж.Баллард “махан бие, сүнс хоёр нэгдмэл байх үед ялан дийлж, Их Эзэнд үйлчлэхэд илүү амар хялбар байдаг. Энэ үед хүн илүү зөөлөн, мэдрэмтгий байдаг юм. … Энэ амьдрал бол наманчлах цаг мөч мөн” хэмээн заасан.

Биднийг наманчлахад нүгэл маань, тэр дундаа үйлдэл, хүслүүд маань цэвэршүүлэгдэж, нигүүлсэнгүй эцсийн Шүүгч “тэдгээрийг цаашид санах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 58:42; Исаиа 1:18; Иеремиа 31:34; Еврей 8:12; Алма 41:6; Хиламан 14:18–19-ийг үзнэ үү) гэсэн Их Эзэний амлалтыг хүлээн авдаг. Наманчлалаар цэвэршүүлэгдсэнээр бид бүгд Хаан Бенжамины “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд орши[х]” (Мозая 2:41; Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү) гэж дүрсэлсэн мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болдог.

Бурханы “сэргээлтийн төлөвлөгөөний” (Алма 41:2) өөр нэг хэсгийн хувьд Амилуулалт “бүх зүйл[ийг] өөрсдийн зохих мөн төгс хэлбэрт” (Алма 40:23) нь оруулж сэргээнэ. Үүнд мөнх бус байдалд төрөлт, гэмтэл бэртэл, өвчин зовлонгоос үүдэлтэй бие махбодод үүссэн бүхий л өө сэв, согогийг төгс болгох багтана.

Энэхүү сэргээлт цэвэр бус эсвээс хянаж чадаагүй хүсэл, донтолтоос маань цэвэршүүлж, төгс болгох уу? Тэгж чадахгүй. Бид өөрсдийн хүсэл, үйлдлийнхээ дагуу шүүгдэнэ Алма 41:5; Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү) мөн тэр ч бүү хэл бодол санаа маань хүртэл биднийг буруутгах болно (Алма 12:4-ийг үзнэ үү) гэж орчин үеийн илчлэлтүүд бидэнд заадаг. Энэ амьдралд бидний биеийг эзэмдэж байдаг сүнс Их Эзэнийх эсвэл чөтгөрийнх гэдгээс үл хамааран “мөнхийн дэлхийд [бидний] биеийг эзэмших хүчтэй байх” (Aлма 34:34) учраас бид үхлийг хүртлээ “наманчлалын өдрөө” хойшлуулж болохгүй (Алма 34:33) хэмээн Амюлек заасан. Аврагчид маань биднийг хилэнцээс цэвэршүүлэх хүч байдаг ба биднийг хилэнцээс цэвэршүүлэхэд бэлэн байдаг. Цэвэр болж, Эцсийн шүүлтээр Бурханы өмнө зогсоход бэлэн байхын тулд ёс бус эсвээс зохимжгүй хүсэл, бодлуудаа наманчлан, Түүний тусламжийг эрэлхийлэх цаг нь одоо юм.

IV. Нигүүлслийн мутар

Бурханы төлөвлөгөөнд болон бүх зарлигт бидний хүн бүрийг гэх Түүний хайр багтсан байдаг ба уг хайр нь “бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч … бодгальд хамгийн их баясгалант болой” (1 Нифай 11:22–23). Ёс бусчууд хүртэл “ЭЗЭН өөд эр[гэх юм бол] … [Тэр] өөрийг нь өрөв[дөн] … өгөөмрөөр [уучлах]” (Исаиа 55:7) болно гэдгийг бошиглогч Исаиа амласан. Алма “Болгоогтун, тэрээр бүх хүмүүнд урилга илгээдэг, учир нь нигүүлслийн мутар тэдний зүг сунгагдана” (Алма 5:33; мөн 2 Нифай 26:25–33-ыг үзнэ үү) хэмээн заажээ. “Болгоогтун, миний нигүүслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч түүнийг би хүлээн авах болно” (3 Нифай 9:14) хэмээн амилсан Аврагч нифайчуудад хэлсэн. Иймээс Бурханы хүүхдүүддээ нөөцөлсөн хамгийн агуу адислалуудаас хүртэх боломжийг олгохын тулд бидний хайрт Аврагч бүх эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийн тавьсан энэрэнгүй нөхцөлийн дагуу мутраа дэлгэн хүлээн авдаг гэдгийг бид эдгээр болон өөр бусад судраас мэдэж авдаг.

Бурхан биднийг хайрладаг бөгөөд Түүний төлөвлөгөө хийгээд Есүс Христийн Цагаатгалын ачаар наманчлалын үйл явцын дагуу бид цэвэршигдэж чадна гэдгийг би “найдварын төгс гэрэлтэйгээр” гэрчилж байна. “Хэрэв [бид] урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон мөн эцсээ хүртэл тэвчих аваас болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20) хэмээн бидэнд амласан. Бид ийн үйлдэх болтугай хэмээн би гуйж мөн залбирч байна, Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Come unto Jesus,” Hymns, no. 117.

  2. Russell M. Nelson, “Repentance and Conversion,” Liahona, May 2007, 102.

  3. Рассэлл М.Нэлсон, “Есүсийн танд барьж буй дөрвөн бэлэг” (2018 оны Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт, 2018 оны 12-р сарын 2), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  4. Russell M. Nelson, “We Can Do Better and Be Better,” Liahona, May 2019, 69.

  5. The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 101.

  6. Melvin J. Ballard, in Melvin R. Ballard, Melvin J. Ballard: Crusader for Righteousness (1966), 212–213.

  7. Тad R. Callister, The Infinite Atonement (2000), 27-29-ийг үзнэ үү.