Чуулга бол харьяалагдах газар мөн
Их Эзэн та бүхнийг хүчирхэг чуулгыг босгоосой хэмээн хүсдэг. Түүнийг Өөрийн хүүхдүүдийг цуглуулах үед харьяалагдаж, өсөж хөгжих газар тэдэнд хэрэгтэй.
2010 онд Андрэ Сэбако гэх залуу эрэгтэй үнэнийг эрэлхийлж байлаа. Хэдийгээр тэр чин сэтгэлээсээ залбирч үзээгүй ч оролдож үзэхээр шийджээ. Үүнээс хойш тун удалгүй тэр номлогчидтой уулзсан юм. Тэд түүнд Мормоны Номын зурагтай карт өгчээ. Андрэ ямар нэгэн зүйл мэдрээд, номоо зарах эсэхийг номлогчдоос асуув. Тэд сүмд ирвэл уг номыг үнэгүй авч болно гэж түүнд хэлжээ.
Андрэ тухайн үед байгуулагдаад удаагүй байсан Африкийн Ботсвана дахь Мочуди салбарт ганцаараа очив. Харин уг салбар 40 орчим гишүүнтэй, хайраар дүүрэн, маш нэгдмэл бүлэг байв. Тэд Андрэг найрсаг угтан авчээ. Тэрээр номлогчдоор хичээл заалган, баптисм хүртэв. Баптисм ч үнэхээр сайхан байлаа!
Дараа нь яах вэ? Андрэ хэрхэн идэвхтэй хэвээр үлдэх вэ? Гэрээний замаар өсөж хөгжихөд нь хэн түүнд туслах вэ? Энэхүү асуултын нэг хариулт бол түүний санваарын чуулга юм!
Санваартан бүр нөхцөл байдлаасаа үл хамааран хүчирхэг чуулгаас тус дэм авч байдаг. Аароны санваартан залуу ах нар аа, Их Эзэн та бүхнээс залуу эрэгтэй бүрийн харьяалагдан, Их Эзэний Сүнс оршиж байдаг мөн чуулгын бүх гишүүнийг хүлээн зөвшөөрдөг, үнэлдэг тийм хүчирхэг чуулгыг байгуулаасай хэмээн хүсдэг. Их Эзэнийг Өөрийн хүүхдүүдийг цуглуулах үед харьяалагдаж, өсөж хөгжих газар тэдэнд хэрэгтэй.
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд та бүхэн сүнсний нөлөөгөөр болон чуулгын бүх гишүүний дунд хайр, ахан дүүсийн барилдлагааг бэхжүүлэн хөгжүүлэхийг эрэлхийлэх замаар удирддаг. Та нар шинэ болон идэвх султай мөн хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд онцгой анхаарал тавьдаг. Санваарын хүчээр та бүхэн хүчирхэг чуулгыг босгодог. Хүчирхэг, нэгдмэл чуулга залуу эрэгтэйн амьдралд хүчирхэг нөлөө үзүүлдэг.
Сүм гэр оронд төвлөрсөн, сайн мэдээнээс суралцах шинэ хөтөлбөрийг танилцуулахад зарим хүн Андрэ шиг гишүүдийг бодон, “Сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдран, суралцах орчинд амьдардаггүй гэр бүлийн залуучуудын хувьд яах вэ? Тэд орхигдох юм уу?” хэмээн асууж байсан.
Үгүй ээ! Хэн ч орхигдох ёсгүй! Их Эзэн залуу эрэгтэй, эмэгтэй бүрд хайртай. Санваартны хувьд бид Бурханы мутар болж байдаг. Бид гэр оронд төвлөрсөн байлгах гэж хичээж зүтгэхэд туслах Сүмийн гар хөл болдог. Гэр орны дэмжлэг багатай үед санваарын чуулга болон бусад удирдагч, найз нөхөд нь хувь хүн, гэр бүл бүрийг хэрэгцээ шаардлагад нь тааруулан харж хандан, дэмжин тусалдаг.
Ийнхүү ажиллаж болдгийг би харсан. Ийм туршлага ч надад бий. Намайг зургаан настай байхад аав, ээж хоёр маань салж; аав ээжийг таван жоохон хүүхэдтэй нь орхиж явсан юм. Ээж маань биднийг тэжээхийн тулд ажиллах хэрэгтэй болж билээ. Нэг хэсэгтээ ээж маань хоёр ажил хийхийн зэрэгцээ боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй болсон. Ээжид минь хүүхдүүдээ харж хандах цаг бага байв. Гэхдээ өвөө, эмээ, авга ах, нагац эгч, бишоп, гэрийн багш нар тэнгэр элч мэт ээжид минь тусалж байсан юм.
Харин надад чуулга байсан. Намайг хайрлаж, дэмжиж байсан найз нөхөд болох ах нартаа би маш их талархдаг. Чуулга бол миний байх ёстой газраа байгаагаа мэдэрдэг тийм л газар байсан. Зарим хүн намайг гэр бүлийн минь нөхцөл байдлаас болж ирээдүй нь бүрхэг, азгүй амьтан гэж боддог байсан байх. Тийм ч байсан байж магадгүй. Гэхдээ санваарын чуулгууд энэ бүхнийг өөрчилсөн. Манай чуулга намайг дэмжиж, амьдралыг минь хэмжээлшгүй их адисалсан.
Бидний эргэн тойронд ирээдүй нь бүрхэг, азгүй хүмүүс байдаг. Магадгүй, бидний хүн нэг бүр ямар нэгэн байдлаар ийм байдаг. Харин энд байгаа бидний хүн нэг бүрд хүч чадал өгч, хүчирхэгжүүлдэг газар болох чуулга гэж бий. Чуулга нь “нийт нь нэгийнхээ төлөө, нэг нь нийтийнхээ төлөө” байдаг. Энэ нь бидний нэг нэгэндээ зааж, үйлчилж, Бурханд үйлчлэхдээ нэгддэг, ахан дүүсийн холбоо тогтоодог газар юм. Энэ нь мөн гайхамшиг тохиодог газар билээ.
Би та бүхэнд Мочуди дахь Андрэгийн чуулгад тохиолдсон зарим гайхамшгаас ярьж өгөхийг хүсэж байна. Намайг энэхүү жишээг хуваалцаж байх үеэр, санваарын чуулга бүр хэрэгжүүлэх юм бол тэднийг хүчирхэгжүүлж чадах зарчмуудыг олж хараарай.
Андрэ баптисм хүртсэнийхээ дараа, сүүлд баптисм хүртсэн өөр дөрвөн залуу эрэгтэйд хичээл заахаар номлогчидтой хамт явдаг байв. Дараа нь тэд нийлээд тавуулаа болжээ. Тэд нэг нэгнээ мөн салбараа хүчирхэгжүүлж эхлэв.
Зургаа дахь залуу эрэгтэй Тусо баптисм хүртэв. Улмаар Тусо гурван найзтайгаа сайн мэдээг хуваалцаж, удахгүй тэд есүүлээ болсон юм.
Есүс Христийн шавь нар ч гэсэн үүний адилаар, найзуудынхаа урилгын дагуу хэд хэдээрээ цугларсан. Эрт дээр үед Андрей Аврагчийг олсныхоо дараа ах Симон руугаа яаран очиж, “түүнийг Есүс уруу авчир[сан].” Үүний нэгэн адил Филип Христийн дагалдагч болсныхоо дараахан найз Натанаелыг “ирж, хар л даа” хэмээн урьжээ.
Удалгүй Мочудид 10 дахь залуу эрэгтэй Сүмд нэгдсэн аж. Номлогчид 11 дэхийг нь олж, 12 дахь залуу эрэгтэй сайн мэдээ найзуудад нь хэрхэн нөлөөлж байгааг харсныхаа дараа баптисм хүртжээ.
Мочуди салбарын гишүүд үнэхээр их баяртай байлаа. Эдгээр залуу эрэгтэй “Их Эзэнд хөрвүүлэгдэж, мөн … сүмд нэгтгэгдсэн байлаа.”
Тэдний хөрвөлтөд Мормоны Ном чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тусо “Би Мормоны Номыг … гэртээ, сургууль дээрээ гээд зав гарах бүрд хаана ч уншиж эхэлсэн” хэмээн дурсан ярьдаг.
Оратилэ найзуудынхаа үлгэр жишээг хараад, сайн мэдээг сонирхож эхэлсэн байна. Тэрээр “[Тэд] нүд ирмэх зуур л өөрчлөгдсөн мэт санагдсан. … Би энэ нь … тэдний сургууль … дээр барьж явах болсон номтой л холбоотой байх гэж бодсон юм. Тэдний ямар сайн хүн болж байгааг нь би олж харсан. … [Би] ч бас өөрчлөгдөхийг хүссэн” хэмээн тайлбарлажээ.
12 залуу эрэгтэй хоёр жилийн дотор нэг нэгээр нэмэгдэн цуглаж, бүгд баптисм хүртсэн юм. Бүгд гэр бүлээсээ цорын ганц Сүмийн гишүүн нь байв. Гэвч тэд салбарын ерөнхийлөгч Раквэла, ахмад номлогчид болох Тэйлор ах, эгч хоёр болон салбарын бусад гишүүн зэрэг Сүм дэх гэр бүлээсээ дэмжлэг авч байлаа.
Чуулгын удирдагч Жүниор ах ням гаргийн үдээс хойш тэднийг гэртээ урьж, тусалж, зөвлөдөг байв. Залуу эрэгтэйчүүд хамтдаа судраас суралцаж, гэр бүлийн үдшийг тогтмол хийдэг байлаа.
Жүниор ах тэднийг гишүүдийнд, номлогчдын зааж буй хүмүүсийн болон айлчлан очих хэрэгтэй бүх хүний гэрт дагуулан очдог байв. Тэд арван хоёулаа Жүниор ахын машины тэвшинд суугаад явдаг байж. Тэр тэднийг хоёр, гурваар нь хамтрагчид болгон айлуудын гэрт буулгаад, хэсэг хугацааны дараа эргэн ирж авдаг байв.
Хэдийгээр залуу эрэгтэйчүүд өөрсдийгөө сайн мэдээний тухай дөнгөж суралцаж байгаа, сайн мэдэхгүй гэж боддог байсан ч Жүниор ах зочилж буй хүмүүстэйгээ ганц, хоёр мэддэг зүйлээсээ хуваалц хэмээн тэдэнд хэлжээ. Эдгээр залуу санваартан зааж, залбирч, Сүмийг харж хандахад тусалж байв. Тэд санваарын үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлж, үйлчлэхийн баяр баясгаланг мэдэрсэн.
Андрэ “Бид хамтдаа тоглож, инээж, уйлан, ахан дүүс болцгоосон” хэмээн ярьсан юм. Түүгээр ч барахгүй, тэд өөрсдийгөө “Ахан дүүсийн холбоо” хэмээн нэрлэдэг.
Тэд хамтдаа номлолд үйлчилнэ гэсэн зорилго тавьжээ. Тэд гэр гэртээ цорын ганц сүмийн гишүүн байсан болохоор олон саад бэрхшээлтэй тулгарсан ч нэг нэгэндээ туслан, тэдгээрийг даван туулж чадсан.
Залуу эрэгтэйчүүд нэг нэгээрээ номлолын дуудлагаа хүлээн авав. Түрүүлж явсан хэд нь гэртээ үлдээд бэлдэж байгаа хэд рүүгээ захиа бичиж, туршлагаа хуваалцан, үйлчлэхэд урамшуулж байлаа. Тэднээс арван нэг нь номлолд үйлчилсэн юм.
Тэдгээр залуу эрэгтэй гэр бүлийнхэнтэйгээ сайн мэдээг хуваалцсан ба ээж, эгч, ах, найз нөхөд нь болон номлолд байхдаа заасан хүмүүс нь хөрвөгдөж, баптисм хүртсэн байна. Гайхамшгууд тохиож, олон хүний амьдрал адислагджээ.
Та нарын зарим нь ийм гайхамшиг зөвхөн Африк шиг Израилын цугларалт түргэсэж байгаа үржил шимтэй газар л болдог байх гэж бодож байгааг би мэдэж байна. Гэвч би Мочуди салбарт хэрэгжсэн зарчмыг хаана ч хэрэгжүүлж болно гэдгийг гэрчлэх гэсэн юм. Хаана ч байсан бай, танай чуулга гишүүдээ идэвхжүүлснээр мөн сайн мэдээг хуваалцсанаар өсөж хөгжих боломжтой. Нэг шавь нэг найзтайгаа ярилцсанаар нэг нь хоёр болж болно. Хоёр нь дөрөв болно. Дөрөв нь найм болж, харин найм нь арван хоёр болох болно. Салбар ч тойрог болж болно.
Аврагч “хоёр эсвэл гурваараа [эсвэл түүнээс олуулаа] миний нэрээр, … хамтдаа цугларсан тэнд, болгоогтун, би тэдний дунд байх болно” хэмээн заасан. Тэнгэрлэг Эцэг бидний эргэн тойрон дахь бүх хүний оюун бодол, зүрх сэтгэлийг бэлдэж байгаа. Бид сүнсний өдөөлтийг даган, нөхөрлөлийн гараа сунган, үнэнийг хуваалцаж, бусдыг Мормоны Номыг уншихад урьж мөн Аврагчийг таньж мэдэх үед нь тэднийг хайрлаж, тэдэнд туслан дэмжиж чадна.
Мочуди салбарын Ахан дүүсийн холбооныхон аяллаа эхлүүлснээс хойш бараг 10 жил өнгөрсөн бөгөөд тэд одоо ч ахан дүүсийн холбоотой хэвээр байгаа.
Катлэго “Бид хэдийгээр нэг нэгнээсээ хол байж болох ч нэг нэгнийхээ төлөө гэсэн сэтгэл маань хэвээр” гэж хэлсэн.
Чуулга бүрийг харьяалагдах, цуглах, өсөж хөгжих газар болгохын тулд бид санваарын чуулга бүрийг Түүнд нэгд хэмээх Их Эзэний урилгыг хүлээн аваасай хэмээн би залбирч байна.
Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд энэ бол Түүний ажил юм. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.