Их Эзэний Сүнс оршдог гэр орон
Та гэр орноо Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн газар ба хайраар дүүргэгдсэн газар болгохоор хичээн зүтгэхдээ агуу их баяр баясгаланг олох болно.
Хайрт ах, эгч нар минь, би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 189 дэх Ерөнхий чуулганд үг хэлэхээр уригдсандаа талархаж байна. 1830 оны энэ өдөр Иосеф Смит Их Эзэний удирдамжийн дагуу Сүмийг зохион байгуулсан билээ. Энэ нь Нью-Йоркийн Фейеттийн ойролцоох Витмэрийн гэрт болсон. Тэнд тэр өдөр зургаан гишүүн, 50 орчим сонирхогч байжээ.
Тэр жижиг бүлэг хүний өмнө бошиглогч Иосеф юу ярьсныг эсвэл тэдний өмнө зогсохдоо ямар харагдаж байсныг би мэдэхгүй ч Есүс Христэд итгэлтэй тэр хүмүүс юу мэдэрснийг мэдэж байна. Тэд Ариун Сүнсийг мөн ариун газар байна гэдгээ мэдэрсэн. Тэд өөрсдийгөө нэгэн бие болж нэгдсэн гэдгийг мэдэрсэн нь гарцаагүй.
Тэрхүү гайхамшигт мэдрэмж бид бүгдийн гэр орондоо байлгахыг хүсдэг зүйл юм. Энэ мэдрэмж нь Паулын хэлснээр “сүнсний бодол санаатай” байх үед ирдэг.
Миний өнөөдрийн зорилго бол тэр мэдрэмжийг ойр ойрхон мэдрэхээр хэрхэн зохистой байхыг мөн гэр бүлдээ удаан хугацаагаар байлгахаар хэрхэн урихыг заах явдал юм. Энэ нь тийм ч амаргүй байдгийг та бүгд туршлагаас мэднэ. Зөрчилдөөн, бардам зан, гэм нүглийг хол байлгах шаардлагатай байдаг. Христийн цэвэр хайр гэр бүлийн маань хүмүүсийн зүрхэнд хүрэх ёстой.
Бид Адам, Ева хоёр болон Лихай, Сариа хоёр мөн бусад эцэг эхийн хувьд ч энэ нь хүнд сорилт байсныг судруудаас олж мэддэг. Гэвч биднийг тайтгаруулах аз жаргал гэр бүлүүдэд болон гэр оронд байсан тухай урам өгөх жишээнүүд байдаг. Энэ нь бидэнд болон бидний гэр бүлүүдэд ирж болохыг бид эдгээр жишээнээс хардаг. 4 Нифай номонд гардаг түүхийг та бүгд санаж байгаа.
“Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй.
Мөн атаа жөтөө, бас хэрүүл маргаан, бас үймээн, садар самуун ч, худал хэлэх нь ч, аллага ч, ямар ч төрлийн шунал тачаал байсангүй; мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм.
Дээрэмчид ч, алуурчингууд ч, бас леменчүүд ч, бүр ямар ч -чууд байсангүй, харин тэд, Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсын өв залгамжлагчид гэгдэн нэг болсон байв.
Мөн хэчнээн их адислагдсан билээ тэд! Учир нь Их Эзэн тэдний бүх үйлд тэднийг адисалсан болой; тийм ээ, бүр зуун арван жил улирч одох хүртэл тэд адислагдан мөн дэгжээгдсэн буюу; мөн Христээс хойш эхний үе улирч одсон байв, мөн бүх нутагт зөрчилдөөн огт байсангүй.”
Аз жаргалтай цаг үе үүрд үргэлжлээгүй гэдгийг та бүгд мэднэ. 4 Нифайд гардаг түүх нь хэсэг бүлэг сайн хүн хожим нь сүнслэг байдлын хувьд унах болсон шинж тэмдгүүдийг тайлбарладаг. Энэ нь олон зуун жилийн туршид бүхэл бүтэн ард түмэнд болон цуглаануудад мөн хамгийн харамсалтай нь, гэр бүлүүдэд гарч ирэх болсон загвар юм. Бид энэ загварыг судалснаар, гэр бүл дэх хайрын мэдрэмжүүдээ хэрхэн хамгаалж мөн нэмэгдүүлж болох талаар мэдэж авч болно.
Сайн мэдээнээс ирэх амар амгаланд 200 жил амьдарсны дараа гарч ирсэн уналтын загвар дараах байдалтай байна.
Бардам зан сэм гарч ирсэн.
Хүмүүс нэг нэгэнтэйгээ хуваалцдаг байсан зүйлсээ хуваалцахаа больсон.
Тэд өөрсдийгөө нэг нэгнээсээ илүү дээр эсвэл доор гэж зиндаархан хувааж эхэлсэн.
Тэд Есүс Христэд итгэх итгэлээ бууруулж эхэлсэн.
Тэд үзэн ядаж эхэлсэн.
Тэд янз бүрийн нүгэл үйлддэг болсон.
Мэргэн эцэг эхчүүд гэр бүлийнх нь гишүүдийн дунд эдгээр шинж тэмдэг гарч ирж буйг мэдэх хангалттай сэрэмжтэй байх болно. Тэд мэдээж санаа зовно. Мөн тэд үүний далд шалтгаан нь сайн хүмүүсийг нүглийн зам руу уруудуулж, улмаар Ариун Сүнсний нөлөөллийг алдахад хүргэх Сатаны нөлөө гэдгийг мэднэ. Тиймээс мэргэн эцэг эхчүүд хүүхэд бүрээ мөн өөрсдийгөө Их Эзэний Өөр дээр нь ир хэмээх урилгыг бүрэн дүүрэн хүлээн авахад чиглүүлэх боломж байгаа гэдгийг олж хардаг.
Жишээлбэл, хүүхдээс бардам зангаа хаяж, наманчлахыг шаардах тал дээр та нэг их амжилтад хүрэхгүй байж магадгүй. Өөрсдөдөө тохиолдож буй зүйлийг илүү харамгүй хуваалцахад хүүхдүүдээ ятгахыг та оролдож болно. Тэднээс өөрсдийгөө гэр бүл доторх хэн нэгнээс илүү дээр гэж бодохоо болихыг хүсэж болох юм. Гэвч тэгсэн тохиолдолд “Есүс Христэд итгэх итгэлээ бууруулж эхэлсэн” гэж тайлбарласан шинж тэмдгүүдтэй тулгарах болно.
Тэднийгээ ямархуу байлгахыг хүсэж буй тийм сүнслэг газарт гэр бүлээ удирдан чиглүүлэх мөн тэднийхээ хамт өөрийгөө тэнд байлгах түлхүүр гэж байдаг. Есүс Христ бол өөрсдийг нь хайрладаг Гэтэлгэгч юм гэдэгт итгэх итгэлдээ өсөхөд нь тэдэнд туслах үед тэд наманчлах хүслийг мэдрэх болно. Ингэснээр, даруу байдал бардам занг орлож эхэлнэ. Их Эзэн өөрсдөд нь юу өгснийг мэдэрч эхэлснээр тэд илүү өгөөмрөөр бусадтай хуваалцахыг хүсдэг болно. Нэр алдар эсвэл магтаал сайшаалын төлөө зөрчилдөх явдал багасна. Үзэн ядалтыг хайр шахан зайлуулна. Эцэст нь, Бенжамин хааны хөрвүүлсэн хүмүүсийн адилаар үргэлж сайныг үйлдэх хүсэл нь тэднийг нүгэл үйлдэх уруу таталтуудын эсрэг бат зогсдог болгоно. Бенжамин хааны хүмүүс “хилэнцийг үйлдэх хүсэлгүй” болсноо гэрчилсэн.
Тиймээс Есүс Христэд итгэх итгэлийг барьж босгох нь гэр бүл, гэр орноо сүнслэг уналтаас татан авах эхлэл юм. Энэхүү итгэл нь сүнслэг уналтын шинж тэмдэг болгоны эсрэг номлож сэнхрүүлэхээс илүү наманчлахад хүргэх магадлал ихтэй байдаг.
Та үлгэр жишээ үзүүлснээр хамгийн сайнаар удирдан чиглүүлэх болно. Гэр бүлийн гишүүд болон бусад хүн таныг Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлдээ өсөж байгааг харах ёстой. Танд сүүлийн үед агуу тусламж өгөгдсөн. Сүм дэх эцэг эхчүүд маань гэр бүл, хувь хүмүүст зориулсан, сүнслэгээр өдөөгдсөн хөтөлбөрүүдээр адислагдсан. Та үүнийг ашигласнаар, өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.
Итгэлдээ өсөх нь
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны Мормоны Номыг дахин унш гэсэн зөвлөгөөг дагаснаар таны Аврагчид итгэх итгэл нэмэгдсэн. Та Аврагчийг дурдсан хэсэг болон үгсийг сайтар тэмдэглэж авсан. Таны Есүс Христэд итгэх итгэл өсөн нэмэгдсэн. Таныг тунгаан бодож, итгэлээ өсгөх талаар үргэлж залбирч байх шийдвэрийг гаргаагүй цагт Есүс Христэд итгэх тэрхүү итгэл шинэ ургамал мэт хатаж гандах болно.
Таны итгэлдээ өсөх үлгэр жишээг таны гэр бүлийн бүх гишүүн одоо дагахгүй байж магадгүй. Гэвч залуу Алмагийн туршлагаас урам зориг аваарай. Тэрээр наманчлал, өршөөл эрж хайн шаналж байхдаа эцгийнхээ Есүс Христэд итгэх итгэлийг санасан. Таны хүүхдүүд наманчлах гарцаагүй шаардлага гарсан үедээ таны Аврагчид итгэх итгэлийг санаж магадгүй билээ. Алма тийм нэгэн тохиолдлын талаар ийнхүү хэлсэн.
“Мөнхүү улиран тохиох дор би тийн зовлонд тамлагдаж, өөрийн олон нүглийн дурсамжиндаа тарчлагдаж байхдаа би, болгоогтун, би түүнчлэн дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар хүмүүст эцгийнхээ бошиглохыг дуулснаа санав.
Эдүгээ, миний оюун энэ бодол дээр тогтож тунгаах зуур, би зүрх сэтгэлдээ хашхирч: Ай Есүс, Бурханы Хүү та, шаналлын гүнд буй, мөн үүрдийн үхлийн гинжээр ороогдсон намайг нигүүлсээч гэв.
Мөн эдүгээ, болгоогтун, би үүнийг бодмогц, би өвчнөө цаашид санаж чадсангүй; тийм ээ, би нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлагдахгүй болов.”
Хайраар залбирах нь
Итгэлээрээ өсөх таны үлгэр жишээнээс гадна гэр бүлээрээ хамтдаа залбирах нь гэр орноо ариун газар болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлж болно. Нэг хүн гэр бүлийнхээ залбирах дуу хоолой нь болж сонгогддог. Хэрэв залбирал нь сөгдөн сонсож буй хүмүүсийн өмнөөс үнэхээр Бурханд хандсан байвал тэдгээр бүх хүний дотор итгэл нь өсдөг юм. Тэд Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид илэрхийлсэн хайрыг мэдэрч чадна. Залбирч буй хүн тэрхүү тойрогт сөгдсөн нэгнийг болон тусламж хэрэгтэй байгаа нэгнийг залбиралдаа дурдахад тэд бүгд түүний төлөөх болон гэр бүлийн гишүүн бүрээс гарч буй хайрыг мэдрэх боломжтой байдаг.
Гэр бүлийн гишүүд нэг гэрт амьдрахгүй байгаа ч гэсэн залбирал нь хайрын холбоосыг бэхжүүлж чаддаг юм. Гэр бүлдээ залбирах нь дэлхийн хаана ч хүрч чаддаг. Хол байгаа гэр бүлийн гишүүн маань яг надтай адил нэг цаг мөчид нэг юмны төлөө залбирдаг байсныг би нэг бус удаа мэдэж авч байсан. Миний хувьд “Хамтдаа залбирдаг гэр бүл хамтдаа байдаг” гэх эртний хэллэгийг “Хамтдаа залбирдаг гэр бүл хоорондоо хол байгаа ч гэсэн хамтдаа байдаг” гэж дэлгэрүүлмээр санагддаг.
Эрт наманчлахыг заах нь
Бидний хэн маань ч төгс биш учраас бид амархан гомддог, тиймээс бид зөвхөн аль болох эрт, чин сэтгэлээсээ наманчилдаг байвал гэр бүлүүд маань ариун дагшин газар шиг болж чадна. Эцэг эхчүүд үлгэр жишээ үзүүлж чадна. Хорон үгс эсвэл муу бодлоо чин сэтгэлээсээ хурдхан наманчилж болно. “Намайг уучлаарай” гэх энгийн үгс шархыг эдгээж, өршөөл, хайрыг урьдаг.
Бошиглогч Иосеф Смит харгис дайралтын үед болон урвагчидтай тэр бүү хэл гэр бүлийн дотор санал зөрөлдөхөд хэрхэн харьцах талаар бидний дагах үлгэр жишээ байсан юм. Түрэмгийлэгч дахин дайрч магад гэдгийг мэдэж байсан ч тэрээр түргэн уучилж өршөөдөг байсан. Тэрээр уучлал, өршөөлийг хүсдэг байсан ба харамгүй өгдөг байсан.
Номлогчийн сүнсийг хөгжүүлэх нь
Мозаягийн хөвгүүд сайн мэдээг бүх хүнд санал болгох тал дээр шийдвэр төгс байлаа. Энэхүү хүсэл нь тэдний наманчлалтай холбоотой хувийн туршлагаас ундарч байсан юм. Тэд ямар ч хүн нүглийн хорт нөлөөний улмаас өөрсөдтэй нь адил зовж шаналах болно гэх бодлыг тэвчиж чадахгүй байлаа. Тиймээс тэд Есүс Христийн сайн мэдээг дайснууддаа санал болгохдоо олон жилийн туршид эсэргүүцэл, бэрхшээл, аюулд өртөж байв. Явцын дунд тэд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлан, өршөөл хүртэж, баяр баясгалантай байгаа олон хүнээс баяр хөөрийг мэдэрсэн юм.
Бидний гэр бүлийн гишүүд ч гэсэн өршөөлийн баяр баясгаланг мэдрэхдээ сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл нь өсөх болно. Ариун ёслолоос хүртэж, баптисмын гэрээгээ шинэчлэх үед ч хүртэл тэдэнд энэ мэдрэмж төрөх болно. Хүүхдүүд болон эцэг эхчүүд ариун ёслолын үйлчлэл дэх өршөөлийн баяр баясгаланг мэдэрдэг болсон үед номлогчийн сүнс гэр оронд маань өсөх болно. Бишрэл хүндэтгэлтэй байхын үлгэр жишээг үзүүлснээр эцэг эхчүүд болон хүүхдүүд нэг нэгэндээ тэрхүү баяр баясгаланг мэдрэхэд тусалж чадна. Энэ баяр баясгалан бидний гэр орныг бүр номлогчийг бэлтгэх төв болгон хувиргаж чадна. Бүгд номлолд үйлчлэхгүй байж магадгүй ч бүгд өөрсдөд нь өршөөл, амар амгаланг авчирсан сайн мэдээг хуваалцах хүслийг мэдрэх болно. Мөн одоо бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа юу, үгүй юү гэдгээс үл шалтгаалан бүгд сайн мэдээг бусдад санал болгохдоо баяр баясгаланг мэдрэх боломжтой байх юм.
Ариун сүмд орох нь
Эцэг эх, хүүхдүүдийн аль алиных нь хувьд ариун сүм бол тэнгэрлэг газруудыг хайрлах хайрыг мэдрэх мөн үүнийг хүсэх нэгэн сайхан боломж юм. Энэ нь хүүхдүүдийг бага балчир байхад тэр тусмаа үнэн байдаг. Хүүхдүүд Христийн гэрэлтэй төрсөн байдаг. Бүр нялх хүүхэд хүртэл ариун сүм ариун болохыг мэдэрдэг. Эцэг эхчүүд балчир хүүхдүүддээ хайртай байдаг учраас ариун сүм нь хүүхдүүдээ мөнхийн гэр бүлдээ үүрд мөнх хайрлах болно гэсэн тэдний итгэл найдварын илэрхийлэл болдог юм.
Та бүгдийн зарим нь гэр орондоо ариун сүмийн зурагтай байгаа. Дэлхий даяарх ариун сүмийн тоо нэмэгдэх тусам олон эцэг эхийн хувьд ариун сүм баригдах газарт гэр бүлийнхээ хамт очих боломжтой болсон. Зарим нь ариун сүм баригдаж дууссаны дараа нээлттэй хаалганы арга хэмжээнд оролцох боломжтой болсон байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээсээ ариун сүмийн дэргэд байхад эсвэл дотор нь ороход юу мэдэрсэн тухай асууж болно.
Эцэг эх нь тус бүрдээ ариун сүм өөрсдийн нь хувьд ямар утга учиртай болох талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Ариун сүмд хайртай ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ээжийгээ ариун сүмийн хувцсаа нямбайлан индүүдэж байхыг хардаг байсан тухайгаа ярих дуртай байлаа. Тэр бага байхдаа гэр бүлийнхнээ ариун сүм орохоор явж байгааг харж байсан дурсамжаасаа ярьж өгсөн юм.
Тэрээр Сүмийн ерөнхийлөгч болоод, долоо хоног бүрийн яг тэр өдөр ариун сүмд ордог байжээ. Тэр үргэлж аль нэг нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажил хийдэг байсан. Энэ нь эцэг эхийнх нь үлгэр жишээнээс ихээхэн шалтгаалсан юм.
Миний гэрчлэл
Та гэр орноо Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн газар ба хайраар, Христийн цэвэр хайраар дүүргэгдсэн газар болгохоор хичээн зүтгэхдээ агуу их баяр баясгаланг олох болно. Сайн мэдээний Сэргээлт нь эгэл даруухан гэр оронд даруухан асуултын талаар тунгаан бодсоноор эхэлсэн бөгөөд энэ нь сайн мэдээний зарчмуудыг тогтоож, дагах үед бидний хүн нэг бүрийн гэр оронд үргэлжилж чадна. Энэ нь жаахан хүү байхаас минь эхлээд, миний найдвар болон гүн хүсэл байсаар ирсэн. Та бүгд ийм гэр орныг харж байсан. Та нарын ихэнх нь Их Эзэний тусламжтайгаар тэдгээрийг бий болгосон.
Зарим нь энэ адислалын төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулсан боловч энэ нь өгөгдөөгүй. Миний та бүхэнд өгөх амлалт бол Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын нэг гишүүний надад өгсөн амлалт юм. Би төрөл садангийн маань хүмүүсийн заримынх нь хийсэн сонголтоос болж, ирэх дэлхийд бид хамт байж чадна гэдэгт эргэлзэж байна гэж түүнд хэлэв. Тэрээр миний санаж байгаагаар “Та буруу асуудалд санаагаа зовоож байна. Та зүгээр л селестиел хаант улсад орохуйц зохистой амьдар. Харин гэр бүлийн зохион байгуулалт таны төсөөлж байгаагаас ч гайхалтайгаар хийгдэх болно” гэж хэлж билээ.
Тэрээр аз жаргал бүхий энэ найдварыг мөнх бус амьдралд өөрсдийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг мөнх амьдралд тэнцэхүйц болгохын төлөө чадах бүхнээ хийж буй бидний хэнд ч өгөх байсан гэдэгт би итгэдэг. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө гэдгийг би мэднэ. Түүний төлөвлөгөө нь гэр бүлээрээ үүрд хамт байхаар лацдан холбуулахын тулд чадах бүхнээ хийсэн бидний хүн нэг бүрд боломжтой байх болно гэдгийг би гэрчилж байна.
Иосеф Смитэд сэргээгдсэн санваарын түлхүүрүүд үл тасрах шугамаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд дамжин ирсэн гэдгийг би мэднэ. Энэ түлхүүрүүд өнөөдөр гэр бүлүүдийг лацдан холбох боломжийг олгосон. Тэнгэрлэг Эцэг Өөрийн сүнсэн хүүхдүүд болох биднийг төгс хайраар хайрладаг гэдгийг би мэднэ. Бид Есүс Христийн Цагаатгалын ачаар наманчилж, цэвэршүүлэгдэх ба хайраар дүүрэн гэр бүлд бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христийн хамт мөнхөд хамт амьдрахуйц зохистой байж чадна гэдгийг би мэднэ. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.