2010–2019
Дэмжих итгэлийн хүч
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Дэмжих итгэлийн хүч

Та бүхэн гараа өргөснөөр Бурханы үйлчлэгчдийг дэмжинэ гэсэн амлалтыг Түүнд өгдөг.

Санваарын удирдагчид үйлчилдэг хүмүүсийнхээ дэмжлэг бүхий итгэлд талархаж байхыг би олон удаа сонсож байсан. Дууны өнгөнд нь илрэх сэтгэл хөдлөл тэдний талархал гүн бөгөөд жинхэнэ гэдгийг харуулдаг. Өнөөдөр би Их Эзэний Сүм дэх үйлчлэгчдийг дэмждэг та бүхэнд Түүний талархлыг уламжлах гэсэн юм. Мөн бусдыг итгэлээрээ дэмжих тэрхүү хүчээ ашиглаж мөн нэмэгдүүлэхэд та нарыг урамшуулмаар байна.

Та нар төрөхөөсөө өмнө энэ хүч чадлаа харуулсан. Биднийг төрөхөөс өмнөх сүнсний дэлхийн талаар мэддэг зүйлээ эргэн харъя. Тэнгэрлэг Эцэг маань хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг танилцуулсан. Бид тэнд байв. Бидний сүнсэн ах Люсифер бидэнд сонгох эрх чөлөө олгох уг төлөвлөгөөг эсэргүүцсэн бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн Хайртай Хүү Иехова уг төлөвлөгөөг дэмжсэн. Люсифер бослогыг удирдав. Иеховагийн дэмжсэн дуу хоолой давамгайлж, Тэрээр Өөрийн саналаар бидний Аврагч болохыг зөвшөөрсөн билээ.

Та нар одоо мөнх бус байдалд байгаа нь та нар Эцэг, Аврагч хоёрыг сонгосны баталгаа юм. Та нар мөнх бус байдалд тохиолдох саад бэрхшээлийн талаар тун бага зүйл ойлгодог байсан ч аз жаргалын төлөвлөгөөг болон үүнд Есүс Христийн эзлэх байр суурийг дэмжихийн тулд Есүс Христэд итгэх итгэл шаардагдсан.

Бурханы үйлчлэгчдийг дэмжих та нарын итгэл энэ амьдрал дахь аз жаргалын тань төвд байсаар ирсэн. Мормоны Номыг Бурханы үг мөн эсэхийг мэдэхийн тулд залбирах тухай номлогчийн урилгыг хүлээн авахдаа та нар Их Эзэний үйлчлэгчийг дэмжих итгэлтэй байсан. Та нар баптисм хүртэх урилгыг хүлээн зөвшөөрөхдөө Бурханы даруухан үйлчлэгчийг дэмжсэн.

Та нар хэн нэгнээр толгой дээрээ гар тавиулан, “Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэсэн үгсийг сонсохдоо түүнийг Мелкизедек санваар атгагчийнх нь хувьд дэмжсэн юм.

Тэр өдрөөс хойш та нар итгэлтэйгээр үйлчлэх замаар өөрт тань санваарыг олгож, тухайн санваарын албанд томилсон хүн бүрийг дэмжсээр ирсэн.

Санваарыг аваад удаагүй байхдаа дэмжсэн үйлдэл бүр Бурханы үйлчлэгчид итгэх энгийн үйл явдал байсан. Одоо та нарын олонх нь дэмжих гэдэг нь илүү ихийг шаарддаг болсон тэрхүү нөхцөл байдал руу дэвшин орсон билээ.

Та нар Их Эзэний дуудсан бүх хүнийг, тухайлбал тэднийг дуудлагуудад нь дэмжих эсэхээ сонгодог. Энэ сонголт чуулганууд дээр дэлхий даяар хийгддэг. Уг сонголт энэ чуулган дээр ч бас хийгдлээ. Ийм хурлууд дээр Бурханы үйлчлэгч эрэгтэй, эмэгтэйчүүдийн нэрсийг уншиж, гараа өргөн дэмжихэд та нарыг урьдаг. Та нар дэмжихээс татгалзах юм уу итгэлээрээ дэмжиж болно. Гараа өргөн дэмжсэнээр та нар амлалт өгдөг. Та нар Бурханы үйлчлэгчдийг дэмжинэ гэсэн амлалтыг Түүнд өгдөг.

Тэд бол таны адил төгс бус хүмүүс. Амлалтаа биелүүлэхэд тань Их Эзэн тэднийг дуудсан гэсэн гуйвшгүй итгэлтэй байх хэрэг гарна. Эдгээр амлалтыг сахих нь мөнхийн аз жаргалыг авчирна. Тэдгээрийг сахихгүй байх нь танд болон таны хайртай хүмүүст уй гашуу авчрах бөгөөд бүр цаашлаад энэ нь төсөөлж ч чадахгүй хохирлыг дагуулж болно.

Танаас бишоп, гадасны ерөнхийлөгч, ерөнхий эрх мэдэлтнүүдийг болон ерөнхий албан тушаалтнуудыг дэмждэг эсэхийг асууж байсан байх. Хэрэв үгүй бол танаас асуух болно. Танаас чуулган дээр албан тушаалтан, удирдагчдыг дэмжихийг хүсэх үед энэ нь тохиолдож болох юм. Заримдаа энэ нь бишоптой эсвэл гадасны ерөнхийлөгчтэй хийх ярилцлага дээр болох болно.

Та нар анхааралтай мөн залбиран бодож, тэдгээр асуултыг өөрсдөдөө урьдчилан тавиарай гэж би зөвлөмөөр байна. Ингэснээр та өөрийнхөө саяхны бодол, үгс, үйлдлээ эргэн харж болох юм. Хэзээ нэгэн өдөр Их Эзэнийг тантай ярилцах үед өгөх хариултаа санаж, бэлтгэн боловсруулахыг хичээгээрэй. Та дараахтай адил асуултуудыг тавих замаар үүнд бэлдэж болно.

  1. Би дэмжин баталсан хүмүүсийнхээ дутагдлын талаар бодож эсвэл ярьж байсан уу?

  2. Их Эзэн тэднийг удирдаж байгаа гэсэн нотолгоог би эрж хайсан уу?

  3. Би тэднийг ухамсартайгаар мөн үнэнчээр дагасан уу?

  4. Тэд бол Бурханы үйлчлэгчид гэдгийг харуулж буй нотолгооны талаар би ярьж байсан уу?

  5. Би тэдний төлөө нэрийг нь хэлж мөн хайраар байнга залбирдаг уу?

Тэдгээр асуулт бидний ихэнхийн маань сэтгэлийг шаналгаж, улмаар наманчлал руу хөтөлнө. Бурхан бидэнд бусдыг шударга бусаар шүүж болохгүй гэж зарлигласан боловч амьдрал дээр үүнээс зайлсхийхэд хэцүү байдаг. Хүмүүстэй ажиллах үед бидний хийдэг бараг бүх зүйл биднийг тэднийг дүгнэхэд хүргэдэг. Мөн амьдралд бараг бүх зүйл дээр бид өөрсдийгөө бусадтай харьцуулдаг. Бид олон шалтгааны улмаас ийнхүү үйлддэг ба зарим шалтгаан нь үндэслэлтэй ч энэ нь биднийг шүүмжлэлтэй хандахад хүргэдэг.

Ерөнхийлөгч Жорж К.Канноны өгсөн зөвлөгөөг би өөрийнхөө үгээр та нарт хүргэж байна. Түүний “Бурхан үйлчлэгчдээ сонгосон. Хэрэв тэд шийтгүүлэх хэрэгтэй бол тэднийг шийтгэх эрхийг Өөртөө бий хэмээн Тэр хэлдэг. Тэднийг шүүмжлэх эсвэл шийтгэх эрх мэдлийг Бурхан бидэнд өгөөгүй. Хүн хэдий хүчирхэг итгэлтэй, санваарын өндөр албан тушаалтай байсан ч Их Эзэний тослогдогсдыг муугаар ярьж, дэлхий дээрх Бурханы эрх мэдлийг атгагчдаас өө хайх юм байвал Түүний эгдүүцлийг хүргэх нь дамжиггүй. Ийм хүнээс Ариун Сүнс өөрийгөө холдуулах ба тэр хүн харанхуй руу орох болно. Иймээс бид болгоомжтой байх нь ямар чухал болохыг та ойлгохгүй байна гэж үү?” хэмээн ярьсан зүйлийг үнэн гэдэгт би итгэдэг.

Дэлхий даяарх Сүмийн гишүүд ерөнхийдөө нэг нэгэндээ болон өөрсдийг нь тэргүүлдэг хүмүүст үнэнч байдгийг би ажиглаж мэдсэн. Гэсэн хэдий ч бидэнд сайжруулах ёстой зүйл бий. Бид бие биенээ дэмжих хүч чадлаа нэмэгдүүлж чадна. Үүнд итгэл, хичээл зүтгэл шаардагдана. Үйлдэл болгох дөрвөн зөвлөгөөг би энэ чуулган дээр санал болгоё.

  1. Бид үг хэлсэн хүмүүсийн санал болгох тодорхой үйлдлүүдийг тодорхойлоод, тэдгээрийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж чадна. Ингэснээр тэднийг дэмжих хүч чадал маань нэмэгдэнэ.

  2. Тэднийг ярих үед Ариун Сүнс тэдний үгсийг бидний хайрладаг тодорхой нэр бүхий хүмүүсийн зүрхэнд хүргээсэй гэж бид залбирч чадна. Хожим нь бид залбирлууд маань хариулагдсаныг олж мэдээд, тэдгээр удирдагчийг дэмжих хүч чадал маань нэмэгдэнэ.

  3. Бид тодорхой нэр бүхий үг хэлсэн хүнийг захиасаа хүргэхдээ адислагдаж, дэмжигдээсэй гэж залбирч чадна. Тэдний дэмжигдэж байгааг хараад, бидний дэмжих итгэл нэмэгдэж, цааш улам өсөн нэмэгдэх болно.

  4. Бид үг хэлэгчдийн захиасаас бидэнд туслахаар залбирлын маань хариу болж ирэх үгсийг олж сонсож болно. Хариултууд ирэх нь тодорхой ба эдгээрийг ирэх үед Их Эзэний бүх үйлчлэгчийг дэмжих бидний итгэл нэмэгдэнэ.

Сүмд үйлчилдэг хүмүүст үзүүлэх дэмжлэгээ сайжруулахаас гадна бид энэ хүч чадлаа нэмэгдүүлж чадах өөр нэг нөхцөл байдал байдгийг олж мэднэ. Энэ нь бидэнд илүү агуу адислалуудыг авчирч чадна. Энэ нь орон гэр, гэр бүлд байдаг.

Би гэртээ аавтайгаа хамт амьдардаг санваар атгагч залуучуудад хандан ярьж байна. Та нарын дэмжих итгэл аавд тань ямар утга учиртай байдгийг би хувийн туршлагаасаа ярьж өгье. Аав тань өөртөө итгэлтэй мэт та нарт харагдаж болно. Гэвч тэр та нарын мэдэж байгаагаас ч их бэрхшээлтэй тулгардаг. Зарим үед тэр тулгамдсан асуудлуудаасаа гарах арга замаа олж хардаггүй.

Та нарын ааваараа бахархах бахдал түүнд зарим талаар тусална. Түүнийг гэх та нарын хайр түүнд бүр их тусална. Гэхдээ “Аав аа, би таны төлөө залбирсан. Их Эзэн танд тусална гэдгийг би мэдэрсэн. Бүх юм болж бүтнэ гэдгийг би мэдэж байна” гэх чин сэтгэлийн үг түүнд хамгийн их туслах болно.

Эцэг нь бас хүүдээ иймэрхүү үгийг хэлэх юм бол хүчтэй нөлөө үзүүлдэг. Хүү тань бүр сүнслэг байдал дээрээ ноцтой алдаа гаргачихаад, бүх юм өнгөрсөн гэж боддог байж болно. Тэр мөчид эцэг хүний хувьд та юу хийхээ мэдэхийн тулд залбирсны дараа “Миний хүү, аав нь дандаа чамтай хамт шүү. Их Эзэн чамд хайртай. Түүний тусламжтайгаар чи алдаагаа засаж чадна. Чамайг үүнийг хийж чадна бас хийх болно гэдгийг би мэднэ. Аав нь чамд хайртай” гэсэн үгсийг Ариун Сүнс танаар хэлүүлснийг сонсоод гайхах болно.

Нэг нэгнээ дэмжих итгэлээ нэмэгдүүлэх нь санваарын чуулгад болон гэр бүлдээ Сионыг байгуулах Их Эзэний биднээс хүсдэг арга зам мөн. Түүний тусламжтайгаар бид үүнийг хийж чадна, хийх ч болно. Үүнийг хийхийн тулд бид бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа Их Эзэнийг хайрлаж мөн нэг нэгнээ өөрсдийн адил хайрлаж сурах шаардлагатай.

Христийн цэвэр хайрыг нэмэгдүүлснээр бидний зүрх сэтгэл зөөлөрдөг. Тэр хайр биднийг даруусгаж, наманчлал руу хөтөлнө. Их Эзэнд болон нэг нэгэндээ итгэх итгэл маань өсөн нэмэгдэх болно. Тэгээд бид Их Эзэний амласанчлан нэг болоход улам ойртох болно.

Би Тэнгэрлэг Эцэг та нарыг мэддэг мөн хайрладаг гэдгийг гэрчилж байна. Есүс бол Амьд Христ. Энэ бол Түүний Сүм. Бид Түүний санваарыг атгадаг. Санваарыг ашиглах, нэг нэгнээ дэмжих хүч чадлаа өсгөх гэсэн хүчин чармайлтыг маань Тэр хүндэтгэх болно. Есүс Христийн ариун нэрээр ийн гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Gospel Truth: Discourses and Writings of President George Q. Cannon, ed. Jerreld L. Newquist (1974), 1:278.

  2. Сургаал ба Гэрээ 35:2-ыг үзнэ үү.